АНУ зээлээ төлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

АНУ зээлээ төлж чадах уу?

“Standard & Poors” рей­тинг тогтоогч агентлаг АНУ-ын зээлийн чанар ААА байс­ныг АА+ болгон буу­руул­сан. Өөрөөр хэлбэл, Сан­гийн яамаараа дамжуулан гар­гаж буй АНУ-ын Засгийн газ­рын бондод итгэх хөрөнгө оруу­лагчдын итгэл суларч байгаа гэсэн үг. Үүний хариу болгож, АНУ-ын Засгийн газар ч мэдэгдэл хийв. Тус улсын Сан­гийн сайд Тимоти Гайтнер “Рей­тингийн агентлагийн шин­жээчид ийм дүгнэлт гар­га­сандаа харамсах болно” гэжээ.

Барак Обама “Бид ААА зэ­рэглэлээ буцаагаад авчихна. Санаа зовох зүйл байхгүй. Ер нь манай улс ААА зэрэглэлтэй хэвээр байгаа” гэж хэлэхээ ч мартсангүй. Мөн тэрбээр “АНУ-ын өр дээд хязгаартаа тулсан. Энэ асуудал сүүлийн хоёр сарын турш яригдаж байгаа. Гэтэл рейтинг тогтоогч агентлаг нэг л өдөр өөрөөр шийдвэрлэж, зээлжилтийн чанарыг бууруулах нь утгагүй хэрэг. Тэртэй тэргүй бид ямархуу байгаагаа мэдэж байгаа” хэмээн анхааруулсан юм. Өөрөөр хэлбэл, АНУ-ын эрх баригчид АА+ зэрэглэлтэй зээл гаргах болсондоо нэлээд ундууцаж эхэлжээ. Түүнчлэн үүнийг өөрчлөх амархан гэж дүг­нэж байгаа бололтой. Гэвч “Standard & Poor”-ээс бусад зээлийн чанар тогтоогч агентлагууд үүнээс арай өөр дүгнэлт гаргаж байна. Тэдний хувьд АНУ-ын зээлийн чана­рын түвшинг бууруулах хү­сэл­тэй байгаа боловч үүнээс болж олон улсын зах зээл бүхэлдээ хямрах вий хэ­мээн болгоомжилж байгаа бо­лолтой. Тэгэхээр цаашид юу болох вэ гэдэг асуулт бүгдийн анхаарлыг татаж байгаа юм.

АНУ-ын Засгийн газрын зээл дээд хязгаартаа хүрсэн. Энэ сарын 2-нд 14.3 их наяд ам.доллар болсон. Харин Барак Обамагийн засаг захиргаа үүний эсрэг хариу арга хэмжээ болгож, өрийн дээд хязгаарыг 2.7 их наяд ам.доллараар нэмэх шийдвэр гаргасан юм. Ингэхийн тулд төсвөө танаж, ам.долларын нийлүүлэлтийг хумих шаардлагатай. Тиймээс АНУ-ын Төлөөлөгчийн танхим болон Сенат энэ тал дээр тохиролцоонд хүрэхийг чухалчилсан юм. Гэхдээ АНУ-ын Засгийн газар төсвийн алдагдлаа бууруулж чадах нь эргэлзээтэй. Барак Обама эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй холбоотой хууль болон Жорж Бушийн үеэс хэрэгжүүлж эхэлсэн татварын хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэснээс болж тус улсын төсвийн зардал огцом нэмэгдсэн билээ. Түүнчлэн ирэх онд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ийм үед иргэдийнхээ бүсийг чангалах зориг эрх баригчдад нь байх эсэх нь бас л эргэлзээтэй.

“Standard & Poors” агентлагаас мэдээлснээр АНУ-д улс төрийн хүчнүүд нь тохиролцож чадахгүй байгаагаас болж өрийн асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, тус улсын эрх баригчид өрийн таазыг нэмэх асуудалд санал зөрөлдөж байгаа нь зээлжилтийн зэргийн АА+ болгон бууруулах гол шалтгаан болжээ. Нөгөө талаас, АНУ-ын Зас­гийн газар өрийн дээд хэмжээг 2.7 их наяд ам.доллараар нэмсэн ч гэсэн энэ нь хугацаа алдаж байгаагаас бус асуудлыг бүрэн шийдвэрлэх нөхцөл болохгүй байгаа юм.
“Wall Street Journal” сонинд энэ тухай “Рейтинг тогтоогч агентлаг болон АНУ-ын эрх баригчид өөрс­дийн байр суурин дээрээ хатуу зогсож байна. Гэхдээ энэ нь хөрөнгийн зах зээл унаж байгаа явдал огтхон нөлөөлөхгүй” гэдгийг онцолжээ. Үнэхээр ч ийнхүү зээлжилтийн зэрэг буурсны дараа АНУ болон Европын орнуудын хувьцааны ханш тасралтгүй унасаар байгаа билээ. “Standard & Poors” агентлагийн хувьд дээрх дүгнэлтийг гаргах болсон шалтгаан нь өмнөх туршлагатай нь холбоотой хэмээн зарим шинжээч дүгнэж байна. Санхүүгийн хямрал 2008 онд эхлэх үед АНУ-ын хөрөнгө оруулалтын банк болох “Lehman Brothers” дампуурлаа зарлах хүртэл рейтинг тогтоогч агентлагууд тус банкны зээлжилтийн түвшинг ААА хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч эцэст нь хамгийн чанартай зээл олгодог, найдвартай банк гэх тодорхойлолттой “Lehman Brothers” дампуурч, дэлхийн санхүү, эдийн засгийн шинэ хямрал эхэлсэн билээ. Харин шинэ цагийн “Lehman Brothers” АНУ болсон бололтой.

“New York Post” сонинд “Ийнхүү зээлжилтийн зэрэглэлийг бууруулсан нь санхүүгийн тэнцвэрт харилцааг хадгалах үндэс болно” хэмээн бичжээ. Харин Уоррен Баффет тэргүүтэй хөрөнгө оруулагчид “АНУ-ын Засгийн газар хариуцлага хүлээх цаг нь болсон” гэж мэдэгдсэн байна. Уолл Стрийтийн банкуудын арилжаанд АА+ зэрэглэл нь богино хугацаанд нөлөөлөх боловч урт хугацаанд нэг их өөрчлөлт авчрахгүй гэж дүгнэх хүн ч байгаа юм. Түүнчлэн сүүлийн үед “Morgan Stanley” АНУ-ын зээлжилтийн зэргийг бууруулж магадгүй гэх мэдээлэл гарч эхэлсэн. Үүнээс болж валют арилжаа, түүхий эд, хувьцааны зах зээл бүхэлдээ тогтворгүй болно гэдгийг “Financial Times” сонинд онцолсон байна. Рейтинг тогтоогч агентлагууд зээлжилтийн зэргийг бууруулж эхэлсэн нь АНУ-ын Зас­гийн газар бонд эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа үүрэхгүй байгаатай холбоотой юм.

Одоогийн байдлаар АНУ-д ажилгүйдлийн түвшин өндөр гарч байгаа. Бүр их хямралын үеийн эдийн засгийн нөхцөл байдал дахин давтагдахыг үгүйсгэхгүй юм. Харин 1930-аад онд ажилгүй америкчуудын асуудлыг зөвхөн дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлснээр шийдвэрлэж чадсан билээ. Тухайн үед дайн зарласны ачаар цэргийн зориулалттай зэвсэг, техник үйлдвэрлэх үйлдвэрүүд олноор нь байгуулж, ажлын байр бий болгосноор эдийн засаг сэргэж эхэлсэн гэхэд болно. Харин өнөөдөр тэр түүх давтагдахгүй гэдгийг хэн батлах юм бэ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж