"Төмөр замыг концессоор бариулах боломжтой"

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

"Төмөр замыг концессоор бариулах боломжтой"

"Төмөр замыг концессоор бариулах боломжтой"

Одоогоос хоёр жилийн өмнө Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар гурван улсыг хамарсан “Эдийн засгийн коридор байгуулах’ шийдвэрт хүрч энэ хүрээнд хэрэгжих хөтөлбөрүүдийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэх бөгөөд үүний долоо нь төмөр замын төсөл юм. Гэвч төмөр замтай холбогдох төслийн бүтээн байгуулалтын санхүүжилт хүндрэлтэй байгаа талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн ахлагч Б.Буяннэмэх ярилаа.

-Монгол Улс зүүн бүс нутгаараа хоёр хөрштэй төмөр замаар холбогдоно гэж  тохиролцсон байдаг. Энэ ажил юу болж байна вэ?

-Өнгөрсөн 2016 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн “Эдийн засгийн коридор’ байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэхээр зааснаас долоо нь төмөр замын төсөл юм.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх 5683,5 км төмөр замыг гурван үе шаттай барьж байгуулна. Тодруулбал, Эрээнцав, Чойбалсан, Хөөт, Бичигт чиглэлд төмөр зам барихаар болсон. Ингээд дээрх бүтээн байгуулалтын нэг, хоёрдугаар үе шатны ажлыг хийх тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон. Засгийн газар 2017 онд “Хөгжлийн зам” хөтөлбөр баталсан. Үүний дотор  Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам багтаж байгаа. Дээр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах талаар тусгасан байдаг. 

-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ бэлэн болсон уу. Ажил ямар түвшинд байна вэ?

-“Монголын төмөр зам” компаниас Зам тээврийн хөгжлийн яамтай хамтраад тодорхой хэмжээний ажил хийж байгаа. Аливаа мега төслийг хэрэгжүүлэхэд 50 хувь нь бэлтгэл ажил байдаг. ТЭЗҮ, эдийн засгийн үр ашиг, зураг төслөө гаргах гэх мэт бэлтгэл ажлыг хангасан байх ёстой. Ажил маань яг одоо бэлтгэл шатандаа явж байна. Ингээд судалгаа тооцоо бэлэн болсны дараа барьж байгуулах ажилд 2,5-3 жилийн хугацаа шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар Эрээнцав, Чойбалсан, Хөөт, Бичигт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г Япон улсын “Ниппон коэй” компаниар хийлгэсэн. Мөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн. Үүний дараа төмөр замын трассаа тодорхойлж, инженер геодезийн судалгааг хийлгэсэн. Хэрэв энэ төмөр замаа барьчихвал жилд 12-15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болно. 

-Бүтээн байгуулалтын санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?

-Санхүүжилтийн асуудал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаас болоод хүндрэлтэй байна. Энэ төсөл бол мега төсөл учраас хөрөнгө оруулалтын хэмжээ том дүнтэй яригдана. Бид ТЭЗҮ-г бодитой, Монгол Улсын эрх ашигт нийцсэн хэлбэрээр гаргахад анхаарч байна. Монголын төр ТЭЗҮ-г судлаад, эдийн засгийн үндэслэлтэй гэж үзвэл хөрөнгө оруулалтын асуудалд анхаарах ёстой. Өнөөдрийн байдлаар Монгол Улс өөрөө мега төсөл санхүүжүүлэх боломж байхгүй. Гэхдээ бид гурав, дөрвөн хувилбар судалсан. Хуульд зааснаар Монгол Улсын төмөр замын 51 болон түүнээс дээш хувь нь төрийн өмчид байна гэж заасан байдаг. Тиймээс хууль эрх зүйн орчинд нийцүүлээд хөрөнгө оруулалт татах хувилбарууд яригдаж байна. Ингэхдээ олон улсаас урт хугацаатай бага хүүтэй зээл оруулж ирэх, хоёрдугаарт, Монгол Улс өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, гуравдугаарт, 51 хувьд нь төр өөрөө хөрөнгө оруулаад, үлдсэн 49 хувьд нь гадаадын компани оруулж ирэх хувилбар байна. Өөрөөр хэлбэл, барьж, ашиглах, шилжүүлэх концессын хэлбэр байж болно. Мөн барих, шилжүүлэх концессын хэлбэр ч байж болно. 

-Төмөр зам барина гэхээр нарийн цариг, өргөн цариг гэж маргалддаг. Тэгвэл энэ удаад царигийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Энэ хэсгийн төмөр замын царигийг 2014 онд УИХ-аар хэлэлцээд, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг өргөн царигтай, Хөөт-Бичигт хүрэх төмөр замыг нарийн царигтай байхаар зааж өгсөн. Ийм учраас УИХ-аас царигийн асуудлыг бүрэн шийдсэн гэж хэлж болно. 

-“Хөөт” боомтоос хоёр чиглэлд салсан төмөр зам нь өргөн, нарийн царигтай байхыг УИХ баталсан байна. Тэгэхээр шилжүүлэх ачих шаардлага тулгарах нь. Үүнийг хэрхэн шийдэх вэ? 

-Царигийн өөрчлөлттэй холбоотойгоор шилжүүлэн ачих байгууламжийг “Хөөт” өртөөн дээр байгуулахаар төлөвлөсөн.

-‘Хөөт’ боомтоос салсан хоёр өөр царигтай төмөр зам бариад, шилжүүлэх ачих байгууламж нэмэх шаардлага байсан уу? Шилжүүлэн ачих ажил нэлээд хугацаа шаарддаг, зардал их ордог гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ. 

-Энэ асуудлыг “Монголын төмөр зам” компани шийдэхгүй. Царигийн асуудлыг УИХ-аар шийддэг. Нэгэнт шийдвэр гарсан учраас бидэнд УИХ-ыг шүүмжлэх эрх алга байна. 

-Монгол Улсын зүүн бүсэд баригдах энэ төмөр зам эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Төмөр зам ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ. Дэд бүтцээ дагаад худалдаа үйлчилгээний салбар байгуулагдана. Мөн дээр нь Дорнод, Сүхбаатарт байгаа ашигт малтмалын орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулна. Түүгээр дамжуулаад, ОХУ, БНХАУ хоёр улсын хооронд тээвэрлэж байгаа ачааны тодорхой хувийг өөрийн нутгаар дамжуулах боломж бүрдэнэ. Энэ төсөл бол хэрэгжих бүрэн боломжтой гэж манай компанийн зүгээс харж байна.

-“Эдийн засгийн коридор’-ын хүрээнд баталсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт удаашралтай байна. Үүнтэй холбоотойгоор хоёр хөрш манай улсад ямар шаардлага тавьж байна вэ?

-ОХУ-ын хувьд төмөр замын бүтэц нь “Эрээнцав” боомт дээр ирчихсэн. Эрээнцаваас Чойбалсан хүрэх төмөр зам байгаа ч нэмэлт сайжруулах ажлууд бий. Тэгэхээр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барих асуудал яригдаж байна.

БНХАУ-ын хувьд “Бичигт” боомттой хил залгаа “Зүүн хатавч” боомт дээр төмөр зам нь ирчихсэн. Энэ “Зүүн хатавч” боомтоос цааш үргэлжлэх төмөр зам Жиньжоу, Паньзинаар дамжаад далайд гарах хамгийн ойрхон гарц юм. Өнөөдөр төмөр замын бүтэц зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдаагүй байгааг онцолмоор байна. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж