Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо болж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч эхэллээ. Шилдгүүдээс Румын Симона Халеп, Данийн К.Возниацки, Чехийн Плишова нар үлдээд байна.
Тэгвэл ОХУ-ын Мария Шарапова, Германы А.Кербер нар гуравдугаар тойрогт оноолт таарсан бөгөөд тэдний тоглолт өнөө шөнө болно.
Мария Шарапова Германы Т.Мариа, Латвийн Анастасяа Севастова нарыг хожиж, 32-т үлдээд байсан. Тэрбээр дөрөвдүгээр тойрогт тус тэмцээний 2016 оны аварга Германы А.Кербертэй тоглохоор боллоо.
Шарапова цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Керберийг хожиж чадвал Польшийн А.Радваньскатай тоглох өндөр магадлалтай. Радваньска Тайваны теннисчинтэй гуравдугаар тойрогт тоглох бөгөөд тэдний тоглолт мөн энэ шөнө болно.
ОХУ-ын нэрт теннисчин Мария Шараповаг 2016 оны гуравдугаар сараас Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) допингийн шинжилгээгээр мельдони хэмээх хориотой бодис хэрэглэсэн гэж үзэж, 24 сар талбайд гарахгүй байхаар шийтгэсэн. Энэхүү шийтгэлийг 15 сар болгон хөнгөлсөн бөгөөд тэрбээр өнгөрөгч оноос талбайд эргэн гарсан.
Энэ жил 31 настай Мариа Шарапова 2008 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан бөгөөд “Их дуулга” тэмцээнд таван удаа түрүүлээд байна. Түүний хувьд хамгийн сүүлд 2014 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлжээ.
Мельбурн хотноо болж буй Австралийн нээлттэй тэмцээний шагналын сан 43 сая ам.долларт багтаж байна. Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.