Цагдаагийн газар “Нээлттэй танхим”-тай болно

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Цагдаагийн газар “Нээлттэй танхим”-тай болно

Энэ жил Монгол Улсад цагдаагийн байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Цагдаагийн байгууллагын салшгүй нэг хэсэг бол замын цагдаагийн ажил байдаг. Төв аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай томоохон хатуу хучилттай зам дайран өнгөрдөг болоод ч тэрүү зам тээврийн осол гэмтэл их гардаг. Ялангуяа урин дулааны үеэр хөдөө гадаа салхинд гарч яваад согтууруулах ундаа хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осол гэмтэл гарах нь элбэг харагддаг. Үүнтэй холбогдуулаад Төв аймгийн замын цагдаагийн тасгийн дарга,  цагдаагийн ахмад  А.Зандантай уулзаж ярилцлаа.


-Сайн байна уу?  Сайхан наадав уу та. Наадмаар таны ажлын ачаалал их байсан биз дээ?      
      
                       .
-Сайхан наадлаа. Долдугаар сар бол бидний хувьд ачаалал ихтэй сар байлаа.  Баяр наадам, амралт, зугаалга гээд хотоос хөдөөг зорих хөдөлгөөн ихэсдэг. Зуны улиралд жирийн үеэс хоёр дахин  их ачаалалтай ажилладаг.  Манай аймаг өргөн уудам  нутаг дэвсгэртэй, мөн улсын чанартай хатуу хучилттай зам дайран өнгөрдөг болохоор өдөртөө гэхэд 700-800 мянган тээврийн хэрэгсэл дайран өнгөрдөг. Үүнтэй холбоотойгоор аймгийн нутаг дэвсгэр дээр зам тээврийн осол аваар гарах нь элбэг байдаг.

-Энэ жил Монгол Улсад цагдаагийн байгуулага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Цагдаагийн байгууллагын салшгүй нэг хэсэг бол замын цагдаагийн ажил. Тэгэхээр танай тасгийн бүтэц бүрэлдэхүүн, хичнээн албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Төв аймгийн замын цагдаагийн тасаг бол 1992 онд анх байгуулагдаж байсан. Одоо нийт 30 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Үүнээс 12 офицер, 18 цагдаа зохицуулагч,  тасгийн дарга 1,   Ахлах байцаагч 2 ,  байцаагч 9 гэсэн  бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Замын цагдаагийн тасаг нь  аймгийн нутаг дэвсгэр дээр зам тээврийн осол хэрэг гарахаас урьдчлан сэрийлж, гарсан зам тээврийн осол хэрэгт,хэрэг бүрттгэлийн  ажиллагаа явуулдаг ба хөдөө  Баянчандмань, Лүн, Заамар  суманд Замын цагдаагийн  байнгын хяналтын  пост ажиллуулж,  хатуу хучилттай зам дээр явж байгаа тээврийн хэрэгсэлд  хяналт тавин ажиллаж байна.

-Он гарсаар Төв аймгийн нутаг дэвсгэр дээр  зам тээврийн осол хэр зэрэг  гарав, нийт хичнээн дуудлага хүлээн авав.

-2011 оны эхний 7 сарын байдлаар зам тээврийн осол нэлээд гарсан. Зам тээврийн осол хэргийн  159 дуудлага  жижүүрийн шуурхай албанд бүртгэгдсэн байна. Үүнээс 30 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мөн 129 гомдол мэдээллийг  эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай шийдвэрлэсэн.  Нийт бүртэгдсэн осол хэргийн улмаас 27 хүн нас барж 90 хүн хөнгөн болон хүндэвтэр гэмтсэн байна.

-Та сая 27 хүний алтан амь эрсдсэн гэлээ.  Ер нь осол юунаас болж  хаана, ямар зам дээр ихэвчлэн гарч байна вэ?

-Нийт гарч байгаа осол хэргийн  дийлэнх хувь нь хөдөө орон нутагт гарч байна. Тухайлбал, хатуу хучилттай зам дээр гарч байна. Хойд чиглэлд Баянчандмань, Борнуур, Жаргалант сумдын нутгаар дайрч өнгөрдөг хатуу хучилттай зам Мөн баруун чиглэлийн Аргалант, Баянхангай, Лүн,  Өндөр-Ширээт, Эрдэнэсант зэрэг сумдын нутгаар дайран  өнгөрдөг хатуу хучилттай зам дээр осол их гарч байна. Тухайлбал Хойд чиглэлд гэхэд Дархан, Эрдэнэтийн зам маш нарийн замтай үүнийг хэн хүнгүй л сайн мэддэг тэгсэн хэрнээ манай жолооч нар уг зам дээр хурдаа тохируулж явдаггүй, хурд хэтрүүлдэг үүнээс болж осол их гардаг. Тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо аль болох дүрмээ баримталж соёлтой оролцох хэрэгтэй юм. Мөн хөдөө орон нутаг руу явж байгаа жолооч нар болгоомжтой хурдаа тохируулж яваагүйгээс гэнэтийн дугуй хагарах ч юм уу, ямар нэгэн юм болоход зам дээр тэр чигээрээ зогсох явдал их гардаг. Замаа чөлөөлөн зогсож төв суурин газарт бол 15 метр, хөдөө орон нутгийн замд бол 30 м зайд ослын тэмдэг тавих ёстой байдаг. Үүнийг жолооч нар мэддэггүй, биеэлүүлдэггүй . Мөн дээр нь гаднаас орж ирж худалдаалагдаж байгаа авто машины үйлдвэрлэсэн он нэлээд залуужиж байгаа болохоор гэрэл нь хурц,нөгөө тээгүүр жолооч нар үүргээ биелүүлж  гэрлээ шилжүүлдэггүйн улмаас гялбах, мөн гялбаанд ороод замын хажуу уруу орох , мөргөлдөх, зогсож байсан машины араас мөргөх явдал их байдаг.

-Осол гэмтэл гарах шалтгаан бас улирлаас  хамаардаг уу? Өвөл  гэхэд анхны цас орсноос  хальтиргаа гулгаа гээд  бас осол их гардаг  шүү дээ.

-Тиймээ гэхдээ  өвөл  халтиргаа  гулгаанаас болж осол их гардаг харин  зун бол  тээврийн хэрэгслийн  хөдөлгөөн 2 дахин эхэсдэг. Осол гарахад нөлөөлдөг гол хүчин зүйл бол “ЗАМ”-ын нөхцөл  юм. Сүүлийн үед зам ихээр тавигдаж байгаа нь сайшаалтай боловч чанар дээр анхаарах хэрэгтэй. Өргөн нь гэхэд стандарт хэмжээндээ хүрдэггүй хэтэрхий нарийн тавигдсанаас болж осол ихээр гарч  байна. Нарийн зам гэдэг бол шууд утгаараа  осол хэрэг гарахын гол үндэс юм.


-Төв аймагт нийт хэчнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ?

-Бүртгэлээр 10 мянга орчим тээврийн хэрэгсэл байдаг боловч хөдөлгөөнд оролцож байгаа нь үүнээс хэд  дахин их. Мөн Улаанбаатар хот болон гадны аймгийн дугаартай тээврийн хэрэгсэл маш олон байдаг.

-Тээврийн хэрэгслийг замын цагдаа зогсоон шалгаж хэрэв зөрчилтэй бол торгууль бичиж мөнгө хураадаг. Энэ торгуулийн мөнгө юунд зарцуулагддаг вэ?

-Торгуулийн мөнгө 100 хувь аймгийн төсөвт ордог.

-Сүүлийн үед хөдөөний айлууд бүгд мотоциклтой болжээ. Малаа мотоциклоор хариулдаг  болсон гэх л юм. Энэ хүмүүс мотоциклоор хөдөлгөөнд оролцохдоо жолооны эрхийн үнэмлэхгүйгээр оролцох тохиолдол мэр сэр байгаа харагддаг. Ялангуяа хөдөө орон нутагт энэ байдал түгээмэл юм шиг…

-Анхаарал татах асуудлын нэг бол яах аргагүй  мотоциклийн асуудал болоод байна. Уг нь бол мотоцикл барьж байгаа хүмүүс “А” ангилалын эрхийн үнэмлэхтэй байх ёстой.  Гэтэл иргэд үнэмлэхгүй дээр нь ямар ч хамгаалах хэрэгсэл, малгай өмсдөггүй,  улсын дугаар тээврийн гэрчилгээ авдаггүй гэх мэт зөрчил их гаргаж байна. Мөн дээр нь зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд айраг уучихаад замын хөдөлгөөнд оролцох тохиолдол нэлээд их байна. Айраг маань өөрөө согтууруулах ундааны төрөлд ордог. Аль болох айраг болон согтууруулах ундааны төрөл хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгсэлд оролцохгүй байхыг анхаарах хэрэгтэй байна. Согтууруулах ундааг хэрэглэсэн хүний тархины үйл ажиллагаа хэвийн биш болж орчинтойгоо харьцах чадвар муу болдог өөрөөр хэлбэл өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болдог. 

-Үүнийг таслан зогсоохын тулд  ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Яавал энэ осол хэрэг  багасах вэ?

-Мотоциклийн  тухайд Орон нутагт бол сумдын Засаг дарга нар захирамж гаргаад мотоциклтой иргэдээ сумынхаа хэсгийн төлөөлөгчид бүртгэлжүүлээд мотоцикл  жолоодох эрхийн үнэмлэх олгох сургалтыг бидэнтэй хамтран явуулах шаадлагатай байна. Бид жолооны күрстэй хамтраад сумдад сургалт зохион байгуулж болно. Хамгийн гол нь иргэд өөрсдөө идэвхитэй хамрагдах хэрэгтэй байна. Иргэд мотоцикл бариад сурчихдаг боловч дүрмийн мэдлэг байдаггүй үүднээс болж осол их гардаг. 

-Согтууруулах ундааны хувь хэд байвал жолоо барих эрхгүй гэж үздэг бол? 

-Хууль зүйн сайдын 1999 оны  73-р тусаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д жолоочийн амьсгал дахь спиртийн  агууламж 0,20 поромиль буюу түүнээс илүү байгаа нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэсэн байдаг.

-Тэрхүү аппарат орчин үеийн түвшинд байна уу. Үлээх хошуу нэг удаагийнх байж чаддаг уу?
 

-Орчин  үеийн шаардлага хангасан аппарат ашиглаж байгаа хүрэлцээ муутай байдаг. Дундаа хэрэглэдэг төдийгүй  ялангуяа  сумдын хэсгийн төлөөлөгч цагдаа нарт байх шаардлагатай . Багажны үлээх хошууг бол тогтмол сольж хэрэглэдэг.

-Замын цагдаагийн албан хаагчдын ажил маш хүнд нөхцөлд явагддаг. Машины хүчин чадал хурд хүч үнэхээр сайжирч байна. Та нарын ашиглаж байгаа машины хүчин чадал тэр хэмжээнд хүрч чадаж байна уу. Машинд төдийгүй ашиглаж байгаа техник хэрэгсэл орчин үеийн түвшинтэй зэрэгцэж байна уу.

-Үнэхээр  тийм ээ. Бид нарын хэрэглэж байгаа машины хурд хүч хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүчин чадлыг гүйцэхгүй тохиолдол байна. Гэхдээ аймаг орон нутгийн удирдлагаас  бид нарын ажлын онцлогийг харгалзан машины парк шинэчлэлтэнд анхаарч байгаа. Өнгөрсөн жил аймгийн ЗДТГ-аас Замын цагдаагийн тоноглогдсон авто машин авч өгсөн  бөгөөд уг машин маань Лүн суманд байрлах замын цагдаагийн хяналтын  пост дээр ажиллаж байгаа. мөн өнгөрсөн жил замын цагдаагийн газраас нэг машин олгосныг Баянчандмань суманд ажиллаж байгаа. Ер нь манай аймаг Улаанбаатар хоттой ойр байрладаг учраас Төрийн өндөрлөгүүдийг хөдөө орон нутагт явахад хамгаалалт зохион байгуулах мөн түүнчлэн төр болон олон нийтийн  арга хэмжээнүүд олноор зохиогдог учир тэр болгон хамгаалалт шаадлагатай болдог.. 

-Цаашид та бүхэн ямар ямар ажлыг хийх зорилттой ажиллаж байна?

-Манай замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх хүнд хүрч үйлчлэх, мөн  хуулийг тэдэнд таниулах зорилгоор хэнд ч болов нээлттэй байх танхим нээн ажиллуулах гэж байна. Одоо дотоод заслын ажлаа  хийгээд явж байна. Энд ялангуяа бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг боловсрол олгох тэднийг замын хөдөлгөөнд зөв зохистой оролцоход туслах, дэмжих зорилготой юм. 

-Та бүхний ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Ард иргэдийн маань  алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж