Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг эсэргүүцэж, мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг эсэргүүцэж, мэдээлэл хийв

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг эсэргүүцэж, мэдээлэл хийв

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн талаар тус аймгийн иргэдийн төлөөлөл өнөөдөр /2018.01.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Архангай аймагт ард түмний амьдрал доройтож, ажил хийх бололцоо хумигдаж, ажлын байрны халаа сэлгээ их болсон талаар тэд ярив. 

Хэвлэлийн хуралд оролцсон, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн захирал Д.Мөнхжаргал “Архангай аймгийн боловсролын салбарт гэхэд 2016 оны есдүгээр сараас хойш 13 сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас халж, сольсон байна. Миний хувьд бас нэг хохирогч нь. 2016 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр миний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлана гэдэг мэдэгдэл ирсэн. Энэ асуудлаар шүүхэд хандахад, шүүхийн шийдвэр Ц.Мөнхнасанг хууль бус шийдвэр гаргасан гэдгийг тогтоосон. Гэтэл дахиад сонгон шалгаруулалт зарласан. Энэ асуудал зөвхөн надад тохиолдоогүй. Манай аймгийн төрийн албан хаагчид ажлаа тогтвортой хийж чадахгүйд хүрч байгаа олон тохиолдол бий. Үүнийг таслан зогсоохгүй бол Засаг даргын хууль бус үйлдэл дийлдэхээ байлаа" гэсэн юм. 

Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн

Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн “Би энэ салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. 2017 оны долдугаар сард ажлаасаа хууль бусаар халагдсан. Тухайн үед ямар шалтгаанаар халагдаж байгаагаа мэдээгүй. Ц.Мөнхнасан даргатай уулзахад "Чиний эрх ашиг хөндөгдөж байгаа нь надад сонин биш байна. Чиний ажлыг авч буй н.Амартүвшингийн эрх ашиг хөндөгдөж байна" гэсэн зүйл ярьсан. Ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан юу вэ гэвэл бас л тодорхойгүй. Бүтэн жил хоёр гаруй шүүхээр явлаа. Ерөнхий шүүгчийн шийдвэрээр намайг ажлаас халсан нь буруу гэдгийг тогтоосон. Гэтэл Ц.Мөнхнасан дарга дахиад хууль бусаар сонгон шалгаруулалт зарласан. Яг ийм байдлаар хүмүүсийг ажилгүй болгодог. Ажил төрлөө хийх ямар ч бололцоо байхгүй болсон. Цалингийн зээлээ ч төлж чадахгүй байна" гэв.

Архангай аймгийн “Иргэдийн оролцоо тогтвортой амьдрал” ТББ-ийн төлөөлөгч Д.Батсайхан

Мөн хуралд оролцсон, Архангай аймгийн “Иргэдийн оролцоо тогтвортой амьдрал” ТББ-ийн төлөөлөгч Д.Батсайхан "Засаг даргын хийх ёстой ажил бол иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх шүү дээ. Гэтэл Ц.Мөнхнасан дарга намын харьяаллаар хандаж, олон хүнийг ор үндэслэлгүйгээр ажлаас нь халж байна. Манай аймаг бүх талаараа хамгийн муу үзүүлэлттэй аймгийн тоонд орчихсон явж байгаа. Сонгуулийн дараагаас төрийн албан хаагчдыг шалтгаангүйгээр халж эхэлсэн. Тэр хүмүүс шүүхэд хандахад холбогдох зардал байтугай цалинг нь ч өгөөгүй. Манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 39 хүн саяхан улсын зардлаар аялж яваад ирсэн. Энэ юуг харуулж байна вэ? Ард түмэн идэх хоолгүй сууж байхад төрийн албаныхан тансаглаж болох уу? Засаг даргын явуургүй үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна" гэсэн юм.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж