АНУ: Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа түр зогслоо

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

АНУ: Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа түр зогслоо

АНУ: Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа түр зогслоо

АНУ-ын Конгресс төсвийн жилийн хугацаа дуусах эцсийн хугацаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 19-нөөс өмнө холбооны засаг захиргааны төсвийн санхүүжилтийг сунгах хуулийн төслийг баталж чадаагүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа хаагдахад хүрлээ. Холбооны засаг захиргааны төсвийн санхүүжилтийг ирэх хоёрдугаар сар хүртэл сунгах тухай хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын гишүүд дэмжсэн боловч Сенатын танхимд бүгд найрамдахчууд болон ардчилагчид санал нэгдэж чадаагүй юм. Сенатын танхим дахь Ардчилсан намын гишүүд тус улсад хууль бусаар цагаачилж очсон бичиг баримтгүй иргэдэд зориулсан “DACA”  хөтөлбөрийг зогсоосны хариуд ингэж “хариугаа авлаа’.

АНУ-ын засаг захиргаа  хаагдана гэдэг нь Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоно гэсэн үг. Шинэ төсөв батлагдаагүй учраас төрийн чухал шаардлагагүй үйлчилгээг хааж, зарим албан хаагчид цалингүй сул зогсох юм.

АНУ-ын засаг захиргаа өмнө нь ч бас хаагдаж байсан бөгөөд тухайн үед Конгресс сул зогссон төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох арга хэмжээ авч байжээ. Трампын засаг захиргаа ч мөн   дээрхтэй адил арга хэмжээ авна гэж албаны хүн баасан гаригт (2018.01.19) мэдээлсэн юм.

Трампын засаг захиргааны албан хаагчид баасан гаригт үүссэн нөхцөл байдлыг олж мэдсэн боловч албан ёсны мэдэгдлийг бямба гаригт хүлээж авчээ.

2013 оны аравдугаар сард АНУ-ын засаг захиргаа 16 хоног хаагдахад 800,000 орчим холбооны албан хаагчид сул зогссон байдаг аж. 

сөрөг тал

Олон улсын санхүүгийн үнэлгээний агентлаг “Standard and Poor’s” (S&P)-ийн эдийн засагч Бет Энн Бовино энэ тухайд “Засаг захиргаа хаагдах нь шууд болон шууд бус үр дагавар авчирна” хэмээжээ.

Шууд үр дагавар нь холбооны засаг захиргааны “Чухал шаардлагагүй” ангилалд багтсан 700,000 албан хаагч тодорхойгүй хугацаагаар ажилгүй болох асуудал юм.  Хэдийгээр өмнөх Засгийн газрын үед сул зогссон албан хаагчдад нөхөн төлбөр олгож байсан ч энэ удаа тэдэнд нөхөн төлбөр олгох баталгаа байхгүй гэгдэж байна. Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон энэ цаг хугацааг буцаах боломжгүй нь хамгийн ноцтой үр дагавар гэж эдийн засагчид үзэж байна. 

АНУ-ын жирийн иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Жирийн америк иргэдэд нөлөөлөх нь бага. Харин үндэсний цэцэрлэгт хүрээлэн, музей, дурсгалт газрууд хаагдаж, виз, паспорт олгох үйлчилгээ зогсоно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд хаалгаа барьж, олон нийтэд үйлчлэхгүй учраас аялал жуулчлалд ч бас нөлөөлнө. Шууд бус үр дагавар нь Холбооны Засгийн газрын гэрээт үйлчлүүлэгчдэд нөлөөлөх бөгөөд 2018 оны санхүүгийн жилийн 43 тэрбум ам.долларын гэрээний төлбөр төлөлт хойшлогдох ажээ.

Холбооны төсвийн санхүүжилтийн шинэ хуулийн төсөл батлагдахаас нааш АНУ-ын засаг захиргаа гэрээт хамтрагчиддаа нэг ч ам.доллар төлөх боломжгүй гэнэ.

Зайлшгүй шаардлагатай үйлчилгээнд аль салбар багтах вэ?

Үүнд хууль сахиулах, цэрэг арим болон нислэгийн удирдлагын төв зэрэг үндэсний аюулгүй байдал, дотоодын аюулаас хамгаалах салбарууд багтаж буй ажээ. Холбооны Засгийн газрын санхүүжилттэй армийн ахмад дайчдын эмнэлэг, нийгмийн эмзэг бүлгийн өрхүүдэд зориулсан хүнсний хөтөлбөр зогсоно. 

Харин хууль бус цагаачдад зориулсан нийгмийн халамж үйлчилгээний “DACA” хөтөлбөрийг зогсоох эсэхийг хэлэлцэж буй холбооны шүүхийн албан хаагчид ажлаа үргэлжлүүлэх хийх юм байна.

хэр удаан үргэлжлэх вэ?

2013 онд АНУ-ын засаг захиргаа хаагдсан нь бүгд найрамдахчууд болон ардчилагчид ерөнхийлөгч асан Барак Обамагийн “Obamacare” хэмээн алдаршсан эрүүл мэндийн шинэчлэлийн бодлого, өрийн таазыг нэмэгдүүлэх асуудал дээр санал зөрөлдсөнөөс үүссэн билээ.

1995 оны арванхоёрдугаар сард бүгд найрамдахчууд, ардчилагчид өндөр настнуудын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтын асуудлаар санал зөрөлдсөний улмаас АНУ-ын засаг захиргаа 27 хоног хаагдсан. Харин 1996 оноос өмнө ийм явдал тохиолдох нь ховор байсан юм.

эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

2013 онд АНУ-ын засаг захиргаа 16 хоног хаагдахад эдийн засагт 24 тэрбум ам.долларын хохирол учирсныг “S&P” олон улсын үнэлгээний агентлагийн судалгаа харуулсан. Харин одоо АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссоноор эдийн засагт учрах хохирлын хэмжээ нэг долоо хоногт зургаан тэрбум ам.доллар хавьцаа байх болно гэж тус агентлаг тооцоолжээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж