Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League 3” (PWL) тэмцээнд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр уригдсан талаар бид мэдээлсэн.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Э.Бэхбаяр энэ оны улсын аваргад түрүүлснийхээ дараа Энэтхэгийн зорьсон. Тэрбээр "Mumbai Maharathi" багт багтсан бөгөөд өнгөрөгч бямба гаригт эхний барилдаанаа хийжээ. Түүний учраа Гүржийн В.Хинчегашвили байсан бөгөөд 8:4 оноогоор ялагдсан байна. Гүрж бөх олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртсэнээс гадна ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт тамирчин юм.
Э.Бэхбаярын баг өмнөх гурван барилдааны дараа дөрөвдүгээр байрт бичигдэж байсан бөгөөд "Haryana Hammers"-т 5:2 онооны харьцаагаар хожигдсоноор тавдугаар байр руу ухарлаа.
"Mumbai Maharathi" баг өнөөдөр тав дахь барилдаанаа “NCR Punjab Royals”-тай хийнэ.
Одоогоор лигийн тэмцээнийг “UP Dangal” 8 оноотой тэргүүлж байгаа бол “Haryana Hammers”, “NCR Punjab Royals” багууд 6 оноотой удаалж байна.
Гавьяат тамирчин Э.Бэхбаярын баг дөрвөн барилдаан хийхдээ нэг хожиж, дөрвөн хожигдолтойгоор 2 оноо авч, сүүлээсээ хоёрт бичигдэж байна. Тэд өнөөдөр болох “NCR Punjab Royals” багийг хожиж байж цааш барилдах эрхээ авах юм.
“Pro Wrestling League 3” тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Азарбайжан, Узбекистан, Тунис, Монгол зэрэг 19 улсын бөх урилгаар оролцож байгаа бөгөөд энэ сарын 28-д өндөрлөнө.
Эх сурвалж: www.prowrestlingleague.com