Молоконы лаазаар хийсэн сүлд тойрох сайхан байх уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Молоконы лаазаар хийсэн сүлд тойрох сайхан байх уу?

Молоконы лаазаар хийсэн цагаан сүлдийг тойрох сайхан байх уу?

Энэ зуны турш шил шилээ даран үргэлжилсэн аймгуудын ой, даншиг наадмууд олон зүйлийг үнэ цэнгүй болголоо. Улсын наадмын дэвжээнд эр бяраа үздэг идэр залуу, эрэмгий хүчит аварга, арслан, гарьдууд аймаг, сумын наадмын дөрөв, тавын даваанд өнхөрч унаад л. Мөнгөө цүнхэлж ирсэн бөхчүүд хүчтэй гэдэг нь жигтэйхэн. Үүнээс болж монгол бөхийн цол гэдэг ямар ч нэр хүндгүй болж орхилоо. Тэгш ой нь тохиосон бараг бүх аймгийнхан алдартан, суутнуудынхаа хөшөөг босгож, нээлтийг нь хийв. Хөшөө гэдэг нэг талаас урлагийн бүтээл, нөгөө талаас хүндэтгэл, дээдлэлийн хамгийн тод илэрхийлэл. Гэхдээ социалист уралдаан зарласан мэт бие биеэсээ өрсөн шовойлгосон олон хөшөөнөөс он цагийн босго давж үнэ цэнээ мөнхөлж үлдэх нь хэд юм бол доо. Залуу жанжныхаа хөшөөний гарыг нь тайраад аваад явчихдаг, Лениний хөшөө рүү бол будаг цацахаас сийхгүй тийм л хэнэггүй, харалган нь дэндсэн улс шүү дээ бид. Аливаа хөшөөний зэс, гуулийг бол мулт татахдаа сурамгай. Дээр нь эрээчих энүүхэнд. Ийм зангаараа хандаад байх юм бол алдартнаа хөшөөнд мөнхөлнө гэдэг хүндлэл биш доромжлол болох биз. Ер нь Цонжин болдогт сүндэрлэсэн шигийг л хийж чадахгүй юм бол хөшөө босгоно гэж жалгын нэг шавар, шохой овоолоод хэрэггүй биз дээ. Юутай ч энэ жил хөшөөний үнэ цэн уналаа. Уг нь хөшөө, суваргагүйгээр улс орон хөгжихдөө л хөгжинө, наадам даншиг болохдоо л болно шүү дээ. Аливааг хэт туйлшруулан, бие биеэ дууриан хавтгайруулдаг энэхүү монгол зан тухайн зүйлийнхээ үнэ цэнийг ямагт бууруулж байдаг.

Аттила, Чингис, Хубилай, Галдан бошигт гээд эзэн хаад, эцэг дээдсийнхээ нэрийг, Өндөр гэгээнийхээ зохиосон өөрөө тодорсон гэгээ соёмбо үсгээ архины шошгон дээр нааж, баар цэнгээний газрын хогийн саванд хийн, үнэ цэнийг нь шороотой хутгаж санаа нь амарсан. Одоо эзэн Чингис хааны үеэс дээдлэн тахиж ирсэн төрийн есөн хөлт Их цагаан  тугаа мөн дээрхийн араас оруулах нь ээ. Ингэж хэлэхээр Төрийн ордон дахь ёслол хүндэтгэлийн өргөөнд залаатай буй есөн хөлт Их цагаан туганд хэн нэгэн этгээд халдаж, элдэвлэж гэж бүү бодоорой. Монгол төрийн бэлгэ тэмдгийн нэг, есөн хөлт Их цагаан туг эзэн Чингисийн үед хэрхэн онгон дагшин, халдашгүй дархан шүтээн байсан, тэр янзаараа Төрийн ордондоо ихэмсэг, эрхэмсэг заларсаар байгаа. Их цагаан тугийг 1990-ээд онд сэргээн бүтээхдээ маш нарийн дэг жаягийг баримталсан гэдгийг олон нийт зах зухаас нь мэдэх байх аа. Наад зах нь Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы дэл, сүүлээр үйлдсэн билээ. Мөн Их цагаан тугны сууринд Монгол Улсын бүх аймгийн хөрс шорооны дээжийг байрлуулсан гэдэг. Энэ бүхнийг Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасан бий. Уг хуульд төрийн тугийг газар хүргэхийг цээрлэнэ гэсэн заалт ч байдаг. Ийм л эрхэм хүндэтгэлтэй Их цагаан тугаа монгол хүн бүр дээдлэх учиртай. Харин дээдэлнэ гэдэг нь архи, дарсны шошгон дээр зураг хөргийг нь нааж, Холливудын зодоонч эрийн зураг шиг энд тэнд хуулбарлан, хувилан тараахыг лав хэлдэггүй байх. Тэгээд ч төрийн Их цагаан тугийг ингэж аливаа зүйл дээр хавтгайруулан дүрслэхийг Засгийн газрын журмаар зохицуулна гээд хуульчилчихсан байгаа. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн долдугаар бүлгийн 7.23.1-т “Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрслэх журмыг Засгийн газар тогтооно” гэж бий. Тэгэхээр дээдэлж байгаа нь энэ гээд есөн хөлт Их цагаан тугийн зургийг хаа хамаагүй наагаад байж болохгүй нь.

