Хятадын тэрбумтан Жэк Ма хандивын сангийн нэгэн уулзалтад оролцохдоо саяхан олон нийтийн сүлжээнд од болсон “Мөсөн жаал”-тай адил алслагдсан бөглүү тосгон, суурин дахь аав, ээжээсээ хол өсч буй хүүхдүүдэд туслахыг уриалжээ.
Хичээлдээ дөрөв, таван километр явган алхаж очихдоо нүүр ам нь битүү цантсан хүүгийн зураг Хятадын олон нийтийн сүлжээнд тавигдсаны дараа ядуу тосгон дахь ядуурал болон дотоодын цагаач ажилчдын хүүхдүүдийн боловсролын асуудал сөхөгдөж, хурцаар яригдаж эхэлсэн юм.
Тэрбумтан Жэк Ма хөдөөгийн ядуу сууринд хүүхдүүд сургуульдаа явахын тулд урт замыг алхаж туулж байгааг анхааралдаа авч, халаалтын систем ч байхгүй орон нутгийн жижиг сургуулиудыг хаахыг Боловсролын яамандаа уриалжээ.
Жэк Ма хэлэхдээ “Мөсөн жаал”-ын түүх надад бүр 1992 оны нэг хүйтэн өвөл зургаа юм уу, долоон настай сурагч охин үүрээр хичээлдээ явах гээд замын хажуугаар цүнх, хоолны саваа барьчихсан явдаг байсныг санагдуулсан. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч хөдөөгийн тосгоны ядуурал буураагүй байна, нөхцөл байдал дээрдсэнгүй” хэмээгээд бизнес эрхлэгчдээс хөдөөгийн тосгодод дотуур байр барихад туслахыг хүсчээ.
Хятадад “Мөсөн жаал”-тай адил 60 сая хүүхэд байгааг судалгааны дүн харуулсан юм. Тэдний ээж, аав нь ажил хийж, хүүхдүүдээ тэжээхийн тулд Бээжин, Шанхай зэрэг том хот руу явдаг.
1990 оноос хойш Хятадын хөдөөх тосгон суурин дахь бага сургуулиудын тоо улам багассан байна. Судалгааны дүнгээр Хятадын алслагдсан бөглүү тосгон сууринд 2001 онд 510,000 бага сургууль байсан бол 2010 онд 230,000 болж буурчээ.
эх сурвалж: the South China Morning Post