Германы улс төрийн намууд эвсэл болж, Засгийн газраа байгуулж чадалгүй дөрвөн сар улс төрийн гацаанд орсны эцэст шийдвэртэй алхам хийхээр болж байна.
Бонн хотод болсон зүүний төв үзэл баримтлалтай Социал Демократ намын ээлжит бус хурлаараа канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн Ардчилсан холбоо намтай хамтарч, эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар санал хураалт явуулж, дэмжлээ. Энэ нь шинэ засаг байгуулагдах нэг алхам болов.
Өмнөх дөрвийн жилийн хугацаанд Христийн Ардчилсан холбоо намтай эвсэл болж, засгийн эрх барьж байсан Социал демократ намын 600 гаруй гишүүд, төлөөлөгчид эвсэл байгуулах асуудлаар санал хураалт явуулахын өмнө буюу өчигдөр /2018.01.21/ хэдэн цаг үргэлжилсэн хэлэлцүүлэг явуулсан байна.
Санал хураалтаар Социал Демократ намын 362 төлөөлөгч эвсэл байгуулахыг дэмжсэн бол 279 нь эсрэг санал өгсөн гэнэ.
Социал демократууд эвсэл байгуулж, засагт орохоос татгалзсан бол Меркелийн нам дангаар Засгийн газраа бүрдүүлэх эсвэл ээлжит бус сонгууль явуулах байлаа. Өчигдөр болсон Социал демократ намын санал хураалтын дараа Меркел Берлин хотод хэвлэлийн хурал зарлаж, эвслийн Засгийн газар байгуулах итгэл найдвар төрж эхэлсэн талаар мэдэгдсэн байна.
Меркел мэдэгдэлдээ "Эвсэл байгуулах хэлэлцээрийн хамгийн чухал зүйл нь Германы улс төрийн тогтвортой байдлыг цаашид хадгалах чадвартай Засгийн газар байгуулж, улс төр, нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэх, гарц олно” гэжээ.
Социал демократ намын лидер Мартин Шульц өнгөрсөн сонгуулиар тус нам дэлхийн II дайнаас хойш анх удаа хамгийн бага сонгогчдын санал авсныг эвслийн Засгийн газарт сонгогчдоос өгсөн “улаан хуудас“ гэж нэрлэсэн юм. Шульц Меркелтэй эвслийн засгийн газар байгуулснаар Германы улс төрд өнгөрсөн сонгуулиар анх удаа парламентад суудал авсан хэт барууны үзэл баримтлалтай Альтернатив Герман намд гол сөрөг хүчин болох боломж олгоно гэж эмээж буй ажээ.
Эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээ ирэх өдрүүдэд үргэлжлэх бөгөөд амжилттай болвол Социал демократ намын гишүүдийн дунд хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулах юм.
Энэ бүх хэлэлцээ, санал хураалт амжилттай болбол ирэх дөрөв, тавдугаар сарын үед Германд эвслийн Засгийн газар байгуулагдах бололтой.
Эх сурвалж: Reuters