“Хуурамч мэдээлэл” VS хэвлэлийн эрх чөлөө

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

“Хуурамч мэдээлэл” VS хэвлэлийн эрх чөлөө

“Хуурамч мэдээлэл” VS хэвлэлийн эрх чөлөө

Туркийн нэгэн сайт дээр “Facebook”-ын эзэн Марк Цукербергийг 150 сая ам.доллараар дарвуулт завь худалдаж авсан гэх мэдээллийг нэгдүгээр сарын 19-нд нийтэлжээ. Тус сайт мэдээгээ хуурамч болохыг нягталсныхаа дараа маш хурдан устгасан боловч хэдийн олон нийтийн дунд хэлэлцүүлэг үүсгээд амжсан байна. Энэ бол цахим ертөнцөд өдөрт хэдэн зуугаар нийтлэгддэг хуурамч мэдээллийн энгийн нэг жишээ юм.

Литва улс Монгол Улсын эсрэг худалдааны хориг тавихаар болсон гэх хуурамч мэдээлэл нь мөн хоёр орны харилцаа, эдийн засагт хор учруулж мэдэх аюултай байсан. Тэгвэл Зүүн Өмнөд Азийн орнууд хуурамч мэдээллийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаар хэлэлцэж эхэлжээ.

Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амны уншлага болоод буй “хуурамч мэдээлэл” гэгчийн эсрэг олон улс арга хэмжээ авч эхэлж байна. Зүүн Өмнөд Азийн орнуудын Засгийн газар хуурамч мэдээллийн эсрэг хууль гаргахаар хэлэлцэж эхэлжээ.

Facebook VS хуурамч мэдээлэл

Хуурамч мэдээлэл хамгийн өргөн тархдаг Facebook сайтад хяналтын системийн сайжруулалт хийж эхэлснээ компанийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг мэдээлсэн юм. Тэрбээр нийгмийн цахим сүлжээн дэх худал, сенсаац хөөсөн мэдээлэлтэй тэмцэхийн тулд “News feed” буюу үндсэн хэсэгт урсдаг мэдээллийг үнэн, бодит эсэхээр нь эрэмбэлэх арга хэмжээ авах гэнэ. Сард хоёр тэрбум хэрэглэгч ханддаг фэйсбүүк нийгмийн цахим сүлжээ мэдээллийн эх сурвалжуудын рейтинг хэр байгааг тандахаар олон нийтийн дунд санал асуулга явуулах ажээ.

Болгоомжлол

Гэвч хууль шүүхийн тогтоомжийг ашиглан хэвлэл мэдээлэлд цензур тогтоож, хяналтаа тавих нь Зүүн Өмнөд Азид түгээмэл. Олон улс хуурамч мэдээллийн эсрэг Зөрчлийн хуулиар дамжуулан шийтгэл оноохыг дэмжиж байгаа нь эргээд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боох, сэтгүүлчдийн эрхийг зөрчих өндөр эрсдэлтэй аж. Хуулийн гол агуулга олон нийтийн сүлжээ дэх хуурамч мэдээллийг устгахад чиглэх бус мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагыг гартаа оруулах гэсэн улстөрчид, эрх мэдэлтнүүдийн хэрэгсэл болохоос ихээхэн болгоомжилж байна. АНУ-ын төрийн тэргүүн хууль ёсны, мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагыг хуурамч мэдээ тараадаг хэмээн байнга байлан шүүмжлэх нь олон улсад буруу жишгийг түгээх хандлагатай болж ирснийг Сэтгүүл зүйг хамгаалах хорооны төлөөлөгч Шаун Криспин мэдэгджээ. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт Филиппин улсын “Rappler” мэдээллийн сайтыг Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хар тамхины эсрэг цуст дайны талаар цуврал мэдээлэл бэлтгэсний дараа “хуурамч мэдээллийн байгууллага” хэмээн нийтэд зарласан байна. Улмаар тус мэдээллийн сайтын үйл ажиллагааг шалгуулахаар Хууль зүйн сайтад зааварчилгаа өгснөө Ерөнхийлөгч Родриго Дутерте үгүйсгэсэн байна.

Зүүн Өмнөд Азийн жишээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп

Филиппин улсын Засгийн газарт хуурамч мэдээллийн эсрэг хуулийг боловсруулан өргөн барьжээ. Хэлэлцэж буй хуулийн дагуу хуурамч мэдээлэл тараасан этгээдийг 20 жил шоронд хорих болон мөнгөн торгууль ноогдуулах аж. Үүнээс гадна Кампуч улсын Ерөнхий сайд Хун Сен Засгийн газрынх нь үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг мэдээллийн хэрэгслийг худал мэдээлэл тараагч хэмээн мэдэгддэг. Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “хуурамч мэдээллийн авардс” гэгчийг зарласныг Кампучийн Ерөнхий сайд сайшаан дэмжжээ. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак ч мөн Malaysia Development Berhad компаниар дамжуулан авлига авсан хэрэг нь илэрсний дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хуурамч мэдээлэл тараасанд буруутгасан юм. Нажиб Разакийг мөнгө угаасан, авлига авсан хэргээр зургаан улсад мөрдөн шалгаж буй. Сингапурын Засгийн газраас хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласнаас үүдэн хүний эрхийн байгууллагуудаас байнга шүүмжлэл хүлээдэг. Тэгвэл цэргийн дэглэмийн Засгийн газартай Тайланд улсад цахим аюулгүй байдлын хуулийн дагуу хуурамч мэдээлэл тараасан бол долоон жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноодог. Тайландад эзэн хаан болон түүний гэр бүлийн нэр төрд халдсан мэдээлэл тараавал шийтгэл амсах нь олонтой. Мьянмар улсад рожинга үндэсний эсрэг цэргийн ажиллагаа явуулсныг мэдээлсэн сэтгүүлчдийг барьж хорьсон хэрэг одоо болтол олон улсын хараанд байна.  2016 оноос хойш Мьянмар улсад 29 сэтгүүлчийг баривчлан хорьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж