УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг нар мэдээлэл хийв.
Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулж ирэхийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хориглохоор боллоо. Иймд боловсруулсан түлшний үйлдвэр байгуулах санаачилгыг Засгийн газар дэмжиж ажиллана. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг “Амьдралыг тэтгэгч цэвэр агаар” санаачилга гаргаж, хөрсний бохирдол, агаарын бохирдолтой тэмцэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүнэ” гэв.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Орон сууцны зээлийн урьдчилгааг бууруулах асуудал яригдсан уу?
-Орон сууцны асуудал яригдаагүй.
-БНСУ-аас авч байгаа 500 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?
-Өмнө нь олон удаа зуух тараасан. Гэвч үр дүн муутай байдаг. Энэ Засгийн газар дахиад л зуух тараана гэж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Зуух тараалаа гээд үр дүн муутай болоогүй. Цаашид зуух оруулж ирэхгүй байхад анхаарна. Зуух яриад байгаа нь нүүдэлчин соёлтой холбоотой. Иргэд гэртээ галаа түлээд, галын дөл харж суух сонирхолтой. Тиймээс бүүх айлыг зуухгүй болгоно гэвэл эрт байна. Засгийн газар агаарын бохирдлын эсрэг эцсийн хувилбараа тодорхой гаргаж, танилцуулна.
-Сайжруулсан түлш илчгүй байдаг гэсэн шүүмжлэл байдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
–Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулахгүй байх шийдвэр гаргахаар болсон. Иймд боловсруулсан түлшийг нэг стандартаар үйлдвэрлэх асуудал яригдана. Одоо сайжруулсан түлш үйлдвэрлэдэг компаниудтай нэг стандарт тохироод, хамгийн сайн чанарын түлш үйлдвэрлэх бодлого барина.
-Утаагүй зуух тараах нь хэр оновчтой шийдэл вэ? Эрх баригч намтай ойр хүмүүсийн бизнес болдог гэдэг. Үүнд тайлбар өгөхгүй юу?
–III, IV Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар БНСУ-тай ярилцсан. Энэ асуудлыг судална. Нийт гэр хорооллыг цахилгаанаар халаана гэвэл одоо бол хүчин чадал хүрэхгүй. Тиймээс станцуудын хүчин чадлыг сайжруулах асуудал эхлээд чухал байна. Утаагүй түлш хэсэг бүлэг хүмүүсийн бизнес болох эрсдэлээс сэргийлж ажиллана.
-Татварын нэмэгдэлтэй холбоотой асуудалд ямар байр суурьтай байна вэ?
–Татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлыг эргэж авч үзнэ. Энэ сарын 25-нд ОУВС-гаас хүмүүс ирнэ. Тиймээс татварын асуудлыг ойрын хугацаанд ярилцана. Засгийн газрыг огцруулах эсэх тухай хөндөх нь Ардчилсан намын л асуудал. Бид энэ Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хангаж ажиллахын төлөө бүх талаас нь анхаарна.
-Шатахууны үнэ өсч, хомсдол бий боллоо. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Засгийн газар энэ асуудлаар шатахуун импортлогчидтой ярилцаж байгаа. А-80, АИ-92 бензиний үнийг нэмэхгүй. Харин дизель түлш, А-95, А-98-ын үнийг нэмэх асуудал ярилцсан. 45 хоногийн шатахууны нөөц байгаа. Ганцхан шатахуун импортлогчидтой ойлголцох хүрээнд тодорхой асуудал байна. Зарим шатахуун түгээх станц санаатай, санамсаргүй үйлдлээр хомсдол бий болгож байгааг анхааралдаа аваарай гэж Засгийн газарт сануулсан.