МХБХ-ны удирдлагуудаас тайлбар нэхье

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

МХБХ-ны удирдлагуудаас тайлбар нэхье

Нэлээд хэдэн сарын өмнө Монголын хөлбөмбөгийн хол­бооны талаар нэг нийтлэл уншиж байсан санагдана. Нийт­­лэлч Батзаяагийн “Эрүүл бус хөгжил” гэсэн гарчигтай нийтлэлд Монголын хөл­бөм­бөгийн холбоог Зүүн Азийн хөл­бөмбөгийн холбооноос хас­­сан тухай анх олж мэдсэн. Гэтэл түүнээс хойш хагас жил өн­гөрчээ. Нийтлэлээс л  мэ­дээлэл авсныг эс тооцвол холбооны зүгээс ямар тайлбар хийлгүй усанд хаясан чулуу мэт байлаа. Өөрөөр хэлбэл энэхүү мэдээллийг монгол­чуудаас “хав дарж” нуув. Чу­хам яагаад нуух болсон нь тодорхойгүй. Өөрсдийнхөө эрх ашгийг бодсон гэх зарим нэг хүний хардлага байна.  Ямар ч байсан Монголын хөл­бөм­бөгийн холбооны удирдлагууд энэ мэдээллээ чандлан нуу­цалж, манайхан бараг мартах шахаж байтал саяхнаас да­хиад л энэ асуудал сөхөгдлөө. Одоо энэ талаар хөлбөмбөг мэддэг бүхэн ярьж байна. Энэ мэдээллийг сонсоогүй нэг нь гайхаж байна. Сонссон нь өнөөг хүртэл Монголын хөлбөм­бөгийн холбооноос тайлбар хийхгүй байгаад бухимдаж, тэднийг хардаж байна. 2014 он хүртэл Зүүн Азийн хөл­бөм­бөгийн холбооноос зохион байгуулсан ямар ч арга хэм­жээнд монголчууд оролцох эрхгүй болно гэдэг бол ма­найхны хувьд хамгийн ноцтой, бас харамсалтай мэдээ. Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоог жижигхэн статустай гэж ярьдаг ч үйл ажиллагааныхаа хувьд Азийн хөлбөмбөгийн хол­боо­ноос дутахааргүй хөгжиж бай­гаа талаар сүүлийн үед ярих болов. Уг нь Монголын хөл­бөмбөгийн хөгжилд хамгийн их тус хүргэх холбоо нь Зүүн Азийнх байлаа. Харамсалтай нь ердөө л ганцхан шалт­гаанаар хасагдчихдаг юм бай­на. Тэд Монголын хөл­бөм­бөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг үзэл бодлоосоо “урвасан” гэх үндэслэлээр манайхныг тэр чигээр нь шийт­гэв. Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооныхны яриагаар бол Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Солон­госын иргэн Чүн Юн Чог дэм­жих ёстой байсан аж. Гэтэл Монголын хөлбөмбөгийн хол­бооны ерөнхийлөгч үзэл бод­лоосоо няцаж Бин Хаммамыг дэмжсэн юм байх. 2014 оны хүртэл ямар ч арга хэмжээнд оролцохгүй байх шийтгэл авах болсон нь үүнээс улбаатай бололтой. Ирэх гурван жилийн хугацаанд манай хөл­бөм­бөг­чид хоёр ч тэмцээнд орол­цох боломжтой байж. Харин одоо бол бүр юу ч үгүй хоцров. Энэ бүхэн Азийн хөлбөм­бө­гийн холбооны ерөнхийлөгч, Ката­рын иргэн Бин Хаммам гэх баян арабтай шууд ха­маа­ралтай. Бүх зүйл түүнээс болж буруугаар эргэсэн гэхэд бол­но. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч баян ар­а­бын ивээлд орж хөл­бөм­бөгөө хөгжүүлнэ хэмээн эн­дүүрс­нээр элэг бөөрөнд нь эрхэлдэг байсан Зүүн Азийн бүсээс “жийгдэв”. Арабуудтай нийлснийхээ төлөө ийм шийт­гэл хүлээнэ гэдэг нэг талаараа хэтэрхий хатуудсан хэрэг мэт санагдана. Гэтэл Зүүн Азийн хөлбөмөгийн холбоо нь хүрээ­гээ улам л тэлсээр байна. Ирэх жил тус холбооныхон хөл­бөм­бөгийн хөгжлөөрөө дэлхийн топ орнуудын тоонд багтах болсон Австралийг нэгтгэхэд бэлэн болсон аж. Дассан, сурснаараа Японы, Солонгосынхоо бөө­рөнд наалдаад явж байсан бол бидэнд илүү өлзийтэй байж. Энэ бүхнээс харахад зөвхөн мөнгө биш хөлбөмбөгийн хөгж­лөө харсан бол гэх харуусал өөрийн эрхгүй төрж байна. Мон­­голын хөлбөмбөг хөгжиж бай­на гэж зарим нэг нь ярьж бай­на. Яах вэ, дэлхийн од та­мирчин, алдарт “АС Милан” клуб ирсэн нь үнэн. Тэд ирлээ гээд хөгжиж байна гэж яривал  они­гоо болох биз. Ер нь ямар ч спорт бүс, тив алгасч хөгж­дөг­гүй гэдгийг манайхан мэд­нэ. Эхлээд бидний хамаардаг бүс бол Зүүн Ази, дараа нь Ази тив. Харин үүний дараа дэл­хийн төвшинд ярьж болох юм. Ийм хөгжил бидэнд хэрэгтэй. Түү­нээс биш мөнгөтэй нэгнийг да­га­сан хиймэл хөгжил хэ­рэггүй ээ. Гэхдээ энэ талаар заавал албаны хүмүүсийн хариуг сонсох болно. Тэд яагаад өнөөг хүртэл хэнд ч мэдээлэл өгөө­гүй тухай тайл­бар өгөх ёстой. Эцэст нь нэгэн мэдээлэл дуул­гахад Монголын хөлбөмбөгийн холбооны ерөн­хий нарийн бичгийн дарга Д.Тэр­баатар ирэх жилээс “Pre­si­dent cup” тэмцээнд орол­цох хүсэлтээ Азийн хөл­бөм­бөгийн холбоонд гаргачихаад буцжээ. Манай улсын лигт наймаас дээш баг тоглох бол­сон учраас дүрмээ­рээ бол уг тэмцээнд оролцож болох аж. Хэрвээ Азийн хөл­бөм­бөгийн холбоо­ноос энэ асуу­далд нааштай хандвал ирэх жилээс Мон­голын хөл­бөмбөгчдийн орол­цох тэмцээн нэгээр нэ­мэг­дэж байгаа юм. Ийм үйл яв­дал өнгөрсөн сарын 29-нд Малай­зын Куала-Лум­пурт бол­с­он бай­на.

Б.Мөнхзул

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж