М.Өлзийбат: Зах зээлийн хөгжилд мэргэжлийн холбоод чухал үүрэг гүйцэтгэх ёстой

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

М.Өлзийбат: Зах зээлийн хөгжилд мэргэжлийн холбоод чухал үүрэг гүйцэтгэх ёстой

М.Өлзийбат: Зах зээлийн хөгжилд мэргэжлийн холбоод чухал үүрэг гүйцэтгэх ёстой

Санхүүгийн салбарыг “мэргэжлийн” зах зээл гэдэг. Тодруулбал, санхүүгийн үйлчилгээ, үйл ажиллагааг энэ чиглэлийн өндөр боловсрол, мэргэжилтэй хувь хүн, чадавхи, чадвар, туршлага хуримтлуулсан мэргэжлийн институциуд эрхлэх учиртай гэж үзэн, СЗХ-ноос тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх авах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүд, тэдний боловсон хүчин, хувь хүмүүс СЗХ-ноос зохион байгуулдаг сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагатай. Зөвхөн зах зээл дэх мэргэжлийн оролцогчид төдийгүй тэдэнд үйлчилгээ үзүүлэх хуулийн, аудитын, үнэлгээний зэрэг байгууллагуудад тусгайлан эрх олгохдоо ч мөн сургалтанд хамруулна.

Эдгээр сургалтуудад хэрхэн хамрагдах талаар СЗХ-ны Даатгалын газрын дарга М.Өлзийбаттай даатгалын салбарын сургалтаар жишээлэн ярилцлаа.

-Санхүүгийн зах зээл дээр бизнес эрхлэх сонирхол иргэдийн дунд нэлээд нэмэгдэж байна. Үүний тулд мэргэжлийн сургалтуудад хамрагдсан байх ёстой. Сургалтуудад, тухайлбал даатгалын сургалтад яаж хамрагдах вэ?

-СЗХ даатгалын салбарт үйл ажиллагаа эрхлэх иргэд, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн чиглэлээр, даатгалын зуучлагчийн, даатгалын хохирол үнэлэгчийн, даатгалын төлөөлөгчийн, даатгалын аудиторын сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх шаардлага тавьдаг. Энэ шаардлагыг хангуулах үүднээс дээрх чиглэлүүдээр төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулж, шалгалт авдаг. Сургалтыг тухай тухайн үед нь СЗХ-ны www.frc.mn цахим хуудасны “Зар мэдээ” цэсээр зарлаж, бүртгэдэг. Тодорхой хугацаанд эдгээр сургалтуудыг мэргэжлийн Холбоод хийж байсан бол одоо СЗХ удирдан зохион байгуулж, чиглүүлж ажиллаж байна.

-Тэгэхээр сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс Холбоод руу хандалгүй, СЗХ-нд бүртгүүлж хамрагдах нь байна?

-Тийм ээ. Холбоодод сургалт зохион байгуулах үүргийг тодорхой хугацаанд хариуцуулж, Хороо шалгалт авч байсан. Энэ нь мэргэжлийн холбоодынхоо чадавхийг сайжруулах, тэдний оролцоог зах зээлд нэмэгдүүлэх зорилготой байсан. Гэвч 2016 онд СЗХ-ноос Холбоодын сургалтын хөтөлбөр, агуулга, чанар, мөн багшлах боловсон хүчний байдалд үзлэг явуулж үзэхэд заримынх нь сургалтын агуулга, хөтөлбөр нь ойлгомжгүй, уялдаагүй, хичээлийн цаг нь агуулгадаа хүрэлцээгүй, мэргэжлийн багшлах нөөц дутмаг, шаардлага хангахгүй зэрэг зөрчил дутагдлууд байсан. Төлбөр нь харилцан адилгүй, гол нь сургалтуудад чанарын ахиц, өөрчлөлт гараагүй байсан. Жишээлбэл, өнгөрөгч 2017 онд гэхэд манай даатгалын компаниуд нийт 313 даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Энд төлөөлөгчдийн өөрсдийн үйл ажиллагааны хангалтгүй байдлаас гадна Холбоодын сургалтын чанар нөлөөлсөн байгаа юм. Тэгэхээр даатгалын компаниуд Холбоодын сургалтын чанарт сэтгэл хангалуун биш байна гэж үзэж болохоор байгаа юм. Тиймээс даатгуулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд СЗХ сургалт зохион байгуулж, шалгалт авах, эрх олгох үйл ажиллагааг цогцоор нь хянаж явуулах нь зүйтэй гэж үзсэн. Нэгэнт СЗХ шаардлага хангаж, шалгалт, шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд л хувь хүн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож, тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг, сургалтыг зохион байгуулах хуулиар олгосон үүрэг СЗХ-нд байгаагаас хойш хариуцлагаа бүрэн үүрэх нь зөв юм.

-Гэхдээ сургалтуудаа СЗХ дангаараа биш, холбоод болон сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм байна. Сургалтын чанарыг дээшлүүлэх үүднээс ингэж зохион байгуулах болсон гэж ойлгож болох уу?

-Хороо сургалтын агуулгыг өрөөсгөл, дутуу болгочихгүйн тулд Холбоодын оролцоотой хамтарсан ажлын хэсэг томилж ажилладаг. Харамсалтай нь сургалт зохион байгуулах ажлын хэсгүүдэд орсон Холбоодын төлөөлөл, гишүүд өөрсдөө уг үйл ажиллагаандаа оролцохгүй байх, хариуцлагагүй хандах явдал байдгийг хэлэх хэрэгтэй.

Цаашид СЗХ сургалтуудаа улам чанаржуулах, агуулгыг баяжуулах, олон улсын сургалтын стандартад нийцсэн оновчтой хэлбэрт оруулах талаар ажиллаж байна. Гишүүн байгууллагынхаа ажилтнуудад зориулсан мэдлэг олгох, мэргэшүүлэх зэрэг сургалтуудыг зохион байгуулах нь Холбоодод бүрэн нээлттэй байгаа. Эдгээр даатгалын чиглэлээр нарийн мэргэшүүлэх сургалтуудаа идэвхтэй, үр дүнтэй зохион байгуулахад Холбоод анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Даатгалын зах зээл дээр хичнээн холбоод үйл ажиллагаа явуулж байна вэ? Ер нь холбоод зах зээлийн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?

-Зөвхөн даатгалын салбарт л гэхэд өнөөдрийн байдлаар Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо ажиллаж байна. Сайн дурын үндсэн дээр гишүүнчлэгддэг, гишүүддээ үйлчилдэг хэлбэртэй. Зүй нь холбоод тухайн зах зээлээ хөгжүүлэхэд оролцох, дэмжих, үүний тулд холбогдох судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, давтан сургах, салбарын боловсон хүчний байнгын судалгаа, шинжилгээ, сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зэрэг амин чухал ажлуудыг тогтмол тасралтгүй явуулж байх учиртай. Тийм ч чадавхитай байх ёстой. Дээр нь салбарын нийт оролцогчдыг бүрэн нэгтгэж, тэдний ашиг сонирхол, эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах ёстой. Түүнчлэн, салбарынхаа бодлого, хөгжлийн асуудлаар холбогдох төрийн болон олон улсын байгууллагуудтай гишүүдээ төлөөлөн харилцаж, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох үүрэгтэй байдаг. Зөвхөн салбарынхаа бус бусад холбогдох байгууллага, мэргэжлийн оролцогч нар, тэр бүү хэл олон нийт, харилцагчдад зориулан мэдлэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллах ёстой. Гэтэл манай холбоодын хийж буй ажил, даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд гүйцэтгэж байгаа үүрэг хариуцлага нь төдийлөн хангалтгүй байна. Санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудад Холбоод нь тухайн зах зээлээ хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Иймд манай Холбоод олон улсын жишгээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрсдийгөө чадавхжуулах шаардлагатай байна.

Эх сурвалж: ‘Үндэсний шуудан’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж