Зүүн коридорын төмөр зам Монголын нутаг дээр тасарчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Зүүн коридорын төмөр зам Монголын нутаг дээр тасарчээ

Зүүн коридорын төмөр зам Монголын нутаг дээр тасарчээ

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөлдөх уулзалт өнөөдөр "Корпорэйт" зочид буудалд эхэллээ. Энэхүү уулзалтыг “Монголын төмөр зам” ТӨХК, Зам тээврийн хөгжлийн яам хамтран зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалт өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилж, уулзалтын төгсгөлд зөвлөмж гаргах юм байна. 

Өнгөрсөн 2016 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэхээр тохирсны долоо нь төмөр замын төсөл юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа 5683,5 км төмөр замыг гурван үе шаттай барьж байгуулахаар хөтөлбөрт тусгажээ. Тодруулбал, Эрээнцав, Чойбалсан, Хөөт, Бичигт чиглэлд төмөр зам барих аж.

Ингээд дээрх бүтээн байгуулалтын нэг, хоёрдугаар үе шатны ажлыг гүйцэтгэхээр “Монголын төмөр зам” ТӨХК шалгарсан байна. Тус компани нийт 1800-2000 орчим км төмөр зам барих концессын эрх авчээ. Төмөр зам барих ажлын хүрээнд өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг хийж байна гэж зохион байгуулагчид ярилаа. 

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн төслийн ахлагч Б.Буяннэмэх

“Монголын төмөр зам” ТӨХК концессоор авсан төмөр замаа барихад 2,5-3 жилийн хугацаа шаардлагатай. Одоогоор Япон улсын “Ниппон коэй” компаниар ТЭЗҮ-ийг хийлгэж байгаа ч хөрөнгө оруулалтын асуудал тодорхойгүй байна гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн ахлагч Б.Буяннэмэх хэллээ. Хэрэв энэ төмөр замаа барьчихвал жилд 12 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэхээс гадна далайд гарцтай “Паньзин” боомттой холбогдох ганц боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцолж байсан юм.

Монголчууд төмөр замын өргөн, нарийн цариг дээр маш их маргалддаг. Тэгвэл энэ хэсгийн төмөр замын царигийг 2014 онд УИХ-аар хэлэлцээд, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг өргөн царигтай, Хөөт-Бичигт хүрэх төмөр замыг нарийн царигтай байхаар зааж өгчээ. Ингэхдээ шилжүүлэн ачих байгууламжийг “Хөөт” өртөөн дээр байгуулахаар төлөвлөсөн байна. 

ОХУ-ын хувьд төмөр замын бүтэц нь “Эрээнцав” боомт дээр ирчихсэн. БНХАУ-ын хувьд “Бичигт” боомттой хил залгаа “Зүүн хатавч” боомт дээр төмөр зам нь ирчихсэн байдаг. Харамсалтай нь, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх төмөр замын ажил тасалдаж байгааг хоёр орны төлөөлөгчид өнөөдрийн уулзалтад оролцохдоо шүүмжилж байв.

Монголын талаас төмөр замаа барих санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа тул хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгааг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөл онцолж байлаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж