УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.22/ хуралдаж, Улсын бүртгэлийн багц хууль болон шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсч, хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдрийн хурлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт Улсын бүртгэл, иргэний улсын бүртгэл болон эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. АН-ын бүлгээс 2017 арванхоёрдугаар сарын 5-нд дээрх хуулийн төслүүдийн талаар тодорхой байр сууриа илэрхийлж, УИХ-ын даргад албан тоот хүргүүлсэн. Одоо ч тэр санал дээрээ АН-ын бүлэг байгаа гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.
УИХ-ын даргад хүргүүлсэн албан тоотод, “Улсын бүртгэл, өмчийн бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлэх шаардлага бий эсэх, хуулийн төслүүдийг сонгуулийн хуультай уялдуулан хэлэлцэх нь зүйтэй’ гэсэн байр сууриа илэрхийлжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Харамсалтай нь, УИХ энэ долоо хоногт Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Энэ хууль олон асуудлал зохицуулдаг учраас зайлшгүй эргэж харах шаардлагатай зүйлс байгаа. Юуны түрүүнд бид хуулийн төслийг өөрчлөх асуудал дээр ойлголцох шаардлагатай. Хуулийн төсөл дээр өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, ажил хэргийн шугамаар ярилцах, хэлэлцэх шаардлага тулгарч байна. Хамгийн энгийн жишээ хэлье, иргэдийн суурьшлын бүртгэл давхарддаг асуудал давтагдана. Ялангуяа сонгуулийн үеэр бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал их гарна. Тиймээс үүнийг хуулиар нарийвчлах шаардлага бий. Түүнээс гадна одоо мөрдөгдөж байгаа хуулиар улсын бүртгэл, оюуны өмчийн асуудлыг нэгтгэчихсэн явж байгаа. Энэ хоёр асуудал тусдаа зохицуулагдах ёстой. Эд хөрөнгийн бүртгэлийн хуулиар олон байртай бол яаж шийдвэрлэх, эд хөрөнгийн үнэлгээг дагасан олон хураамжийг хэрхэн зохицуулах, цахим бүртгэлд оруулж байгаагийн давуу, сул тал нь юу байх гэх мэт ярилцах асуудал олон байна. Тиймээс хуулийг яаравчлан оруулж ирж байгаа нь буруу гэж АН-ын бүлэг үзэж байна. Улсын бүртгэл, иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэлийн хуулиудыг нэгтгэж, нэг ажлын хэсэг байгуулах саналтай байгаа.
Өнөөдрийн хурлаар мөн сүүлийн үед үүсээд байгаа шатахууны асуудлыг хэлэлцлээ. Шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмсэн зэрэг асуудал иргэдийг маш их бухимдуулж байна. АН-ын бүлгээс ОУВС-гийн шаардлага нэрийн дор иргэдийн амьжиргаатай холбоотой долоон төрлийн татвар нэмсний сөрөг үр дагавар өнөөдөр илэрч байна гэж үзэж байна. Үүний хамгийн том жишээ нь, шатахууны зохиомол, хиймэл хомсдол болохыг бид харлаа. Хэдийгээр Засгийн газар 41 хоногийн шатахууны нөөцтэй гэж байгаа ч бодит байдал дээр зохиомол хомсдол үүсч, зарим нэр төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн байна. Үүнийг дагаад зарим өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Тухайлбал, гурил 90-120 төгрөг, мах дунджаар 1000 төгрөг, шатахуун 150-200 төгрөг, хүнсний ногооны үнэ өссөн байна. Хэрэв эрх баригчдын хэлж буйгаар эдийн засаг өсөлттэй, шатахууны 41 хоногийн, валютын дөрвөн тэрбум төгрөгийн нөөцтэй байгаа нь үнэн юм бол бол үнэ нэмэгдэх шалтгаан үүсэхгүй байх байсан. Ардчилсан намын бүлэг хэд хэдэн асуудлаар Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу татварын асуудлаа хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх шаардлагатай гэдэг хугацааг бид нарийн заасан байгаа.
Хэрэв энэ үнийн өсөлтийг сааруулах чиглэлд Засгийн газар хоёрдугаар сарын 1-ний дотор ямар нэг тодорхой арга хэмжээ авахгүй бол АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө. Мөн УИХ татвар нэмсэн асуудлыг эргэн харж, эдийн засаг тогтвортой байлгах асуудалд анхаарал тавихгүй бол УИХ цаашид ажиллаж чадах эсэх асуудал яригдана.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Шатахууны онцгой албан татварыг нэмсэн нь бодит нөхцөлд цагаа олоогүй шийдвэр байсан гэдэг нь өнөөдөр ил тод харагдаж байна. Судалгаараар нэг литр шатахууны үнэ дунджаар 300 төгрөгөөр нэмэгдэх болж байна. Энэ 300 төгрөгийн 100 төгрөг нь дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой бол үлдсэн 200 төгрөг нь цэвэр татвараас шалтгаалсан нэмэгдэл юм. Тиймээс Засгийн газар богино хугацаанд үнэ өсгөж байгаа татварын асуудлаар импортлогч компаниудтай ярилцаж, тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэй. Шатахууныг бид 100 хувь импортолдог, тэр утгаараа шатахууны үнийн өөрчлөлт эдийн засагт шууд нөлөөлдөг учраас энэ асуудалд маш яаралтай анхаарал хандуулж, шийдвэрлэмээр байна.