"Зарим нутгаар шөнөдөө -51 хэм хүрэх төлөвтэй байна"

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

"Зарим нутгаар шөнөдөө -51 хэм хүрэх төлөвтэй байна"

"Зарим нутгаар шөнөдөө -51 хэм хүрэх төлөвтэй байна"

Нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт хүйтний эрч эрс чангарч, -50 хэм давна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Өнөөдөр гэхэд Улаанбаатар хотод хүйтэн, өдөртөө 26-28 хэм хүйтэн, салхитай байна. 

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа. Тэрбээр дараах мэдээллийг өгөв.

-Өнгөрсөн шөнө /2018.01.21/ ихэнх нутгаар агаарын хэм -1 градусаас -19 градусаар нэмэгдэж, хүйтэн хонолоо. Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хамгийн хүйтэн буюу шөнөдөө -47 хэм хүрч, маш хүйтэн хоносон. Харин төвийн бүсийн аймгуудын нутгаар болон Хараа, Ерөө,Тэрэлж, Туул голын хөндийгөөр шөнөдөө -43 хэм хүртэл хүйтэрлээ. Нэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хүйтний эрч чангарч, зарим нутгаар шөнөдөө -51 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Ерөнхийдөө олон жилийн дунджаас харахад, нэгдүгээр сарын сүүлчийн арав хоног ихэвчлэн хүйтэн байдаг. Харин энэ жилийн нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногийн хүйтний эрч олон жилийн дундажтай харьцуулахад бага зэргийн хүйтэн байна. Гэхдээ энэ нь онцгой хүйтэн гэсэн үг биш. Дээр нь нэмээд Сибирийн бүс нутгийн хүйтэн агаар Монгол орны бүс нутгаар дамжин өнгөрч байгаатай холбоотойгоор хүйтний эрч чангарч байгаа. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлнээс нэгдүгээр сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд Хангайн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24,25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байх ажээ. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж