“Роснефть”-ийн салбарыг нээвэл нефтийн үнэ буурах уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

“Роснефть”-ийн салбарыг нээвэл нефтийн үнэ буурах уу?

“Роснефть”-ийн салбарыг нээвэл нефтийн үнэ буурах уу?

“Шатахууны үнэ, эдийн засагт үзүүлэх үр нөлөө" сэдвээр өнөөдөр /2018.01.20/ Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубээс хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцлоо.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог бөгөөд жилийн хэрэглээ 1.5 сая тонн орчим аж. Хэрэглээг дотор нь задалбал 300 сая орчим нь авто бензин, 1.2 сая тонн нь дизель түлш эзэлдэг байна. Авто бензины 90 хувь нь жижиглэнгээр борлуулагддаг бол дизель түлшний 40 хувь бөөний үнээр борлуулагддаг ажээ.

Нефтийн үнэ яагаад өсөв?

Дэлхийн зах зээлд өнгөрсөн оноос нефтийн үнэ өссөн, мөн Засгийн газар 2017 онд хоёр удаа шатахуунд ногдуулдаг Онцгой албан татварыг өсгөсөн зэргээс шалтгаалж, нефть импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс аргагүйд хүрчээ.

Нефть импортлогчид нефтийн үнийг 1 литр тутамд нь 250-300 төгрөгөөр өсгөхөөс аргагүйд хүрсэн гэдэг саналаа холбогдох газруудад ирүүлсэн юм байна.

2012-2016 онд ам.доллар 2000 төгрөгтэй тэнцсэн үед нефтийн үнэ тогтвортой байсан нь Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой. Төв банк нефть импортлогч долоон компанитай гадаад валютын хэлцлийн гэрээ хийсэн. Ингэхдээ ам.долларыг 1470-аар тооцсон. Гэвч эцсийн дүндээ зөрүүг эргүүлээд татвар төлөгчдийн мөнгөөр буцааж нөхсөн.

Харин Монголбанк дээрх хугацаанд 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн дотор энэхүү нефть импортлогч компаниудтай байгуулсан хэлцлээс бий болсон алдагдал мөн багтдаг.

Нийтдээ 192 тэрбум төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэйгээр нефть импортлогчдод олгож байсан аж. Одоо “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй, хуулиараа хоригложээ.  

Мөн Засгийн газар 2012-2016 онд нефтийн үнэд ногдуулж ирсэн Онцгой албан татвар, Гаалийн татварыг 0 болгож байсан аж. Улмаар нефтийн үнэд тогтоодог дээрх татварыг буцаан сэргээсэн. Одоо харин татваруудыг буулгая гэхэд Олон улсын валютын сангаас зөвшөөрөл авах шаардлагатай. Татварын бодлогоо гадаадын байгууллагад алдахын нэг зовлон нь өнөөдөр өөрсдийн дураар татваруудаа буулгах арга хэмжээ авах эрхгүй байгаагаас харагдана гэж Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав хэллээ.

Одоогоор нөхцөл байдал амаргүй ч нийтлэг эрх ашгаа харвал Засгийн газар Олон улсын валютын сангийнхантай ярилцаж, татваруудаа буулгах арга хэмжээг авч болно. Чадахгүй бол Засгийн газар нефтийн үнийг чөлөөтэй тавьж өгөх ёстой. Энэний тулд нефть импортлох компаниудын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлж ч болно.

Одоогийн байдлаар 83 компани нефть импортлох тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнийг 160 болгох боломжтой. Хомсдол үүсээгүй нөхцөлд үнэ буурах бололцоотой гэлээ.

Мөн нефтийн бүтээгдэхүүнийг ангилж, үнэ тогтоож болно. Уул уурхай, эрүүл мэндийн салбарт хэрэглэж байгаа шатахууны үнэ ижил төвшинд буй. Хэрэв ангилаад зохицуулалт хийвэл үнийг хоёр өөрөөр тогтоох боломжтой. Энэ тохиолдолд зорилтот бүлгийн нефтийн үнэ өсөхгүй байх бололцоотой аж.

“Росенфть”-ийн салбарыг нээсэн ч шатахууны үнэ буурахгүй

ОХУ-ын “Роснефть” компанийн салбарыг Монголд нээвэл нефтийн үнэ буурна гэх давалгаа цахим ертөнцөд сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж буй. Энэ асуудалд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат “Роснефть буяны байгууллага биш бизнесийн байгууллага. Салбараа нээлээ ч нефтийн үнэ нь зах зээлийн үнээрээ л орж ирнэ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээний дагуу татваруудаа төлнө. Тээвэрлэлтийн зардал нь импортлогч компаниудын гаргадаг зардлын нэгэн адил л гарна. Борлуулалтын үйл ажиллагааны үеэр гардаг зардлаа мөн л гаргана. Тийм учраас үнийг буулгах арга механизм нь зөвхөн “Роснефть” гэж харах нь учир дутагдалтай” гэлээ.

Шатахууны үнээ өсгөсөн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу?

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефтийн үнээ дур мэдэн нэмсэн импортлогч компаниудад торгууль ногдуулсан болохоо зарласан бол “Магнай трейд”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болсон талаарх саналаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлээд байгаа.

Энэ асуудалд салбарын яам ямар байр суурьтай байгааг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбатаас тодруулахад дараах хариулт өглөө. Тэрбээр “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дээрх компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх албан тоот ирүүлсэн. Хэрвээ ийм арга хэмжээ авбал  нефтийн хомсдол улам үүснэ. “Магнай трейд” нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг. Зөрчлийн тухай хуулиар нефть импортлогч компани нь өдрийн цагаар тээвэрлэлт хийх нь хууль зөрчинө.

Гэтэл зөвхөн “Магнай трейд” гэхгүй бусад компанийн хувьд ч өдрийн цагаар нефтийн хангалт хийх боломжгүй болж, шөнө хүртэл хүлээх шаардлагатай болж, тэр хооронд зарим станцынх нь дизель түлш, авто бензин дууссан зэрэг хангалттай холбоотой асуудал үүссэн. Харгалзаж үзэх шалтгаанууд бий. Тусгай зөвшөөрөл цуцлах асуудлыг нэлээн сайд судална. Борлуулалтынх нь зардал зэрэг дээр тооцоо хийнэ. Тэрний дараа шийдвэр тодорхой болно гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж