Монгол Улс 2040 оны олимпийг зохиох алсын бодолтой

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Монгол Улс 2040 оны олимпийг зохиох алсын бодолтой

Шинэ он гараад удаагүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарьт улсад айлчлах үеэрээ Лозанн хотноо байрлах Олон улсын олимпийн хорооны төв байранд зочилж, Ерөнхийлөгч Жак Роггетой уулзаж байсан билээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бээжин-2008” олимпийн наадамд үзүүлсэн Монголынхоо тамирчдын бахдам амжилтаар бахархаж байсан юм. Энэ үеэр тэрээр Лондон 2012 оны олимпод шаргуу бэлтгэж, тамирчдадаа бүх талаар туслахаа илэрхийлсэн. Мөн тэрээр 2017 оны Зүүн Азийн, 2023 оны Азийн, 2040 оны зуны олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулахын төлөө өрсөлдөх алсын санаатай байгаагаа ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггед илэрхийлж “Сонирхлын бичиг”-т гарын үсэг зурсан тухай мэдээлэл гарсныг спорт сонирхогчид санаж байгаа биз. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү “Сонирхлын бичиг”-ийг Монголын олимпийн музейд хадгалуулах шийдвэр гаргасан байна. Үүний дагуу уг бичгийг МҮОХ-нд гардуулж өгөх ёслол боллоо. Уг ёслолд Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан оролцсон бөгөөд “Сонирхлын бичиг”-ийг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн аман захиасыг дамжуулсан юм. Тэрээр ирэх олимпийн наадмын нээлт, эсвэл хаалтын ёслолыг Английн Лондон хотод очих үзэхээ амласан байна. Харин МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Маш их урам хайрласан үйл явдал боллоо. Монголын тамирчид амжилтаа давуулан биелүүлэхийн төлөө бид хамтдаа зүтгэх болно” хэмээн онцолсон юм. Ямартай олимпийн музейд нэгэн шинэ үзмэр нэмэгдлээ. Хэрвээ Ерөнхийлөгчийн энэ алсын санаа бодол биеллээ олбол монголчууд 2040 онд эх орондоо анх удаа Зуны спортын наадмыг хүлээн авах нь. Энэхүү билэгтэй ерөөл биеллээ олох болтугай. Дашрамд сонирхуулахад, МҮОХ-ны байрны шат бүхэн дээр зуны спортын наадам болсон онууд, хотынхоо нэртэй байдаг бөгөөд хоёрдугаар давхрын төгсгөлд “Улаанбаатар 2040” гэсэн оныг билэгдэн шинээр тавьжээ. Мөн манай улсад ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге айлчлах гэж байгаа билээ.

Б.Мөнхзул

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж