2018 онд хөрш орон руу эсвэл дэлхийн аль нэг орон руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүстээ аялалдаа бэлтгэхэд нь туслах үүднээс бүтэн хоёр жилийн хугацаанд дэлхийг тойрон аялсан нэгэн аялагчийн аяллын зөвлөмжийг хүргэе. Мянга сонсохоор нэг удаа үз гэдгийн адилаар шинэ газар очиж, шинэ хүмүүстэй танилцах тухай бодол сэдэл сэргээм боловч юу угтахыг тааварлах аргагүй. Тиймээс аяллын турш ямар адал явдалтай учирч, тааварлашгүй, гэнэтийн сонин содон үйл явдал, хүмүүстэй тааралдахад сэтгэлзүйгээ бэлдээрэй.
Усыг нь уувал ёсыг нь дага
Аль ч оронд очсон тухайн орны хэл соёлтой танилцах нь хамгийн зөв эхлэл. Нутгийн иргэдтэй тэдний хэлээр ярилцах гэж хичээх нь үргэлж эерэг сэтгэгдэл төрүүлдэг. Буруу, зөрүү ярихаас айх хэрэггүй. Нутгийн иргэдтэй холбогдсоноор олон саад тотгор арилж, боломж нэртэй хаалга нээгдэнэ.
Биеийн хэл ашигла
Харь оронд яг л харь гаригаас ирсэн хүн шиг байхын оронд биеийн хэл ашиглах нь хамгийн энгийн бас зөв арга. Хамгийн сүүлд би Мьянмарт хэд хэдэн газарт хоол захиалах гээд ойлголцож чадаагүй тул өлбөрч үхэхийн даваан дээр тахиа шиг далавчаа дэвж байж тахиа захиалж идсэн билээ. Мэдээж биеийн хэл ашиглахаас өөр зурж, тоог бичиж, заах өөр олон арга бий шүү. Хэрэв та санаачлагатай бас эрэлч хайгуулч байж чадвал хэлний бэрхшээл бэрхшээл байхаа болино.
Сармагчнаас болгоомжил
Энэ явдлыг би өчигдөр шиг л тод санадаг юм. Вьетнамд нэгэн удаа гудамжны сүүдрэвчинд шар айраг шимэн сууж байтал гэнэт нэгэн жижигхэн сармагчин хаанаас ч юм гарч ирээд гар барин мэндэллээ. Эгдүүтэй амьтан шиг санагдаж байв. Гэв гэнэт нөгөө сармагчин биед нь чөтгөр шүглэв үү гэмээр болж, муухай дуугаран, харц нь аймаар болж, шар айргийг минь гараас булаан авч, эгээ л хүн шиг дуустал нь хөнтөрч орхисон юм.
Аялахын тулд заавал баян байх албагүй
Аялахын тулд их мөнгө шаардлагатай гэдэг бол зөвхөн барууны стандартад л байдаг зүйл. Хэрэв та аялахыг хүсч, хаа нэгтээ очихыг хүсч л байгаа бол үүргэвчээ үүрээд гарах хэрэгтэй. Гэхдээ зөв газар очиж, зөв хүмүүстэй танилцах нь хамгийн чухал.
Нутгийн иргэдээс тусламж ав
Анх удаа очиж буй том хотод төөрөх энүүхэнд. Тиймээс том хотод очихын өмнө нутгийн иргэдээс тусламж авч, аяллын хөтөч олох нь маш чухал. Сайн хөтөчтэй явах нь аяллын үед учирч болох саад бэрхшээлийг арилгаж, олон эрсдэлээс аварна. Сайн хөтөч хамгийн гоё диско баар, газар доорх ресторан, бас шөнийн кино театр хаана байдгийг мэддэг. Том хотод үргэлж нууц газрууд байдаг шүү. Тийм нууцыг зөвхөн нутгийн хүн л мэднэ.
Паспортоо усанд унагахаас болгоомжил
Белизэд завиар аялж явахдаа аадар бороотой таарч, усан хулгана болтлоо норохдоо пасспортоо норгож орхисон нь том сургамж болсон билээ. Хамгийн харамсалтай нь пасспорт дээрх олон орны янз бүрийн тамганууд усанд норсноос урсч алга болсон юм. Үүнээс хойш би пасспортоо ус нэвтэрдэггүй уутанд хийж авч явах болсон.
Хаана ч явсан камераа авч яв
Перуд элсэн дээр гулгаж, Боливын үхлийн зам дээр уулын дугуйгаар аялж, Малайзад усанд шумбаснаа дүрс бичлэгт буулгаж чадаагүй нь харамсалтай. Хэрэгтэй үед камераа авч гараагүй учраас тэр адал явдлуудыг зөвхөн ой санамжиндаа хадгалж үлдээсэн билээ.
Зах зээлээр хамгийн түрүүнд яв
Аль ч орны хар захууд хөл хөдөлгөөн ихтэй ч үзэж сонирхох зүйлс олонтой. Зах зээлийн газар бол аль ч орны бүх давхаргынханыг олж харж болох цорын ганц газар. Ялангуяа хөгжиж буй орнуудын зах зээлд ер бусын сонин хачин зүйлстэй олонтаа таарна.
Эрт босвол нэгийг үзнэ
Дэлхийн соёлын өвийн дурсгалт газруудын үзвэрийн цаг хар эрт эхэлдэг. Хэрэв та эртэч хүн биш бол сонин хачин олон гайхалтай зүйлсийг үзэж чадахгүй өнгөрнө. Би эрт сэрж чадаагүйгээс болж, хэд хэдэн гайхалтай зүйлээс хоцорчихоод уйлах шахсан шүү.
Далайн ёроолын ер бусын амьдрал
Тайландад усанд шумбаж сурсны дараа далай тэнгисийн ус миний урьд хожид үзэж хараагүй ер бусын ертөнцийг нээсэн билээ. Далай, тэнгисийн амьдралыг тольдох бол амьдралд тохиолдох ховор боломж юм шүү.
Төөрвөл нохой дага
Мексикт аялж явахдаа нэгэн удаа цөлд төөрч, зүг чигээ алдсан билээ. Хотод хүлээж буй сүүлчийн автобусандаа амжиж суухын тулд яаравчлах хэрэгтэй байлаа. Гэхдээ ирсэн замаасаа гарсан тул хаашаа явахаа мэдэхгүй байлаа. Гэтэл би нэгэн гайхалтай хөтөч нохой олсон юм. Нохой намайг газарчилж, би хагас цагийн дотор хотод хүрсэн. Төөрч явахад тусалсан сайн анддаа би жигнэмэг худалдаж авч өгч шагнасан.
Рестораны хоолноос гудамжны хоол хавьгүй амттай шүү
Тайланд, Мексикт ялангуяа гудамжны хоол хамгийн амттай. Лав л Европын орнуудад аялж явахад ийм амттай хоол олж чадахгүй. Зарим үед европ хоолны оронд зүгээр л бургер авч идсэн нь шулуухан. Гэхдээ Азид аялж яваа хүмүүс тэрхүү гайхалтай амттай эсвэл хачин жигтэй хоолыг амсч үзэхийн өмнө юугаар хийснийг нь асуугаарай. Савх анх удаа барьж байгаа хүмүүст үүгээр хоол идэх тун зугаатай байх болно.
Интернэтгүй зочид буудал
Хэрэв та олон орны жуулчидтай зэрэгцэн сууж, хөгжилдэх гэж байгаа бол тэр чинь ямар ч интернэтгүй газар байвал дээр. Ер нь амьд харилцаанаас илүү хүнийг сэргээдэг зүйл гэж юу байх билээ.
Дуулгаваргүй ATM
Бэлэн мөнгөний автомат машинаас мөнгө авах шаардлага гарахад “Таны пин код буруу байна” гэсэн бичиг гардаг нь буруу пин код оруулснаас болсон хэрэг огт биш. Зарим улсын ATM карт танихгүйгээс ийм алдаа гарах нь элбэг тохиолдоно. Би маш олон удаа ийм байдалд орж байсан бөгөөд огт ажиллахгүй байсан ATM дээр маргааш нь очиход ид шидийн юм шиг л ажилладаг.