У.Хүрэлсүхийн их “цэвэрлэгээ”

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн их “цэвэрлэгээ”

У.Хүрэлсүхийн их “цэвэрлэгээ”

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаар дамжуулан нам доторх фракцуудаа намнах ажиллагаанд шилжсэн нь гишүүдийнх нь шар үсийг босгож эхлэв бололтой.

Шартай нэг нь “Үзэлцье” гэж асаж суухад “Яарвал даарна” гэж зөөллөх хэсэг ч бий аж.

Ойрын үед МАН дотор МАХН-аас ч дутахгүй гал авалцсан “зодоон” гарч мэдэхээр болсон нь хотын фракц болон зүүний хүчний холбоо хоёрын дундах тулаан юм. 

МАН дотор өнгөрсөн хугацаанд хотын фракц хамгийн хүчтэй нь байсан бол одоо эрх мэдлээ дагаж Зүүний хүчний холбоо хүчээ зузаатгаж байна. Үүнд Ерөнхий сайдынх нь бүх л эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх гэсэн төлөвлөгөө ч нэлээн нэмэр болж буй сурагтай. Агентлагийн дарга нараар эхлүүлсэн халаа сэлгээ зөвхөн хотын удирдлагыг гартаа аваад зогсохгүй яамдыг ч өөрийн хүнээр удирдуулах сонирхол байгаа нь өмнөх Засгийн газрын үед сонгогдсон Төрийн нарийн бичгийн дарга нарыг толгой дараалан чөлөөлөх шийдвэр гаргаж эхэлснээс харж болно.

Мөн энд тодотгож хэлэх ёстой зүйл бол өмнө нь төрийн албаны халаа сэлгээ “Манай намын хүн биш тул чөлөөллөө” гэсэн агуулгаар хэрэгждэг байсан бол У.Хүрэлсүхийн төлөвлөгөө намынхнаа агнаж эхэлснээрээ онцлогтой. Ур чадвар, дадлага туршлага хамаагүй, багийнх нь хүн биш л бол явуулна.

Төрийн албаны хамгийн дээд албан тушаал бол Төрийн нарийн бичгийн дарга. Энэ албыг хэн хүссэн нь хашдаг юм биш. Шинэ оны өмнөхөн УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн албанд тасралтгүй 15 жил ажилласан байх зэрэг шалгуур тавьсан нь хэн нэгний шахаасаар, хэн нэгний захиалгыг гүйцэтгэхийн тулд томилогддог албан тушаалтнуудтай болохгүйн тулд тавьсан цензур юм. Гэвч өнөөгийн Засгийн газарт хууль үзэмж болж хувирч байгааг Төрийн нарийн бичгийн дарга нарыг ‘өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө’ гэх Засгийн газрын хуралдааны шийдвэрүүд илтгэж буй аж. 

Цаашдаа халаа сэлгээ энэ мэтээр фракц харж үргэлжилбэл төрийн алба чадварлаг боловсон хүчнээр бүрдэж, тогтвортой ажиллах ёстой гэх зарчим хангагдахгүйд хүрнэ гэж халаглах хүн ч цөөнгүй байна. 

Төрийн нарийн бичгийн дарга бол сайдаас ч илүү эрх мэдэлтэй. Хэнийг ажилд авч, хэнийг ажлаас чөлөөлөх вэ гэдгээс эхлээд тухайн яамны санхүүг ч давхар атгадаг. 

Хэрэв сайд хэн нэгнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргавал шүүхийн хаалга татах эрсдэл бий. Хуулиараа сайдад хэн нэгнийг ажлаас чөлөөлөх, ажилд авах эрх мэдэл хязгаарлагдмал.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн нарийн бичгийн даргад төвлөрч буй энэ их эрх мэдлээр нь дамжуулж, төрийн албанд  халаа сэлгээг хийж, өөрийн хүмүүсээ суурьшуулах сонирхол байна гэж харж болохоор байгаа юм. Тэр хэрээр Зүүний хүчний холбоо хүчтэй болно гэсэн үг.

Одоогоор Төрийн албаны зөвлөл Засгийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарласан бол удахгүй Эрүүл мэнд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарлах аж.  

Хамгийн их мөнгө эргэлддэг, хамгийн их нөлөөтэй яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар дамжуулж, У.Хүрэлсүх нам дотроо “цэвэрлэгээ” хийхээр яарч байна. Харин түүний төлөвлөгөөг өөрчлөх хүч гарч ирж чадах болов уу, яах бол.

Уг нь жилийн өмнө сонгон шалгаруулалтаар сонгогдчихсон Төрийн нарийн бичгийн дарга нартай ‘ноцолдож’ суухын оронд дэд сайд нараа цомхотгох шийдвэр гаргаад, орлого олдоггүй хэрнээ зээл тавьж, төсвийн мөнгийг үрж суудаг зарим нэг хэрэггүй газруудыг татан буулгаж нэгтгэвэл энэ төрд илүү нэмэртэй л байлтай.  

Г.ХОРОЛ

                  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж