Оюутолгойн алтыг медаль болгоод ирээрэй

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Оюутолгойн алтыг медаль болгоод ирээрэй

Х.Цагаанбаатар аа, Оюутолгойн алтыг медаль болгож зүүгээд ирээрэй

“Оюутолгой” ХК-ийн удирд­лагууд Монгол Ул­сын Хөдөлмөрийн баатар, жү­до бөхийн үндэсний шиг­шээ багийн тамирчин Х.Ца­гаан­баа­тарыг компанийнхаа элч та­мирчнаар өргөмжилснөө энэ сарын 9-нд олон нийтэд зар­ласан юм. Афины олимпоос торойтол ганцаараа медаль өвөртлөн ирсэн түүнийг дэл­хий дахин танина. Тэр тусмаа хэдхэн жилийн дотор өөрийн жиндээ чансаагаараа тэргүүлэх болсон Х.Цагаанбаатар энэ жил тун од хийморьтой яваа. Энэ онд цомын аварга болсон түүний хувьд ирэх жилийн олим­под Оюутолгойн алт, зэ­сээр урласан медалиар энгэрээ мялаагаад ирнэ гэсэн гүн итгэл өвөрлөснөөс түүнийг сонгон өөрийн элчээрээ өргөмжилж байгаагаа тус компанийн удирд­лагууд хэлж байна.

“Оюутолгой” ХК-ийн Гүй­цэтгэх захирал Камерон Мак­Рей, ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар элч тамирчнаа зарлан, хүн­дэтгэл үзүүлэх ёслолын үеэр хэлэхдээ “Лондоны олимп хүртэл хийх бэлтгэл, орол­цох олон тэмцээндээ Х.Цагаанбаатар манай хамт олны салшгүй нэг хэсэг байх болно. Бидний чин сэтгэлийн анд тэрбээр Оюутолгой хэ­мээх дэлхийн хэмжээний то­моохон уурхайн их бүтээн бос­голтод сэтгэл зүрхээрээ оролцож байгаа хэрэг юм. Ма­най хамт олон ирэх онд уурхайгаа ашиглалтад оруу­лахын төлөө цаг мөч бүр­тэй уралдан ажиллахдаа Х.Ца­гаан­баатартаа олимпийн ам­жилтыг ерөөж, дээлийн захыг нь мушгин хүлээх болно” хэ­мээсэн юм.

Мөн энэ үеэр “Оюутолгойн Элч” болсон Монгол Ул­сын гавьяат тамирчин, Хөдөл­мө­рийн баатар Х.Цагаанбаатар “Лон­доны олимпт Оюутолгойн элч болон оролцох болсон­доо туйлын баяртай бай­на. Нийгмийн өндөр хариуц­ла­гатай “Оюутолгой” ХК-ийн эрүүл мэнд, спортын төлөөх халуун сэтгэл, бодит үйл ажиллагааг миний бие байнга дэмжиж хүндэлж явдаг би­лээ. Олимпт бэлтгэж буй та­мир­чин надад “Оюутолгой” ХК-ийн удирдлага, хамт олны дэмжлэг том урам зо­риг хайрлалаа. Ирээдүйн олим­­пын наадмуудаас олон мон­гол аварга төрөөсэй” гэ­сэн бэлэгтэй ерөөлийг хэлж байсан юм.

Х.Цагаанбаатарын хувьд жүдогийн спортоор хичээл­лээд 16 жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд 2004 онд бол­сон Афины олимпоос 60 кг-ийн жинд хүрэл медаль хүрт­сэн. Мөн 2009 онд дэл­хийн аварга, өн­гөрсөн онд Бразилийн Сан-Пауло хот­­ноо болсон ДАШТ-ээс хү­рэл медаль хүртэн Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баа­тар цолонд хүрч, амжилтаараа тэр­гүүлж яваа. Азийн хошой аварга, сам­бо бөхийн дэлхийн хошой аварга тэрбээр оны шилдэг тамирчны “Бөр­тэ чоно” цомыг гурван удаа хүрт­сэн. Түүний хувийн амьд­рал ч алдар хүнд, амжилтаар баян байд­гаараа Монголын бахархал болсон гэр бүлүүдийн нэгэн билээ. Хөдөл­мөрийн баатар, гавьяат тамирчин гэр­гий О.Гүндэгмаа нь хоёр жилийн өмнө Ховор-Эрдэнэ хүүгээ төрүүлж, ард түмнээрээ билэгдлийн сайхан ерөө­лөөр “хучуулж” байсан. Ямартай ч Монголын спортын сор болсон Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар энэ өндөр цолуудыг хослон хүртсэн, тэр тусмаа олимпоос хүртсэн медалиар гэрээ чимсэн анхны, азтай гэр бүл яах аргагүй мөн.

Бөхчүүд бүдүүн, хадуун гэсэн хуучинсаг ойлголтыг халж, орчин үеийн өндөр мэдлэг боловсролтой залуусын тод жишээ болсон Х.Ца­гаанбаатар гавьяатын хувьд спортын амжилтаас гадна тархиа цэнэглэхэд ихээхэн анхаардаг нь сайшаалтай. Бас ч үгүй мөр холбоод шүлэг зо­хио­чихоод уншиж явдаг найрагч нууц авьяас нь тодроод бай­гаа. Тэрбээр Биеийн тамирын дээд сургуулийг төгссөнийхөө дараа Ху­далдаа, үйлдвэрлэлийн дээд сур­гуулийг бизнесийн удирдлагын чиг­лэлээр суралцаж төгсөөд магистрт сурч байна гэж дуулдсан. Мөн ма­гистр хамгаалчихаад МУИС-ийн хуу­лийн ангид суралцах зорилготой байгаа гэнэ билээ.

Ийм л оюунлаг, хөдөлмөрч за­луу­сыг “Оюутолгой” ХК туйлын хүн­дэтгэлтэйгээр тосон авч, дэмждэг уламжлалтай. Тэгэхээр “Оюутолгой” ХК Х.Цагаанбаатарыг элчээрээ өр­гөм­жилж, гавьяат, баатар маань Монголын хамгийн том ажил ол­гогч, хөрөнгө оруулагч, дэлхийн уул уурхайн хамгийн томоохонд тоо­цогдох төслийнхний бахархал болж, бие биеэ чимсээр 2012 онтой золгох нь. Ирэх он “Оюутолгой” компанийн хувьд ч, Х.Цагаанбаатар, түүний гэргийн хувьд ч олон том амжилтын барианы жил гэдгээрээ чухал ач холбогдолтой. Х.Цагаанбаатар гавьяа­тын нөхөд ч “Оюутолгойн ол­бор­лодог металлыг медаль болгоод, бүр чадвал эхнэрийнхээсээ илүүг олоод ирээрэй” гэж хошигнон ерөөх бол­сон гэнэ. Үнэхээр ч амжилт ам­жилтаа таньдаг ажээ.

Тиймээс ч Х.Цагаанбаатар “Оюу­толгой” ХК-тай гэрээ байгуулах үеэ­рээ сэтгэл нь ихэд хөдлөн “Одоо­гоос гурван жилийн өмнө яг энэ өдөр хавирга минь хугарч гэмтээд, Бээжингийн олимпийн татамид ба­рилдах гэж зүтгээд чадалгүй ялагдан гомдоллож суусан. Гэтэд яагаад ч юм яг энэ өдөр “Оюутолгой” компанийн хамт олон 2012 оны олимпт оролцох эр зориг хүсэл эрмэлзлийг минь эмээллэж өглөө” хэмээн ярьсан юм. Энэ үед гуних, баярлахын алинд нь ч үргэлж хамтдаа байдаг эрхэм багш нар нь, тэр тусмаа Монголын Үндэсний Олимпын Хорооны дэд ерөнхийлөгч, Москвагийн олимпын мөнгөн медальт тамирчин, Ардын багш Ц.Дамдин, Монголын Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч П.Нямлхагва нар нь “хамтын бүтээл”-ийнхээ амжилтаар бахархан сэтгэлийн үгсээ хэлж байлаа.

Ер нь түүнийг өөриймсч, өргөм­жилдөг олон байгууллага бий. Ту­хайлбал ШШГЕГ-ын “Сүлд” спортын хорооны “данстай” тамирчин тө­дий­гүй, “Өдрийн шуудан” сонин, “ЕTV” телевизээс хамтран өнгөрсөн бар жилд Монгол Улсынхаа нэ­рийг дэлхийд цуурайтуулсан, ам­­жил­таараа тэргүүлэгчдийг 40 мян­­ган хүний санал асуулгаар тод­­руу­лахад Х.Цагаанбаатар 20 мянган хүний санал авч “Дэлхийн Мон­гол” цом хүртсэн. Үнэхээр ч үүнийг батлах мэт өнгөрсөн оны гуравдугаар сард Олон улсын жүдогийн холбоо /IJF/-ны Ерөнхийлөгч, ноён Мариус Визэр манай Х.Цагаанбаатарыг Олон улсын жүдо бөхийн холбооны нүүр царай болж, тус холбоог дэлхийд төлөөлөх болсныг албан ёсоор мэдэгдэж “өмчлөөд” авна билээ. Тийм ээ. Тэр дэлхийн хүн болж. Түүнийг элчээрээ сонгосон “Оюутолгой” ХК ч дэлхийд тоогдсон томоохон уурхайнуудын нэгд зүй ёсоор тооцогдох болсон. Гэхдээ хэдийгээр “Оюутолгой” ХК олон талын хөрөнгө оруулалттай ч монголчуудын өмч гэдгийн нэ­гэн адил Х.Цагаанбаатарыг олон бай­гууллага өмчилдөг ч Монголын ард түмний хүү, бидний Цагаанаа гэ­дэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Дашрамд сонирхуулахад өн­гөр­­сөн тавдугаар сард тэрбээр “Ам­жилтын төлөө хамтдаа”, “Түвшин сан” төрийн бус байгууллагуудаас хамт­ран зохион байгуулсан сайн үйл­сийн аянд оролцож, 99000099 ал­тан дугаараа дуудлага худалдаанд оруулсан билээ. Түүний дугаар бус­дынхаасаа хамгийн өндөр үнэд буюу 7.5 сая төгрөгөөр зарагдсан юм. Үүнийхээ тодорхой хувийг нь хүнд өвчинд нэрвэгдэн шаналж буй Д.Амарбаясгалан хүү­гийн эм­чил­гээнд хандивласан гэдэг. Бус­дад тусалж, буян хураахдаа гар тат­даггүйгээрээ Х.Цагаанбаатар элч нь болсон компанитайгаа зорилго нэг­­тэй, амжилт ижилтэй яваа өөдрөг нэгэн. Тиймээс ч зорьсон хэрэг, са­насан үйл нь сэтгэлчлэн бүтэж яваа нь дамжиггүй.

Амжилтын бариа ч хаяанд ирлээ. Лондоны олимп эхлэхэд 350 хоног үлдэв. Одоо түүнд эх орныхоо хөрс шорооноос олборлосон алт, зэсээр урласан хамгаас үнэтэй медалийг эн­гэртээ гялалзуулан ирэх их зорилго нь хүлээж байна. Үүний төлөө хөлс, хүчээ харамгүй шавхаж, цаг нар­гүй хөдөлмөрлөх л үлдэж. Үүнд шаардагдах бүхнийг “Оюутолгой” ХК бүрэн хариуцах болсон. Энэ бол маш том зорилго бүхий чухал хамтын ажиллагаа. Олимпын их наадамд жүдо бөхийн төрлөөр оролцох 22 тамирчныг ирэх оны тавдугаар сарын 3-нд дэлхий дахинаа зарлана. Үүний өмнөх их сорилго болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх ням гарагт Францын нийслэл Парис хотноо болно. Шийдвэрлэх ач хол­богдолтой энэ тэмцээнд монгол түмнийхээ итгэл найдварыг тээсээр Монголын тамирчин Х.Цагаанбаатар маань очно. Ингээд хойтон жилийн өдийд ямар мэдээтэй байхыг сэтгэл догдлон хүлээж суух л үлдлээ. Тэр тусмаа түүнийг элчээрээ сонгон итгэл хүлээлгэсэн “Оюутолгой” ХК-ийн хамт олон “Х.Цагаанбаатар аа, Оюутолгойн алтыг медаль болгон зүүгээд ирээрэй” хэмээн үдэж, дээлийнх нь захыг мушгин суух нь лавтай.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж