ДЦС-4 ТӨХК-ийн харьяалалд байсан газруудыг буцаан авчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

ДЦС-4 ТӨХК-ийн харьяалалд байсан газруудыг буцаан авчээ

ДЦС-4 ТӨХК-ийн харьяалалд байсан газруудыг буцаан авчээ

Дулааны цахилгаан станц-4 компани бусдад алдсан газраа Ерөнхий сайдын дэмжлэгээр буцаан авч байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 11 дүгээр сард ДЦС-4  компанид ажиллах үедээ станцын эзэмшил газраас хувь хүн, аж ахуй нэгжүүд хууль бусаар эзэмшиж байгааг зөвшөөрлүүдийг нь яаралтай цуцалж, улсын өмчид хэвээр үлдээхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон юм. Иймд ДЦС-4 ТӨХК хуулийн дагуу газраа буцаан авч,  нэг аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр тухайн газар дээр барьсан 2 давхар объектоо төрд бэлэглэх хүсэлт гаргажээ 

Дулааны  цахилгаан станц 4 компани нь төрийн өмчит хувьцаат компани.  Тус компанийн эзэмшлийн газар нь улсын онцгой объект төдийгүй байнгын харуул хамгаалалтад байдаг байгууллага юм. Гэтэл 2008 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гаргаж, Дулааны цахилгаан станц-4 компанийг эзэмшлийн газар болох  хашаан дотор нь  хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагад тус бүрт нь хэсэгчлэн  газар олгосон байжээ. 

Энэ асуудлаар ДЦС-4 компани хуулийн байгууллагад хандаж, зарим нь шийдвэрлэгдсэн ч бүгд бүрэн чөлөөлөөгүй байсан аж. Ерөнхий сайд Хүрэлсүхийг ДЦС-4-т ажиллах үеэр тус станцын Гүйцэтгэх захирал С.Анхбаяр хашаан дотор нь газар авсан гэх аж ахуйн нэгжүүд барилга барьж, хашаа татсанаас станцын үйл ажиллагаанд саад учруулж, аюулгүй байдалд нөлөөлөх болсон талаар сануулж, улмаар Ерөнхий сайд улсын онцгой объектод ийм зүйл байж болохгүй, газрын зөвшөөрлийг цуцла гэсэн үүргийг салбарын сайдад нь өгчээ.

Ямартай ч Ерөнхий сайдын даалгавар биелэлээ олж, ДЦС -4 компани “Квадрат берг” компанид алдаад байсан 4591 м.кв газар болон газар дээрх 621,5 м.кв талбай бүхий төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар болжээ.

Тэгвэл “Оюуны холбоо” компани ДЦС-4 ТӨХК-ийн хашаан дотор 8х12 метрийн харьцаатай 96 м.кв, хоёр давхар 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий барилгыг төрийн өмчид  бэлэглэх хүсэлт гаргасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бүртгэж, улсын өмчид хүлээж авсан байна. 

“Оюуны холбоо” компани төрийн өмчид үл хөдлөх хөрөнгө бэлэглэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичгээр ирүүлэхдээ

-“Авлигад автсан орчныг хөндөж, авлигатай тэмцэж байгаа таны ажлыг дэмжиж талархан хүлээж авснаа энэ захидлаараа илэрхийлье. Таны өгсөн үүргийг гүйцэтгэхэд иргэдийн оролцоо, идэвхи санаачлага чухал гэж үзэж байна. Газрын маргаанаас үүдэн шүүхэд хандсан байсан. Шүүхийн шийдвэр гарч, бидний барьсан 2 давхар барилгыг нураах шийдвэр гаргасан тул хөдөлмөр,  хөрөнгө зарцуулсан үл хөдлөх хөрөнгөө энэ хэвээр нь төрд бэлэглэх хүсэлтэй байна. Дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугамд холбогдсон, дөрвөн автомашины зогсоолтой энэхүү барилгыг Иргэний хуулийн 276.1-ийг үндэслэн бэлэг болгон  хүлээн авах зөвшөөрөл олгоно уу” хэмээсэн байна.

Тэдний энэхүү хүсэлтийг биелүүлж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хуулийн дагуу төрийн өмчид бүртгэж авчээ. 

Г.ГАНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж