Улаан асрын зүүд (29-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (29-р бүлэг)

Улаан асрын зүүд (29-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Хорин есдүгээр бүлэг

БУЯНТАЙ ХҮНИЙ БУЯН ИХ АТАЛ БАС БУЯН ХУРАЙЛЖ, СЭТГЭЛТ ОХИНЫ СЭТГЭЛ ИХ БОЛОВЧ ТҮҮНИЙГ ЧАМЛАНА

Өгүүлэх нь: Бао Юй гайхан мэлэрч байтал Дай Юйгийн шидсэн алчуур яг нүдэн дээр нь буухад цочин аваад: “Хэн ингэв” гэж асуусанд цаадах нь толгой сэгсрэн инээж:

-Муухай юм боллоо. Бао эгч мангуу галууг үзнэ гэхээр нь би түүнд үзүүлэх гээд санаандгүй нүдийг чинь оночихлоо гэв. Бао Юй нүдээ нухлан нэг юм хэлэх янзтай амаа хөдөлгөснөө болив. Энэ үед Фөн Же ирээд, шинийн нэгэнд Чин Шюй Гуань хийдэд хурал хурахыг ярихын хамт Бао Чай, Бао Юй, Дай Юй гурвыг очиж ший үз гэв. Бао Чай инээж:

 -Больёо, энэ халуунд. Ямар үзээгүй ший биш. Би л лав очихгүй гэж шууд хэлэв. Фөн Же:

-Тэдний тэнд сэрүүн. Хоёр талдаа өндөр байшинтай. Бид очно гэвэл, хэдэн өдрийн өмнө хүн илгээж тэр бумба нарыг явуулж, байрыг сайхан цэвэрлүүлээд, хөшиг татуулж, сүмд хэрэггүй хүн оруулахгүй болгоно. Та нарыг очихгүй гэвэл би ганцаараа очиж үзнэ гэж тайдайд хэлсээн. Ойрноос тун уйдаад байна. Гэртээ ший авчирч дуулуулахад тавтайхан үзэж чадахгүй юм гэж ярив.

Түүний ярихыг Жя Мү сонсоод: “Тийм бол би чамтай цуг очъё” гэв. Фөн Же: “Лао тайтай очих уу. Тэгвэл маш сайн. Би ганцаар үзэхэд бас тийм тааламжтай болохгүй” гэсэнд Жя Мү:

-Тийм бол би гол байранд, чи жигүүрийнхэд суу. Болох уу гэж асуусанд цаадах нь:

-Энэ бол Лао тайтайгийн хайр болно гэсэнд Жя Мү, Бао Чайг хараад: “Чи бас оч. Эх чинь ч бас очиж үзэг. Энэ өдрийн уртад гэртээ байхад унтахаас өөр юү хийх вэ” гэж хэлсэнд Бао Чай арга буюу хүлээн авав. Тэгээд Жя Мү хүн явуулж Бао Чайн ээж Шюэ Имад хэлүүлж: “замдаа Ван Фүрэнийг охидоо дагуулаад оч” гэв. Гэтэл Ван Фүрэний бие тааруу, бас Юань Чүний тэндээс ирэх зочныг угтахад бэлтгэж байгаа учир очих боломжгүй гэхийн хамтад, зугаацах дуртай болгон Лао тайтайтай дураараа зугаалцгаа гэж хэлүүллээ. Сүмд очих яриа тархмагц, хэзээ ч тэр босгыг алхахгүй охид шивэгчингүүд баярлалдахын хажуугаар тийш явахыг дурладаггүй охид авхай нар ч элдэв аргаар очихыг гуйж эхэлсний дотор Ли Вань нар ч багтана. Үүнд Жя Мү улам их баярлаж, байрлах байраа засуулаад, явахаа бэлтгэж байгааг үл өгүүлэн өгүүлэх нь:

Шинийн нэгэн болсонд Рун Гуофү ордны өмнө тэрэг морь, хүн амьтан дүүрч доорх хэрэг эрхлэгч нар нь хааны хатан буян үйлдэж Жя Мү өөрийн биеэр очиж хүж асаана хэмээн сонссоны дээр бас таван сарын шинийн тавны баярын өдөр тохиолдсон тул ерийн өдөртэй адилгүй, ёслолын маягаар эд хэрэглүүнээ бүрэн гүйцэд гаргав. Төдөлгүй Жя Мү нар гарч ирэв. Тэрбээр ганцаар найман хүний их сүйхэнд сууж Ли Вань, Фөн Же, Шюэ Има нар тус тус дөрвөн хүний сүйхэнд суув. Бао Чай, Дай Юй хоёр ногоон бүрхүүлтэй улаан залаатай мухлаг тэргэнд сууж, Ин Чүнь, Тань Чүнь, Ши Чүнь гурав улаан хүрдтэй, эрээн бүрхүүлтэй мухлагт суув. Тэдний дараа Жя Мүгийн шивэгчин охин Юань Ян, Ин Ү, Ху По, Жэнь Жу нар, Дай Юйн шивэгчин Зы Жюань, Шюэ Янь, Чүнь Шянь нар, Бао Чайн шивэгчин Ин Эр, Вэнь Шин нар, Ин Чүний шивэгчин Сы Чи, Шю Жюй нар, Тань Чүний шивэгчин Дай Шү, Цүй Мо нар, Ши Чүний шивэгчин Ру Хуа, Цай Пин нар, Шюэ Имагийн шивэгчин Түнши, Түнгүй, жич бас Шян Лингийн шивэгчин Жэнь Эр, Ли Ваний шивэгчин Сү Юнь, Би Юй нар, Фөн Жегийн шивэгчин Пин Эр, Фөн Эр, Шяо Хун нар болон Ван Фүрэний хоёр шивэгчин Жинь Чуань, Цай Юнь нар явцгаав. Хөхүүл ээж нь Фөн Жегийн охин Да Жег тэвэрч өөр нэгэн тэргэнд суув. Тэдний дараа хар бор ажил хийдэг шивэгчингүүд дээд байранд зарагддаг эмгэд хийгээд хөхүүл ээж нарыг суулгасан тэрэгнүүд гудамж дүүрэн жагсав.

Гудамжинд явах хүмүүс Жя Фү ордны хүж зул өргөх ёслол болж байгааг сонсоод замын хоёр хажуугаар зогсон харна. Айлын бүсгүйчүүл үүдэн дээрээ гарч энэ тэрийг ярьж, найр наадам үзэж байгаа мэт шагшран зогсоно. Жагсаал хөдлөх болохоор өнгөт мяндсан жолоотой, улаан монцог хөмөлдрөгтэй, мөнгөн эмээлтэй цагаан моринд мордож, энэ найман хүн дамнасан сүйхний өмнө тэр олон тэрэг сүйхийг удирдан сүр сүлд бадруулан магнаг таж мяралзуулж, сан хүж сэнгэнүүлсээр газар дэлхийг бүрхэн хөдлөв. Энэ хэр тэрэг морины чимээнээс өөр дуун, анир чимээ огт үгүй ажээ. Төдөлгүй Чин Шюй гуань хийдийн үүдэнд хүрэхүйеэ юн хэнгэргийн дуун гарч Жан овогт их тойн хүж барин жанч нөмөрч бумба нарыг дагуулан замын хажууд угтан авав. Бао Юйг мориноос буухад Жя Мүгийн сүйх ч хийдийн үүдэнд очоод нутаг усны навдаг савдаг, баримал шуумал бурхдыг хараад жолоогоо татав. Жя Жөнь олон хөвгүүд охид дүү нарыг дагуулсаар угтан очив. Энэ хэр Фөн Жегийн сүйх түрүүлж ирээд байсан тул Юань Ян нарын хамт угтан авав. Жя Мүг сүйнээс буухад яаран түшиж авах гэтэл энүүгээр тэнүүгээр зулын бадам хайчилж явсан арван хоёр гурван насны бяцхан банди зав чөлөөг ашиглан гарах гээд гүйсээр яваад санаандгүй Фөн Жег мөргөчихөв. Тэгтэл Фөн Же мөнөөх хүүг онхолдтол алгадаад: “Золбин адгуус, юу хийж яваа вэ чи” хэмээн хараахад нөгөө хүүхэд бадма хайчилдаг хайчаа ч авч чадалгүй мөлхөн босоод зайлахыг завдтал, энэ зуур тэрэгнээс бууж байсан Бао Чай нар таарч, өнхөрч байгаа бандийг хараад: “Наадах чинь юү вэ, барь цохь” гэж хашгирав. Жя Мү сонсоод: “Юу болов” хэмээн асуусанд Жя Жөнь очиж учрыг лавлав. Фөн Же Жя Мүг түшиж буулгахдаа: “Нэг жаахан банди зулын бадма хайчилж яваад, гарах гэж энүүгээр тэнүүгээр гүйж байна” гэсэнд Жя Мү сандран: “Тэр хүүхдийг битгий айлга. Нааш нь аваад ир. Эгэл айлын бага хүүхэд учир мэдэхгүй л байгаа биз. Ийм их сүртэй юмыг үзээгүй байлгүй. Айлгаж цочоов та нар. Хөөрхий амьтны хойноос эцэг эх нь зовж л байгаа шүү дээ” гээд Жя Жөньд: “Очоод түүнийг аятайхан аваад ир” гэсэнд аргагүйдэн явж нөгөөх хүүхдийг авчирав. Мөнөөх хүүхэд нэг гартаа зулын хайчаа барьж сөгдөөд чичрэн дагжив. Жя Мү, Жя Жөнь нар түүнийг өргөн босгож: “Битгий ай” гээд: – хэдэн настай вэ гэж асуухад хүүхэд айгаад дуугарч чадахгүй байсанд Жя Мү: “Хөөрхий амьтан” гэж өхөөрдөөд, Жя Жөньд: “Чи үүнийг дагуулж яваад боов авч идэх зоос өг. Битгий зовоо” гэв. Тэгээд Жя Мү олныг дагуулан бурханд мөргөв. Жя Жөнь сүмийн үүдэнд хүүг дагуулан авчраад зарц нарт энэ хүүхдэд хэдэн зуун зоос өгөөд айлгалгүй явуул гэж тушаав. Тэд ч нөгөөх хүүхдэд мөнгө зоос өгөөд явуулав. Жя Жөнь индэр дээр гарч зогсоод:

-Хөөе мэдээчин байна уу. Гуанз хаана байна вэ гэсэнд зарц нар Гуанзыг дууд гэж цааш дамжуулав. Линь Жышяо Жя Жөний өмнө санд мэнд гүйж ирээд, дээл малгайгаа засаж зогсов. Жя Жөнь, түүнд хандан:

-Эндэх газар хэдий их боловч өнөөдөр ирсэн хүн олон. Чи хэрэгтэй хүмүүсээ аваад эндээ байж бай. Хэрэггүй хүмүүсийг тэр хашаа руу явуул. Бага зарц хүүхдээс нэлээнийг үлдээгээд, хоёрдугаар хаалга, хоёр талын өнцгийн тэнд хүмүүсээ байлгаж бай. Зарлиг тушаал хүлээ. Энд авхайчуул бүгд ирсэн тул өөр хэрэггүй хүмүүсийг оруулж болохгүй шүү гэсэнд цаадах нь: – мэдлээ за гэж хэдэнтээ хэлэв.

Жя Жөнь: “За яв” гэснээ, Жя Рун яагаад харагдахгүй байна вэ гэж асуув. Төдөлгүй Жя Рун байшингаас сандран хүрч ирэв. Жя Жөнь: “Чи хараач, энэ халуунд би ажрахгүй байхад, чи сэрүүцэж явна уу” гэснээ, чи тэр доод хүмүүсийнхээ нүүр рүү нулим гэв. Зарц нар Жя Жөний ердийн занг мэдэх учир зөрчиж чадахгүй. Нэг зарц гарч ирээд Жя Руний нүүр рүү нь тургив. Жя Жөнь түүнийг хялайн харахад, тэр бага зарц:

-Лаое хүртэл халуунаас айхгүй байхад, агь юунд урьтаад сэрүүцчихсэн юм бэ гэж асуусанд Жя Рун хоёр гараа унжуулаад огт дуугарахгүй зогсож байв. Жя Юнь, Жя Пин, Жя Чинь нар байтугай Жя Лянь, Жя Хуан, Жя Чюн нар хүртэл айн эмээж хэрмийн сүүдрээс нэг нэгээрээ сэмхэн гарч ирэв. Жя Жөнь, Жя Рунд: “Чи энд мод мэт зогсож яана вэ. Шалавхан явж ээж нартаа хэл. Лао тайтай авхай нар цөм ирчихээд байна. Тэднийг хурдан ирж эднийг асарч хүндэлтүгэй гэж хэл” гэсэнд Жя Рун гүйн гараад: “Морь авчир” гэж хашгирав. Тэгснээ бас ундууцаж, юу хийхээ эртхэн хэлэхгүй, одоо болохоор надаас өө эрээд байх юм. Цаадуулаа “Гарыг чинь хүлчихсэн үү, морь авчирч чадахгүй нүү” гэж загнав. Тэгснээ, өөрөө мордон одов гэснийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Жөнь дотогш орох гэтэл Жан овогт бумба хажууд нь зогсоод инээмсэглэн: “Би бусадтай таарахгүй. Зүй нь дотор орж зочилбол зохих юм. Гэтэл өнөөдөр халуун бөгөөд олон эрхэм авхай ирсэн учир доорд тойн аймшиггүйгээр орж болохгүй. Харин Лао тайтай асуух буюу бас хэрэгтэй гэвэл би энд хүлээж байя” гэв. Энэхүү Жан овогт тойн бол хэдийгээр тэр үед Рун Гуофүгийн амин золио болж1 тойн болсон боловч дээд хаан Алтан зарлиг буулгаж “Бясалгал төгссөн арш” гэж өргөмжилсөн бөгөөд одоо “Бумбын хэлтэсийн” тамга барьж, одоогийн эзэн хаан бас “Бодь мөрөө олсон шидтэн” хэмээн өргөмжлөн, одоогийн ван гүн, мужийн эзэд цөм “Сахиулсан” гэдэг тул аймшиггүй хөнгөнд үзэж болохгүй. Цаашилбал, тэр бас хоёр ордонд үргэлж очиж, тайтай, авхай нартай уулздаг байсан юм. Одоо түүнийг ингэж хэлэхэд Жя Жөнь инээж:

-Өөр зуураа байтлаа та бас ийм үг хэлнэ үү. Олон таван үг хэлбэл би таны сахлыг зулгаана шүү. Шалавхан орсугай гэсэнд Жан тойн хэ хэ гэсээр тэдэнтэй хамт оров.

Жя Жөнь, Жя Мүгийн дэргэд очиж, бөхийн “Жан Е е ирээд амрыг айлтгаж байна” гэсэнд “Нааш залагтун” гэв. Жя Жөнь яаран очиж түүнийг түшин залж оруулав. Жантойн хэ, хэ гэсээр инээн:

-Хязгааргүй хутагт бурхан минь! Настан буурал таны буян өлзий энх амгалан, олон найнай, авхай охидын лагшин тунгалаг уу. ойрдоо ордонд очиж та бүхний амрыг айлтгасангүй. Лао тайтайгийн өнгө зүс улам сайхан байна гэсэнд Жя Мү инээж:

-Өвгөн сахиулсан та сайн уу гэж асуув. Жан тойн:

-Лао тайтайгийн авралд шүтдэг өчүүхэн бумба эрүүл мэнд байна. Бусад нь ч яамай. Агь ер санаанаас гардаггүй шүү. Түүний бие сайн уу. Өнгөрсөн дөрвөн сарын хорин зургаанд манай бумбын шашны эзэн мэндэлсэн өдрийн баяр тэмдэглэхэд хүн олон ирсэнгүй бөгөөд юм ч ариун цэвэр байсан тул би агийг ирж зугаацах болов уу гэсэн юунд гэртээ алга гээд явуулсангүй вэ гэж асуусанд Жя Мү:

-Үнэхээр гэртээ байгаагүй гээд Бао Юйг дуудуулав. Тэрбээр яаран ирээд, Жан Е е амар байна уу гэж мэндлэв. Тойн түүнийг тэвэрч аваад мэнд мэдүүтээ Жя Мүд:

-Агь улам сайхан болжээ гэсэнд Жя Мү:

-Өнгөн дээрээ зүгээр боловч дотор ядмагаа. Эцэг нь албадаж ном бичиг үзүүлсээр байгаад сав саяхан хөвгүүнийг минь өвчтэй болгосон гэв. Жан тойн:

-Би эртийд агийн бичсэн шүлэг, бичгийг хэд хэдэн газар байхыг үзсээн. Цөм асар сайхан болсон байна лээ. Лаое бас юунд, агийг ном үзэх дургүй гэж ундууцна вэ. Өчүүхэн бумба миний бодлоор бол үүнээс илүү өөр яах гээд байгаа юм бэ гээд шүүрс алдан, би агийн өнгө зүс, бие байдал, ярьж хөөрч байгааг үзвэл, өвөг эцэг Гуо гүн етай яг адил гэтэл нүдэнд нь нулимс гүйлгэнэв. Жя Мүгийн сэтгэл тэсгэлгүй уярч:

-Үнэхээр тийм. Миний энэ олон хүүхэд ач нарын дотор ганцхан Бао Юй л өвөгтэйгөө төстэй. Бусдын нь дотор өвөгтэйгөө адилхан хүн ганц ч байхгүй гэв. Жан тойн:

-Тэр үеийн Гуо гүн ноёны зүс байдлыг танай үеийнхэн олж үзэхгүй байгааг байтугай Да Лаое Эр Лаое хүртэл бараг мартсан биз ээ гээд хэ, хэ гэж хөхөрч, эртийд нэг айлд арван настай хүүхэд үзлээ. Түүний өнгө зүс их сайхан. Тэгэхэд би агийн ургийн явдлыг саналаа. Тэр охины өнгө зүс, ой ухаан, гэр хөрөнгийг хэлбэл харин мөн тэнцэж очноо. Гэлээ ч Лао тайтайгийн санаа ямрыг мэдэхгүй учир өчүүхэн бумба аймшиггүй дураар дуугарсангүй. Хэзээ шийд гарсан хойно хэлэлцэж болно гэсэнд Жя Мү:

-Дээр үед нэг хуушаан, энэ хөвгүүн бол эрт гэрлэх заяагүй гэсэн юм. Тийм учраас овоо том болсон хойно нь тэр тухай ярилцана. Чи мөн сураглаж байгаарай. Гэр хөрөнгө ч яамай. Гагцхүү өнгө зүс нь тэнцвэл даруй надад хэлээрэй. Хэрэв ядуу айл бол мөнгө тусалж болно. Өнгө зүс, зан ааш сайн хүн олдохуйяа бэрх юмаа гэв. Тэдний яриаг сонсож байсан Фөн Же:

-Жан Е е та, манай охины амин сахиусыг одоо болтол сольж өгөөгүй байгаа. Та нэг нүүр улайхгүй хүн явуулаад надаас шар торго авахуулна уу гэсэнд Жан тойн хэ хэ гэж чанга хөхрөөд:

-Үзье үзье. Нүд минь муудаад байна. Би чинь найнай энд байсныг харахгүй л байлаа. Тэгээд л мэнд ус болсонгүй л дээ. Тэр амин сахиус бэлэн байгаа. Хүргэж өгнө гэж бодсон боловч Нян нянгийн буян ном хийлгэх таараад болоогүй юмаа. Манай бурханы өмнө байгаа. Би очоод аваад ирье гээд гарч их харшид очоод нэг цайн царан дээр, улаан магнаг номын баринтагтай амин сахиусыг тавиад авчирав. Да Жегийн хөхүүл эх сахиусыг хүлээн авав. Жан тойн, охиныг тэврэх гэтэл Фөн Же: “Та гараараа бариад ирэхгүй юунд тавиурт тавьсан юм бэ” гэсэнд тойн: “Гар цэвэргүй болохоор яаж болноо. Энэ тэвш бол цэвэр шүү” гэв. Фөн Же:

-Таны тэвш барих ч яамай. Харин намайг их цочоов. Би чамайг сахиус хүргэж ирээгүй, биднээс юм гуйж, бадар барьж байна гэж бодлоо шүү гэсэнд хүмүүс хөхрөлдөв. Жя Жөнь хүртэл тэсэлгүй инээд алдав. Жя Мү эргэж харан:

-Муу золиг чи, хэл огтлох тамд унахаас айхгүй байна уу гэсэнд Фөн Же инээж:

-Бид өвөг, ач нар ямар хамаа байна. Энэ чинь намайг эртнээс буян хураахгүй бол зуурдаар үхнэ гэж дандаа хэлдэг юм шүү дээ гэсэнд Жан тойн инээж:

-Би тэвш барьж ирсэн нь бадар барих гэсэн юм биш. Мөн нэгийг хоёрт хэрэглэж, агийн тэр гайхалтай хашийг залж, холоос ирсэн шашны нөхөд, шавь нарт аваачиж үзүүлэх гэсэн юмаа гэтэл Жя Мү:

-Энэхэн хэрэгт та нааш цааш явж биеэ зовоож яана вэ. Түүнийг дагуулж яваад хүмүүст үзүүлээд ирвэл болоо бишүү гэсэнд Жан тойн:

-Лао тайтай та учрыг мэдэхгүй байна. Өчүүхэн бумба наян нас хүрсэн боловч Лао тайтайгийн хишигт шүтэж яваагийн хүчээр тэнхлүүн байсаар шүү. Бас эндээ гэхэд гадны хүмүүс янз бүрийн үнэр танартай. Ялангуяа ийм бүгчим халуун өдөр, агийн биед таарахгүй. Эсвэл бузар булай үнэрт автвал яана. Явдалтай шүү гэсэнд Жя Мү, Бао Юйд хэлж эрдэнийн хашийг нь авахуулж тавиурт тавиулав. Жан тойн маш хичээн болгоомжилж, доор нь магнаг торго дэвсэн авч явав. Жя Мү олныг дагуулан, энүүгээр тэнүүгээр зугаалаад, дээш гартал Жя Жөнь ирж: “Жан Е е эрдэнийг хүргэж ирэв” гэж зарлатал, тойн тавиураа барьсаар дэргэд нь очиж:

-Олон бүгдээр өчүүхэн бумбын хишгээр, агийн хашийг үзээд машид сонирхон гайхав. Хичээнгүйлэн бэлэглэх юмгүй. Энэ бол тэдний тус тусын номын эдлэл болой. Тэд цөм хичээнгүйлэн бэлэглэх ёслол болгохыг хүснэ. Хэдий сонин гайхалтай юм биш боловч агь өөртөө байлгаж, наадах буюу хүнд шагнах болов уу гэв. Жя Мү түүний хэлэхийг сонсоод тавиур доторхыг үзвэл, алтан тамга, хашийн саран эсхүл “Явдал бүхэн сэтгэлчлэн бүтэх чандмань” буюу эсхүл “Жил бүхэн энх амгалан” үсэгтэй, цөм сувд хэлхэж, эрдэнэ шигтгэн хашийг сийлж алт суулгасан эд эдлэл нийт дөч тавин зүйл байв. Жя Мү:

-Та мөн дэмий солиорч байна. Тэд цөм гэрээсээ ирсэн хүмүүс. Хаанаас ийм юм олох вэ. Энэ болохгүй!Үүнийг хэрхэвч хүлээж авч чадахгүй гэсэнд Жан тойн инээж:

-Энэ бол тэдний баяр хүргэж байгаа өчүүхэн сэтгэл мөн. Үүнийг өчүүхэн бумба би ч хориглох аргагүй. Лао тайтай хэрэв авахгүй бол харин тэдний нүдний өмнө өчүүхэн бумбыг үхээнц дорой болгон эрхэм ордны гаралтай орлогч бумба биш мэт болгоноо гэв. Түүний энэ үгийг сонсоод ЖяМу хүн дуудаж авахуулав. Бао Юй инээгээд:

-Лао тайтай, Жан Е е хоёр ийн хэлж байгаа тул эдэнтэй маргаж болохгүй. Эдгээр юмс үнэндээ надад хэрэггүй. Тийм болохоор би энэ юмсыг хүнээр бариулж гаргаад ядуу хүмүүст тараагаад өгчихье гэсэнд Жя Мү “Энэ үг зүйтэй” гэв. Жан тойн яаран хориглож:

-Аги, сайн буян үйлдэх гэж байгаа нь зөв. Гэвч эдгээр юмс ховор эрдэнэ биш боловч, хэрэгтэй эдлэл шүү. Хэрэв ядуу хүмүүст өгвөл нэгд, тэдэнд тус болохгүй. Хоёрт, эдгээр юмсыг үгүй хийхэд хүрнэ. Ядуучуудад өглөг өгье гэвэл тэдэнд зоос л түгээх хэрэгтэй гэсэнд Бао Юй: “Эднийг хурааж ав. Орой зоос түгээе” гэв. Ингээд Жан тойн ч буцаж гарсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

-Жя Мү гол асарт сууж, Фөн Же зүүн асарт оров. Шивэгчин охидыг баруун асарт оруулав. Төдөлгүй Жя Жөнь ирж “Бурханы өмнө” ши сонгосонд нэгд, “Цагаан могойн үлгэр” гэсэнд Жя Мү “Тэр чинь, ямар үлгэр юм бэ” гэж асуув. Жя Жөнь:

-Хань улсын Гаозү хаан, хорт могойг цавчин, журмын цэрэг байгуулсан үлгэр юм. Хоёрт, “Гэр дүүрэн ху”2 гэв. Жя Мү толгой дохиж:

-Хоёрдох нь ч яахав. Бурхан сахиус ч ийм бол ямар арга байхав. Гуравдах нь юү юм бэ гэж асуусанд Жя Жөнь, “Зүүдний үлгэр” гэхийг сонсоод Жя Мү дуугарангүй. Жя Жөнь гадагш гарч бурханд өргөх айлтгал, тоён түлш3 зэргийг бэлтгэн, ший эхлүүлсэнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Бао Юй, Жя Мүгийн хажууд сууж, нэг шивэгчинд түрүүний тэвштэй юмыг бариулж, өөрийн хашаа зүүгээд бумбын өгсөн юмыг эргүүлж тойруулж үзнэ. Жя Мү шувууны өдөөр чимсэн алтан хилэн гөрөөсийг үзээд гартаа авч “Ийм юмыг аль нэг айлын хүүхэд зүүж явсныг харсан мэт санагдах юм” гэсэнд Бао Чай инээгээд: “Ши Шян охин дүүд нэг бий шүү дээ. Үүнээс арай л бага байх” гэв. Жя Мү: “Нээрэн Юнь Эрд байсан шүү” гэсэнд Бао Юй: “Тэр дандаа манайд ирдэг байхад нь би харин үзээгүй юм байжээ” гэв. Тань Чүнь: “Бао Чай эгч гярхай юмаа. Нэг үзсэнээ, мартахгүй шүү” гэсэнд Дай Юй: “Тэр өөр юмыг санаанд орохгүй, харин хүмүүсийн засал чимгийг нарийн ажиглаж тогтооно шүү” гэснийг Бао Чай буруугаар бодоод сонсоогүй юм шиг өнгөрөөв. Ши Шянюньд ийм юм бий гэдгийг сонсоод Бао Юй хилэн гөрөөсийг аваад өвөртөлчихөв. Түүнийг цаадуул нь төдий л анзаарсангүй. Ганцхан Дай Юй л сайшаах мэт толгой дохино. Бао Юй дотроо урамгүй болж, нөгөө тоглоомыг өврөөсөө гаргаад Дай Юйг харж инээн:

-Энэ ер нь жигтэй хөөрхөн юм. Би чамд өгчихье. Хариад оосор хийгээд зүүвэл зүгээр юм бишүү гэсэнд цаадах нь буруу харж: “Би сонирхохгүй” гэв. Бао Юй: “Чи сонирхохгүй бол би авнаа” гээд өвөртлөв. Тэгээд юм хэлэх гэтэл, Жя Жөний гэргий Ёу хатан, Жя Рунгийн хоёрдох гэргий Хө овогт эхтэйгээ ирж Жя Мүд бараалхав. Жя Мү:

-Та нар над руу ирж яах нь вэ. Би энд зүгээр л зугаалж яваа юм гэтэл бас нэг хүн ирж, “Пөн жанжны гэрээс хүн ирлээ” гэж мэдэгдэв. Тэд Жя Мү сүмд буяны ном айлдах гэж байгааг сонсож тэднийхэн гахай, хонь төхөөрч хүж зул, цай боов бэлтгэн буяны нэмэр хүргэж ирсэн ажээ. Үүнийг Фөн Же сонсоод гол асарт яаран ирж: “Би үүнийг бодож олсонгүй. Бид эх, бэрүүд зугаална гэснийг манайхыг их тайллага хийх гэж байна гээд буяны нэмэр хүргэж байгаа юм байна. Энэ бол цөм Лао тайтайгийн үүсгэсэн хэрэг дээ. Одоо яадаг билээ, хариу шагналын мөнгөгүй яваа… гэтэл Пөн Зыингийн гэрийн хэрэг мэдэгч хоёр эмэгтэй орж ирэв. Тэднийг буцаагүй байтал Жао овогт шадар түшмэлийн гэрээс бас буяны нэмэр ирэв. Ийнхүү дараа, дараагаар Жя Мүгийнх буяны ном хуруулж, эмс охид нь цөм сүмд байна гэсэн яриа тархаж, ойр төрлийнхөн нь, хуучин танил найз нөхөд нь цөм буяны нэмэр хүргэж ирэв. Жя Мү сая л гэмшин:

-Энэ чинь жинхэнэ ёсны тахилга биш шүү дээ. Зүгээр л зугаалж яваа төдий юм. Санаандгүй цуу шуугиан гарчихваа даа гэв. Тэгээд нэг өдөр ший үзээд, үдээс хойш харьцгаав. Маргааш нь буцах санаагүй байтал Фөн Же: “Хэрэм барихад ч шороо хөндөнө”4 гэдэг юм чинь, нэгэнт цуу чимээ гарсан юм, өнөөдөр очиж зугаалъя” гэв. Өчигдөр Жан овогт тойн, Жя Мүд, Бао Юйн ургийн явдлыг хэлсэн учир түүний дотор маш таагүй болж гэртээ ирмэгц хилэгнэн, Жан тойны үгэнд ундууцаж: “Үүнээс хойш тэр тойнтой уулзахгүй” гэв. Бусад хүмүүс учир шалтгааныг нь мэдэхгүй, бас Дай Юй өчигдрийн халуунд наршив. Энэ хоёр шалтгаанаас болж Жя Мү сүм рүү явахгүй гэв. Харин Фөн Же хүмүүс дагуулж очсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Бао Юй, Дай Юйн наршиж өвдсөнд сэтгэл зовж, хоол ундад дурласангүй. Байн байн асуугаад, иймээ тиймээ болохоос айна. Дай Юй: “Чи тэр шигээ үзээч. Гэртээ байж яах юм бэ” гэнэ. Түүнийг ингэж хэлсэн нь өчигдөр Жан тойны хэлсэнтэй нийлээд нэрмээс болно. Тэгээд дотроо: “Миний сэтгэлийг өөр хүн мэдэхгүй бол уучилж болно. Тэр намайг дооглох нь хэр юм” гэж бодох тусам уцаар нь хөдөлж бухимдана. Бусдын өмнө нэг их уурлаж тачаадахгүй ч Дай Юйн ингэж хэлсэн нь бусдын хэлдэгтэй зүйрлэхийн аргагүй тул агшин зуур царай нь баралзан: “Би чамайг сайн таньсангүй. Одоо яая гэх вэ” гэсэнд Дай Юй хүйтнээр инээж:

-Чи намайг таньсангүй гэнээ. Би өөр хүмүүсийн адил чамд юугаараа тэнцэх билээ гэсэнд Бао Юй шууд тулж очоод::

-Чиний ингэж хэлэх нь, намайг тэнгэр ниргэ гэж зориуд зүхсэнтэй адил юм гэснийг нь Дай Юй сайн ойлгосонгүй. Тэгтэл Бао Юй:

-Өчигдөрхөн үүний төлөө тангарагласан билээ. Чи өнөөдөр надаар тэр үгийг давтуулж чадлаа. Намайг тэнгэр ниргэвэл чамд ямар тустай юм бэ гэсэнд Дай Юй сая өчигдрийн үгийг санав. Өнөөдөр өөрөө нэгэнт эндүү үг хэлсэн тул бачимдан гэмшиж, эхэр татан уйлаад:

-Би чамайг санаатайгаар хараасан юм бол намайг бас тэнгэр ниргэтүгэй. Өчигдөр Жан тойны хэлсэн ургийн явдал сайн сайхан барилдлагад чинь, саад болохоос айхдаа дотор чинь бачимдан над дээр ирж уураа гаргаж байгааг чинь би сайн мэдэж байна. Ингэж авирлаад яана вэ гэв.

Бао Юй төрөлхийн нэгэн зүйлийн доод шуналын өвчинтэйн дээр түүнтэй багаасаа үс гэзгээ зулгаалгуулж, сэтгэл санаагаа мэдэлцсэн бөгөөд одоо явдал учрыг баахан ухаарч бас шалиг завхай ном бичиг зөндөөнийг уншаад, алив бүхүй ойр төрөл нөхөр сэлтийн үзэгдсэн дотоод ордны гоо хээнцрийн явдлууд, Дай Юйд нэг ч байхгүй тул хэзээнээс нэг бодлыг гарган хэлж чадалгүй дотроо хадгалсаар иржээ. Иймийн тул баярлах, уурлах учир тохиолдох бүрд арга ухаанаа шавхаж, далдуур тунгаадаг ажээ. Дай Юй ч төрөлхийн баахан шуналын өвчинтэй хүн учир ямагт хуурмаг үгээр дэнсдэг юм. Чи үнэн санаа, жинхэнэ сэтгэлээ нуувал, би бас үнэн санаа, жинхэнэ сэтгэлээ нууна. Энэ мэтээр цөм хуурмаг сэтгэлээр харилцан биенээ туршвал “Хоёр хуурмаг нэг нийлж, эцэстээ нэг үнэн гарах” тул үүний хооронд аахар шаахар, бага сага хэл амны маргаан гарах нь зайлшгүй болой.

Энэ удаад бол Бао Юй дотроо: “Өөр хүн миний сэтгэлийг мэдэхгүй байхад уучилж болно. Миний зүрхэнд, миний нүдэнд ганцхан чи байдгийг бодож болохгүй юү. Чи миний уйтгарыг тайтгаруулахыг бодохгүй мөртөө ийм үгээр намайг дайруулж байгааг үзвэл, би чамайг цаг ямагт санаж, бодож ирсэн нь талаар хэрэг болжээ. Чиний зүрхэнд миний сүүдэр ч байхгүй ажээ” хэмээн бодох боловч ил хэлж чадсангүй. Энэ үед Дай Юй: “Чи дотроо намайг яриангүй боддог. Хэдийгээр “Алт, хаш харилцан хосолно” гэсэн хэлэлцээ бий боловч чи тийм гажуу яриаг хүндэтгэн, хүнийг нэг их илүүд үзэх хүн арай биш байхаа. Намайг тэр “Алт, хашийг” дурсах бүрд чи үл мэдэгч болон өнгөрөөвөөс сая өчүүхэн ч сэвгүй намайг санаж хүндэтгэж байх болно. Гэтэл намайг “Алт, хашийн” тухай цухас дурдах бүрд чи тэр мэтээр бачимдаж яана вэ? Үүнээс үзвэл, чиний дотор тэр “Алт, хаш” ямагт оршиж байдгийг мэдэж болно. Би хальт мөлт дурьдвал, чи намайг сэжиглэхээс айж зориуд бачимдан, санаатайгаар намайг мэхэлдэг” гэхчилэн бодож байв. Бао Юй ч бас юм бодож байлаа. Тэрбээр “Би яасан ч хамаагүй. Ганцхан чиний сэтгэл тайван болбол, би чиний төлөө дуртай үхнэ. Чи үүнийг мэдсэн ч, эс мэдсэн ч тэр, миний санаагаар бол чи сая надаас холдох биш, надтай улам ойртох явдал” гэж бодож байхад Дай Юй: “Чи өөрийгөө мэдвэл барав. Чи сайн болбол, би аяндаа сайн болно. Чи биеэ хайхрахгүй, зөвхөн надаар оролдвол намайг ойртуулах гэсэн биш, холдуулах гэсэн хэрэг болно шүү” гэж бодож байлаа гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Энэ хоёр залуугийн бодол угаас адил байсныг одоо үзвэл, сэтгэлд нь олон навч нахиа ургаад, тэдгээр нь хоорондоо нийлэхгүй, улам холдоход хүрч байна гэмээр болжээ. Эдгээр нь тэр хоёрын эртнээс дотроо хадгалж явсан нууц болохоор тэр бүхнийг тоочихуйяа бэрх учир одоо зөвхөн гадаад байдлыг нь хараадахъя!

Энэхэн үед Бао Юй цаадахынхаа хэлсэн “Сайн сайхан барилдлага” гэсэн гурван үгийг бодох тусам эгдүү нь хүрч, улмаар дотор нь бөглөрөн үгээ ч хэлж чадахгүй уурлахдаа, хүзүүнээсээ “Эрдэнийн хашаа” мултлан аваад: “Үүнийг хэмхэлбэл л хэрэг дуусах юм” гэж шүд зуун занаж байдаг чадлаараа газар шидэв. Тэр хаш бол маш хатуу бөх чулуу болох тул байдгаараа л байв. Шидээд болохгүй болохоор нь бутлах юм эрж байхыг хараад Бао Юй уйлж: “Энэ хэл амгүй юмыг чи хэмхлээд юү хийнэ вэ. Түүнийг хэмхчихийн оронд намайг хэмхэл” гэв.

Үүнээс болж хоёул хэрэлдэж байтал Зы Жюань, Шюэ Янь хоёр ирж ятган хэрүүлийг зогсоов. Тэгсэн ч Бао Юй хашаа эвдэх гэж балбаж, наадуул нь салгаж авч чадахгүй, хэрүүл ерийн өдрүүдийнхээс хэтэрсэн тул арга буюу Ши Рэнийг дуудуулав. Тэрбээр яаран ирээд, хашийг Бао Юйгээс булаан авав. Бао Юй хүйтнээр инээж:

-Би юмаа хэмхлэх та нарт ямар хамаатай юм бэ? гээд бачимдахыг нь харвал, царай нь шарлаад, нүд хөмсөг нь хүртэл хувирч, угаасаа ингэж уурлахыг нь үзээгүй Ши Рэнь гарыг нь барьж:

-Чи охин дүүтэйгээ маргалдахдаа, үүнийг хэмхлэх гэдэг нь юү вэ. Хэрэв эвдчихсэн бол түүний сэтгэл хэрхэн төвдөх вэ гэсэнд Дай Юй уйлсаар байсан ч, яг түүний сэтгэлийн үгийг онож хэлсэнд, “Би бол Ши Рэньд ч хүрэхгүй хүн юм” гэж бодсоноо, сэтгэл нь улам уярч улам их уйлав. Дотор нь хэтэрхий цухалдаад, сая уусан халуун намдаах эмээ ч шингэж чадалгүй “Ойд” гэж чанга хашгираад бөөлжиж орхив. Алчуур барьж тоссонд түүнийг дүүргэв. Шюэ Янь хоёр мөрийг нь илж дарна. Зы Жюань, хичнээн ч уур хүрлээ гэсэн авхай биеэ бодно шүү. Уусан эмээ гаргаад байвал бие чинь дордоно. Тэгвэл энэ Эреэгийн сэтгэл улам л зовно шүү дээ гэсэнд Бао Юй цочив. Түүний үг, зүрхийг нь оносон учир: “Энэ Дай Юй чинь, ядаж Зы Жюаниас дор хүн юм” гэж бодов. Тэгээд цаадахыгаа харвал, нүүр нь улайн чинэрч, амьсгал нь давхцан, хөлс нь цутгаж нус нулмис нь гоожин тамирдаж байв. Энэ байдлыг хараад Бао Юй гэмшин “Би энүүнтэй юү гэж хэрэлдэвээ. Одоо ийм болчихоод байхад нь би тусалж чадахгүй л байна шүү дээ” гэж бодоод нулимас унагав.

Ши Рэнь тэр хоёрын эмгэнэлтэйеэ уйлахыг хараад, элэг нь эмтэрч, Бао Юйн гарыг барьвал хүв хүйтэн байхаар нь, битгий уйл хэмээн ятгая гэтэл нэгд, Бао Юйн дотор ямар нэгэн хилс гомдол шингэх вэ гэж болгоомжилж, хоёрт, Дай Юй муу санахаас айж, яахын ч аргагүй хоёрын хооронд зовно. Тэгээд бүсгүй хүний зангаар санаандгүй бас нулимас асгаруулж эхлэв. Зы Жюань, бөөлжис арилгаж дуусаад, дэвүүрээр Дай Юйг дэвүүрдэж байснаа тэр гурвыг чив чимээгүй уйлалдахыг үзээд бас элэг нь эмтрэн алчуур шүүрч урссан нулимсаа арчив. Нэг мэдэхнээ нь, дөрвүүлээ таг дуугүй, зөвхөн уйлцгааж байв. Энэ үед Ши Рэнь, Бао Юйг харж нэг муу инээгээд: “За бусдыг байя гэхэд, чи энэ хашны хэлхээсний цацгийг бодоход л Линь авхайтай үг булаалдахгүй байх учиртай шүү” гэсэнд Дай Юй, өвчнөө ч хайхралгүй, давхиж ирж булааж аваад, хайч шүүргэнгүүт цацгийг хайчлав. Ши Рэнь Зы Жюань хоёр булаагаад авчих хооронд хэдэн хэсэг болгоод хаячихав. Дай Юй уйлсаар: “Би ч бас хэрэггүй оролдчихжээ. Тэр юуны ойшоох ажээ. Энүүнд, үүнээс сайныг хийгээд өгөх хүн аяндаан байна” гэв. Ши Рэнь яаран хашийг авч: “Яаж байгаа юм бэ. Миний нэг илүү дуугарсаны алдаа болчихов уу” гэж асуув. Бао Юй, Дай Юйг хараад: “Чи хайчил аа хайчил. Би түүнийг зүүхгүй байсан ч хамаагүй” гэв.

Тэднийг ийн хэрэлдэж байхыг мэдсэн зарц эмгэд, Дай Юй бөөлжиж, Бао Юй хашаа хэмхэлж, тэр нь цааш юу болохыг мэдэхгүй ч, түүнд холбогдохгүйг хичээн санд мэнд их гэрт очиж Жя Мү Ван Фүрэнь нарт мэдүүлсэнд, тэд чухам юу болсныг мэдэхээр хүрч ирцгээв. Ши Рэнь сандрахдаа, Зы Жюаньд ундууцаж: “Юунд Лао тайтай болон тайтай нарт хэлэв” гэсэнд цаадах нь: “Чи л хэлээ биз” гэж хариу ундууцав. Жя Мү нар орж ирэхэд Бао Юй хар цагаан дуугүй сууна. Юу болов гэвэл юу ч болоогүй гэнэ. Тийм болохоор энэ хэргийг Ши Рэнь, Зы Жюань хоёрт тулгаж: “Та нар эднийг сайн хичээж асрахгүй. Одоо хэрэлдэж байхад нь ч хайхрахгүй байна” гэж тэднийг зэмлэн, харааж зүхэв. Хоёр шивэгчин хэлэх үггүй дуугүй сонсоно. Сүүлдээ Жя Мү Бао Юйг дагуулан харьсанаар сая хэрүүл намхрав.

Шинийн гурванд Шюэ Паний төрсөн өдөр тохиосон тул гэртээ найр бэлтгэн ший дуулуулахад Жя Фүгийн хүмүүс очицгоов. Бао Юй, Дай Юйг уурлуулснаас хойш уулзаагүй, дотроо гэмшиж их урамгүй байгаа учир юуны нь ший үзэх бодол байх вэ. Иймээс өвчин хэлж шалтаг гаргаад найрт очсонгүй. Дай Юй түрүү хэдэн өдөр уур бухимдалд автсанаас өөр өвчингүй боловч Бао Юйн очихгүйг сонсоод дотроо: “Тэр бол ший үзэж, архи уух дуртай хүн, найрт очихгүй гэх нь, өчигдрийн хэрүүлээс болоо биз. Эсвэл намайг очихгүй гэхээр, өөрөө очих сонирхолгүй болсон байх. Харин өчигдөр хашны цацаг хайчилдаг л тун буруу боллоо. Би дахин цацаг хийж хэлхэж өгөхгүй бол тэр дахиад зүүхгүй байх шүү” гэж бодоод дотроо ихэд гэмшив. Жя Мү, тэр хоёрын их ууртай байхыг үзсэн болохоор, ши үзэх далимаар хоёул уулзаасай гэж бодсон ажээ. Гэтэл хоёул очихгүй гэхээр машид ундууцаж:

-Миний энэ хөгшин толгой аль төрөлдөө хураасан нүгэл юм бол доо. Ийм учир явдал мэдэхгүй хоёр бяцхан өшөөтөнтэй учраад нэг өдөр ч санаа амар байх аргагүй боллоо. Энэ чинь, “Өшөөтэй хүн үүдэн дээр” гэгч болжээ. Хэзээ би нүд аньж, амьсгал хураах юм бол доо. Тэр цагт дураараа хэрэлдэгтүн. Би л нүдээр харахгүй зүрхээ өвтгөхгүй байвал боллоо. Тэгтэл энэ муу толгой далд орж өгөхгүйг яая даа гэж уйлан гашуудав. Жя Мүгийн энэ үг, өнөөх хоёрын чихийг цохихуйяа “Өшөөтэй хүн үүдэн дээр” гэдэг цэцэн үг хамгийн түрүүнд ой ухаанд нь буув.Тэр хоёр энэ үгийг урьд сонсоогүй байсан бөгөөд сая сонсоод бясалгал хийх мэт толгой бөхийж, энэ үгийн үнэр амтыг хичээнгүй амталж суусаар санамсаргүй нулимас асгав. Хэдийгээр тэр хоёр уулзаагүй ч нэг нь, Шяо Шян Гуаньд салхинд зогсож нулимас унагахуйд, нөгөөх нь, Хун Юаньд сарны зүг харж шүүрс алдан сууна. Энэ бол чухамдаа “Хүн нь хоёр газар байвч, сэтгэл нь нэгэн зүрхнээс үүснэ” гэгч болжээ.

Ши Рэнь, Бао Юйг ятган: “Энэ явдал цөм чиний буруу. Бага зарц нар, эгч, охин дүү нартай үг булаалдах буюу эсвэл эр эм хоёр маргалдвал, чи тэднийг ямагт тэнэг амьтан, охин хүний сэтгэлийг халамжилж чадахгүй байна гэж зэмлэдэг байсан мөртлөө одоо чи өөрөө юунд ийм ааш гаргадаг юм бэ. Маргааш шинийн таван болно. Баярын өдөр та хоёр бас ийнхүү өшөөтөн мэт явбал Лао тайтай улам уурлаж, олны сэтгэл амаргүй болгоно. Чи миний үгийг сонсож бай. Чи сайн гэмшиж, буруугаа хүлээвэл, бүгдээр урьдын адил явна. Тэгвэл хичнээн сайхан бэ” гэлээ. Бао Юй, энэ үгийг дагах эсэхийг мэдэхгүй. Хэрхсэнийг мэдье гэж дараах бүлгийг үзтүгэй!


Тайлбар:

  1. Хуучин заншлаар, баян ноёд өвдвөл, ядуу хүнийг өөрийн амины өмнөөс шатаах буюу нутгаас хөөх, бас сүм хийдэд суулгадаг байв. Үүнийг амин золио гэнэ.

  2. Ху Бань гэж хаанд бараалхахад барьж очдог бяцхан мод. “Гэр дүүрэн Ху Бань” гэдэг нь гэр хотлоороо түшмэл болов гэсэн үг. Ийм нэртэй ший бол Тан улсын Гуо Зыин “Долоон хөвгүүн найман хүргэнтэй насан хутгийг олж баян эрхэм жаргасан” гэх үлгэр юм.

  3. Тоён түлш-Үхэгсдийн хойноос шатаасан мөнгө.

  4. Хуучны заншилд, сүм хийд барих мэт их барилга эхлэх үед шороо хөндөх ёслол хийж газар лус тахина. Энд, бага явдалд нэгэнт их нэр мандуулсан тул нэгмөсөн ихээр үйлд гэсэн утгаар хэрэглэжээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж