Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.01.21-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

Долоо хоногийн онцлох үйл явдал

-УТААНЫ ЭСРЭГ АЙЛЧЛАЛ БАЙЛАА-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон талаар Гадаад харилцааны сайд онцоллоо. "Айлчлалын үеэр утааны асуудалд анхаарч, хөрөнгө санхүүгийн асуудал шийдсэн. Энэ хүрээнд 500 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Өмнө нь 300 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн байсан. Үүний 100 сая ам.доллар орж ирсэн тул төсөл, хөтөлбөртөө зарцуулж эхэлсэн. Үлдсэн 200 сая ам.долларын зээлийн асуудлаар гэрээг нь сунгасан. Энэ утгаараа утааны эсрэг айлчлал байлаа" гэж тэрбээр ярив. 

Тэрбээр цааш нь "БНСУ-ын ерөнхийлөгчийн зүгээс нэг чухал санал тавьсан. Хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд явж байгаа. Үүнийг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх ёстой” гэсэн байр илэрхийлсэн. Стратегийн түвшинд хоёр орны харилцааг хүргэхийн тулд Гадаад харилцааны яамд хамтарч ажиллана. Ингэснээр иргэд хоорондын харилцаа тэлж, аюулгүй байдлын асуудал уялдаатай, ард иргэдийн амьдралд хүрэхүйц өргөн хэмжээнд хамтрах боломж бүрдэнэ. Айлчлалын үеэр мөн бизнесийн форум болсон. Өмнө нь бид томоохон хэмжээний бизнесийн форумд оролцоход нүүр тахлах салбар нь уул уурхай байсан. Тэгвэл энэ удаад хөдөө аж ахуйн салбараас гадна хөнгөн, хүнсний, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч ажилласан. Энэ бүхний ард стратегийн түншлэлээ шат ахиулах зорилготой бий" гэсэн юм. 

Үүнээс гадна БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн визний боломжийг хөндөж ярилцжээ. 


-“ХАР ЖАГСААЛТ”-ААС ГАРАХ БОЛОМЖТОЙ-

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Европын холбооноос зарласан татварын шударга бус тогтолцоотой орнуудын хар жагсаалтаас гарахын тулд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо. Үүнээс гадна Европт байгаа бүх Элчин сайдын яам идэвх зүтгэл гарган ажилласан гэдгийг сайд онцлов. Өчигдөр /2017.01.18/ Европын гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалт болж, энэ сарын 23-нд болох хурлаар Монгол зэрэг бусад хэд хэдэн орныг хар жагсаалтаас гаргах тухай асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Өчигдрийн хурлаас Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах нь зөв гэж шийдэн, нэгдүгээр сарын 23-ны хуралд оруулахаар болсон байна. 


"БНХАУ-ын талаас ГАНЦМОД” БООМТЫН замыг нээлээ"

“Ганцмод” боомт дээр үүссэн зөрчлийг арилгахын тулд Хятадын талтай хамтарч ажилласнаар өчигдрөөс /2018.01.19/ боомтын ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн талаар Гадаад харилцааны яам мэдэгдлээ. Цаашид гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан сэргийлэх байдлаар  ажиллах болно гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.


-АНУ-ААС H-2A БОЛОН H-2B ВИЗ ОЛГОНО-

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Тэргүүн консул Жейсон Спеллберг

АНУ-д богино хугацаанд хөдөлмөр эрхлэх H-2A болон H-2B виз олгох асуудал үр дүнд хүрснийг сайд Д.Цогтбаатар онцоллоо. Тэрбээр "АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зөвхөн Монгол Улсад хамаарах ийм шийдвэр гаргасан. Цаашид АНУ-тай зөвлөлдөх уулзалт хийж, албажуулна" гэв. Дэлгэрэнгүйг мэдээллийг ЭНД дарж уншина уу. 


-Ц.ОЮУНБААТАР: О.БААСАНХҮҮГ НАМААС ХӨӨСӨН-

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар

МАХН-ын удирдлагууд баасан гаригт /2018.01.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Их хурал зохион байгуулж, өөрийгөө намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр болж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан юм.

Дээд шүүхийн шийдвэр, МАХН-аас гаргасан шийдвэрийн талаар танилцуулахаар намын удирдлагууд хэвлэлийн хурал зарласан байв.

МАХН-ЫН ДЭД ДАРГА Ц.ОЮУНБААТАР:

-Зарим улс төрийн хүчний захиалгаар МАХН-д байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хууль бус Бага хурал, Их чуулган зохион байгуулсан гэж Улсын Дээд шүүх үзлээ. О.Баасанхүүгийн зохион байгуулсан хуралд намын гишүүн бус хүмүүс оролцсон. Мөн намын зарим гишүүдэд худал мэдээлэл өгч, хуралд оролцуулсныг Улсын дээд шүүх тогтоосон учраас ийм шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр дан ганц МАХН-д биш Монголын улс төрийн намуудын хувьд чухал шийдвэр байсан. Хэсэг бүлэг хүн нийлж, элдэв хурал зохион байгуулах нэрээр нам хулгайлах, луйвардах гэсэн оролдлого гаргадгийг болиулахад чухал шийдвэр гэж харж байгаа. 

МАХН-ын II Их чуулган 2018 оны хоёрдугаар сарын 9, 10-нд хуралдана. Тус чуулганд сум, дүүрэг, хорооноос сонгогдсон 1044 гишүүн оролцоно. Намын дүрэмд өөрчлөлт оруулна, бодлого, хөтөлбөрөө шинэчилнэ.

Дэлгэрэнгүйг:


 

-ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НЭМЭХ АСУУДЛЫГ ЭРГЭЖ ХАРНА-

Сүүлийн нэг сарын хугацаанд шатахууны хомсдол үүсч, үнэ нэмэгдэх нь гэсэн асуудал ярианы сэдэв байлаа. Шатахуун түгээс станцууд зарим төрлийн бензинээ борлуулахгүй, зарим төрлийнх нь үнийг нэмсэн зэрэг нь энэ дуулианыг улам дэвэргэж орхисноор сар шинийн баярын өмнө шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд төрсөн. 

Тэгвэл олон өдөр асуудал үүсгэсэн шатахуун тойрсон маргааныг нэг мөр зохицуулах шийдвэр гарчээ. 

Үнийн зөвлөл пүрэв гаригт /2018.01.18/ хуралдаж, өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргалаа.

Харин А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг бууруулахгүй байж болно гэсэн зөвлөмжийг тус зөвлөл гаргасан байна.

Монголчуудын хамгийн их буюу нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь авдаг шатахуун бол А-92, А-80 бензин. 

Тансаг зэрэглэлийн буюу А-95, А-98, Евро 5 стандарт зэрэг шатахууныг нийт хэрэгчлэгчдийн нэг хувь эзэлдэг юм байна. 

Тиймээс Үнийн зөвлөл нийт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Дэлгэрэнгүйг

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж