Рио Тинто группийн албан ёсны төлөөлөгчийн газар өнөөдөр /2018.01.22/ Монгол Улсад нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак болон тус группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Мөнхтүшиг нартай ярилцлаа.
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Рио Тинто групп Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газраа нээлээ. Энэ талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Д.Мөнхтүшиг:
–Оюутолгой бол 100 гаруй жил ажиллах хүчин чадалтай уурхай. Энэ том төсөл дээр Монгол Улсын Засгийн газар Рио Тинто групптэй хамтран ажиллаад удаж байна. Түүнээс гадна, Рио Тинто Монгол Улстай хамтран ажиллах маш их боломж байна гэж бид харж байна. Тодруулбал, IT болон уул, уурхайн хайгуулын салбарыг нэрлэж болно. Энэ тал дээр бодит ажил хэрэг болоод явж байгаа зүйл бий. Жишээлбэл, Монголиа Дэливери Центр гээд IT байгууллага байна. Энэ байгууллага нь Рио Тинтогийн олон улсад явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг IT компани юм. Монгол Улсын IT компаниуд дэлхийн зах зээлд гарахад хэцүү байдаг. Иймээс энэ чиглэлд бид хамтран ажиллах боломжтой.
Жан Себастьян Жак:
-Монгол Улс Рио Тинтогийн хувьд маш чухал орон. Миний бие өчигдөр /2018.01.21/ Оюутолгойн гүний уурхайд ажиллаад ирлээ. Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа гэхээр хүмүүс Оюутолгой гэж ойлгодог. Бодит байдал дээр бол маш олон салбарт бид хамтран ажилладаг. Бидэнд IT үйлчилгээ үзүүлдэг салбар компани бий. Тус компани нь Рио Тинтогийн дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй уурхайн, бизнесийн бүх салбар, компаниудад хүсэлтийнх нь дагуу IT, мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлдэг. Мөн Монгол Улсад уул уурхайн хайгуулын баг ажиллуулж байна. Үүнтэй холбоотойгоор, дараа дараагийн томоохон орд газрыг илрүүлэх, дэлхийн түвшний уурхай нээж, бий болгох зэрэг ажлууд хийгдэж байна. Гуравт, Монголд ажиллаж байгаа монгол уурхайчдын ур чадвар бидний хувьд маш чухал гэдгийг онцолмоор байна.
Сүүлийн үед уул уурхайн салбарт яригдаж буй блокчлон олборлолт хийх технологийг Оюутолгой дээр ашиглаж байна. Энэ бол дэлхийн цөөхөн компани эзэмшдэг нарийн технологи юм. Иймээс Оюутолгой дээр бэлтгэгдэж буй залуучууд 7-10 жилийн дараа Рио Тинтогийн хэмжээний гүний уурхайн хамгийн шилдэг инженерүүд болох боломжтой. Үүндээ ч би итгэлтэй байна.
Эдгээр залуучуудыг бэлтгэснээр зөвхөн Оюутолгой гэлтгүй Рио Тинтод ч гэсэн хэрэгцээтэй боловсон хүчин болох юм. Тэд алсдаа Рио Тинтогийн бусад томоохон орд газарт ажиллах, олон улсын уурхайчдаас туршлага солилцох өргөн бололцоо бий. Хүнийг хөгжүүлэх, хүний ур чадварыг ашиглана гэдэг бидний үйл ажиллагааны гол цөм юм.
Манай удирдлагын багийнхан өнгөрсөн долоо хоногт Сингапурт ажиллалаа. Сингапурт Рио Тинто группийн борлуулалт, маркетингийн төлөөлөгчийн газар бий. Тэнд ажиллаж буй монголчуудын тоо улам бүр нэмэгдэж байна. Энэ мэтчилэн Рио Тинтогийн удирдлага, маркетинг, борлуулалтын чиглэлд ажиллаж буй монгол залуу улам олон болж байна. Гэвч техникийн чиглэлийн ажил дээр хараахан олон улсын түвшинд ажиллах хэмжээнд хүрч чадахгүй байна. Иймээс дэлхийн шилдэг уурхайчдыг бид Монголоос төрүүлэн гаргах бүрэн боломжтой гэж харж байгаа юм.
Үүнээс гадна, өчигдөр /2018.01.21/ Рио Тинтогийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны хамгийн дээд шагналыг монголчууд хүртлээ. Хэдийгээр, Оюутолгойн үйл ажиллагаа эхлээд төдийлөн олон жил болоогүй ч энэ нэр хүндтэй шагналыг хүртэнэ гэдэг бол маш том үзүүлэлт юм. Цаашид бид Рио Тинтогийн бусад уурхайчдыг Монголд урьж, туршлага солилцох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Рио Тинто Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газраа нээнэ гэдэг бол цаашид урт хугацаанд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаа гэдгийн нотолгоо юм. Бид зөвхөн байгалийн баялаг гэлтгүй олон салбарт, өргөн хүрээнд хамтран ажиллах үүднээс энэхүү төлөөлөгчийн газраа нээж байна.
Өчигдөр, миний бие Оюутолгойтой танилцсан гэдгийг би дээр дурьдсан. Энд хоёр чухал зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, Оюутолгойн хэмжээнд 14 мянган хүн ажиллаж байна. Үүний 94 хувь нь монголчууд. Хоёрдугаарт, дотоодын худалдан авалтын чиглэлд шинэ ханган нийлүүлэгчдийг бий болгож байна. Гүний уурхайн хэмжээнд 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монголын компаниудтай байгууллаа. Тэгэхээр энэ бол бодит мөнгө Монголын компаниудад очиж буй хэрэг юм. Үүнээс гадна, шинэ ажлын байр бий болгож байна гээд эдийн засгийн олон хүчин зүйл бий.
Сургууль, цэцэрлэгийн цогцолбор, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, анхны эко автобус гээд орон нутгийн хөгжилд бид тодорхой хувь нэмрээ оруулсаар байгаа. Иймээс Монгол Улсад эерэг үр нөлөө, хувь нэмрээ оруулж байгаа гэж харж байна. Гэхдээ нийгэмд янз бүр асуулт явж байгааг үгүйсгэхгүй. Бид хийж буй ажлаа илүү сайн олон нийтэд таниулах, ил тод байлгах хэрэгтэй байгааг ойлгож байгаа. Оюутолгой бол Монголын хамгийн том ажил олгогч, татвар төлөгч хувийн хэвшил гэж би хэлнэ.
-Монгол Улсын Татварын ерөнхий газраас "Оюутолгой" ХХК-д 150 сая ам.долларын татварын акт тавьсан тухай мэдэгдэл хүлээж авсан талаараа тус компанийн хувьцаа эзэмшигч "Туркойз Хилл Ресурс" өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Өмнө нь 2014 онд мөн татварын асуудалтай холбогдож байсан түүх бий шүү дээ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна бэ?
Жан Себастьян Жак:
–Дэлхийн хаана ч үйл ажиллагаа явуулж байхад ийм зүйл тохиолддог. Энэ асуудал аливаа бизнест байдаг л зүйл. Манай Оюутолгой компанийнхан Татварын ерөнхий газартай уулзаж, энэ асуудал дээр ажиллаж байгаа.
Үүнд нэг зүйл онцолъё. Оюутолгой төсөл бол урт хугацааны ажил. Зөвхөн гүний уурхайг барьж байгуулахад таван жил, хүчин чадлаараа ажиллахад долоон жил зарцуулагдана. Иймээс бид төслийн урт хугацааны үйл ажиллагаанд анхаарал хандуулж байна. Өчигдөр /2018.01.21/ Оюутолгойтой танилцаад, төсөл маань зөв урагшилж байгаа гэдгийг мэдрэхэд таатай байсан.
-Оюутолгой төсөл урт хугацааны төсөл гэж та хэллээ. Өнөөдөр гүний уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж байна. Гэхдээ монголчуудын хувьд хэзээ ногдол ашгаа хүртэх вэ гэдэг нь одоо болтол тодорхойгүй байна. Энэ асуудлаас болоод нийгэмд талцал үүсэх нь ч бий. Таны хувьд монголчууд хэзээ ногдол ашгаа хүртэх боломжтой гэж харж байна вэ?
-Ногдол ашиг хуваарилахын тулд аливаа бизнес эерэг баланстай, ашигтай ажиллах нь чухал. Ингэсэн цагт хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг хүртээх боломжтой. Оюутолгой ашигтай ажилласан цагт манайх гэлтгүй нийт хувь нийлүүлэгчдэд ногдол ашгаа төлж эхэлнэ. Энэ асуудал дээр бүх хувь нийлүүлэгчид адилхан байр суурьтай байна. Яагаад гэхээр, тэд бүгд ногдол ашиг хүртэх хүсэлтэй байгаа. Харин цаг хугацааны хувьд тодорхой өдөр хэлэх боломжгүй байна. Учир нь энэ зах зээл маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Мэдээж, хувь нийлүүлэгчид аль болох Оюутолгой хурдан ашигтай ажиллаж эхлэхийг хүсч байгаа.
Гэхдээ зөвхөн ногдол ашиг гэлтгүй эдийн засагт оруулж буй нийт хувь нэмрийг нь бид авч үзэх нь зүйн хэрэг. 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл 1.5 тэрбум ам.долларын татвар хураамжийг бид Монгол Улсын Засгийн газарт төлсөн. Мөн Оюутолгой төсөл хөдөлж эхлэхтэй зэрэгцээд Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн. 14 мянган ажлын байр бий болгосон. Энэ болгоны цаана эдийн засгийн давхар үзүүлэлтүүд явж байгаа. 2017 онд гүнийн уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, худалдан авалт хийлээ. Энэ бүгдийг тооцон үзээд, ногдол ашиг гэх явцуу хүрээнд ярилгүй, Монгол Улсын нийт эдийн засагт оруулж буй хувь нэмрийг ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна.