2016 оны УИХ-ын сонгуулиар хэдэн шинэ залуу нэр дэвшиж шуугиулсны нэг нь Хассуурийн Ганхуяг. Сонгуулиас хойш тэрээр олон нийтийн өмнө гарч ирж харагдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч дуугарсангүй. Түүнтэй ярилцлаа.
-Өнгөрсөн сонгуулиас хойш та нэлээд чимээгүй байна. Улс төрөөс холдохоор шийдэв үү?
-Улс төрөөс холдож ойртоно гэдэг шууд сэтгэл хөдлөлөөр шийдчихэж болохооргүй хариуцлагатай шийдвэр л дээ. Хувь хүн нэгэнт нийтийн төлөө зүтгэнэ гэж шийдсэн бол сонгуулийн дүнгээс хамаарч буцаж няцаад байвал хэний ч итгэлийг олохгүй. Би улс төрөөс холдоогүй ээ. Харин нийгмийнхээ өмнө тулгамдаж буй улс төр, эдийн засгийн суурь асуудлуудын шийдлийг олоход түлхүү ажиллаж байгаа. Хүмүүсийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх арга замыг санал болгохгүйгээр хий хоосон попрох нь нийгэмдээ хортой. Улс төрийн гол сул тал нь энэ. Нийгмээ хорлож буй улс төржилтийн уршгийг бид өдөр тутмынхаа талхан дээрээ хангалттай мэдэрч байна шүү дээ.
-Удахгүй хөгжлийн тодорхой саналууд дэвшүүлэх нь гэж ойлголоо. Баянгол дүүргээс бие дааж нэр дэвшээд тухайн үеийн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг унагаж байсан залуу гэдгээр хүмүүст илүү танигдсан. Таныг МАН-ын Бага хурлын гишүүн болчихсон гэж сонссон. Үнэн үү?
-Тухайн үед Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт Монгол Улсын үе үеийн парламентын хоёр даргатай өрсөлдсөн. Залуу улс төрчдийн хувьд ийм түүх өмнө нь байхгүй гэж сүүлд танилцсан улс төр судлаач ярьж байсан. Нийт 9 нэр дэвшигч өрсөлдсөнөөс гол өрсөлдөөн Д.Лүндээжанцан, З.Энхболд бид гурвын дунд өрнөсөн л дөө. Бидний хоорондын саналын зөрүү 1000 гаруй байсан нь залуу хүний хувьд маш их урам зориг авсан. Би чинь бие дааж өрсөлдсөн хүн шүү дээ. Нийгэм залуу хүнийг, бодлогын шинэ шийдлийг хүсч байгаа юм байна гэдгийг сонгуулийн хугацаанд алхам тутамдаа мэдэрсэн. Саяхан МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон.
– Яагаад МАН-д элсчихсэн хэрэг вэ?
-Бизнес хийгээд хувийн амьдралаа босгосны дараа нийтийн төлөө зүтгэе, иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудалд залуу хүний хувьд оролцох зорилгоор улс төр сонирхож эхэлсэн. Би үр хүүхдээ сайхан Монгол орондоо бахархалтай амьдраасай гэж хүсдэг. Тиймээс өөрөө улс төрд орж, өөрчлөлтийг манлайлж түргэтгэхэд хувь нэмрээ оруулъя гэж л бодсон юм. Харамсалтай нь Ардчилсан намын удирдлага залуусаа дэмждэггүй юм билээ. Тэнд бие даасан бодолтой, ямар нэгэн фракцад ороогүй залуу хүн манлайлал үзүүлэх ямар ч боломжгүй, хаалттай орчин. Хөгшчүүл нь өмчлөөд суучихсан. Одоо ч тэнд миний олон найз бий. Харин МАН-ын залуус “Хамтдаа зүтгэе, намаа ч, нийгмээ ч шинэчилье. Чи баялаг бүтээгчдийн төлөөлөл болж оролц” гэж ятгасан учраас МАН-ын Бага хуралд өрсөлдөж сонгогдсон.
– Их хурлын дарга нартай халз өрсөлдсөн хүн дараагийн сонгуульд хэрэв Баянгол дүүрэгтээ өрсөлдвөл АН-ын дарга С.Эрдэнэтэй халз тулах юм биш биз?
-Тиймээ. Би бүр амлаж өрсөлдөнө гэж бодож байгаа. \инээв\ З.Энхболд, С.Эрдэнэ гээд Ардчилсан намын үе үеийн хоёр даргатай Баянголд хэнтэй нь ч халз өрсөлдөхөд бэлэн байна. Сонирхуулахад, сонгуулиар надад санал өгсөн сонгогчдын олонх нь Ардчилсан намын гишүүд байсан шүү. Энэ нь миний сайных гэхээсээ намын удирдлагынхаа мэдрэмжгүй, дарангуйлсан арга барил, үнэт зүйлийн зөрчлөөс зугтсан гишүүдийнх нь эсэргүүцлийн хэлбэр байсан гэж боддог. Намын гишүүд нь удирдлага нь таалагдахгүй бол чимээгүй өөр сонголт хийчихдэгийг сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн цагаан хуудасны тоо харууллаа шүү дээ. Аль ч улс төрийн хүчин сонгуульд сонгогчдын хүлээлтэнд нийцэх хүнийг нэр дэвшүүлэх ёстой гэдгийг анхаарах цаг болсон. Баянгол дүүргийнхний хувьд үеэ өнгөрөөсөн, ардчилсан нэрээр хувийн өмч, хүний эрхийн эсрэг хуарангийн социализмыг Ерөнхийлөгчтэйгөө нийлж сурталчилдаг С.Эрдэнэ шиг улстөрчийг хүлээж авах зай өдрөөс өдөрт багассаар л байгаа. Энэ бол маниас юм уу өөр хэн нэгнээс хамаарч биш ирж яваа цагийн эрх ашиг, шалгуур хүч түрж байгаа хэрэг юм. Би хуарангийн социализмын эсрэг хүний эрх, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалж хүчтэй тэмцэх болно.
-Эдийн засаг хямралтай үед баялаг бүтээгчдийн нэр хүнд тийм ч сайнгүй байх шиг. Манай эдийн засаг сэргэх найдлага бий юу?
-Эдийн засаг сайнгүй байгаа нь баялаг бүтээгчдийн биш улстөрчдийн шийдвэр гаргалттай холбоотой. Манай шийдвэр гаргагчдын нийтлэг сул тал нь эдийн засгийг сэргээх тодорхой төлөвлөгөө танилцуулдаггүй. Индрийн араас гоё үгтэй зарчим ярьсаар цаг алддаг. Засгийн газар бүрдсэнээс хойших 100 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл яг юу юун дээр төвлөрч ажиллах гэж байгаа, эдийн засгийг хэр хугацаанд сэргээх төлөвлөгөө нь тодорхойгүй байна. Гол экспортын зам нь хаагдсан, татвар нэмэгдсэн, шатахууны үнээ дагаад бүх бараа материалын үнэ дагаад өссөөр. Дэвшил гарсан нь өмнөх жилүүдийг бодвол төсвийн сахилга бат, мөнгөн хөрөнгийн удирдлага сайжирч байгаа нь харагдаж байна. Харин цаашид төсвийн алдагдлыг 2-3 хувьд багтаах гэж зорих нь зөв.
-Та МАН-ын Засгийн газрыг шүүмжлээд байна аа даа?
-Шүүмжлэл бол шүүн шинжлэх гэсэн агуулгатай. Шууд улстөржиж дайрахаас илүүтэй бодлогын саналуудыг дэвшүүлж, намын гишүүний үүргээ гүйцэтгэж байна гэдэг утгаар нь харах чадвар МАН-ын гишүүдэд байгаа гэж итгэж байна.
-Таныхаар эдийн засгийг сэргээхийн тулд юу хийх ёстой вэ?
-Дөрвөн зүйлийн ажлыг яаралтай хиймээр байна. Нэгд, татварын ачаалал нэмэгдсэн нь ард иргэд, аж ахуй нэгжүүдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа тул зайлшгүй ОУВС-тай дахин хэлэлцээрийн ард сууж бусад эх үүсвэрүүдээс төсвийн алдагдлыг нөхөх санал тавих хэрэгтэй. Эрдэнэт болон Оюу толгой, төрийн өмчит компаниудын төрийн эзэмшиж байгаа хувийн тодорхой хувийг хөрөнгийн биржээр дамжуулж ард иргэд, дотоодын аж ахуйн нэгжүүддээ худалдах замаар зоригтой хувьчлах цаг мөн.
Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцэд ард иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, амьдралын өртгийг нь бууруулах тал дээр өөрчлөлтүүдийг яаралтай хийх. Суурь үнүүдэд нөлөөлж байгаа гол шалтгаан болох монополиудыг задлах, төрийн хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, хадгаламжийн өндөр хүүний барьцаанаас гаргана гэдгээ Их хурал, Засгийн газрын түвшинд зарлах ёстой. Гуравдугаарт, хоёр хөрштэйгөө чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах. Ингэснээр аль алиндаа ашигтай байхаар экспортын болон ре-экспортын тааламжтай нөхцөлүүдийг бүрдүүлнэ. Манай импортын татвар 5 хувь байдаг, гэтэл манай хөрш орнуудын татварууд бүтээгдэхүүнээс хамаараад уул уурхайн бүтээгдэхүүн дээр 3-10 хувь, ХАА-н бүтээгдэхүүн дээр 25-30 хувь байна. Татвар, импортын хориг, хязгаарлалтыг үгүй хийснээр манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна экспортын хязгаарлалтанд орохгүй байх боломжийг нэмэгдүүлнэ. ОХУ-аас манайх жилд 1 тэрбум гаруй долларын бүтээгдэхүүн ( түлш ) импортолдог мөртлөө зөрүүлээд 76 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог нь байж болохгүй асуудал юм. Хоёр хөрштэйгөө чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсад энэ хоёрын зах зээлийг харж манайд олон тооны үйлдвэрүүд ( угсралт, хүнсний, хөнгөн аж үйлдвэр гэх мэт) гаднаас орж ирэх нь дамжиггүй юм. Одоогийн байдлаар манай ХАА-н бүтээгдэхүүн Хятад, Оросын 30 хувь татварыг төлөөд өрсөлдөх боломжгүй байна.
Эцэст нь түүхий эдийн үнэ тогтвортой байгаа энэ үеийг ашиглаж экспортын бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцүүдийг хөгжүүлэх дараагийн үнэ уналтанд бэлэн байх, хайгуулын лиценз олголтыг эрчимжүүлж гадны хөрөнгө оруулалтыг татах дараа дараагийн Оюутолгой, Тавантолгой шиг мега төслүүдээ олох, ашигласнаар бид тогтвортой хөгжих нөхцөл бүрдэхээр байна.
Д.Мөнгөндалай