Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын хоёр дахь том хот Кэйп Таун хотод сүүлийн 100 жилд болоогүй ган гачиг нүүрлээд байгаагийн улмаас цэвэр усны нөөц шавхагдах аюул тулгарчээ. Кэйп Таунд ердөө дөрөвдүгээр сар хүртэл хэрэглэх цэвэр усны нөөц үлдсэн гэнэ. Хотын дөрвөн сая оршин суугчид 200 гаруй ус түгээх станцаас ундны ус авахын тулд бүтэн өдөржин урт дараалал үүсгэж байгаа ажээ. Ундны усны хомсдол нүүрлэсэн учраас иргэн тус бүрт 24 литр ус олгож байгаа бөгөөд эмх замбараагүй байдлаас сэргийлж, армийн цэргүүд хяналт тавьж байгаа гэнэ. Хотын ундны усны нөөц удахгүй шавхагдах тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тухай яригдаж байгаа юм байна.
Өмнөд Африкт сүүлийн гурван жил дараалан болсон ган гачгаас болж зарим газрын иргэд цэвэр ус импортолж эхэлсэн юм.
Кэйп Таун хотод одоо дөрвөн ам бүлтэй өрхөд өдрийн нормд 100 литр ус түгээж байгаа боловч энэ нь нийт иргэдийн дөнгөж 39 хувийн хэрэглээг бүрэн хангаж байгаа ажээ. Харин хоёрдугаар сард иргэн тус бүрийн цэвэр усны өдрийн нормыг багасгахаар төлөвлөж байгаа юм.
Саяхан болтол хотын захиргаа ус цэвэршүүлэх үйлдвэр барих нь хэтэрхий өндөр өртөгтэй гэж үзэж байсан ч үүсээд буй нөхцөл байдлаас болж, саарал усыг дахин ашиглах, ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулах төлөвлөгөөг бодитой авч үзэж судалж эхэлжээ. Гэвч энэ бүх хүчин чармайлт нь цаасан дээрх төслөөс хэтрээгүй байгаа юм. Зарим шинжээчид эдгээр төслийг хэтэрхий оройтсон гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Tribune News service