Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар,О.Гүндэгмаа нарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан болон “Жудаг” групп, “Аваргууд” академи, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран өнөөдөр улсын цолтой шилдэг 16 хүчтэний халз барилдааныг зохион байгуулж байна.
Өндөр шагналын сан, бооцоотой, тасалбар нь эрэлттэй байсан энэхүү барилдааныг зохион байгуулсны зорилгыг “Хосбаатар” сангийн тэргүүн Х.Цагаанбаатар барилдааны нээлт дээр танилцуулж, “нууц” задаллаа.
Их спортынхон, үндэсний бөхчүүд нэгдэн, зохион байгуулж буй халз барилдааны орлогыг бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Банзрагчийн Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулахаар тамирчид шийдвэрлэжээ.
2006 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, Дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирч асан Б.Оюунсүрэн хүнд өвчнөөр өвдөж, БНСУ-д яаралтай мэс засалд орох болсонд их спортынхон нэгдэн, ийн халуун сэтгэлээ зориулж эхэллээ.
Бөх сонирхогчдод өрсөлдөөнтэй, сонирхолтой барилдаан үзүүлэхийн зэрэгцээ нэг дэвжээн дээр хөлс, хөдөлмөрөө зориулан явсан тамирчныхаа эмчилгээнд хандив өргөх сайн үйлсэд зориулагдсан барилдааныг зохион байгуулахад Гавьяат тамирчин Б.Наранбаатар, П.Орхон, О.Насанбурмаа нарын олон тамирчин оролцсоныг “Хосбаатар” сангийн тэргүүн онцлов.
Барилдаан яг одоо “Аса” циркт үргэлжилж байна.
Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийж, ингэхдээ гурван өөр хүнтэй барилдах дүрэмтэй. Нэг давааны үнэлгээ 1 сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаж, давсан нь 3 сая төгрөгийн шагнал хүртэх юм.
Халз барилдаанд их спортоор хичээллэдэг хоёр тамирчин сонгогдсон нь Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар аж. Тэд хоорондоо мөн гурван удаа халз барилдах ба даваа бүрийг 1 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Б.БАЯСАХ