“Аса” цирк дүүрэн үзэгчид барилдаан эхлэхээс цагийн өмнөөс суудлаа эзэлсэн байв. Бөхийн үзэгчид үнэнч, тууштай хүмүүс байдаг. Ямар ч барилдаан болсон “Бөхийн өргөө” бүрэн дүүрдэггүй юмаа гэхэд тогтмол талаас илүү үзэгчтэй байдаг нь үндэсний бөх Монголын хамгийн олон үзэгчтэй, тэр тусмаа үнэнч үзэгчтэй төрөл болохыг харуулдаг. Энэ удаа ч тэр циркийн үзэгчдийн суудал торох зүйлгүй дүүрчээ. Шилдэг 16 бөхийн барилдааныг шимтэн үзэх гэсэн эрчүүд голдуу үзэгчид нэг төрлийн спортын энтертайнмент гэж хэлж болох халз барилдааныг ямар зорилгоор зохион байгуулж байгаа талаар хараахан мэдээгүй байв.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан болон “Жудаг” групп, “Аваргууд” академи, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран хийсэн улсын цолтой шилдэг 16 хүчтэний халз барилдааны орлогыг бүхэлд нь бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Банзрагчийн Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулж байгааг зарлахад үзэгчид талархалтай хүлээн авсан юм.
Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 16 бөхийн нэр зарласан ч Э.Оюунболд арслан болон улсын заан Н.Жаргалбаяр нар бэртлийн улмаас барилдах боломжгүй болсныг урд өдөр нь дуулгасан юм. Гэхдээ үзэгчид үүнд нэг их дургүйцсэнгүй. Угаасаа заал танхимын барилдаанд тогтмол гардаггүй аварга, арслангуудаас илүү барилдаан алгасахгүй барилддаг, үнэн барилддаг, начин, харцага, заануудын барилдаан үзэгчдийн сонирхлыг татдаг болж чаджээ.
Зохион байгуулагчи Н.Жаргалбаярын зааны оронд улсын харцага Н.Батзаяаг сонгосон байв. Харин барилдахаа больсон Э.Оюунболд арслангийн оронд өрсөлдөх бөхийг үзэгчдийн саналаар заалнаас сонгохоор зохицуулж, барилдаан үзэхээр ирсэн аймгийн хурц арслан Н.Золбоог санал болгосон нь барилдааны сугалаа, өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосон юм.
Бөхчүүдийн оноолтыг эхлээд жүдо бөхийн сугалааны системтэй төстэй байдлаар хийсэн. Тусгай программаар явуулсан сугалаагаар бөхчүүд дараах байдлаар таарав.
Нэг давааны үнэлгээ 1 сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаж, давсан нь 3 сая төгрөгийн шагнал хүртэх дүрэмтэй байсан юм.
Нэгдүгээр тойргийн барилдаан
- Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Н.Золбоо
- Улсын харцага О.Хангай – Улсын харцага Б.Одгэрэл
- Улсын харцага М.Бадарч – Улсын начин Э.Энхбат
- Улсын заан Б.Батмөнх – Улсын начин Б.Амарзаяа
- Улсын арслан Р.Пүрэвдагва – Улсын заан Б.Пүрэвсайхан
- Улсын харцага Х.Гантулга – Улсын начин Ж.Чулуунбат
- Улсын начин Ч.Хөхчирэнгэр – Улсын харцага Т.Баасанхүү
- Улсын начин Э.Даш – Улсын харцага Н.Батзаяа
Хоёрдугаар тойрог
Оноолтын эхнээс давсан бөхчүүд, унасан бөхчүүд хоорондоо таарлаа.
- Улсын харцага Б.Бат-Өлзий – Улсын харцага О.Хангай
- Улсын харцага М.Бадарч – Улсын начин Б.Амарзаяа
- Улсын арслан Р.Пүрэвдагва – Улсын харцага Х.Гантулга
- Улсын харцага Т.Баасанхүү – Улсын начин Э.Даш
- Аймгийн арслан Н.Золбоо – Улсын харцага Б.Одгэрэл
- Улсын начин Э.Энхбат – Улсын заан Б.Батмөнх
- Улсын заан Б.Пүрэвсайхан – Улсын начин Ж.Чулуунбат
- Улсын начин Ч.Хөхчирэнгэр – Улсын харцага Н.Батзаяа
Гуравдугаар тойрог
Бөхчүүд цолны эрэмбээр өөрсдөө барилдах бөхөө сугалав.
- Улсын арслан Р.Пүрэвдагва – Улсын харцага Н.Батзаяа
- Улсын заан Б.Батмөнх – Улсын харцага Х.Гантулга
- Улсын заан Б.Пүрэвсайхан – Улсын начин Э.Даш
- Улсын харцага Т.Баасанхүү – Улсын харцага М.Бадарч
- Улсын харцага Б.Одгэрэл – Улсын харцага Б.Бат-Өлзий
- Улсын харцага О.Хангай – Улсын начин Ч.Хөхчирэнгэр
- Улсын начин Э.Энхбат – Улсын начин Б.Амарзаяа
- Улсын начин Ж.Чулуунбат – Аймгийн арслан Н.Золбоо
Ингээд гурван тойрог барилдахад Улсын харцага Т.Баасанхүү, Х.Гантулга, О.Хангай нар тус бүр гурван даваатай тэнцэж, энэ өдрийн барилдааны тэргүүн байр, нэмэлт гурван сая төгрөгийн төлөө тойрч барилдав. Шийдвэрлэх барилдаанд харцага О.Хангай хоёр өрсөлдөгчөө хоёуланг нь ялж тэргүүлсэн. Харин нөгөө хоёр бөхийн тухайд Х.Гантулга нэг давж, Т.Баасанхүү хоёр удаа өвдөг шороодсон. О.Хангай харцага ийн гурав давсны 3 сая, дээр нь нэмэлт барилдаанд ялж түрүүлсний 3 сая, нийт 6 сая төгрөгийн шагналын эзэн боллоо.
Халз барилдаанд их спортоор хичээллэдэг хоёр тамирчин сонгогдсон нь Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар байв.
Хоорондоо мөн гурван удаа халз барилдсан тэдний даваа бүрийг 1 сая төгрөгөөр үнэлсэн. Хамгийн үзүүштэй, хамгийн сонирхолтой барилдаан үзүүлсэн дэлхийн одууд анх удаа үндэсний бөхөөр хоорондоо таарч барилдсан нь энэ аж. Тэдний барилдаанд 2:1 харьцаагаар жүдоч Д.Төмөрхүлэг ялалт байгуулсан юм. Д.Төмөрхүлэг эхний барилдаанд ялсныхаа дараа ‘Хааяа чөлөөтийн зааланд бэлтгэл хийж, мэх заалгадаг. Бид хоёр үндэсний бөхөөр бол анх удаа барилдаж байна. Үнэхээр чанга юм байна. Үндэсний бөхөөр заалны барилдаанд хэчнээн том биетэй ч гэсэн зарим хүнийг хялбархан унагачихаад байдаг. Г.Мандахнаран ах шиг хийгүй барилддаг бөхийг үндэсний бөх ч байна уу, чөлөөт, жүдоч байна уу, аль алинаар нь давж ялна гэдэг амаргүй том даваа’ байна гэж ярилаа. Тэдний хоёр дахь барилдаанд Г.Мандахнаран ялж, даваа, унааны харьцааг тэнцүүлсэн ч гурав дахь өрсөлдөөнд Д.Төмөрхүлэг илүүрхсэн юм. Д.Төмөрхүлэг үндэсний бөхийн сумын заан цолыг хоёр жилийн өмнө хүртэж байжээ.
Барилдаанд оролцсон бөхчүүдийг давааны байны мөнгө 30 сая төгрөг байсан бөгөөд энэ өдөр барилдсан бүх бөхчүүд давааны үнэлгээнийхээ тал хувийг буюу 15 сая төгрөгийг чөлөөт бөхийн ОУХМ Х.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандивласныг дуулгахад таатай байна.
2006 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, Дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирч асан Б.Оюунсүрэн хүнд өвчнөөр өвдөж, БНСУ-д яаралтай мэс засалд орох болсонд их спортынхон нэгдэн, ийн халуун сэтгэлээ зориулж эхэллээ. Б.Оюунсүрэн энэ сарын 26-нд Өмнөд Солонгосыг зорьж, эмчилгээгээ эхлэх ажээ.
Б.БАЯСАХ