Оёдлын үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэж, холбоо байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Оёдлын үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэж, холбоо байгуулна

Оёдлын үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэж, холбоо байгуулна

Монгол Улсын оёдлын салбарын мэргэжлийн холбоо байгуулах санаачлагчдын зөвлөлөөс өнөөдөр /2018.01.22/  сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд “Денимон“ ХХК-ийн ерөнхий захирал Д.Тунгалаг, “Танан Зэт” ХХК-ийн захирал Ч.Энхзаяа, ”Асралт баян Хайрхан” ХХК-ийн захирал Т.Отгонболд, “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал,  “Аминаарайсен“ компанийн ерөнхий захирал Х.Баяраа нар оролцов. 

Тэд ‘Социалист системийн үед Монгол улсын оёдлын салбар бүх талаар хөгжиж, дотоодын үйлдвэрлэлээр улсын оёмол  бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж чаддаг байсан. Харин улс орон бүхэлдээ зах зээлийн харилцаанд  шилжсэнээр оёдлын салбарын  нэгдсэн бодлого алдагдаж, хувьчлал нэрийн дор үйл ажиллагаа нь жигдэрсэн оёдлын том үйлдвэрүүдийг жижиглэн хувааснаар өрсөлдөх чадвар муутай олон жижиг нэгж болж, өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд  хүртлээ унаж, зогсонги байдалд орлоо. Энэ байдалд анхаарал хандуулж, оёдлын салбарыг сэргээх хэрэгтэй’ гэсэн байр суурь илэрхийлж байв.

Өрсөлдөөний шударга зах зээлийг бүрдүүлэх хэрэгтэй

“Денимон “ХХК ерөнхий захирал Д.Тунгалаг

“Денимон“ ХХК-ийн ерөнхий захирал Д.Тунгалаг

-Монгол улс жилдээ 516 орчим тэрбум төгрөгийг гадны улсууд руу зөвхөн өргөн хэрэглээний бэлэн хувцас авахад зарцуулдаг гэх Монголбанкны судалгаа байдаг. Тэдгээр хувцасны 89 хувийг Хятадаас оруулж ирдэг. Бид дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой оёмол бүтээгдэхүүнийг Хятадаас 516 тэрбум төгрөгөөр худалдаж авч байна. Бусад өндөр хөгжилтэй орнуудын хувьд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлоготой байдаг. Гадаадаас оруулж ирэх түүхий эд материал дээр нь татвараас чөлөөлж, харин импортоор оруулж ирж байгаа бэлэн хувцсанд 20-40 хувийн гаалийн татвар тогтоодог. Манай улсад энэ бодлого дутагдаж байна. Монголын хувьд гадны улсаас импортолж оруулж ирж байгаа бэлэн хувцсанд ердөө л таван хувийн  гаалийн татвар төлдөг. Гэтэл оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд бүгд хууль дүрмийнхээ дагуу бүх татвараа төлөөд, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тийм ч учраас дотоодод үйлдвэрлэж байгаа хувцас импортоор оруулж ирж байгаа хувцаснаас хямдхан байх ямар ч арга байхгүй шүү дээ. Хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс хямдхан үнээр Монголдоо хийсэн хувцсаа худалдахын тулд дотоодын үйлдвэрлэгчдэд татварын жигд бодлого хэрэгтэй. Худалдан авалт сайн, ашигтай байх хэрэгтэй. Хятадаас орж ирж байгаа бэлэн хувцаснууд бараг татваргүй шахуу ирдэг.  Өрсөлдөөний шударга зах зээлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Монголд  Кластер үйлдвэрлэлийн тогтолцоо үгүйлэгдэж байна

Их газрын чулуу”ХХК захирал П.Баяржаргал,

‘Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал

-Монгол Улс үүргийн худалдаагаар жилдээ 515 тэрбум төгрөгийн хувцас, гутал импортлон оруулж ирдэг бол дотоодын бэлэн хувцас үйлдвэрлэлийн борлуулалт жилдээ 10 орчим тэрбум төгрөг байгаа нь 15000 хүний ажлын байр бий болгох мөнгийг гадаад руу урсгаж байна. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд нэгдэхээс өөр арга байхгүй. Оёдлын ихэнх үйлдвэрүүд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй, өрхийн хэмжээнд л үйл ажиллагаа явуулж байна. Хэдхэн хүн үйлдвэрийн бүх дамжлагыг хийдэг гэхээр чанаргүй хувцас зах зээлд нийлүүлэгдэх нэг шалтгаан болж байна. Олон улсын жишгээр бол тухайн орны үйлдвэрлэл, кластер үйлдвэрлэлийн тогтолцоогоор явж байж хөгждөг юм. Кластер үйлдвэрлэл гэдэг нь нэг жижиг үйлдвэр эсгүүрээ, нөгөө үйлдвэр нь оёдлоо, дараагийн үйлдвэр нь боловсруулах, угааж цайруулах технологийг хийнэ гэсэн үг. Энэ мэтээр хамтарсан, нэгдсэн системд орж байж үйлдвэр хөгжинө. Монголын хувьд тус тусдаа үйлдвэрлэл явуулаад байгаа болохоор хөгждөггүй. Дээр дурдсанчлан борлуулалтын зах зээлээ буцааж олж авахын тулд зохион байгуулалттай, нэгдсэн нэг бүтэцтэй байх ёстой болж таардаг. Үндэсний хэмжээнд салбараа зангидаж чадсан холбоо байхгүй байгаа учраас, нийт оёдлын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийтлэг эрх ашгийг хамгаалахын төлөө Монгол улсын оёдлын салбарын мэргэжлийн холбоо байгуулагдаж байна. Оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийг  энэ холбоонд нэгдэхийг уриалж байна.

Оёдлын салбарын холбоо байгуулагдсанаар ямар ашигтай вэ?

Оёдлын салбарын мэргэжлийн холбоо байгуулагдаж, үйлдвэрлэл эрхлэгчид нэгдсэнээр салбарын техник, технологийн хөгжлийн бодлого, боловсруулах, борлуулалтын дотоод зах зээлийг хамгаалахад чухал ач холбогдол гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Урсгалаараа яваа унтаа салбарыг эдийн засгийн үр өгөөжөөрөө улс орны тэргүүлэх салбарын нэг болгож, олон мянган хүнийг баталгаатай ажлын байраар хангаж, гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг  бодитоор бий болгоно гэж тэд тайлбарлав. 

Монгол Улсын оёдлын салбарын мэргэжлийн холбоо байгуулах санаачлагчдын зөвлөлөөс нэгдүгээр сарын 27-нд “Туушин” зочид буудалд Оёдлын нэгдсэн холбоо байгуулах хурал зохион байгуулах бөгөөд 200 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох хүсэлтээ тэдэнд илгээжээ.

Э.БурАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж