Улаан асрын зүүд (28-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (28-р бүлэг)

Улаан асрын зүүд (28-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.



Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Хорин наймдугаар бүлэг

ЖЯН ЮЙ ХАНЬ СЭТГЭЛ БОЛГОН ӨМДНИЙ ТЭЛЭЭГЭЭ БЭЛЭГЛЭЖ, ШЮЭ БАО ЧАЙ ИЧИЖ УЛАЙСААР УЛААН ЗАНДАН ЭРХИ ЗҮҮВ

Өгүүлэх нь: Линь Дай Юй өчигдөр үдэш, Чин Вэнь үүд нээж өгөөгүйг Бао Юйтэй холбон сэжиглэв. Маргааш нь цэцэг тахих өдөр тохиолдсон тул цээж дүүрэн уураа гаргаагүйн дээр бас урьхан хаврын улирч өнгөрөхөд сэтгэл уярч зулгарсан цэцэг навчийг булахдаа, цэцэгнээс ургуулан өөрийн хувь заяагаа холбож бодоод тэсэлгүй уйлж хэдэн бадаг шүлэг бичсэн ажээ. Гэтэл уулын хажууд байсан Бао Юй олж сонсоод анхандаа толгой дохиж, шүүрс алдах төдий байснаа сүүлдээ “Намайг цэцэг булж оршуулахад хүн тэнэг гэнэ. Намайг үхсэн цагт хэн оршуулна вэ. Урин хавар эцэслэж, улаан царай шарласан цагт, улбарсан цэцэг, улирсан биеийг хэн ч мэдэхгүй” гэх мэт мөрүүдийг сонсоод, тэндээ үхэтхийн унаж, хормойлсон цэцгүүдээ газраар нэг асгав.

Алаг цэцэг, тунгалаг саран мэт Линь Дай Юй, ор мөргүй арилах юм уу гэж бодохоос зүрх нь шимшрэн, элэг нь эмтэрч байх суух аргагүй болов. Тэрбээр үгүй болбол Бао Чай, Шян Лин, Ши Рэнь нар болон бусад хүмүүс бас мөр сүүдэргүй оронд туугдах уу. Бао Чай эд нар алга болоход би гэгч хаана байх юм бэ. Өөрийгөө хаана байж, хаашаа одохыг мэдэхгүй бол энэ газар, энэ хүрээлэн, энэ уд, бургас мод, энэ цэцэг навч хаа байх, хүмүүс хэн болохыг хэн мэдэх вэ. Тийнхүү нэгээс хоёр, хоёроос гурав хэмээн эргүүлэн урвуулан бодсоор энэ цаг, энэ үеийн бөөн эмгэнэл гашуудлыг тайлбарлахуйяа бэрх болой.

Энэ нь чухамдаа
Цэцгийн сүүдэр биеэс салахгүй
Шувууны дуун чихнээс холдохгүй… гэсэн үг ажээ.
Дай Юй эмгэнэн гашуудсаар байтал гэнэт уулын тэндээс бас гашуудах дуун гарахыг сонсоод дотроо: “Намайг тойрсон хүмүүс өвчтэй гэж шоолдог. Өөр бас өвчтөн байгаа юм байна” гэж бодсоор яваад эргэн харвал тэр нь Бао Юй байхыг хараад газарт нулимж, пэй, хэн юм бол гэж бодсон чинь, энэ муу хар доторт, зуурдаар тонилсон… гэснээ амаа барьж, уртаар шүүрс алдаад цааш одов.

Тэгэхэд Бао Юй уяран уйлж байснаа түүний явчихсаныг мэдээд урамгүй болж гонсойсоор хувцасныхаа шороо тоосыг гөвөөд, уулнаас бууж, хуучин замаар хүрээлэндээ буцаж явтал Дай Юй өмнөө явж байхыг харав. Тэгээд санд мэнд гүйж очоод: “Чи түр зогсож бай. Намайг тоодоггүйг чинь би мэднэ. Би ганцхан үг хэлье. Тэгээд л тус тусынхаа замыг хөөнө” гэсэнд цаадах нь: “Хэл, хэл” гэв. Бао Юй инээгээд: “Би ганц гэсэн. Чи хоёрыг хэлсэн ч сонсоно биз” гэж асуусанд Дай Юй эргээд явчихав. Бао Юй шүүрс алдан:
-Өнөөдөр ийм болохыг чинь мэдсэн бол тэр үед хэрэг ч гүй… гэсэнд Дай Юй зогсож, эргэж хараад:
-Тэр үед яасан юм бэ? Өнөөдөр бас юу болов гэсэнд:
-Авхайг сая ирэхэд би хань болж наадах байсан бишүү. Би хэдий хайртай юмаа ч, авхайг авна гэвэл өгч байсан. Миний аль дуртай идээг авхай дуртай гэвэл тавиад ирэхийг нь хүлээдэг байсан. Нэг ширээнд суун идэж ууж, нэг орон дээр унтаж байлаа. Зарц охидын бодож олохгүй зүйлд авхайг уурлуузай гэж тэдний өмнөөс ч санаачилж байлаа. Тэр үед би, эгч дүү нар багаас хамт өссөн тул эвтэй найртай сайхан явбал сая бусдаас сайн гэж бодлоо. Гэтэл одоо авхайгийн бие ч том болж сэтгэл ч өсөөд намайг нэг нүдээр харахгүй, тоож үзэх ч үгүй, хэд хоногоор уулзах ч үгүй. Харин өөр бусад Бао эгч, Пин эгчийг илүү үзнэ гэж яаж санах вэ. Би төрсөн ах, эгч, дүү ч үгүй… хэдий нэг хоёр байвч эх өөртэйг чи мэдэхгүй юу. Би бол чамтай адил хүний ганц үр болохоор чиний сэтгэлийг минийхтэй адил гэж боддог юм. Гэтэл дэмий санаа юугаа зовооно гэж мэдсэнгүй. Үнэхээр сэтгэлийн гомдол юугаа хэлэх газаргүй боллоо гээд уйлж эхлэв. Дай Юй түүнийг сонсож, сэтгэлийг нь ойлгоод эрхгүй уярч, нулимс унаган дув дуугүй доош харан зогсоно. Бао Юй энэ байдлыг хараад:
-Би ч энэ орчим барагтай байхаа мэдэж байна. Гэвч муу байсан ч дүү охин чиний өмнө буруутай явах зориг надад огтхон ч алга. Хичээсээр мөртөө л би осол гаргаад байдаг. Түүнийг минь зэмлэж цээрлүүлж болно. Харааж, зодсон ч болно. Би огт гомдохгүй. Намайг тоохгүй байх чинь л хэцүү байна. Үүний учир ухааныг би олохгүй байна. Сүнс сүлдээ алдсан мэт яахын ч аргагүй боллоо. Энэ мэтийг бодохоор, үхсэн хойно сүнс минь зуурдаар тэнэх байх. Хэдий хувилгаан богдод наманчилсан ч тусыг олохгүй байх гэж бодох боллоо. Ганцхан чи л учир шалтгааныг нь хэлж өгвөл би сая сайн төрлөө олж чадна гэж боддог гэж хэлэв. Дай Юй, энэ үгийг сонсоод өчигдөр үдшийн явдлыг ор тас мартав.

-Намайг үдэш очиход, яагаад тэр охидоороо үүдээ онгойлгуулаагүй юм бэ.
-Би яаж мэдэх юм бэ.
-Чи тэгээд юун үхэх, сэхэх муу ёрын юм яриад байна. Байвал байгаагаа хэлээд, оруулахгүй бол үгүйгээ хэлбэл боллоо шүү дээ.
-Чиний ирснийг үнэхээр мэдээгүй. Ганцхан Бао Чай эгч л жаахан сууж байгаад явсан даа.
-Тийм байхаа. Зарц охид чинь залхуу нь хүрээд эвгүй аашилсан ч байж болноо.
-Тэгж бодъё. Би хариад хэн болохыг нь мэдээд сайн хэлж өгье.
-Чи тэдэндээ сургаж хэлж болно. Ёсондоо, миний заах зүйл биш. Өнөөдөр намайг гомдоох ч гайгүй. Маргааш Бао авхай гэтэл Бэй авхайг1 гомдоовол их юм болно доо.

Энэ үгнээс болж хоёул зэрэг хөхрөв. Тэднийг ийн ярилцаж байтал охид ирж: “Хоолоо зоогло” гэсэн учир тийш явцгаав. Ван Фүрэнь Дай Юйг хараад: “Охин минь чи, тэр Бао отчийн эмийг уугаад засарч байна уу” гэж асуусанд цаадах нь: “Дэмий сайн мэдэгдэхгүй байна. Лао тайтай намайг бас Ван эмчээс эм уу гэсээн” гэв. Бао Юй, “Тайтай та мэдэхгүй байна. Линь дүүгийн өвчин бол дотоод гэм, төрөлхийн сул дорой тул жоохон хүйтэн сэрүүнийг ч даахгүй. Нэг хоёр уух тан амийг чанаж уугаад сэрүүнийг нь дарсан хойно үрэл эм уувал сайн болно” гэсэнд Ван Фүрэнь: “Нээрэн, уржигдар эмч нэг үрлийн нэр хэлж байсан юм. Би түүний нэрийг мартжээ” гэв. Бао Юй:
-Би түүнийг чинь мэднэ. Лав орхоодойн үрэл байгаа гэсэнд Ван Фүрэнь:
-Биш, биш гэсэнд Бао Юй:
-Оюун билгийг сайжруулдаг дан гүн үрэл, аргыг сайжруулдаг дан гүн үрэл буюу Май Вэйди хуан үрэл ч гэж бий гэв. Ван Фүрэнь:
-Наадуул чинь, цөм бишээ. Би ганцхан аръяабал гэсэн үг үсэг байсныг санаж байна гэсэнд Бао Юй алгаа ташин:
-Би аръяабалын үрэл гэж ерөөсөө сонсоогүй. Аръяабалын үрэл гэж байх юм бол аяндаа бодьсадваагийн үрэл гэж бас байх болно гэсэнд хүмүүс хөхрөлдөв.

Бао Чай амаа даран хөхөрч байснаа: “Бараг Тянь ван бүшинь дань үрэл байхаа” гэсэнд Ван Фүрэнь инээж: “Наадах чинь мөн. Би ер нь зөнөж байна” гэхэд нь Бао Юй: “Та зөнөөгүй. Харин аръяабал бодьсадва л таныг зөнүүлэх гээд байна” гэсэнд Ван Фүрэнь: “Аавдаа зодуулахыг хүсээд байна уу” гэж асуувал цаадах нь: “Энэ явдлын хувьд бол эцэг намайг зодохгүй… гэв. Ван Фүрэнь:
-Ийм эмүүд байгаа юм бол маргааш авчирч уулга гэсэнд Бао Юй:
-Наадуул чинь цөмөөр тус болохгүй. Та надад гурван зуун жаран лан мөнгө өгвөл охин дүүд би нэг хөлөг эм найруулж өгье. Нэг хөлөг эм ууж байж сайжирна шүү гэв. Ван Фүрэнь:
-Битгий унгас алдаад байгаарай. Ямар эм болоод тийм их үнэтэй байдаг юм бэ гэж асуусанд Бао Юй инээж: 
-Үнэндээ тийм юм. Миний жор бусдынхтай адилгүй. Эмийн маань нэр ч хачин. Нэг цагт тодорхойлохуйяа бэрх. Жишээ нь анх төрсөн эхийн хойтох, хүн орхоодой, гурван зуун жаран лан бүүс, яст мэлхий, их бун эн, мянган оны нарсны шим гэх зэрэг. Энэ бол цөм энгийн эмд багтана. Түрүүчийн эмүүдийг хэлбэл хүн их цочно. Уржнан Шюэ Пань ах намайг хоёр жил шахам гуйсны дараа би энэ жороо түүнд өгсөн. Тэрбээр энэ жорыг аваад хоёр гурван жил хөөцөлдсөөр бас мянгаад лан мөнгөө сүйтгээд сая найруулж бүтээсэн юм. Та итгэхгүй байгаа бол Бао Чай эгчээс асуугаатах гэв. Бао Чай гараа сэгсрээд:
-Би мэдэх байтугай ерөөсөө сонссонгүй. Та түүний үгийг итгэх хэрэггүй гэхэд Ван Фүрэнь:
-Бао Чай бол сайн охин, худал хэлэхгүй гэв. Бао Юй тэнд зогсоод алгаа нэг ташсанаа:
-Чи үнэнийг хэлж байхад худлаа гэж байгаа юм уу гээд эргэж харвал Дай Юй, Бао Чайн ард суугаад жуумалзан инээсээр хуруугаар хацраа оролдож ямар нэг юм зурсхийж түүнийг элэглэнэ. Фөн Же, дотор өрөөнд ширээ засуулж байхдаа тэдний яриаг сонсоод:
-Бао Юй дүүгийнх худал бишээ, үнэн. Урьд Шюэ ах ирж надаас сувд гуйхад нь би “Юу гэнээ” гэсэнд “Эм найруулна” гээд, ийм яршигтайг нь мэдсэн бол найруулдаггүй л байж гэлээ. “Та ямар эм найруулах нь вэ” гэсэнд Бао Юй дүүгийн хэлсэн жор гэсээн. Тэгээд тэр” “Эс тийм бол хэдэн ширхэг сувд худалдаж авах байсан. Гэтэл тэр нь толгойд зүүж байсан байх ёстой юм гэнэ. Тийм болоод л чамаас гуйж байна” гэсэн шүү. Бас сул сувдгүй бол зүүж байгаагаасаа аваад өгч болно гэсэн. Сүүлд би сайныг сонгож аваад хэлхэж авчирч өгнө гэж байсан. Тэгээд би хоёр мөчир сувдан цэцгээ мулталж авч өгсөн. Бас гурван тохой урт хэрэглэж байсан улаан шар торгыг авч сүү хийдэг чулуун ваарт талхдаж байсан гэж хэлэв. Фөн Же нэг үг хэлбэл Бао Юй нэг удаа маани уншина. Түүнийг ярьж дууссаны дараа Бао Юй: “Эжий та юу бодож байна вэ. Бас аргалах гэж байгаа даа. Чухам жорын ёсоор бол тэрхүү сувд тана зэргийг хуучин хүүрээс олох хэрэгтэй. Эртний баячуулын онгоны засал чимэг бол бүр сайн болно. Үүний төлөө хэн, хүүр ухаж суух вэ дээ. Ийм болохоор амьд хүний зүүж яваагаар орлуулахаас яахав” гэсэнд Ван Фүрэнь, бурхан минь, нүглээ нүгэл. Саяны хүүр байсан ч, үхээд хэдэн зуун жил болсон хүнийх ч гэсэн, хүүр ухаж хийсэн эм яаж тус болох вэ гэж халаглав.

Бао Юй, Дай Юй рүү хандаж:
-За чи сонсов уу. Фөн Же эгч намайг дагаж худал хэлэхгүй байхаа гээд Бао Чай руу харав. Дай Юй, Ван Фүрэнийг татаж:
-Нагац ээж сонсогтун. Бао Чай эгч худал хэлэхгүй болохоор харин ганцхан надаас асууж байна гэсэнд нагац ээж нь:
-Бао Юй охин дүүгээ сайхан номгочилж байна гэв. Бао Юй:
-Ээж та энэ учрыг мэдэхгүй байна. Бао Чай эгч уг нь гэртээ сууж байсан тул “Шюэ их ахын явдлыг мэдэх ч үгүй. Одоо дотор сууж байгаа болохоор бүр мэдэх аргагүй. Линь охин дүү сая хүний ард суугаад намайг худал хэллээ гээд элэглэж байсан гэв.
Тэднийг ийн ярьж шуугиж байтал Жя Мүгийн гэрийн инж, Бао Юй, Дай Юй хоёрыг хоол идүүлэх гэж дуудаж ирэв. Дай Юй, Бао Юйг дуудсан ч үгүй инж охиныг дагаад гарав. Охин:
-Бао Эреэг хүлээж хамт явъя гэсэнд цаадах нь:
-Бао Юй хоол идэхгүй. Идсэн ч бидэнтэй явахгүй. Хоёул түрүүлээд явъя гээд цааш явав. Бао Юй:
-Энэ удаа тайтайтайгаа хамт хоол иднээ гэсэнд Ван Фүрэнь:
-Чи байз гэнэ. Би өнөөдөр цагаан хоолтой шүү. Чи тэнд очиж хоол идсэн дээр бишүү гэсэнд Бао Юй:
-Би бас цагаан хоол иднээ гээд ширээнд очиж суув.

Тэгээд Ван Фүрэнь, Бао Чай нарын зүг хандаж, та нар юу идэхээ өөрсдөө мэд. Би ч өөрийгөө мэдье гэсэнд Бао Чай:
-Чи тэнд л очиж хоол идэх ёстой доо. Идэхгүй ч гэсэн Линь охин дүүд хань болж очих байсан. Тэр одоо их эвгүй байгаа. Чи зөрүүдэлж яах нь вэ гэв. Бао Юй:
-Түүнийг ойшоох гээд яахав. Тэгж байгаад зүгээр болноо гэснээ, шалавхан хоолоо идээд нэгд Жя Мүгийн сэтгэл зовох вэ. Хоёрт, Дай Юйг санагалзан, яаруу сандруухан амаа зайлчихаад явах байдалтай болоход нь, Тань Чүнь, Ши Чүнь хоёр инээж: 
-Хоёрдугаар ах та өдөржин сандраад, идэж уухдаа хүртэл ингэж яарч яана даа гэсэнд Бао Чай тосож аваад:
-Хурдхан шиг Линь охин дүүг үзэхээр оч. Энд үймүүлж юугаа хийх вэ гэв.

Бао Юй даруйхан гарч шууд баруун хүрээнд очих зуураа Фөн Жегийн хүрээний өмнө очвол тэрбээр үүдний босго дөрөөлөн шивүүрээр шүдээ шивж, арваад зарц хүүхэд цэцгийн пэнс янзлахыг харж зогсоно. Бао Юйг хараад инээн: “Чиний ирсэн их сайн боллоо. Ороод надад хэдэн үг бичээд аль” гэсэнд Бао Юй аргагүй дагаж оров. Даруй бийр, бэх, цаас авчруулаад Фөн Же, Бао Юйд:
-Улаан торго дөчин толгой, луун цэцэгтэй торго дөчин толгой, өнгө бүрийн дээд сайн хив торго зуун толгой, алтан сондор дөрөв гэсэнд Бао Юй:
-За юу гэгч болох нь энэ вэ, данс ч биш, бэлэг ч биш юмыг яаж бичдэг юм бэ гэсэнд эгч нь:
-Чи дуугүй л бичээд бай. Би л мэдвэл боллоо гэсэнд Бао Юй аргагүйдэн юу л хэлснийг нь бичээд байв. Фөн Же бичүүлсэнээ авахдаа инээж: 
-Бас нэг юм хэлье. Болох эсэхийг мэдэхгүй. Чиний гэрт байгаа Шяо Хун охиныг би авчирч зарах санаатай. Би маргааш нэгийг шилээд чамд өгье, болох уу гэж асуув.

-Миний гэрт зарах хүн олон байна. Эгч та аль дуртайгаа дуудаад зарж болно. Надаас асуух хэрэг байхгүй гэж Бао Юй хариулав. Фөн Же инээж: 
-За тийм бол би хүн явуулж, түүнийг авчруулах уу гэхэд нь Бао Юй: “Авчруул авчруул” гээд явахыг завдав.
-Байз, би нэг үг хэлье гэсэнд Бао Юй:
-Лао тайтай дуудаад байна, би буцаж ирээд мэдье гэж хэлээд яаран явж Жя Мүгийнд хүрч очив. Тэд хоолоо идчихсэн байв. Жя Мү:
-За эхтэйгээ ямар сайхан хоол идэв гэж асуухад нь:
-Тийм сайхан хоол ч биш юмаа. Тэгэхдээ би нэг аяга илүү идсэн гээд Бао Юй, Линь охин дүү хаачив гэж асуув. Жя Мү:
-Дотор өрөөндөө байгаа гэв.

Бао Юйг Линь дүүгийндээ ороход нэг зарц охин, илүүр халааж, ханзан дээр хоёр охин шугам татаж, Дай Юй дорогш бөхийн ямар нэг юм эсгэж байв. Бао Юй инээн:
-Ээ, юу гэгч хийж байгаа нь энэ вэ. Дөнгөж хоол идэж ирээд ингэж их бөхийхөд толгой чинь өвдөнө шүү гэсэнд Дай Юй тоосон янзгүй нэг юм эсгэсээр л байв. Нэгэн зарц охин:
-Тэр хэсэг дурданы булан нь тэгшгүй юм. Дахиад нэг илүүрдэх үү гэсэнд Дай Юй хайчаа тавиад:
-За тэр яахав, тэгсгээд зүгээр болно биз гэв. Энэ үгийг сонсоод Бао Юй гайхав. Энэ үед Бао Чай, Тань Чүнь нар ирэв. Бао Чай: “За дүү охин минь юу хийж байна вэ” гээд Дай Юйн хайч бариад юм эсгэх гэж байгаа гарыг нь хараад:
-Чадаж байна, уран эсгэж. Овоо сурсан байна гэсэнд Дай Юй урамшсан янзтай инээсэн боловч: “Худал хэлж, бусдыг төөрөлдүүлэх гэж байна” гэв. Бао Чай:
-За тэгвэл би чамд нэг шог хэлье. Түрүүнд, тэр эмийн учрыг мэдэхгүй гэсэнд Бао Юй таагүй болов гэсэнд Дай Юй:
-Түүнийг ойшоож юү хийнэ. Баахан байвал зүгээр болноо гэсэнд Бао Юй, Бао Чайд хандаж:
-Лао тайтай даалуу тоглох гээд гар дутаж байна. Чи очиж тогло гэсэнд цаадах нь: “Би даалуу тоглох гэж ирсэн юмаа” гэв. Дай Юй:
-Чи бас явагтүн. Энд байвал чамайг бар иднэ шүү гэж Бао Юйд хэлээд юмаа эсгэж эхлэв. Түүний тоохгүй байгааг хараад Бао Юй инээмсэглэн:
-Чи бас тэнд очиж жаахан зугаацаж байгаад ирээд юм хийхэд оройтохгүй шүү дээ гэсэнд цаадах нь үл тоон үйлээ хийж эхлэхэд нь Бао Юй зарц охиноос: “Үүнийг хэн хийлгэж байгаа юм бэ” гэж асуув. Дай Юй:
-Хэн ч хийлгэж байлаа гэсэн, Эр Еэ танд хамаатай юм биш шүү гэв. Бао Юй үг хэлэх гэтэл хүн ирж “Таныг гадаа хүн залж байна” гэсэнд тэрбээр яаран гарав. Дай Юй хойноос нь: “Бурхан минь, буцаад ирэхэд чинь би үхсэн байвал сайн сан” гэж хэлэв. Бао Юйг гарч очиход Бэй Минь: “Пөн даяа залж байна” гэв. Түүнийг сонсуут, өчигдрийн явдал санаанд нь ороод: “Алив хувцас авчир” гээд бичгийн гэр рүүгээ оров. Бэй Мин шууд яваад дотор хаалганд хүртэл нэг эмгэн гарч ирэв. Түүнд: “Бао Эреэ гадагш гарах гээд бичгийн гэрт хувцсаа хүлээж байна. Та дотогш хэл өгнө үү” гэсэнд эмгэн түй хэмээн тургиж: “Битгий унгас алдагтүн. Бао Юй одоо хүрээндээ, дагалдагсад нь ч тэнд байхад чи юү хэлнэ вэ. Юуны хувцас” гэв. Бэй Мин инээвхийлж:
-Таны хараах зөв өө. Би мунхарчихаж гээд эргэж зүүн талын дотор хаалганд хүрвэл зарц охин бөмбөг тоглож байв. Түүнд учраа хэлбэл, тэр хүүхэд эргэж гүйгээд нэг баглаа юм тэврэн гарч ирээд гардуулсанд Бэй Мин яаран гүйв. Бао Юй яаран хувцсаа сольж, морио эмээллүүлээд дөрвөн зарц дагуулан мордов. Шууд яваад Пөн Зыингийн үүдэнд очсонд тэрбээр тосон гарч ирэв. Энэ үед Шюэ Пань ирээд хүлээж байв. Бас хэдэн дуучин хүүхэд, нэрт дуучин Жян Юйхань Жинь Шян Юань хүрээлэнгийн янхан охин Юнь Эр нар ирчихсэн байв. Бүгдээр ёслон золгоод цай ууцгаав. Бао Юй аягатай цайгаа барьсан чигтээ инээж: 
-Уржигдарын хэлсэн “Золтой, золгүй хоёрын” тухай би өдөржин шөнөжин бодолхийлж, өнөөдөр дуудахыг сонсмогц ирлээ гэсэнд Пөн Зыин инээж: 
-Таны бүл ах дүүгийн сэтгэл үнэхээр үнэнч юм. Уржигдар би зөвхөн арга гаргасан төдий юм. Үнэндээ бол та нарыг урьж хэдэн хундага уулгая гэсэн юм. Таныг цааргалуузай гэж бодоод тэр үгийг хэлсэн юм. Цөм итгэнэ гэж ер санасангүй гэсэнд бүгд хөхрөлдөв. Тийнхүү ширээ засаж зэрэг дэвээр нь суулгав. Пөн Зыин, дуучин хүүхдээр архи хундагалуулан, бас Юнь Эрд гурван хундага архи бариулав.
Шюэ Пань гурван хундага архи уугаад сэтгэл нь хөөрч Юнь Эрийн гараас барьж инээн: “Чи тэр хамгийн сайхан дуугаа надад нэг дуулж өгөгтүн. Би нэг ваар архи ууя, ямар вэ” гэсэнд Юнь Эр арга буюу ятга дэлдэж дуулав.
Хонгор насны янагийн сэтгэл
Хоногийн зүүдэнд хэзээд хоёул
Хоёр биеийн төрснийг хэлбэл
Хуар цэцгээс юуны өөр
Үдэш оройн цагаар хашаанд
Үгээ хэлэлцэн болзсон билээ
Санасан сэтгэл сааргүй гүйцтэл
Санамсаргүй баригдаад өгөв.
Албан яам, өчиг тулгавч
Ам алдана гэж бүү санагтүн гэж дуулж дуусаад инээн: “За чи одоо ваараар уугтун” гэсэнд Шюэ Пань:
-Энэ чинь, нэг вааранд хүрэхгүй. Дахиад улам сайхныг дуултугай гэв. Бао Юй инээж: 
-Энэ мэт учиргүй уувал согтоход амархан бөгөөд амт шимт ч үгүй болно. Би урьдаар нэг хундага уугаад нэг шинэ журам гаргая. Үл дагагсдыг дараагаар арван их хундагаар торгоод, суудлаас нь хөөн зайлуулж архи нэрүүлсүгэй гэсэнд Фэн Зи ин, Жиян Юйхань нар” “Зүйтэй, зүйтэй” гэв. 
Бао Юй их хундагаар архи өргөн хөнтрөөд “Одоо гаслан, зовлон, баяр, цэнгэл хэмээх дөрвөн үгийг охин хүнтэй холбож бас энэ дөрвөн үгийн учир шалтгааныг тодорхойлоод хундагаа хөнтрөхдөө архи уухын өмнө шинэ дуу нэгийг дуулан, архи уусныхаа дараа найрын хүмүүсийг гайхтал эртний шүлэг буюу дуулал “Дөрвөн бичиг”, Таван номын “Зүйр цэцэн үгнээс нэг бадаг авсугай” гэж хэлэв. Шюэ Пань яаран босож: “Би орохгүй. Намайг бодох хэрэггүй. Надаар доог хийх гэж байна” гэж татгалзсанд Юнь Эр босож түүнийг татан суулгаад инээн: “Чи өдөр болгон архи уудаг байж айх юун. Надад бас хүрэхгүй юү. Би ч өөрийнхөө ээлж дээр хэлмээр л байна. Зөв хэлбэл л болно. Буруу юм хэлбэл хэдэн хундагаар торгуулахад яадаг юм бэ. Согтоод үхтэл ч хэзээ вэ. Чи тэгээд дүрэм зөрчиж арван их хундага уугаад архи нэрэх санаатай байгаа юм уу” гэсэнд бусад нь алга ташиж: “Зүйтэй, зүйтэй” гэцгээв. Шюэ Пань аргагүйдэн суудалдаа суув. Бао Юй:
-Охины гаслан нь залуу насаа дуустал хоосон гэрийг сахина. Охины зовлон нь, зэрэг хэргэмийн төлөө нөхрөө хол явуулна. Охины баяр нь, өглөө босож, өнгө үзэсгэлэнгээ толинд үзнэ. Охины цэнгэл нь, нимгэн цамцтай өндөр дүүжингээр дэрвэн ниснэ гэсэнд цөмөөр: “Сайхан, сайхан” гэцгээнэ. Ганцхан Шюэ Пань л толгой сэгсэрч: “Тусгүй, тусгүй торгох хэрэгтэй” гэв. Цаадуул нь зэргээр: “Яалаа гэж торгох юм бэ” гэж асуусанд Шюэ Пань:
-Би сонсоод юу ч ойлгосонгүй. Яагаад торгодоггүй юм бэ гэсэнд Юнь Эр түүнийг нэг чимхэж аваад, инээн:
-Чи дуугүй, өөрийнхийгөө бодож бай. Мөд чамд ирнэ. Хэлж чадахгүй бол торгуулна шүү гэв. Ятга чавхдаж Бао Юй дуулж эхлэв.
Тасаршгүй бөмбөрөгч мөрөөдлийн цуст нулимс улаан буурцаг бутрах мэт
Зулгарашгүй дэлгэрэгч хаврын цэцэг навч охины байраар дүүрнэ
Нойргүй хэвтэхүйеэ, салхи бороо, цонхны хөшиг дэлдэх дууны уйтгараа
Мартагдашгүй, шинэ зовнил хийгээд хуучин гунилаа
Залгихад ордоггүй идээн ундаан хоолой дээр зангирахыг яах вэ
Өгүүлээд баршгүй, толин дахь өнгө зүсээ муудахыг яах вэ
Зангирсан хөмсгөө, хүлээгээд гэгээрдэггүй харанхуй шөнөө
Аяа, далдлашгүй хөхөмдөг уул жирэв жирэв харагдах адил
Тасаршгүй хөх ус мярс мярс жирэлзэн урсах мэт
Түүнийг ийн дуулж дуусахад бүгдээр магтсан ч, ганцхан Шюэ Пань л: “Цохилгогүй байна” гэв. Бао Юй нэг хундага уугаад, нэг алим шүүрэн авч “Алимны цэцгийг бороо цохихуйяа, айлын үүд түгжээстэй” гээд дүрэм журмаа дуусгав.
Дараа нь Пөн Зыингийн ээлж болсонд: “Охины баяр бол ууган үр нь ихэр хөвүүн. Охины цэнгэл нь, цэцгийн хүрээлэнд нуугдан орж сэмхнээр хүрэлзгэнэ барина. Охины гаслан нь, эр нөхөр нь хүнд өвчинд нэрвэгдэж аюултай байна. Охины зовлон нь, ширүүн салхин засал чимгийг нь бутраан сарниулна гээд хундагаа өргөн дуулав.

Чи бол хөөрхөн гэгч амьтан, сэтгэлтэй ч хүн
Чи бол арга самбаатай, хачин жигтэй чөтгөр шулмас ч гэмээр
Чи бол хувилгаан сахиусан гэхэд арай тохирохгүй
Миний үгийг чи цөмийг итгэхгүй нь харамсалтай
Чи хэрэв далдуур сайхан асууж сураглаваас
Би чамайг хэрхэн санаж байгааг чи сая л мэднэ

Пөн Зыин дуулж дуусуут хундагатайгаа хөнтрөөд: “Тахиан дуунд, өвсөн гэрийн сар” гэв. Дараа нь Юнь Эрийн ээлж болов. Тэрбээр: “Охины гаслан нь, хожим энэ биеэ хэнд тушаана вэ” гэсэнд Шюэ Пань инээн: “Хүүхэн минь, Шюэ дае энд байхад чи юунаас айна вэ” гэсэнд цаадуул нь “Битгий үймүүлээд бай” гэцгээв. Юнь Эр цааш нь, охины зовлон нь, эхийн харааж, зодох хэзээ болих бол… гэсэнд Шюэ Пань: “Өчигдөр би чиний ээжтэй таараад, түүнийг битгий зодож бай гэж захисан” гэсэнд бүгдээр “Дахиад илүү үг хэлээд байвал арван хундагаар торгоно шүү” гэтэл цаадах нь хацраа алгадаад: “Ойгүй амьтан. Дахиж дуугарч болохгүй” гэж өөртөө тушаав. Юнь Эр, охины баяр нь, салж ядан явуулсан санааны нь хүн сая буцаж ирэв. Охины цэнгэл нь, лимбэ бишгүүр үлээн дуусаад хуур шуурыг барина гээд дуулж эхлэв.
Гурван сарын гуравны өдөр задь цэцэг дэлгэрэхүйеэ
Гол өөд нь нэг хорхой амь тэмцэн шургана
Шургалан шургалаад орж эс чадсанд
Цэцгийн дээр авиран гарч дүүжин хийж наадна.
Ай хонгор жаахан гол минь
Би дэлгэхгүй бол
Чи хэрхэн орж чадна вэ!
Юнь Эр дуулж дуусаад хундагаа хоослон “Тоорын цэцэг сахлаг сайхан” гээд, 
– одоо Шюэ Паний ээлж боллоо гэв. Тэрбээр: 
– за одоо би хэлье гээд, охины гаслан нь гэснээ, дуугүй болохоор нь Пөн Зыин инээж: 
-Юунд гасална вэ, хурдан хэлээрэй” гэж шаардав. Цаадах нь тэвдэхдээ, нүдээ хараа муутай юм шиг сүүмийлгэн, охины гаслан нь… гээд хоолойгоо хоёронтаа засаад: 
– охины гаслан нь, ханилсан эр нь яст мэлхий байв. Цаадуул нь инээд алдан хөхрөлдсөнд, Шюэ Пань: “Яагаад инээлдэв. Би буруу юм хэлээ юү. Охин хүн, эрд гартал тэр нь яст мэлхий болбол тэр гаслахгүй байж чадах уу” гэсэнд цаадуул нь, тонгойн хөхрөлдөөд толгойгоо гэдийлгэж чадахгүй болоод: “Чинийх таарч байна. Дараагийнхыг нь хурдан хэл” гэв. Шюэ Пань, нүдээ бүлтийлгээд, охины зовлон нь гэснээ дуугүй болчихов. Цаадуул нь за юунд зовчихоов гэсэнд ураг холбосон шинэ гэрээс нь том гэгчийн морин самж бичин үсрэн гарав” гэв. Хүмүүс хөхрөлдөж: “Торгогтун, торгогтун. Түрүүчийн нь өгүүлбэр арай дээр байсан. Харин энэ сүүлчийнх даанч нийцэхгүй” гээд архи нэрүүлье гэцгээв. Бао Юй:
-Цохилго нь таарвал даруй болноо гэсэнд Шюэ Пань:
-Дүрмийн ноён зөвшөөрч байхад та нар юү гэж үймээд байгаа юм бэ гэсэнд Юнь Эр инээж: 
-Чиний сүүлийн хоёр өгүүлбэр хэцүү. Би чиний өмнөөс хэлж өгье гэсэнд Шюэ Пань:
-Амаа тат. Би хэлж чадахгүй юмуу. Сонсож бай гээд, охины баяр нь, ургийн шөнө цэцэгт зул, өглөөний нойр амттай гэсэнд цаадуул нь гайхаж: “Энэ сайхан болжээ” гэцгээв. Шюэ Пань, охины цэнгэл нь, тэнгэлгийн чинээн алаар тэг голруу нь хатгана гэв. Цаадуул нь, үхмээр амьтан, за за хурдан дуул гэцгээв. Мань хүн дуугаа:

…Нэгэн ялаа цонхон дээр дүнгэнэнэ… гээд эхэлтэл цаадуул нь: “Энэ ямар дуу гээч вэ” гэж өөр хоорондоо ярилцах зуур Шюэ Пань, хоёр батгана, гэр дотор дүнгэнэнэ гэж дуулсаар ажээ. Цаадуул нь болио, боль гэж шаардав. Шюэ Пань: “Та нар дургүй байвал сонсохоо боль. Энэ бол “Дүнгэнэх аялгуу” гэгч цоо шинэ дуу. Та нар сонсохгүй гэсэн учир намайг сүүлийн архинаас ч хэлтрүүлж өг. Би цаашаа дуулахгүй гэсэнд, хэлтрүүлье. Бусдыгаа дуулахад саад хийж болохгүй гэцгээв.

Жян Юйханий ээлж болов. Тэрбээр, охины гаслан нь, эр нөхөр нь алс хол яваад буцаж үл ирнэ. Охины зовлон нь, оо энгэсэг авах зоос олдохгүй. Охины баяр нь, зулын гол хоёр салаалан бадамлана. Охины цэнгэл нь, эр нь дуулахад эм нь дагах үнэхээр эелсэг найртай гээд дуулав.
Төрөлх сайхан ааш, өнгийг чинь хэлбэл
Тэнгэрээс буусан амьд дагина гэлтэй
Төрсөн жил, нас нь яг сайхан арван найм
Гарди, галбингаа учирсан мэт юутай сайхан уран 
Аяа, үзвээс тэнгэрийн оёдол орой дээр гарч
Сонсвоос, өндөр тагтнаас манааны тогшуурын дуун гарна
Мөнгөн зулаа унтраан

Зөөлөн хөшгөө сөхөж оронд орох сайхан… гэж дуулаад бусдын адил хундагаа хөмөрч: “Би дуу шүлэгт муу билээ. Завшаанаар өчигдөр нэг уянгын шүлэг уншаад нэг мөр цээжилсэн юм гээд нэг мөчир цэцэг барьж уншсан нь:
Цэцгийн үнэр хүний явах өдрийн дулааныг мэднэ гэв. Бүгдээр түүний дуу шүлгийг хүлээн авч дүрмийг дуусгав. Ганцхан Шюэ Пань л босон харайж: “Энэ болохгүй. Энэ болохгүй. Торгогтун, торгогтун. Энэ найрын ширээн дээр эрдэнэ байхгүй байхад чи юунд эрдэнэ нэрлэв” гэсэнд Жян Юйхань:
-Юуны чинь эрдэнэ вэ гэж асуув. Шюэ Пань:
-Худлаа гэх санаатай юү. Тэгвэл чи дахиад унш гэсэнд цаадах нь аргагүйдэж, дахиад уншсанд, Шюэ Пань: “Энэ хүний одох гэдэг чинь Ши Рэнь хэмээгч амьд эрдэнэ биш, юу юм бэ. Та нар итгэхгүй байгаа бол түүнээс асуу” гээд Бао Юйг заав2. Бао Юйн нүүр улсхийснээ:
-Шюэ Пань ахаа, та торговол зохино гэсэнд цаадах нь:
-Торгоно, торгоно гээд хундагаа хөнтрөв. Пөн Зыин түүнээс шалтгааныг нь асуув. Жян Юйхань босож буруугаа хүлээв. Хүмүүс цөмөөр: “Үл мэдэгчид ялгүй” гэцгээв. Бао Юй Жян Юйхань нар биеэ хөнгөлөхөөр гарав. Тэр хоёр саравчин дор зогсоод Жян Юйханийг буруугаа мэдсэнд Бао Юй баярлаад гарыг нь чанга атгаж:
-Нэг завандаа чи манайд очооч. Нэг асуух юм байна. Танай ший жүжгийн дотор байдаг Чи Гуань гэгчийн нэр одоо дэлхий дахинд алдаршсан байтал би ганц удаа уулзах ерөөлгүйдээ гомддог юм гэсэнд Жян Юйхань инээж: “Тэр чинь миний багын нэр шүү дээ” гэв. Бао Юй баярлан хөөрч хөлөө дэвслэн:
-Золоор уулзлаа. Үнэхээр хий нэр мандсан юм биш байна. Өнөөдөр анх уулзаад яавал сайн бэ гэснээ жаахан бодоод ханцуйнаасаа нэг дэвүүр гарган түүнд уясан хэсэг хашийг тайлж аваад Чи Гуаньд гардуулан өгөв.
-Энэ үнэ багатай, өчүүхэн юм боловч танилцсаны баярын тэмдэг болгоё гэж Бао Юйг хэлэхэд, цаадах нь тосож аваад:
-Гавъяагүйгээр хишиг хүртэх бол сэтгэл амар байх зүйл биш. За яахав, авъя. Би нэг гайхалтай юм олсон юм. Энэ өглөө бүсэлсэн, цоо шинээрээ эд, үүнийг мөн өчүүхэн сэтгэлийн илрэл болгоё гээд хормойгоо сөхөж гал улаан тэлээгээ тайлан Бао Юйд өгөөд: -энэ бол Чянь Шян улсын хатан хаанаас алба барьж ирсэн эд бөгөөд зуны цагт тэлээлбэл бие махбодиос сайхан үнэр гарч хөлсний үнэр дарагддаг юм. Өчигдөр умарт Жюань ван өгсөн бөгөөд би өнөөдөр тэлээлсэн юм. Өөр хүнд бол би хэрхэвч өгөхгүй. Эр Еэ өөрийнхөө тэлээг надад тайлж өгөх үү гэв. Бао Юй баярлан бэлгийг хүлээн аваад өөрийнхөө ногоон тэлээг тайлж Чи Гуаньд өгөв. Тэр хоёрын тэлээгээ солилцон тэлээлж байтал гэнэт чанга дуун гарч:
-Ингээд надад баригдав уу гэхэд нь харвал Шюэ Пань:
-Та хоёр архиа уухгүй, найрын ширээнээс зайлан гарч ирээд юу хийж байна вэ. Алив надад үзүүл гэж шаардав. Цаадуул нь “Гойдын юм бишээ” гэсэнд үнэмшихгүй, заавал үзнэ гэж зовоож байтал Фэн Зи ин ирж салгав.
Бао Юй хариад хувцсаа солиод цай ууж байтал Ши Рэнь гэнэт дэвүүрийн нь хаш алга байгааг мэдээд: “Хаана очоод ирэв” гэж асуусанд: “Мориор давхиж яваад гээжээ” гэж хэнэггүй хэлэв. Тэгсгээд унтах болсонд түүний улаан тэлээг хараад, учрыг нь бараг л мэдээд:
-Чи ийм сайхан тэлээтэй болсон юм чинь одоо миний тэлээг буцааж өгнө биз дээ гэсэнд сая Ши Рэний тэлээг хүнд өгч огт болохгүйг санаад дотроо гэмшивч:
-Би чамд төлж өгнөө гэхэд нь Ши Рэнь шүүрс алдаад:
-Бас муу зангаа гээхгүй юмаа. Миний юмыг тэр амьтаст өгөх нь арай дэндүү юм бишүү. Юу ч бодож явдаг юм болдоо, бүү мэдээ гээд хэдэн үг хэлье гэснээ гэнэт архи нь сагаж оргихоо ядахгүй гэж бодоод арга буюу унтсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Маргааш өглөө нь, тэнгэр гэгээрсэн хойно сая сэрээд харвал Бао Юй инээн: “Шөнө хулгай ороход бас мэддэггүй юмаа. Чи өмдөө хар гэсэнд өндийнгүүт бөхийж өмдөө харвал, Бао Юйгийн өчигдөр тэлээлж ирсэн улаан тэлээ өөрийн нь бэлхүүсэнд уяатай байв. Бао Юй шөнө босоод тэлээг нь сольж авсныг мэдээд яаран тайлж:
-Би энэ юманд чинь дурлахгүй. Энүүнийгээ ав гэсэнд Бао Юй зөөлнөөр эвтэйхэн ятгасанд Ши Рэнь, зөөлөрч түр тэлээлэв. Төдөлгүй Бао Юйг гарахаар тэлээг нь тайлаад нэг хоосон авдранд хийгээд, өөр нэг тэлээ олоод тэлээлэв. Бао Юй ч нэг их ойшоосонгүй, “Өчигдөр энүүгээр ямар үйл явдал болов” гэж асуусанд Ши Рэнь:
-Хоёрдугаар найнай хүн ирүүлж Шяо Хунг аваачсан. Тэр чамайг хүлээх гэсэнд, би юун айхтар юм гээд эзэн мэдээд явуулчихсан гэсэнд цаадах Бао Юй:
-Маш зөв. Би нэгэнт мэдсэн юм чинь, намайг хүлээж юугаа хийнэ гэв. Ши Рэнь:
-Өчигдөр Шя тайганаар дээд хатан зуун хорин лан мөнгө илгээж, Чин Шюй гуань хийдэд шинийн нэгнээс шинийн гурван хүртэл гурван өдрийн ерөөл уншуулаад, ши тоглуулж, бурхан тахиж, Жэнь даег олон агийг дагуулан хүж барьж бурханд мөргөгтүн гэв. Бас таван сарын тавны баярын бэлгийг өгсөн гээд бага инж нараар өчигдрийн хайралсан эдийг авчруулж үзвэл, ордны дээд сайн дэвүүр хоёр, улаан зандан эрхи хоёр, гарьдийн сүүлт таж хоёр хэсэг, тогосын хөвүүр хоёр байсан гэсэнд Бао Юй үзээд, баярлан:
-Бусад хүнд мөн ийм адилхан уу гэж асуусанд Ши Рэнь:
-Лао тайтайд илүү нэг үнэрт хашийн чандмань, чинийх Бао авхайгийнхтай адил. Линь авхай болон хоёр, гурав, дөрөвдүгээр авхайд дэвүүр, эрхи, өөр юмгүй. Их найнай Ли Вань, хоёрдугаар найнай Фөн Же хоёрт тус бүр хоёр толгой шаа торго, хоёр толгой таж, хоёр заарын хавтага, хоёр хэсэг сэрүүн эм гэсэнд Бао Юй инээж: 
-Энэ ямар учир болов? Яагаад Линь авхайгийнх минийхтэй адилгүй, Бао Чай эгчийнх минийхтэй адил болчихов. Арай эндүүрч буруу зөрүү юм хийгээгүй байгаа гэв. Ши Рэнь:
-Өчигдөр өгөхдөө, нэг нэгээр нь хаягласан байсан, юунд эндүүрэх вэ. Чинийхийг би Лао тайтайгийн гэрээс авчирсан. Чамайг маргааш таван жингийн үеэр босож, хишигт мөргөхөөр очигтүн гэж Лао тайтай хэлсэн шүү гэсэнд Бао Юй:
-Нэг удаа очих ч яриангүй гээд даруй Зы Жюанийг дуудан, үүнийг аваад авхайдаа очоод, энэ бол миний өчигдөр олсон хишиг мөн. Аль дуртайгаа үлдээж авагтүн гэлээ гэж хэлээд өг гэсэнд цаадах нь хүлээн аваад яаран гарав. Төдөлгүй буцаж ирээд: “Өчигдөр мөн ийм хувь олсон тул таныг өөрөө автугай” гэж авхай хэлж байна гэв.
Бао Юй нүүр гараа угаачихаад Жя Мүгийн амрыг эрэхээр очтол Дай Юй өөдөөс нь хүрч ирээд инээхэд нь: “Миний юмнаас чамайг сонгож ав гэсэнд юунд авсангүй вэ” гэсэнд өчигдөрхөн уцаарлаж байсан ааш нь хэзээний зүгээр болоод зөвхөн өнөөг л бодож байх янзтай “Надад түүнийг хүлээж авах буян алгаа. Бао авхайгийн адил юуны “Алт” “Хаш” вэ, бид чинь зөвхөн өвс, мод төдий юмаа” гэв. Бао Юй түүний хэлж байгаа алт, хашийг сонсоод сэжиг төрж:
-Өөр хүн алт гэхэд юуны хаш гээд байгааг би мэдэхгүй. Хэрэв миний сэтгэл, бас ийм санаа байх юм бол тэнгэр ниргэж, түмэн үедээ хүний төрөл олохгүй байлгүй дээ гэв. Дай Юй түүнийг сэжиг авсныг мэдээд инээж: 
-Дэмий хэрэг. Зүв зүгээр байтлаа чи юунд ам гарч байгаа юм бэ. Чиний тэр алт, хаш хэнд хэрэгтэй юм бэ гэв. Бао Юй:
-Би сэтгэлийнхээ үгийг чамд хэлэхэд хэцүү. Чи хожим аяндаа мэднэ. Лао тайтай, Лаое тайтайгаас гадна дөрөвдүгээр нь охин дүү чи мөн. Тав дахь хүн бий бол би мөн гэж ам алдъя гэв. Дай Юй:
-Чи ам гарах хэрэггүй. Чиний сэтгэлд “Охин дүү” байхыг би сайн мэднэ. Гэтэл “Эгчээ” үзвэл, “Охин дүүгээ” мартдагийг чинь ч мэднэ гэсэнд Бао Юй:
-Энэ бол чиний сэжиг таавар. Би яасан ч тийм хүн биш гэхэд нь Дай Юй:
-Өчигдөр Бао Чай хүүхэн чамд худал хэлж өгсөнгүйд чи юунд надаас асууна вэ. Хэрэв би байсан бол чи яаж аашлахыг бүү мэд гэлээ.
Ийн ярилцаж байтал Бао Чай тэндээс гарч ирэхийг хараад хоёул сэм зайлж одов. Бао Чай тэднийг тов тод харсан ч үзээгүй хүн болж доош харан өнгөрөв. Ван Фүрэний тэнд очиж баахан суугаад Жя Мүгийнд очиход Бао Юй тэнд байж байв. Бао Чай, дээр үед ээж нь Ван Фүрэний “Алтан оньсыг нэг хуушаан өгсөн бөгөөд хожим хаштай хүнтэй учирвал сая ураг холбож болно” хэмээн хэлж байсныг сонссон тул Бао Юйгээс ямагт хөндий явдаг ажээ. Өчигдөр Юань Чүний өгсөн юм нь, ганцхүү Бао Юй тэр хоёрынх адилхан тул сэтгэл дотор нь улам ч эвгүй болов. Завшаанаар, Бао Юй, Дай Юйд сэтгэл булаагдан уягдаж, түүний бүх сэтгэл санаа ганцхан тэрүүнд эргэлддэг учир ээжийнхээ ярьсныг төдий л ойшоодоггүй байв. Бао Юй гэнэтхэн түүнийг хараад инээж: 
-Бао эгчээ, би чиний тэр зандан эрхийг үзье гэсэнд цаадах нь тэр эрхийг зүүн бугуйдаа ороосон учир, түүнийг хэлүүт мулталж авах хэрэгтэй болов. Бао Чай угаас махлаг тул тэр дор нь аваад өгч чадахгүй оролдож байхад Бао Юй цав цагаан гар, булцгар булчинг нь хараад сэтгэл нь хөдөлж, дотроо: “Энэ сайхан мөр дал хэрэв Линь авхайд байсан бол нэг илж үзэх юмсан. Харамсалтай нь түүний биед ийм сайхан юм ургах буянгүй юм даа” хэмээн бодож байтал гэнэт “Алт хашийн” ерөөл гэдэг яриаг санаад, дахиад Бао Чайн царайг харвал арчсан толь мэт царай, усан үзэм шиг нүд, будаггүй мөртөө ягаан уруул, зурсан юм шиг жирвийсэн хөмсөг дурайж байв. Дай Юйг бодвол тэс өөр гоолиг сайханыг хараад бүр мэлэрч Бао Чайг эрхиэ аваад өгч байхад авахаа мартсан байв. Бао Чай түүний гайхшран байхыг хараад улсхийж ширвээдэн босч явах гэтэл Дай Юй босго дөрөөлөн зогсоод, алчуурынхаа буланг зуусан чигтээ инээж байв. Бао Чай:
-Юунд салхины аман дээр зогссон юм бэ, чамд муу шүү гэсэнд цаадах нь инээн:
-Гэрт байхад гайгүй биз. Тэнгэрт нэг амьтан дуугарах шиг болохоор нь гадаа гарч харсан юм. Тэгсэн чинь нэг муу тэнэг галуу байна гэв. Бао Чай: “Тэр мангуу галуу чинь хаа байна вэ. Би бас харах юмсан” гэсэнд цаадах нь: “Нисээд явчихна лээ” гээд гарын алчуураа Бао Юй рүү шидэхийг анзаарахгүй байж нүдээ цохиулчихаад ааяяа гэж дуу алдав. Юу болсныг мэдье гэвэл дараах бүлгийг унштугай!

Тайлбар:
1.Бао авхай гэж Шюэ Бао Чайг хэлжээ. Бэй авхай гэж энд байхгүй боловч Бао, Бэй гэсэн хоёр үг нийлэхээр эрдэнэ гэсэн үг болох тул ингэж нэг үгийг салгаж хоёр овог болгон хошигножээ.
2.Бао Юйн шивэгчин Ши Рэний нэрийг монголчилбол “Хүнийг отно” гэх үг болох тул даруй Ши Рэнийг амьд эрдэнэ гэж хошигножээ.
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж