Эдуард Льюисийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Эдуард Льюисийг эрэн сурвалжилж байна

Тавантолгойн ордын хувьцааны арван хувийг эзэмшихийн тулд Мон­голын компаниудыг нэгтгэн оролцох санаачилга гаргасан “Монгол 999” үндэсний нэгдэл болон тэдэнтэй ижил санал санаачилга гаргаж бай­сан бусад хөдөлгөөнийхөн таг чиг бо­лов. Үүнтэй зэрэгцэн “Компани авна” гэсэн зарууд устаж, оронд нь “Компани зарна” гэсэн хаягууд зарын сайтад чихцэлдэх болжээ. “Хөөрхөн хүүхэн” кинонд Холливудын алдарт жүжигчин Ричард Гирийн тоглосон Эдуард Льюисийн дүр, түүний биз­неийн сонирхолтой үйл ажиллагаа л хамгийн түрүүнд бодогдож байв. Уг нь компани худалдан авах, зарах нь манайд л төдийлөн элбэг үзэгддэггүй, байсан ч ил тод өгөлцөж, авалцаад байдаггүй болохоос бизнесийн сал­ба­рын жирийн л “явдал, суудал” юм. Гэхдээ хууль зүйн талаасаа бол хуу­лийн этгээд, аж ахуйн нэгжийг бусад эд барааны нэгэн адил авна, зар­на гэлцэх нь зохимжгүй. Тэгээд ч компани бол наймааны хэрэгсэл биш. Үүний цаана олон хүний хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хөдөлмөр, хөлс, хамгийн гол нь ирээдүйд улам өсөн дэвшихийг зөгнөсөн хүсэл мөрөөдөл нь шингэсэн байдаг. Тэр бүхнийг хө­сөр хаяж, маш хямдханаар худалдана гэдэг “компаниа худалдагч”-ийн хувьд ч амаргүй төдийгүй аргаа бар­сан хэрэг юм.

Үнэн хэрэгтээ тухайн үед “Таван­толгой”-н орд газрын хувьцааг эзэм­ших 10 квот тогтоосон нь олон ком­панитай бол хувьцааг цуглуулж болох юм байна гэсэн сэдэл төрүүлсэн хэрэг. Бизнесмэнд төрөх л ёстой сэдэл. Ингээд менежмент хийж, хэн нь ч давуу эрхтэй биш байх Samsung шиг олон нийтийн компани бай­гуулахаар сэтгэж, “Компани авна” гэсэн зарууд хөвөрч эхэлсэн. Ком­паниудад 2010 оны зургаадугаар сарын 30-аас өмнө байгуулагдсан, тат­варын зөрчилгүй, дотоодын аж ахуйн нэгж байх ёстой гэсэн шалгуур тавьж байв. Сүүлдээ бүр цагаандаа гарч, татварын зөрчилтэй, өртэй ч бай­сан хамаагүй гэж ил цагаан зарлах болсон. Тэгэхээр тэдэнд аргалах бо­ломж байдаг гэсэн үг.  Хэдийгээр ком­пани ангуучлагчид улс орныхоо сайн сайхны төлөө гэсэн сайхан уриал­га хэлж байсан ч үүний цаана улс төрийн, эдийн засгийн гэхчлэн олон ашиг сонирхол байсан.

Гэтэл Монголд аж ахуйн нэг­жийн гэрчилгээ авчихаад үйл ажил­ла­гаа нь доголдсон, санхүүгийн бэрх­шээлийн улмаас хаалгаа барьсан мөрт­лөө дампуурлаа зарлаагүй олон компани байдаг юм байна. Тэд “үхмэл” хөрөнгийнх нь зөвхөн бүрт­гэл нь л гэхэд цагаа тулахаар үнэд ордгийг мэдээд одоо “Компани зарна” гэсэн зар өгсөөр байгаа хэрэг. Ха­рамсалтай нь “Эдуард Льюис” нь алга болчихов. Өөрөөр хэлбэл ком­пани ангуучлагчдын төлөвлөгөө бү­тэлгүйтсэн. Тавантолгойн орд газрыг эзэмших хамтрагчид ч тодорхой болж, “Монгол 999” үндэсний нэгд­лийнхэн шүүхэд хандахаас өөрөөр юу хийхээ мэдэхгүй болов.

Эндээс харахад Монгол Улс жин­хэнэ чадвартай аж ахуйн нэгжүүдээ тоолж, бүртгэж, цэгцлэх цаг нэгэнт болжээ. Өнгөрсөн хавраас эхлэн аж ахуйн нэгж байгууллагаа тоолно, бүрт­гэл мэдээллийн нэгдсэн сантай бол­но гэж ярьсан. Тооллогын дүн ирэх арваннэгдүгээр сарын 25-ны до­тор гарах ажээ. Мэдээж үүнийгээ өнөөх л баялгийн хувь хишиг хүртээх бурмын үгээрээ чимэхгүй бол үнэн бодит дүн гарах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Энэ тоо зөв гарч байж төр нь аж ахуйн нэгжүүдийн төлөө бодлого боловсруулж, арга хэмжээ авч чадна. Монголын төр аж ахуйн нэгж, байгууллагуудаа анх 1991 онд өмч хувьчлалын ажилтай холбог­дуулан тоолж байсан. Түүнээс хойш 1948, 1988, 2006 онд уг тооллогыг зо­хион байгуулсан байдаг. Хамгийн сүүлийн тооллогод Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэвшлийн 34.8 мянган аж ахуйн нэгж, төсөвт бо­лон төрийн бус байгууллагуудыг орол­цуулан 52.9 мянган хувиараа аж ахуй эрхлэгчид хамруулсан байдаг. Тэг­­вэл 2006 оноос хойш өнөөдрийг хүр­тэл эдийн засгийн хүрээ хэрхэн тэлсэн, аж ахуйн нэгжүүдийн бүтэц, цар хүрээнд ямар өөрчлөлт гарсныг то­дорхой тооцоололгүйгээр төсөөлөх аргагүй. Нэг талаас харахад компани байгуулахад амархан болчихсон, бай­­гуулагдаад удаж буй аж ахуйн нэг­жүүд хөл дээрээ баттай зогсож, чад­варжсан нь харагдаж байна. Гэтэл нө­гөө талаас хөрөнгө санхүүгийн га­чигдалтай хэсэг нь дэлхийн эдийн засгийн хямралын салхи сэвэлзэхэд л үйл ажиллагаа нь зогссон, хуулийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй, эзэн­гүй болсон ч дампуурлаа зар­лахгүй, улсын бүртгэлээс ч хасуу­лаагүй үхширмэл байдалд оржээ. Тэгэхээр төр улс орныхоо эцэг шиг нь байж, зөвшөөрлийг нь олгосон аж ахуйн нэгжүүдээ амьд эсэхийг нь бүртгэх хэрэгтэй байна. Хэчнээн зам­бараагүй өрхийн тэргүүн ч үр хүүхдээ бүртгэдэг, минийх, хүнийхээр нь ялгадаг биз дээ.

Харин Тавантолгойн ордоос хувь­цаа эзэмшихийн тухайд ашигтай нь ойлгомжтой. Ашигтай учраас хэн хүнгүй сонирхох нь тодорхой. Гэхдээ түүхий эдтэй улс орон л бүхнийг шийддэг, бусдад асуудлаа тулгадаг юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний цаана олон улсын харилцаа, худалдаа, улс төр гэж бий. Монгол Улс  газрын баялгаараа олон  улсын анхаарлыг татаж байгаагаар мэдэрч байгаа нь зөв мэдрэмж боловч өөрс­дөө нэг ч цент зарцуулаагүй бай­­на. Хөрөнгө босгоод, ядаж Хята­дын арван үйлдвэр манайхаас ха­маа­ралтай болчихсон үед биднийг гад­ныхан тоож эхэлнэ. Ажил хаялт зо­­хион байгуулсан, газар хөдөлсөн то­­хиолдолд бид түүхий эдгүй болж үйлд­­вэр зогсоно гэсэн айдастай байгаа цагт биднийг олон улсын тавцанд тоох­гүй хэвээрээ л байна. Тэгэхээр харилцан хамааралтай болох, бусдыг өөрсдөөсөө хамааралтай болгох нь урт хугацаа шаарддаг үйл явц. Үүнд яарч болдоггүй билээ.

Монголчууд зах зээлийн шинэ нийг­мийг байгуулалцаж байгаа. Гад­нын­ханд хаалгаа нээхээс өөр арга байгаагүй. Хаалгаа нээсэн бо­ловч бид бэлэн бус байснаа хожуу ухаар­сан. Нэгэнт хаалгаа нээсэн бол буцаагаад хааж болдоггүй тийм тог­лоомоор тоглоод эхэлчихсэн, хөзрөө дэлгэчихсэн болохоор дэл­хийн зах зээлийн хөгжилтэй хөл ний­лүүлдэггүй юмаа гэхэд араас нь гэлд­рэхээс өөр аргагүй. Тэгэхээр Мон­голоос Эдуард Льюисийг хайх бус, тиймэрхүү овсгоотой бизнес­мэнүүдийн идэш болохгүйгээр хэм­жээнд төр нь бизнемэнүүдээ дэмжиж, бизнесмэнүүд нь үйл ажиллагаандаа хариуцлагатай хандахыг л нөхцөл байдал шаардаж байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж