Якутад -67 хэм хүртэл хүйтэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Якутад -67 хэм хүртэл хүйтэрчээ

Якутад -67 хэм хүртэл хүйтэрчээ

Оросын нийслэл Москва хотоос дорнод зүгт 5000 гаруй км алсад орших Сибирийн бүс нутаг хүйтнээрээ алдартай. Гэхдээ энэ жил онцгой хүйтэрч, Якутад -67 хэм хүрсэн байна.

Якутын оршин суугч Анастасия Груздева гэх бүсгүйн хөмсөг, сормуус нь цантсан зураг сошиал сүлжээнд оруулж, “Манай энд -50 хэм хүртэл хүйтэрдгийг бүгд мэднэ биз дээ? Гэсэн ч бид гэрээсээ гарсаар л байна. Үнэндээ дулаахандаа тооцогдоно шүү” хэмээн бичсэн нь олны анхаарал татсан юм.

Якутаас 1000 км орчим зайд орших Оймякон нэртэй жижиг сууринд -67 хэм хүрч хүйтэрсэн тухай ТАСС агентлаг мэдээлжээ. Ердөө 500 гаруй оршин суугчтай тус сууринд 1933 оны хоёрдугаар сард -67.7 хэм хүртэл хүйтэрч байсан нь дээд үзүүлэлт гэнэ.

Энэ өвөл Оймякон сууринд найман өдөр -50 хэмээс илүү хүйтэрчээ. Найм хоногийн өмнө /2017.01.14/ агаарын температур -59.6 хэм хүрч, ил гарсан биеийн хэсэг, арьс таван минутын дотор жаварт хайрагдаж байсан гэнэ.

Якутын Томтор тосгонд -65 хэмийн хүйтэн бүртгэгджээ

Гудамжинд байрлуулсан термометр -56 хэмийг зааж байсан тул сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон гэж орон нутгийн Якут медиа агентлаг мэдээлжээ. Цочир хүйтрэл энэ долоо хоногт ч үргэлжлэх төлөвтэй байгаа талаар Сибирийн Онцгой байдлын яамнаас сэрэмжлүүлсэн байна. Түүнчлэн хувийн машинтай хол замд зорчих, удаан хугацаагаар явган явахаас зайлсхийхийг анхааруулжээ.

Якутын зүүн хэсгийн Томтор тосгонд мөн нэгдүгээр сарын 14-нд -65 хэм хүртэл хүйтэрсэн байна.

 

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж