МАХН Н.Энхбаярт хариуцлага тооцож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

МАХН Н.Энхбаярт хариуцлага тооцож чадах уу?

МАХН Н.Энхбаярт хариуцлага тооцож чадах уу?

90 орчим жилийн түүхтэй МАН-ыг хоёр хувааж, МАХН нэрийг авч,  нам байгуулсан хүн бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. 2012 онд Улсын дээд шүүх МАХН-ыг бүртгэснээр албан ёсоор энэ нам улс төрийн хүрээнд идэвхтэй намын тоонд орсон. МАН, АН, МАХН гэсэн гурван улс төрийн хүчин сүүлийн хоёр ч парламентад суудалтай нам болж, Засгийн газраа байгуулж байв. Н.Энхбаяр МАХН гэх нам байгуулж, 2012 оны УИХ-ын сонгуульд оролцож, бүлэг байгуулах хэмжээний гишүүдийг бүрдүүлж чадсан. УИХ дахь МАХН-ын гишүүд МҮАН-тай нэгдэж, “Шударга ёс” эвсэл байгуулснаар Ардчилсан намын Засгийн газарт багтаж байв. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-д ганц суудал авчирсан хүн нь О.Баасанхүү. Тэрбээр 2012 онд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон бол 2016 онд Орхон аймагт нэр дэвшиж, МАХН-ын цор ганц УИХ-ын гишүүн болсон юм. Түүний ачаар МАХН гэх нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж,  амьд гэдгийг ойлгуулсан гээд хэлчихвэл буруудахгүй биз ээ.

2016 онд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын удирдлагадаа сэтгэл дундуур яваагаа үе үе илэрхийлж эхлэв. Түүний энэ илэрхийлэл хурцадсаар 2017 оны арванхоёрдугаар сард Их тэнгэр, Төрийн ордонд намын хэсэг гишүүдийн хамт МАХН-ын Бага чуулган, Их хурал зохион байгуулж, өөрөө намын даргаар сонгогдсоноор энэ асуудал улам хурцдав.

Улсын Дээд шүүхийн шийдвэр, 2017 оны аравдугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус Бага чуулганаас намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж , намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ. МАХН-ын дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байна.

Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв гэжээ.

Оны төгсгөлтэй золгож, МАХН-ын асуудал хурцдаж, тус намын дарга хэн байх вэ гэдэг асуудал үүсэв. Гэвч Улсын дээд шүүхээс Улс төрийн намын тухай хуулийн дагуу намын дотоод асуудал учраас өөрсдөө учраас ол хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзсан юм. Үүнтэй зэрэгцэн МАХН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа хөөсөн гэж  зарласан.  

О.Баасанхүү өөр намд элсэх үү?

О.Баасанхүү бие даагч болох уу эсвэл аль нэг намд элсэх үү. Хэрэв УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАН-д элсвэл үнэмлэхүй олонх 66 гишүүнтэй болно. Харин Ардчилсан намд элсвэл сөрөг хүчин 10 гишүүнтэй болно гэсэн үг. Гэхдээ түүнд аль нэг намд элсэхгүй байх, бие даагч гишүүн байх  боломж ч бий. Энэ бүх сонголтоос илүү МАХН-ын дарга Н.Энхбаярынхаа “хөлд” суух том боломж ч байгааг үгүйсгэх аргагүй. МАХН-ын гишүүн гэхээс илүү МАХН-ын дарга Н.Энхбаярын хуульчаар ажиллаж, олонд танигдсан түүнийг намын даргадаа үнэнч үлдсэн ганц хүн гэх нь бий. Тэгвэл одоогийн үйл явцыг нь улс төрийн хүрээнд бол “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэж зүйрлэж буй. Гэвч МАХН гэх намыг байгуулсан цагаасаа хариуцлага үүрэлгүй, тус намыг нэг хүний нам болгосон нь Н.Энхбаяр. Зүй нь намын дарга аливаа сонгуулийн ялагдал бүрт хариуцлагаа хүлээж, дотоод ардчиллаар намын даргаа сонгодог жишиг улс төрийн намуудад бий. Энэ жишгийг сөрж, зургаан жил тахимаа өгөөгүй. Иймээс О.Баасанхүүгийн тавьсан “Намын удирдлагадаа хариуцлага тооцож, шинэ удирдлага сонгох, намаа дотоод ардчилалтай болгох” гэсэн шаардлага улс төрийн намын хувьд хамгийн эрүүл гарц. Гэвч намын даргынхаа суудлаас хөдлөх дургүй Н.Энхбаяр О.Баасанхүүд тийм ч амар буугаад өгчих хүн биш. Тэгэхээр МАХН ирэх өдрүүдэд Н.Энхбаяртайгаа үлдэх үү, О.Баасанхүүг авч үлдэх үү гэдэг сэдэв анхаарлын төвд хэвээр үргэлжлэх нь.

МАХН-ын их хурал хоёрдугаар сарын 9, 10-нд болно

МАХН “жинхэнэ” II их хурлаа хоёрдугаар сарын 9,10-нд товлосон. Энэ хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулах, намын удирдлагадаа хариуцлага тооцох эсэх асуудлыг ярилцана гэв. Их хуралд сум бүрээс сонгогдсон 1044 гишүүн оролцоноТэгвэл зургаан жил намаа удирдаж буй, сонгуулийн ялагдалд хариуцлага хүлээж үзээгүй Н.Энхбаярт МАХН хариуцлага тооцож чадах уу. Эсвэл Н.Энхбаяр намын  дүрмийн дагуу сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгөх үү гэдэг ирэх хоёрдугаар сарын 9,10-нд болох их хурлаар тодорхой болно. Үнэхээр улс төрд гуравдагч хүчин болж, хэвээр үлдэх боломжоо хадгалж, дараагийн сонгуульд МАХН гэх нам амьд байхыг хүсвэл Н.Энхбаяр сонгуульд ялагдсан хариуцлага хүлээх учиртай. Хэрхэхийг ирэх өдрүүдэд болох их хурал эцэслэх юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж