С.Батболд утаанаас айсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

С.Батболд утаанаас айсан уу?

С.Батболд утаанаас айсан уу?

Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны байгууллагыг Яармагийн дэнж  буюу Буянт-Ухаа хороолол орчим руу нүүлгэн шилжүүлэх болно гэдэг мэдээллийг өнгөрч буй долоо хоногийн пүрэв гаригт хийсэн нь утаанаас айлаа гэх шүүмжлэлийг араасаа дагуулаад байна.

Буянт-Ухаа хороололтой ойр орших газрууд нь Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол багатай бүс юм.

Хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх санаачилга анхных биш. Ардчилсан намыг эрх барьж байх үед хотын дарга асан Э.Бат-Үүл хотын захиргааг Ханын материал руу нүүлгэн шилжүүлж, Баянхошуу орчмын гэр хорооллыг хөгжүүлж, утааг ч давхар шийднэ гэх гаргалгааг гаргасан. Шав ч тавьсан. Иргэд дээрх санаачилгыг дэмжиж байлаа.

Гэвч сонгууль залгаж, ялагдсанаар Э.Бат-Үүл даргын мөрөөдөл дараагийн даргын шийдэх асуудал болж хувирсан гэж хэлж болно.

Харин С.Батболд дарга өмнөх удирдлагын шийдвэрийг үргэлжлүүлж, Ханын материалд хотын захиргааг барих болно гэж мэдэгдэж байсан ч агаарын бохирдол хамгийн өндөр авч буй бүсээс жийрхсэн бололтой, Яармагийн дэнжийг ониллоо.

Удахгүй хавар болж, газар гэсэхэд шав тавих болов уу. Гол нь хотын захиргаа босдог л байгаа даа.

Бас болоогүй, хотын дарга утаа гаргадаггүй зуух тараах тухай яриад яваа.

Өмнө тараасныхаа үр дүнг үзээгүй, өтгөн утаан дунд байж сууж ядаж, одоо дахиад тараахаар улам л хордмоор юм. Гэтэл энэ онд 13 мянга орчим зуух тараах бололтой юм.

Ийм янзаар утаатай тэмцэнэ гэвэл татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэснээс өөр ялгаа юу байх билээ. Өнгөрсөн 10 гаруй жилийн туршид 200 гаруй тэрбум төгрөгийг утаатай тэмцэхэд зарцуулсан. Түүн дотор зуух багтаж, нийслэлчүүдэд “шахсан”. Агаарын бохирдол буурсан уу, бахь байдгаараа л байгаа. 

Одоо тэгтэл дахиад л хотын даргаасаа эхлээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь зуухны үлгэр яриад эхлэхээр утаатай тэмцэх хүсэл зориг байна уу л гэж асуухаас аргагүй болох. Зуухнаас өөр шийдэл олохгүй бол хотын захиргааг Яармагийн дэнж рүү нүүлгээд ч нэмэргүй шүү дээ, хотын дарга аа. 

Г.ХОРОЛ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж