У.Хүрэлсүхийн энэ оны эхний сорилт шатахууны үнэ байх нь

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

У.Хүрэлсүхийн энэ оны эхний сорилт шатахууны үнэ байх нь

Монголын эдийн засгийн эмзэг цэгийн нэг бол шатахууны хангамж. Яагаад гэвэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэдэггүй, 100 хувь гаднаас импортлон авдаг.

Өнгөрсөн 2017 онд Монгол улсын Засгийн газар болон ОУВС-тай хамтран эхлүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн  татварыг нэмэгдүүлэхээр тохиролцсоны нэг нь импортын шатахууны Онцгой албан татварыг хоёр шатлалтайгаар нэмэгдүүлэхээр болсон. Энэ дагуу өнгөрсөн оны долдугаар сарын 31 болон арваннэгдүгээр сарын 30-нд тус тус нэмэгдүүлсэн. Энэхүү долоон төрлийн татварыг нэмсэн нь улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

Сүүлийн хоёр жил дэлхийн зах зээлд нефтийн үнэ харьцангуй хямд байснаа өнгөрсөн зунаас 30 хувиар нэмэгдэн, нэг баррель нь 70 ам.долларт хүрээд байна. Харин энэ мөчлөг дотоодод Онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлсэнтэй давхацсан бөгөөд үүнээс үүдэн түлш, шатахуун импортлогчид алдагдал хүлээх нөхцөл бий болоод байгаа юм. Шинэ татварын нэмэгдлээр тонн тутамд  90 хүртэл октантай автобензинд 190,000 төгрөг, 90 болон түүнээс дээш октантай автобензинд 210,000 төгрөг, дизелийн түлш 280,000 төгрөгөөр тус тус  нэмэгдсэн. Ингэснээр шатахуун импортлогчдын өөрсдийн мэдээлж байгаагаар литр тутамд 100-200 төгрөгийн алдагдал хүлээж эхэлжээ.

2018 он гарснаас хойших 20 хоногт шатахуун импортлогч компаниуд элдэв шалтгаар шатахууны литр тутмын үнийг хэлбэлзүүлж, зарим тохиолдолд худалдахгүй байгаа нь иргэдийг бухимдууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахууны үнэ нэмэгдэнэ гэж олон нийтэд зарласан хэр нь импортлогчдод үнээ нэмэхгүй байх шахалтыг үзүүлсэн. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав шатахууны үнэ нэмэгдсэнийг мэдээгүй гэсэн зөрүүтэй хариултыг өгсөн зэрэг нь амин чухал бүтээгдэхүүний үнийн асуудал дээр төр, хувийн хэвшлийнхэн зөрүүтэй байр суурьтай байгааг харууллаа.

Дэлхийн зах зээлийн үнэ өссөн хэвээр, мөн ам.долларын ханш буурахгүй бол шатахуун импортлогчид хавар гэхэд ихээхэн алдагдалд орох учраас алдагдлаа нөхөх хэмжээнд үнээ нэмэхийг зөвшөөрөх эс бөгөөс татаас өгөх саналыг тавьсан. Алдагдал нөхөх хэмжээнд үнийг өсгөвөл хэрэглэгчид туйлдана, төрөөс татаас өгвөл энэ оны төлөвлөсөн төсвийн орлого буурна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Шатахууны үнийн зөвлөл оролцогч талуудыг оролцуулан, хоёр өдөр хуралдсаны эцэст хэрэглэгчдийн хамгийн ихээр худалдан авдаг А80, АИ92 шатахууны үнийг нэмэхгүй байх, шатахууны Онцгой албан татварыг нэмсэн асуудлыг ирэх долоо хоногт Монголд ирэх ОУВС-гийн багийнхантай эргэн ярилцахаар болсон хэмээн Баасан гаригт мэдээлсэн. Харин АИ95, АИ98, Евро-5 зэрэг өндөр октантай шатахууны үнэ нэмэгдсэнийг хэвээр үлдээх юм.

Дэлхийн зах зээлийн ханш бага үед уялдуулан үнээ дотооддоо буулгаж байгаагүй байж энэ удаа үнээ өсгөснөө дэлхийн ханштай холбон тайлбарлаж байгаад хэрэглэгчид дургүйцэж байгаагаа ихээр илэрхийлж байна. Энэ ч үнэн юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээгээр шатахуун импортлох эрх бүхий 86 аж ахуйн нэгж байгаа гэсэн тоог өнгөрсөн долоо хоногт гарган тавьсан боловч дотоодын шатахууны нийлүүлэлтийн дийлэнхийг “Магнай трэйд”, “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Тэс петролеум” компаниуд хангаж байна. Үнэндээ шатахуун импортлогчид бол Монголын эдийн засаг дахь нөлөө бүхий том бүлэг юм. Эдний нөлөө уул уурхайн бүлгээс ч илүү. Уул уурхай, хөдөө аж ахуй, төрийн байгууллагагуудын шатахууны нийлүүлэлт /Батлан хамгаалах, иргэний нисэх, цагдаа гээд/ зөвхөн энэ хэдэн компаниар дамжин хийгдэж байна. Монгол даяар 1500 орчим шатахуун түгээх цэг байгаагийн 70 хувь мөн эдгээр компанийн мэдэлд байгаа.

Нефть боловсруулах жижиг оврын  үйлдвэр барьж, дотоодын газрын тосны нөөцөөр шатахууны хэрэгцээгээ хангах үлгэрийг монголчууд 20-иод жил зөвхөн ярьж, сонгууль болгоны өмнөх амттай сэдвийн нэг болоод замхардаг нь энэ бүлэгтэй холбоотой гэдгийг хэлдэг. Мөн шатахууны нийлүүлэлтийг зөвхөн ОХУ-аас хараат байлгахгүйн тулд өөр эх үүсвэр олох /Тухайлбал, Казахстан, Беларусаас нийлүүлэх оролдлого хийгдсэн, мөн Иранаас нийлүүлэх асуудал зөвхөн яриа хэлцээний түвшинд хийгдсэн, гэвч энэ хувилбар бүтэх магадлал бага/ оролдлогууд нэг биш удаа хийгдсэн ч тээвэрлэлт, ложистикийн хүнд нөхцөлөөс хамааран амжилттай болоогүй ч энэ бүлгийн лобби ч бас хамаатай. 2016 оны тоо баримтаар нефтийн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн 93.1 хувийг ОХУ-аас 4.6 хувийг БНСУ-аас, 1.9 хувийг БНХАУ-аас хийсэн байна. ОХУ-аас нийлүүлэх шатахууны нийлүүлэлтэд “Роснефть” компани монопол хэвээр байна. 2011 оноос “Газпром нефть” компани орж ирсэн яг автобензиний нийлүүлэлтэд эзлэх хувь бараг байхгүй, мазут, битумийн нийлүүлэлт хийж буй. Өөрөөр хэлбэл, манай шатахуун импортлогчид болон “Роснефть” компанийн хамтын ажиллагаа он удаан үргэлжилж байгаа. Одоо “Роснефть” компани Хөшигийн хөндийд баригдаж байгаа нисэх онгоцны шинэ буудлын түлшний нийлүүлэлтийг хийх чин хүсэлтэй байгаа.

Нефтийн бүтээгдэхүүний импортыг бүтцээр нь авч үзвэл 90-ээс дээш октантай автобензин 27 хувь, 90-ээс доош октантай автобензин дөрөв орчим хувь, дизель түлш 50 хувь, онгоцны түлш хоёр хувь, бусад буюу тос тосолгооны материал, мазут, хий 17 хувийг эзэлж байна. Үүнээс харахад нефть импортлогчдын гол ашигаа дизель түлшнээс авч байна. Нефть импортлогчид өргөн хэрэглээний шатахууны үнийг хөдөлгөсөн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, төрийг шахалтад оруулах гэсэн тактик. Харин Ерөнхий сайд төсвөө бодох уу, иргэдээ бодох уу гэсэн сонголтын өмнө ирлээ. Энэ сонголтыг зөв хийснээс түүний кабинетийн хувь заяа хамаарах болох нь. Улс төрийн хүрээнд ”Энэ засаг удахгүй” гэсэн мессеж аль хэдийн тарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж