“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Гучдугаар бүлэг
БАО ЧАЙ ДЭВҮҮРИЙН ДАЛИМААР ДАВХАР ХАДАРЧ, ЧҮНЬ ЛИН ЦАНХУЙ ЦЭЦЭГ ШУНАН ЗУРСААР МААНАГТАВ
Өгүүлэх нь: Дай Юй, Бао Юйтэй үг булаалдсанаас хойш дотроо гэмшивч бас очиж буруугаа хүлээх дургүй тул өдөр шөнөгүй бухимдан сүнсгүй хүн мэт явна. Үүнийг Зы Жюань гадарлаад:
-Урьд өдрийн явдлыг сөхөж хэлбэл, авхай харин баахан долгин аашилсан шүү. Бао Юйн занг бусад хүн мэдэхгүй юмаа гэхэд бид мэднэ. Тэр хашаас болж нэг хоёрхон удаа ч маргалдсан юм бишээ гэж хэлэв. Дай Юй нулимаад:
-Түй, чи хүний өмнөөс намайг буруутгана уу. Би яаж долгин аашилсан юм бэ гэж асуув. Цаадах нь:
-Зүв зүгээр байтлаа юунд тэр цацгийг хайчилна вэ? Бао Юй гурван хувь буруутай гэвэл авхай харин долоон хувь буруутай биш үү. Би бол, тэрбээр авхайд үнэн сайн гэж боддог. Ганцхан авхай хүүхдийн зан гаргаж, үргэлж түүнийг хилсдүүлсэнээр сая ийм болж байгаа юм гэсэнд, Дай Юй хариу хэлэх гэтэл хашааны үүдэнд дуудах чимээ гарав. Зы Жюань инээж:
-Бао Юйн дуу байна. Буруугаа хүлээх гэж ирж байгаа байх гэсэнд Дай Юй: “Битгий хаалга онгойлго” гэв. Зы Жюань:
-Авхай бас л буруу юм хэлж байна. Ийм халуун өдөр… шатам улаан наран дор түүнийг наршуулж яах гэсэн юм бэ гээд гарч үүд нээвэл, үнэхээр Бао Юй зогсож байв. Түүнийг орохыг уриад, Зы Жюань: “Би Бао агийг манай үүдэнд дахиж гишгэхгүй байх гэж санасаан. Тэгтэл ашгүй, хүрээд ирлээ” гэсэнд Бао Юй:
-Та нар ялигүй юмыг их болгож хэлэх юм. Саяхан байсан газраа юунд ирэхгүй байх билээ. Би үхэвч миний сүнс энд өдөрт зуун удаа ирнэ. Охин дүү сайн байна уу гээд инээв. Цаадах нь:
-Биеийн байдал нь бол сайн болсоон. Гагцхүү цээжин дэх уур нь сайн тайтгараагүй байна гэсэнд Бао Юй инээгээд:
-Би мэдлээ, ямар л уур байгааж… гээд ороход нь Дай Юй орон дээрээ хэвтээд уйлж байв. Тэрбээр уйлаагүй байсан боловч Бао Юйг ирлээ гэхээр тэсгэлгүй нулимс асгаруулсан ажээ. Агь шууд явж орны нь дэргэд очоод
-Охин дүүгийн бие овоо сайн болсон уу гэсэнд цаадах нь дуугаралгүй нулимсаа арчив. Бао Юй ор ирмэгдэж суугаад инээж:
-Чи одоо над уурлахгүйг би мэдэж байна. Гэвч би ирэхгүй бол улс бас биднийг хэрэлдэж муудалцсанаар үзэхээс гадна тэд ирж биднийг эвлэрүүлэх гэвэл бид үнэн завсартай болсон мэт болохгүй юү. Харин энэ удаа чи намайг харааж занчих уу, өөрийн дураар болтугай. Тэгэхдээ, намайг ойшоохгүй байж болохгүй, сайн охин дүү минь гэж хэдэнтээ хэлэв. Дай Юй түүнийг ойшоохгүй гэж бодсон боловч Бао Юйгийн сая хэлсэн “Битгий л хэрэлдээд завсартай болсон мэт хүнд битгий үзүүлээрэй” гэсэн үгнээс хаашдаа л бусдаас илүү дотно байхыг мэдээд тэсэж чадалгүй уйлан,
-Чи намайг мэхлэх хэрэггүй. Үүнээс хойш би Эреэд ойртохгүй. Намайг явснаар бодогтун гэхэд нь Бао Юй инээв.
-Чи хаана очно вэ
-Би гэртээ харинаа
-Би бас тэнд чинь очноо
-Намайг үхвэл үү
-Чамайг үхвэл би тойн болноо гэснийг сонсоод Дай Юй царайгаа барайлган:
-Чи үхлээ эрж байгаа юм уу. Юу чалчиж байгаа юм бэ. Чиний гэрт төрсөн эгч, охин дүү нар бий. Хожим цөм үхвэл чи чухам алийг нь дагаж тойн болж завдах вэ. Сүүлд би энэ үгийг чинь бусдаар учир зүйг нь олуулна гэв. Бао Юй үг алдсанаа мэдэж гэмшивч өнгөрчээ. Агшин зуур царай нь улайж, бөхийн дув дуугүй сууна. Золоор энд өөр хүн байсангүй. Дай Юй түүнийг нүдээ гөлийлгөн удтал ширтээд уур нь хүрч: “Хн” гээд дуугарсангүй. Бао Юйн бачимдаж, нүүр нь улайсныг үзээд, шүдээ зууж, хуруугаараа дух руу нь чичээд “Хн” гэснээ, чиний энэ… гээд алчуураа авч нулимсаа арчив. Бао Юйн дотор маш их сэтгэлийн үг байсны дээр бас үг алдсандаа гэмшиж байхад Дай Юй хуруугаар чичсэнд нэг юм хэлэх гэснээ хэлж чадахгүй санаа алдаад улмаар уяран нулимс урсгав. Арчия гэтэл алчуураа мартсанаа мэдээд ханцуйгаараа нулимсаа арчив. Дай Юй хэдий уйлавч Бао Юй цоо шинэ улаан бор торгон цамцаар нулимсаа арчихыг хараад, дэр дээрээ дэлгээтэй байсан дурдан алчуураа авч Бао Юйн өвөр дээр хаяад хар цагаан дуугүй, нүүрээ даран уйлан суув. Түүний шидсэн алчуураар Бао Юй нулимсаа арчаад ойртон сууж нэг гарыг нь бариад:
-Миний таван цул цөм няцрав. Чи мөн уйлаад зогсохгүй юм. Хоёул явъя. Лао тайтайгийнд очъё гэсэнд Дай Юй гараа суга татаж аваад:
-Хэн чамтай зууралдана вэ. Өдрөөс өдөрт том болж байж бас ийн нүүргүй аашлахдаа, ёс учрыг ч мэдэхгүй шүү гэв.
Гэнэт “Одоо эвлэжээ” гэж бархирах дуун сонсогдсонд, хоёул цочиж эргэн харвал Фөн Же орж ирээд:
-Лао тайтай тэнд гаслан гашуудаж байна. Намайг очиж та хоёрын эвлэрсэн эсэхийг үз гэсэн юм. Би үзэх хэрэггүй, гурван өдөр болоход өөрсдөө эвлэнэ гэсэн юм. Тэгсэн чинь Лао тайтай намайг “Залхуу” гэж загнасан. Ирээд үзсэн чинь үнэхээр миний хэлсэнтэй нийцэж байна шүү дээ. Та хоёр ч мөн таарчээ. Юугаа булаалддаг юм бэ? Хэдэн өдөр эвтэй. Хэдэн өдөр эвдэрнэ. Том болох тусмаа хүүхэд шиг аашлах юм. Өнөөдөр гар гараа барьж уйлахаа мэдсэн бол өчигдөр юунд хэрүүлч тахиа мэт аашилдаг юм бэ. Одоо намайг дагаж яваад Лао тайтайд очиж сэтгэлийг нь амруул гээд Дай Юйн гараас хөтлөөд явав. Боа Юй шивэгчдийг дуудвал нэг нь ч алга. Фөн Же:
-Тэднийг дуудаж юугаа хийх гэсэн юм бэ. Би чамайг аваад явна гээд гараас нь хөтлөн босгов. Тэд явсаар Жя Мүгийнд очив. Фөн Же:
-Эдний төлөө сэтгэл зоволтгүй. Өөрсдөө эвлэнэ гэсэнд Лао тайтай итгэхгүй юм. Тэгээд намайг очиж эвлэрүүл гэсэн юм. Би эвлүүлэхээр очвол хоёулаа хамт сууж, буруу зөрүүгээ хүлээж: “Оронгын эвэр шиг хоёулаа онь холбоотой байж байна. Юуг нь эвлэрүүлэх вэ дээ” гэсэнд хүмүүс пижигнэтэл хөхрөлдөв. Энэ хэр Бао Чай тэнд байсан тул Дай Юй түүнтэй дуугарсангүйгээр Жя Мүгийн тэнд очиж суув. Бао Юй юу хэлэхээ мэдэхгүй боловч Бао Чай руу инээж:
-Шюэ ахын баярын өдөр яг миний бие өвдөөд бэлэг сэлт хүргэж чадсангүйгээр үл барам, баярт мөргөхөөр очиж ч чадсангүй. Шюэ ах, миний өвчтэйг мэдэлгүй, шалтаг хэлж очсонгүй гэж бодох магадгүй. Маргааш эгч та зав олдвол миний өмнөөс тайлбарлаад өгөөрэй гэсэнд Бао Чай инээж:
-Энэ ч илүүц хэрэг. Чи очъё гэвч яаж аймшиггүй чамайг зовооно вэ. Бие мууг хэлэх юүн. Ах дүү зуураа үргэлж хамт байж байгаад ийнхүү бодож явбал харин завсартай болно шүү гэв. Бао Юй инээж:
-Эгч минь, зовлонг мэдвэл сайн болой. Эгч та юунд тэр өдөр ший үзэхээр очоогүй вэ гэж асуув. Бао Чай:
-Очоогүй ч бишээ. Даанч халуун. Хоёр бүлэг үзээд тэссэнгүй явах гэтэл гийчид бас явуулдаггүй. Аргагүй бие муу гэж шалтаглаад гарч ирсээн гэв. Үүнийг сонсоод Бао Юйн царай улбалзан, үг эрж байх мэт болоод:
-Хүмүүс эгчийг Ян Гүйфэйтэй адилтгаж байсан нь буруу биш юм. Ерөөсөө нилээд махлаг тул халууныг даахгүй байжээ гэсэнд Бао Чайн царай улсгээд уурлах гэсэн боловч биеэ барьж, ахиулаад эргэцүүлэн бодоход улам ичих мэт болж даруй хүйтнээр инээгээд:
-Би ч Ян Гүйфэйтэй адилхан.Харамсалтай нь, над Ян Гуожунтай тэнцэх тийм сайн ах дүүгүй болой1 гэв. Тэднийг ийн ярилцаж байтал бага шивэгчин Дянь Эр ирж: “дэвүүрээ эрээд олсонгүй” гэснээ Бао Чайн зүг инээн: “Бао авхай нуугаагүй биз” гэсэнд цаадах нь түүнийг хуруугаар чичин зандарч: “Чи аядаарай! Чи намайг хэнтэй тоглож байхыг үзсэн бэ. Чамтай ангалздаг тэр охидоосоо асуу” гэсэнд шивэгчин гарч одов. Бао Юй бас дэмий үг хэлсэнээ мэдээд, олон хүний өмнө сая Дай Юйн тэнд байснаас илүү ичиж, өөр хүнтэй юм ярихаар холдов. Бао Юй сая Бао Чайг дооглосоныг сонсоод Дай Юйн дотор таатай болж, хэдэн үг хэлж далимд нь шоглоё гэж бодож байтал санаандгүй бага шивэгчин дэвүүр эрж сурахад Бао Чай хэдэн үг хэлсэнээс болж үгээ өөрчлөн: “Бао эгчээ, та ямар хоёр ший үзсэн бэ” гэж асуув. Түүний царай их таатай байхыг хараад Бао Чай, энэ ер нь Бао Юй намайг дооглосонд бах нь ханаж байгаа байх шүү гэж бодсоноо, гэнэт түүний ингэж асуусанд инээд нь хүрээд: “Ли Күй, Сун Жянг хараагаад дахиж буруугаа хүлээсэн шиг үзлээ” гэв. Бао Юй,
-Эгч, эрт эдүгээг судалж, аливааг цөмийг мэддэг байтлаа яагаад энэ бүлэг шиний нэрийг мэддэггүй юм болдоо. Түүнийг чинь “Буруугаа гэмшиж, ял гуйв” гэдэг шүү дээ гэв. Бао Чай инээж:
-Өө тийм нэртэй байсан юм уу. Та нар л эрт эдүгээгийн явдалд нэвтэрсэн болохоор “Буруугаа гэмшиж ял” гуйв гэдгийг хүртэл мэддэг юм байна. Би яаж түүнийг мэдэх вэ гэв.
Энэ үед Бао Юй, Дай Юй хоёрын нүүр хэдийн улайв. Фөн Же хэдийгээр эдгээр зүйлийг мэдэхгүй боловч тэр гурвын байдлыг хараад санааг нь ойлгож, инээн:
-Энэ халуунд хэн нь бас халуун ногоо идчихэв гэсэнд хүмүүс учрыг нь ойлголгүй “Халуун ногоо идсэн хүн алгаа” гэв. Фөн Же хацраа тэмтэрч:
-Халуун ногоо идсэн хүнгүй гэтэл яагаад энд нялцаганаад байна вэ гэсэнд Бао Юй Дай Юй хоёр энэ үгийг сонсоод улам ичингүйрэв. Бао Чай юм хэлэх гэснээ, Бао Юй их ичиж царай нь хувирсныг хараад “дахиж юм яривал эвгүй болох байх” гэж бодоод болив. Хүмүүс тэдний ярианы учрыг ойлгосонгүй, инээд наргиа болгоод л өнгөрөөв. Фөн Же, Бао Чай хоёр явав. Дай Юй:
-Чи одоо надаас хэцүү хүн байгааг мэдэв үү. Над мэт хүнд хэлэгдээд байдаг хүн хэд байх вэ гэв. Бао Юй, Бао Чайгаас болоод урамгүй сууж байхад нь Дай Юй ингэж асуухад бүүр дургүй нь хүрэв. Хариуд нь хэдэн үг хэлье гэтэл Дай Юй дургүйцэх байх гэж болгоомжлоод тэсвэрлэн гонсгорхон гарч одов.
Зуны халуун энэ өдөр, хүмүүс өглөөний хоолоо идээд нойрмоглож байсан тул хэнийд нь ч орсон нам гүм байв. Жя Мүгийнхаас гараад баруун гудамжийг нэвт гарвал Фөн Жегийн хүрээ харагдана. Бао Юйг хүрч очиход хаалга нь хаалттай байв. Фөн Же үдийн халуунд нэг цаг унтаж амардагийг мэдэх учир тийш оръё гэсэнгүй. Тэгээд Ван Фүрэний дээд өрөөнд оров. Тэнд шивэгчин охид үйл хийж суув. Ван Фүрэнь сэрүүн орон дээр хэвтэж, Жинь Чуаниар хөлөө бариулж байна. Шивэгчин нь нойрмоглож байхыг хараад Бао Юй, сэмхэнээ ээмгийг нь татсанд Жинь Чуань хараад инээв. Бао Юй:
-Нойрмоглож л байна уу гэсэнд цаадах нь цааш гэж гараар дохиод, нүдээ анина. Бао Юй гарах гэснээ эргэж Ван Фүрэнийг өнгийж харсанд унтаж байх тул хавтаганаас сэрүүцүүлэх амттай үрэл гарган, шивэгчний аманд хийвэл, нүдээ аньсан чигтээ залгиж орхив. Бао Юй сэмхэн гарыг нь атгаад: “Чамайг тайтайгаас гуйж аваачъя. Чи надтай байх уу” гэж асуусанд цаадах нь дуугарсангүй.
-Тайтайг сэрмэгц хэлнэ шүү гэсэнд Жинь Чуань нүдээ нээснээ, Бао Юйг цааш түлхэж:
-Чи юунд яарсан юм бэ. “Алтан хатгуур худагт унавч, чинийх л юм бол эцэстээ олдож болно” гэсэн үг байдгийг мэддэггүй юм уу. Би чамд нэг уран арга хэлж өгье. Чи зүүн бага хүрээнд очиж Жя Хуань аги, Цай Юнь хоёрыг баригтүн гэв. Бао Юй инээж:
-Хэн тэдний явдалд оролцох вэ. Бид өөрийгээ л ярилцах нь дээр гэв.
Гэтэл Ван Фүрэнь ухасхийн босож, Жинь Чуанийг алгадаад, хуруугаар чичин: “Ичгүүргүй муу янхан. Зүв зүгээр байгаа агь нарыг эд нар л уруу татаж байгаа юм” гэж хараав. Бао Юй, Ван Фүрэнийг сэрмэгц год үсрэн алга болов. Жинь Чуаний нэг хацар халуу оргиж дув дуугүй зогсоно. Ван Фүрэнь сэрснийг мэдээд олон шивэгчин орж ирэхэд, тэрбээр:
-Юй Чуань чи, агиа дуудаж ирээд, энэ охиноо аваач гэж түүнд хэл гэсэнд Жинь Чуань уйлан сөгдөж:
-Би дахиж тийм юм ярихгүй. Тайтай та харааж, занчиж болно. Та дураараа шийтгэтүгэй. Намайг л хөөхгүй байвал, тэр тэнгэрийн өршөөл болно. Би тайтайг арваад жил дагаад одоо ингээд хөөгдвөл яаж хүний нүүр харах вэ. Өршөө гэж гуйв.
Ван Фүрэнь хэдий өршөөн нигүүлсэх сэтгэлтэй, шивэгчинг зодож занчдаггүй боловч сая энэ Жинь Чуань ичгүүргүй аашилсаныг үзээд, туйлын их хилэгнэн хорсохдоо нэг удаа занчиж хэд сайн хараажээ. Жинь Чуань хичнээн гуйвчгуйсныг нь тоосонгүй. Тэгээд Жин Чуаний эх Бай овогт эмгэнийг дуудан охиныг нь тушаав. Тийнхүү Жинь Чуань ичгүүрийг хүлээн гарч харихаар явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Бао Юй, Ван Фүрэнийг сэрэхэд сандран зугтаад дорхноо урамгүй болж Гуань Юань хүрээлэн хүрэв. Үдийн наран орой дээрээс шарж, хүрэлзэгэний дуу хүрээгээр дүүрч, хүний дуун огт үгүй нам гүм байв. Цанхуй цэцгийн мандал хүрвэл нэгэн хүн мэгшин уйлах нь сонсогдоно. Бао Юй чагнан зогсов. Энэ таван сарын үед Цанхуй цэцэг сайхан дэлгэрдэг билээ. Хайсны завсраар сэм харвал нэг охин цэцгийн дэргэд явган суугаад, толгойнхоо хатгуураар шороон дээр нэг юм зурах аядаж, нулимсаа гоожуулан байв.
Бао Юй түүнийг хараад, бас нэгэн шунахай охин, Пинь Эр шиг зулгарсан цэцэг булах гэж ирсэн юм болов уу. Хэрэв үнэхээр цэцэг булшилж байвал ёстой “Дун Шы, Шяо Пинийг дууриасан”2 явдал болно. Гайхалтай бишээр үл барам, харин жигшүүртэй болой” гэж бодоод, даруй тэр хүүхнийг дуудаж: “Чи Линь авхайг дууриах хэрэггүй” гэж хэлэхийг завдан, ахиулж лавлан харвал, зарц охин биш, урьд үзээгүй жүжигчин охин мэт боловч ямар шид тоглох гэж сургуулилж байгааг нь бодоод олсонгүй.
Бао Юй хэлээ гаргаснаа амаа дараад: “Золтой үг алдаж дуугарсангүй. Дээр, хоёр ч удаа гэнэдэж дуугарахад Пинь Эр уурлаж, Бао Эр дургүй болсон. Одоо дахиж тэдэнтэй муудалцвал бүр муухай болно” гэж бодоод, мөнөөх хүнийг таньж чадсангүйдээ харамсав. Дахиад харав. Тэр охины хөмсөг нь уулын сархиа мэт атирч, нүд нь нуурын усан мэт мэлтэгнэнэ. Нимгэн царайтай, нарийхан бэлхүүстэй, найган ганхаж, нахилзан хөдлөх нь Дай Юйтэй төстэй санагдана. Бао Юй түүнээс холдон ядаж мэлрэн зогсоно. Тэрбээр үснийхээ хатгуураар газар зурах мэт боловч шороо малтаж, цэцэг булшлах гэж байгаа биш харин үсэг бичиж байв. Түүний хатгуур дээш доош, хойш урагш хөдөлж байгааг ажиглан дууриаж, алган дээрээ зурж байгаад Бао Юй чухам юү гэж бичиж байгааг нь тааварлана. Бичиж, бичиж бодож үзвэл, энэ охин лав шүлэг дуулал бичих гээд оролдож байтал цэцэг навч харагдахаар өөр нэг сэтгэгдэл төрсөнүү эсвэл сонин өгүүлбэр гэнэт орж ирэхээр, мартахгүйн тул газар дээр бичээд бодож байх магадгүй юм гэж санаад цааш юу бичихийг нь хүлээв. Тэрбээр нэг юм зурж л байна. Харвал мөнөөх л цанхуй. Дахиад харав. Бас л цанхуй. Их л шуналтайгаар цанхуйг бичсээр зөндөө боллоо. Түүнийг гаднаас харж байгаа нь бас шунаж, хоёр нүд нь хатгууртай гарын хөдөлгөөнийг дагаж эргэлдэнэ. Бао Юй дотроо: “Энэ охин хүнд хэлэхийн аргагүй сэтгэлийн зовлонтой болоод ингэж яваа юм болов уу. Гадаах байдал нь ийм байгаа юм, дотор нь ямар олигтой байгааж. Төлөв байдал нь ийм дорой байгаа юм сэтгэлийн зовлонг яаж даах вэ. Гэхдээ би чиний зовлонгоос хөнгөрүүлж чадахгүй байгаа нь даанч харамсалтай байна” гэж бодов.
Хэдий халуун цаг боловч хур бороо элбэг, салхи тогтворгүй үе юм. Гэнэт ширүүн салхи хөдөлсөнөө дөнгөж намдмагц бороо шаагина. Бао Юй бороонд сандарч байвч мөнөөх охиныг харав. Бороо түүний хамаг хувцсыг норгоход Бао Юй: “Түүний энэ туяхан бие энэ ширүүн бороонд яаж тэснэ вэ” гэж бодоод тэсгэлгүй дуу алдан:
-Бичихээ болио, хамаг юм чинь норчихлоо гэв. Энэ үгийг сонсоод охин маш их цочив. Бөөн цэцгийн цаанаас хүн: “Битгий бич” гэж хашгирсанд харах гэж хичээсэн боловч хагас бие нь халхлагдаад, царай зүс нь ч сайн мэдэгдэхгүй учир Бао Юйг гэж яаж санах вэ. Өнөөх олон зарц нарын л нэг юм болов уу гэж бодоод: “Таны сануулсанд их баярлалаа. Танд борооноос халхлах юм байна уу” гэж асуув. Энэ үгэнд Бао Юй сэхэсхийж, аяа гэснээ хамаг бие нь хүв хүйтэн болсоынг сая л мэдэв. Хамаг хувцас нь нэвт норжээ. Тэгээд И Хун хүрээлэнгийн зүг ухаан малгагүй гүйв. Ийн явахдаа, бороо хаах юмгүй тэр охиныг бодож л явав.
Маргааш нь таван сарын тавны баяр болох тул шинд сургуулилж байсан Вэнь Гуань нарын арван хоёр охин цөм хүрээлэнд хөөцөлдөн тоглож байв. Тэд усан суваг хашиж, ногоон толгойт нугас, алаг хархмай нугас, өнгөт уран хажин шувуу барих гэж барьсан нэгийн нь далавчийг боож усанд хаяж наадахдаа хаалгаа хаасан ажээ. Ши Рэнь саравчинд зогсон хараад хөхөрч, хөөргөж байв. Бао Юй хаалга тогшсонд тоглоомд улайрсан тэд сонссонгүй. Баахан дуудаж, хаалга балбасны дараа сая сонсов. Бао Юйг ойр мөд гэртээ ирэхгүй хэмээн лавтайяа бодож байсан Ши Рэнь: “Энэ үед хэн ч ирж үүд тогшсон битгий тавь” гэж цаадуулдаа тушаасан учир хаалга онгойлгоогүй юм байжээ. Сүүлдээ их шамдангүй цохиод байхаар нь: “Хэн бэ” гэсэнд Бао Юй: “Би байна” гэв. Хаалга нээх гэж очсон охин “Агийн дуу байна” гэсэнд Чин Вэнь “Битгий дэмий юм ярь. Өдийд Бао Юй энд юу хийх гэж ирэх юм бэ” гэсэнд Ши Рэнь: “Алив би тэр завсараар хараатахъя. За яахав, нээвэл нээ. Бороонд норж байгаа хүн байх. Тийм бол муухай шүү” гээд цааш явж давхар саравчинд гараад харвал Бао Юй усан хулгана болчихсон зогсож байв. Ши Рэнь учиргүй сандарсан боловч инээд нь хүрч яаран үүд нээж: “Агь таныг өдийд ирнэ гэж ер санасангүй. Та юунд ийм их борооноор ирж байгаа юм бэ” гэж асуув. Бао Юй их уурлаж үүд нээсэн хүнийг хэд сайн өшиглөнө гэж бодож байсан болоод хаалга нээмэгц хэн болохыг харалгүй, нэг л бага шивэгчин биз гэж бодоод сүвээ рүү нь өшиглөсөнд аяа гэж дуун алдан суун тусах зуур “Би та нарыг дураар чинь тавихгүй шүү, муусайнуудаа. Айж эмээх байтугай одоо надаар тоглоом наадам хийх нь” гэж хараасаар доош бөхийн харвал Ши Рэнь уйлж байхыг хараад буруу юм хийснээ сая мэдэв. Тэгээд: “Эй, чи байсан юм уу. Хаана чинь оночихов” гэж асуув. Өдий болтлоо, ийм тийм гэж хэлүүлж үзээгүй Ши Рэнь энэ олон хүний өмнө Бао Юйд өшиглүүлсэндээ ичих уурлах хосолсон ч, өвдөх нь тэрхэн агшинд тэсвэрлэшгүй байсан ч, намайг ямар санаатай өшиглөсөн биш дээ гэж бодоод шүд зууж Бао Юйд: “Хурдан орж хувцсаа солио” гэж аядуу хэлэв. Цаадах нь хувцсаа солих зуураа:
-Би өдий том болтлоо хүсэж хүн зодож байгаагүй. Анх удаа уурлаж: – хүнд гар хүрсэнд чи таарчихлаа гэхэд нь Ши Рэнь, өвдөхийг тэсвэрлэн, инээх аядаж:
-Би хэргийн эзэн мөн. Их бага хэрэг ч гэсэнгүй, сайн муу хэрэг ч гэсэнгүй, Ямар ч гэсэн надтай холбоотой. Тэгэхдээ чи, намайг зодож сураад, дараа нь гар хөдөлбөл л бусдыг битгий занчаад байгаарай даа гэсэнд Бао Юй:
-Саяынх санаатай биш шүү дээ гэв. Ши Рэнь:
-Би санаатай гээгүй шүү. Уг нь үүд нээх, хаах бол бага шивэгчдийн л ажил. Тэд дүрсгүйтсээр шүд загатнуулчихдаг юм. Тэд чинь айж эмээхийг ч мэдэхгүй. Чухамдаа, тэднийг л нэг өшиглөж айлгамаар юм байгаа юм. Сая бол би тоглоом тохуу болгож үүд нээхгүй байсан юм гэв.
Тэднийг ийн ярилцаж байх зуур бороо зогсож, гадуур явсан шиний охид ч ирэв. Ши Рэний сүвээнд өвдөж, дотор нь аягүй болоод, оройн хоол цай ч идэж уусангүй. Үдэш унтах гээд хувцсаа тайлж үзвэл, сүвээн дээр нь аягын чинээ газар хөхөрсөнд тэр цочсон ч, цуу чимээ гаргаад хэрэггүй гэж бодоод унтсан боловч шөнө нойрондоо ёолсоор байв. Бао Юй, түүний бие өвдөж байгааг мэдээд шаналав. Шөнө Ши Рэний ёо ёо гэхийг сонсоод, чанга өшиглөж гэж бодоод босож зул барьж үзэв. Тэгээд Ши Рэний орны дэргэд очиход тэрбээр хэд хүчтэй ханиаснаа, нүдээ нээж Бао Юйг хараад ихэд цочин:
-Юу хийж яваа юм бэ гэсэнд цаадах нь:
-Чи унтаагаараа ёолоод байна. Би айхтар өшиглөж аягүй бол гэмтээсэн байх. Би үзье гэсэнд Ши Рэнь:
-Миний толгой эргээд… бас хоолойд муухай амтагдаад байна. Чи гэрэл тусгаж хараач гэсэнд Бао Юй зул барьж хоолойг нь өнгийн харвал, бөөн цус хурсан байв. Бао Юй сандрахдаа “Аюул болжээ” гэв. Ши Рэний хамаг биенээс ч хүйтэн хөлс асгарах шиг болов. Учир явдал хэрхэхийг мэдье гэвэл дараах бөлгөөс унштугай!
Тайлбар:
Ян Гуофэй бол Тан улсын Шю Ваньцүнь хааны хөвгүүн Шюэ Вангийн бага эхнэр байсан бөгөөд сүүлдээ их хаан эцэгт таалагдаад бага хатан нь болжээ. Түүний үеэл ах Ян ГуоЖун төрийн эрхийг авч засгийг самууруулаад хожим Ан Лушаны урвалтын үеэр хамгаалалтын цэрэгтээ алагдаад Ян Гуофэй ч боож үхжээ.
Дун Шы, Шяо Пинийг дууриасан-Эртний алдартай сайхан эхнэр Сы Ши өвчний улмаас цээжээ дарж, хөмсгөө зангидан зогсохыг зүүн айлын эхнэр нь үзээд их л сайхан дүр гэж бодоод чадан ядан дууриагаад амьтны доог болжээ. Хожим энэ үг, хүнийг дэмий дууриахыг элэглэхэд хэрэглэдэг болсон ажээ. Монгол үгэнд “Хэрээ галуу дууриаж хөлөө хөлдөөв” гэдэгтэй ойролцоо очно.
Холбоотой мэдээ