Ливаны хилийн орчим уулархаг газраас Сирийн 12 дүрвэгч хөлдөж үхсэн байхыг олсон талаар Ливаны үндэсний мэдээллийн агентлаг мэдээлжээ. Дүрвэгсдийн гурав нь бага насны хүүхэд байсан тухай мэдээнд дурджээ.
Ливаны нийгмийг аюулаас хамгаалах газар болон армийн шинжээчдийн баг энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд дүрвэгсдийн цогцсыг шүүх эмнэлэг рүү аваачжээ. Ливаны хил орчмын уулархаг нутаг Маснаагаар сүүлийн үед Сирийн дүрвэгсдийн хууль бусаар хил нэвтрэх нь ихэссэн гэнэ.
Ливаны армийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар дээрх газраас хөлдөж үхэхийн даваан дээр байсан гурван хүнийг олж, амийг нь аварсан гэжээ.
Эх сурвалж: CNN