Гэтэл зурж дүрслэх байтугай зорж сийлээд, дууриалган хийгээд байгааг юу гэх вэ. Хууль зөрчсөн үйлдэл үү, аль эсвэл төрийнхөө тугийг дээдэлж байгаа  хүндлэлийн илрэл үү. Би л лав эхнийхэд нь толгой дохино. Хууль, журмаа уншаад үзсэн ч хариу нь тэгж л гарах юм билээ. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн 3.8.1-ийг үзвээс “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл, сүүлээр, ганц хувь үйлдэнэ” гэж бий. “Ганц хувь үйлдэнэ” гэж ойлгомжтой хэлсэн байгаа биз. Тэгэхээр дээрх хуулийн заалтыг орон нутгийн эрх мэдэлтнүүд ноцтой зөрчиж байгаа ажээ. Яагаад гэвэл аймаг, сум бүр л есөн хөлт Их цагаан тугтай болчихоод байгаа шүү дээ. Сая тэгш ой нь тохиосон арваад аймгийн нэлээд хэд нь есөн хөлт Их цагаан туг наадмын талбайдаа залсан харагдсан. Зарим аймгийнхан ойдоо зориулж ийнхүү Их цагаан туг бүтээлгэсэн тухайгаа дарга нар нь бахархан ярьсан байна лээ. Манай нутгийн тэр гэгч уран дархан есөн хөлт Их цагаан туг бүтээсэн гээд л. Энэ бол бахархал гэхээсээ илүү туйлшрал, хэлбэрдэл. Ганц хувь бүтээнэ гээд хуульчилчихсан төрийн Их цагаан тугаа жалга, дов бүхэнд хатгаад байх нь л дээ, одоо. Нэгэн сумынхан наадмын талбай дээрээ тахир бургасны үзүүрт тарваганы даллуур шиг хэдэн цагаан хялгас унжуулж, молоконы лааз шиг шармал төмрөөр гилбэр, царыг нь хийж тавьчихаад, бөхийн тайлбарлагч нь “Сумын заан тэр есөн хөлт цагаан тугаа тойрлоо” хэмээн их л сүртэй зарлаж байж билээ. Инээд хүрмээр ийм явдал аймгуудын наадмаар бас болсон. Тэрийг нь олон нийт цэнхэр дэлгэцээр хангалттай харсан даа. Аймгийн эрхэм засаг ноёд бургасны үзүүрт хялгас хатгаад л есөн хөлт цагаан туг болчихдог гэж эндүүрцгээсэн бололтой. Тэд наадмын талбайдаа есөн хөлт цагаан туг залчихаад, өөрсдийгөө Чингис хаан мэт сэтгэж суудаг юм болов уу. Энэ бол тун нь хэтэрсэн туйлшрал, бүр хатуу хэлбэл дэмийрэл.

Барилдсан бөх, уралдсан морины тоо, цол, гуншингаараа өрсөлдөж байгаа аймгууд удахгүй хэн нь хамгийн гоё есөн хөлт цагаан туг хийж залах вэ гэдгээрэ өрсөлдөх нь л дээ. Тэгээд аймаг бүр бэлэг дурсгалын зүйл  шиг нэг нэг цагаан тугтай болж аваад санаа нь амрах биз. Ариун нандин зүйл, эрхэм дээд шүтээн гэдэг ганц хувь л байж үнэ цэнжтэй оршдог. Түүнийг хувилаад, олшруулаад тараачих юм бол юу ч биш болно. Эзэн Чингисийн үеэс дээдэлж ирсэн, Монголын нэгдсэн тулгар төрийн Их цагаан туг Төрийн ордонд ганц хувь л байх ёстой. Хууль нь тийм. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг зөрчин Их цагаан тугийг хувилан олшруулан “гэртээ” залж суугаа жалга, довны “чингисүүд”-тэй хариуцлага тооцох бизээ.

Г.Сонинбаяр

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж