Улаан асрын зүүд (27-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (27-р бүлэг)

Улаан асрын зүүд (27-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гаднатуйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэжөнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэгбичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э

Хорин долдугаар бүлэг:

  ТОРГОН НОГООН ТАНХИМД ЯН ГҮЙ ФЭЙ ЭРЭЭН ЭРВЭЭХЭЙГЭЭР НААДАЖ, САЙХАН ЦЭЦГИЙН БУЛШИНД ЖУН ФЭЙ ЯНЬ ЗУЛГАРСАН ЦЭЦГИЙГ ӨРӨВДӨВ

Өгүүлэх нь: хүрээний үүдэнд Дай Юй гутран уйлж байхад нь хаалга дуугарч Бао Юй, Ши Рэнь хоёр Бао Чайг үдэхээр гарч ирэх харагдав. Очоод Бао Юйтэй уулзаж болох ч олны өмнө түүнээс асуух нь эвгүй гэж бодоод тэрхэндээ нуугдасхийж байснаа, явах нь яваад, буцах нь буцаад хаалгаа хаасан хойно эргэж гарч ирээд хаагдсан хаалгыг харж хэдэн дусал нулимс унагав.Жаахан зогсож байгаад урамгүй шиг гэлдрэн өрөөндөө ороод, ор дэрээ засаж янзлав.

Энэ Линь Дай Юй, тодорхой юм хийхгүй л бол уйтгарлан сууж, хөмсөг зангидан санаа алдаж зүв зүгээр байхдаа л нойтон нүдтэй суухыг Зы Жюань, Шюэ Янь хоёр сайн мэдэх бөгөөд анхандаа бол аав ээжээ санаж, эх нутгаа мөрөөдөн энэ тэрийг бодоод төвөгтэй байдаг юм байх гээд сэтгэлийг нь тайвшруулах үг хэлж ятгадаг байжээ. Гэтэл тэр юу ч хэлсэн тайтгарахгүй бүтэн жил болоход ийм байдалтай байгаад байсаар сүүлдээ бүр азад болж, төдий л ойшоохоо больжээ.Яваандаа, тэр ч уйтгарлахаараа уйтгарлаж, уйлахаараа уйлж, наадуул нь тэгж л байдаг юм гэсэн шиг тоохоо болив.Дай Юй, орныхоо хашлагыг түшин, усан нүдэлж, гараа салаавчлан хоёр өвдгөө тэвэрч шавар хүн шиг хөдлөхгүй сууна.

Шөнийн хоёр жин өнгөрөхөд сая л нэг юм орондоо оров. Энэ нэгэн шөнийн явдлыг үл өгүүлэн өгүүлэх нь:

Маргааш нь дөрвөн сарын 26 бөгөөд энэ өдрийн хонин цагт буудай боловсорно, буудай боловсроод дуусчихвал зуны улирал эхэлж, хамаг цэцэг зулгаран, цэцэглэг ажран залрах тул энэ өдөр зүйл бүрийн тахил тавиг бэлтгэж аярлан мордуулах заншилтай бөлгөө. Гүнгийн ордонд бол энэ заншил нэн ч эрхэмсэг тул Да Гуань Юань хүрээлэнгийн хүмүүс цөм эрт босож, охидууд цэцгийн мөчир удын навчаар тэрэг морийг чимэглэж, зарим нь хив хадаг, торго дурдангаар туг далбаа дарцаг хийж, цөмийг мяндсан утсаар хэлхэж, моддын оройг чимээд, хүрээ хашаагаар дүүрэн бүч уяж цэцэг хуар намируулжээ. Эдгээр чимэглэлийг хараад тогос гургалдай гунихартал, тоор алим ичтэл засаж чимжээ гэцгээн хөөргөнө.Бао Чай, Ин Чүнь Ши Чүнь, Ли Вань, Фөн Же болон олон инж нар гадаа хүрээлэнд тоглон наадаж байхад ганцхан Дай Юй л харагдсангүй. Хамгийн түрүүнд Ин Чүнь л ажиж:

-Линь охин дүү яагаад ирээгүй байна вэ. Энэ залхуу охин өдий болтол унтлаа гэж үү гэсэнд Бао Чай:

-За та нар хүлээж бай.Би очоод аваад ирье гээд Дай Юйн байр руу гүйв. Түүний өөдөөс баахан охид ирж явах таараад тэд мэндлээд өнгөрөхөд нь: “Тэд тэнд байна. Та нар очиж бай.Би Линь охин дүүг дуудаад ирье” гэж хашгираад цааш явав.Санаандгүй эргэж харвал Бао Юй араас ирж яваа харагдахаар зогсож бодлогоширсоноо, ийн бодов.Энэ Бао Юй, Дай Юй хоёр багаасаа нэг дор өсөж, хоёул эрх зоргоороо наадаж тоглон, сайдахдаа сайдаж, муудахдаа муудаж энэ хүрсэн хоёр.Дай Юй нь их сэжигч, хартай, бас ууртай тул би Бао Юйг дагаад очвол нэгд Бао Юйд эвгүй, хоёрт Дай Юй сэжиглэнэ.Тэгэхээр дэмий очоод яахав гэж бодоод буцав.Эгч дүүстэйгээ очиж тоглож наадъя гэж бодоод явж байтал өмнө нь дэвүүрийн чинээ том хос цагаан эрвээхэй дээр дороо орж, салхины аясаар дэрвэгнэн асар тааламжтай бүжиглэж харагдав.Бао Чай тэр хоёрыг барьж аваад тоглоё гэж бодоод ханцуйнаасаа дэвүүрээ гарган, тэдэнтэй хөөцөлдөн гүйсэнд мөнөөх хоёр эрвээхэй, нэг дээш хөөрөн, нэг доош бууж нааш цааш эргэлдэн ниссээр гол гатлан завдсанд хойноос нь хөөж очоод торгон ногоон танхимын үүдэнд хүрэв.Хөлс нь чив чив дусалж, амьсгаа нь хүй хүй гэж давхцана.Сүүлдээ тэр хөөж барих сонирхолгүй болоод буцъя даа гэж бодон явах гэтэл ногоон танхим дотор эр эм хоёр хүний гүвэн түвэн ярилцах сонсогдов.Нуурын усан дээр барьсан энэ танхим бол эргэн тойрондоо эргэх саравч, зориудын муруй саруй хашлагатай, дөрвөн талдаа сийлбэрт цонхтой агаад цаасан наалттай ажээ.

Танхим дотор хүн ярилцахыг сонсоод саваагүйтэн чагнавал, эр нь: “Чиний гээсэн алчуур энэ мөн байхаа. Чи ав. Биш бол Юнь Эреэд аваачиж өг” гэсэнд нөгөөх эм нь: “Наадах чинь миний алчуур яг мөн байна. Надад өг” гэж байна. Цаадах нь: “Чи юугаар миний ачийг хариулна вэ. Би зүв зүгээр л чамд өгчих юм уу” гэж асуусанд: “Би нэгэнт хүлээсэн бишүү. Лав чамайг мэхлэхгүй” гэв. Тэгтэл цаадах эр нь: “Би чамд авчирч өгч байгаа болохоор чи миний ачийг хариулах нь зүй биз дээ. Гэтэл чи тэр анх олсон хүний ачийг бодоод байгаа юм уу” гэж асуусанд нөгөөх эм нь: “Дэмий юм яриад хэрэггүй. Тэр бол эзэн хүн.Бидний юмыг олбол эзэнд нь өгөх ёстой. Тэр олсон нь үнэн боловч би юугаар түүний ачийг хариулах юм бэ?” гэсэнд цаадах нь: “Чи түүний ачийг хариулахгүй гэвэл, би түүнд юу гэж хэлэх вэ. Тэр чинь, ачийг минь хариулахгүй бол энэ алчуурыг битгий өгөөрэй гэж дахин давтан хэлсэн юм шүү” гэв.Хоёл чив чимээгүй болчихов.Бао Чай ч юу болохыг хүлээгээд, энэ тэрийг сонирхсон шиг зогсож л байв. Тэгтэл эм нь: “За болтугай, болтугай. Миний энэ алчуурыг түүнд аваачиж өгөөд ач хариулсанаар бодчих.Чи хүнд хэлэх л байх даа. Хэлэхгүй бол сайн л юм” гэсэнд эр нь: “Би хүнд хэлбэл, аман дээр минь яр ургаж, хожим үхэхийн муугаар үхэг” гэснээ: “хөөе, чи бид хоёр үгэндээ болоод, гадуур явсан хүн маний үгийг сонсох вэ гэж хаширласангүй. Энэ цонхыг нээчихдэг байж.Хэрэв тэгсэн бол чи бид хоёрыг хүн харлаа ч хоёр хүн байна л гэж бодно.Ойртоод ирвэл чи бид хоёр яриагаа хичээнэ биз дээ” гэв.

Тэдний ийн ярихыг сонсоод Бао Чай хэрдхийн цочив. Тэрбээр дотроо: “Эрт эдүгээгийн завхай зайдан хүмүүсийг арга ухаантай гэцгээдэг нь үнэн бололтой. Танхимд ярилцагсдын нэгийнх нь дууны өнгө Бао Юйн дэргэдэх Шяо Хунийхтэй их төстэй санагдана.Тэр ерөөсөө дээгүүр харсан их санаатай, этгээд зантай охин тул энэ өдөр эмзэг газраа над мэдүүллээ бололтой.Үнэнийг нь хэлбэл, “Ичсэн хүн ална, айсан хүн адуу хөөнө” гэгч л болох байх даа.Гэхдээ, үүнийг хүнд хэлээд яана. Эдэнд ч яршиг, надад ч муухай болно” гэж бодонгуут түргэн зайлах аргагүй болсон тул “Чөтгөрийн нүдийг цаасаар хуурах” аргыг хэрэглэе гэж бодтол гэнэт шурдхийх дуун гарахад нь Бао Чай алхаагаа түргэсгэн хөхөрч “Пинь эр чи одоо хаашаа дутаана вэ” гээд зориуд ухасхийн гүйв.

Ногоон танхимын дотроос Шяо Хун, Юнь Эр хоёр цонх онгойлгон гарах гэтэл Бао Чай ийм юм хэлэн тэр хоёрыг хараад гэнэгүйхэн шиг инээсээр:

-Та нар Линь авхайг авчирч хаана нууваа гэсэнд Юнь Эр:

-Хэн Линь авхайг харваа гэж асуув. Бао Чай:

-Би сая голын тэртээгээс Линь авхайг энд усаар тоглож байхыг харсан юм.Би сэмхэн ирээд нэг сайн цочооё гэж бодсон чинь, намайг ойртохоос өмнө, урьтаж миний барааг харчихаад зүүн тийш явах шиг болсноо алга болчих юм.Энэ рүү ороогүй юү гээд дотогш орж үзсэнээ, толгой сэгсрэн, агуйд оров уу, аль тэгвэл ч могойд хатгуулна шүү гэхчилэн олон юм дүдэгнэсээр явахдаа, бас дотроо энэ явдлыг чадан ядан аргалж өнгөрөөх юм сан.Эд нар юу л бодвол бодог хэмээн бодсоор инээд алдав. Цаад хоёр нь түүний үгэнд үзэмшиж, Бао Чайг холдоод явчихаар Юнь Эрийг татаж:

-Хэцүү явдал болов.Линь авхай энд байсан бол чи бидний үгийг сонссон байхаа гэсэнд цаадах нь дуугаралгүй бодлогоширно. Тэгэхээр Шяо Хун: “Одоо яах вэ” гэж асуув. Юнь Эр:

-Сонссон ч яадаг юм. Тус тусынхаа явдлыг гүйцэтгэвэл боллоо гэсэнд Шяо Хун:

-Бао авхай сонссон бол нэг их юм болохгүй.Харин тэр Линь авхай чинь, хэцүү хоншоортой, нарийн ухаантай амьтан.Хэрэв тэр сонссон байгаад гадагш тарвал яана гэхчилэн тэднийг ийн ярилцаж байтал Шян Линь, Сы Чи, Дай Шу нар ногоон танхимд хүрч ирсэн тул тэр хоёр яриагаа татаж тэднийг инээн угтав.Ийн байтал Фөн Же уулын хяр дээрээс далласанд Шяо Хун, тэднийг орхиод тийш гүйв. Очоод:

-Та намайг дуудав уу гэж инээд алдан асуув. Фөн Же ажиглан хараад, түүний цэвэр сайхан төрсөн бөгөөд үг хэл нь зөөлөн аядууг үзээд:

-Өнөөдөр миний шивэгчин охид намайг дагаж ирсэнгүй.Би сая л учрыг нь мэдээд нэг хүн гадагш явуулах гэсэн юм. Чи явбал, миний үгийг түүнд гүйцэд дамжуулж чадах уу гэсэнд охин инээж:

-Найнай, ямар үг хэлэх гэсэн юмсан бол хэлэл дээ. Таны хэлснийг бүрэн дамжуулж чадалгүй, таны ажлыг саатуулбал та яаж ч шийтгэж болно гэсэнд Фөн Же инээмсэглэн:

-Чи аль авхайгийн дэргэд байна вэ. Чамайг юманд явуулсан хойно эрэл сурал болбол би хэлье гэсэнд Шяо Хун: “Би Бао Эрегийн гэрт байдгаа” гэв.

-Өө чи Бао Юйгийн гэрийн охин юмуу. Түүнийг асуувал би хэлье гээд Фөн Же: – чи манайд очоод Пин эгчдээ хэл. Үүдний өрөөний ширээн дээрх Рү Яо пялны1 тавиур дор хатгамалчдын хөлсөнд өгөх нэг боодол зуун хорин лан мөнгө тавьсан байгаа.Жан Цайн эхнэрийг ирэхлээр харж байхад нь хэмжиж үзүүлээд өгөөд явуул гэж хэл.Бас цаад өрөөний буланд нэг бяцхан боодолтой юм байгаа аваад ир гэж хэлэв.Шяо Хун толгой дохиод эргэв.Төдөлгүй буцаад ирсэнд, Фөн Же байсан газраа алга байв. Харин Сы Чи уулын агуйнаас гарч ирээд бүсээ засаж байхыг харуут очоод:

-Эгчээ, Эл найнай хаашаа явахыг харав уу гэж асуусанд цаадах нь: “Харсангүй” гэсэнд эргэн тойрныг ажиглавал, тэртээх нуурын хөвөөнд Тань Чүнь, Бао Чай нар загас харцгааж байхыг хараад хүрч очив. Тэднээс: “Авхай нараа, Эр найнай хаашаа явахыг харав уу” гэж асуусанд Тань Чүнь: “Найнайгаа хашаанд нь очиж эрээрэй” гэв. Тэгээд цааш явж тутарга ангилах газар Дао Шян Цүньд хүрвэл, өөдөөс нь Чин Вэнь, Чи Сань, Ин Эр зэрэг арваад охин ирж явав. Түүнийг хараад Чин Вэнь: “Чи яасан их сэгсэлздэг юм бэ. Хашааны цэцэг ч услахгүй, шувуу ч тэжээхгүй, ус ч буцалгахгүй, гадуур хэсэхээс өөр хийх ажил алга уу чамд” гэсэнд Шяо Хун: “Өнөөдөр миний ээлж бишээ. Тийм учраас ус цасыг надтай бүү холбож ярь” гэсэнд Чи Сань: “Та минь ээ, үүний хошууг харав уу. Энүүнд битгий юм хэл. Дураараа гүйж байг” гэсэнд Шяо Хун:

-Та нар асуугаад үз.Би гүйж үү, үгүй юү.Ухаа нь, сая Эр найнай намайг зарж юм авчрууллаа.Энэ чинь дэмий гүйсэн хэрэг үү гээд боодолтой юмыг харуулсанд бүгдээр амаа хамхив. Тэгээд тэд явах болсонд Чин Вэнь хүйтнээр инээж:

-Даанч тийм байхаа тэр.Дээд салаанд мацаж гарсан тул маний үгийг сонсохгүй болсон юм байжээ.Нэг хоёр үг сольсон ч юм уу, үгүй ч юм уу.Нэр овгийг нь мэдсэн ч юм уу, үгүй ч юм уу, учрыг нь мэдэхгүйгээр ингэж баярлах ч гэж дээ.Энэ нэг хоёр удаагийн явдал ч яамай.Чадалтай бол өнөөдөр энэ хүрээнээс гарч цаашдаа дээд хэсэгтээ дүүжлэгдвэл улам сайн болноо гэсээр цааш одов.Шяо Хун энэ үгийг сонсоод, маргая ч гэсэнгүй арга буюу хүлцэж Фөн Жег эрэхээр цааш явав.Ли Ванийнд сураглаж очвол тэнд юм яриад сууж байв. Шяо Хун:

-Найнай гарсаны дараа мөнгийг бэлдэж байгаад сая Жан Цайн эхнэрийг ирэхээр харж байхад нь мөнгийг дэнслээд өгсөн гэнээ гээд захисан боодолтой юмыг нь өгөв.Тэгээд “Пин эгч, сая Ван Эр аль гэрт очихоо, найнайгаас асуухаар ирсэнд, найнайгийн хэлснээр явууллаа гэснийг танд хэлээрэй” гэсээн гэв. Фөн Же инээн:

-Тэр яаж миний санаагаар хэлж явуулсан юм бол гэсэнд Шяо Хун:

-Манай найнай эндэх найнайгийн амрыг эрж байна.Манай Эр Еэ гэртээ алгаа.Хэдий хоёр өдөр оройтсон боловч найнай та сэтгэлээ амар байлгаа.Тавдугаар найнайгийн бие гайгүй болбол манай найнай бас тэр найнайтай нийлж, тантай уулзахаар очноо.Тавдугаар найнай тэр өдөр хүн илгээн хэлүүлсэн нь, нагац найнай захидал авч ирээд найнайнгийн амрыг эрж байна.Бас эндэх найнайгаас нас уртатгах хувилгаан үрэл хэдийг олсугай гэлээ.Байвал найнай хүн явуулж, манай найнайгийнд ирүүлбэл болноо.Маргааш очих хүнээр тэндэх найнайд явуулж өгсүгэй гэж Пин эгч хэлсээн гэв. Тэгтэл Ли Вань инээж:

-Бурхан минь, энэ үгийг чинь би мэдэхгүй юм байна. Энд тэнд хичнээн олон найнай, хичнээн их үрэл байдаг л байлгүй гэсэнд Фөн Же бас инээж:

-Чи мэдэхгүй нь зөв өө.Энэ бол дөрөв таван айлын явдлаа… гээд Шяо Хунд, чи сайн охин байна.Үнэхээр бүрэн гүйцэд хэлж ирж байна.Тэдэнтэй адилхан батгана мэт татаг ятаг гэсэнгүй.Бэргэн та нээрэн тэднийг мэдэхгүй.Миний хувьд бол ойр шадар байгаа энэ хэдэн хөгшид охидоос бусадтай нь ярилцахаас цааргална.Тэд нэг юм ярих гэхээрээ сунжруулаад хэдэн хэсэг болгоод хошуу амаа билүүдэн, ян янхийж, хангинахад миний бачимдахыг тэднүүс мэдэхгүй л дээ.Манай Пин Эр ч мөн иймэрхүү.Би түүнээс батгана шумуул мэт жингэнэвэл сая сайн хүний тоонд орно гэж боддог юм уу гэж асуудаг юм.Хэд ингэж хэлсэнээс хойш засрах янзтай гэв. Ли Вань инээж:

-Тэд нар чинь тэгээд цөмөөрөө чам шиг хээгүй амьтан болох ёстой юм уу гэсэнд Фөн Же

-Энэ охин бол сайхан ярьж байна.Саяын ярьсан нь нэг их олон биш ч гэсэн, үг нь тод, хэл нь хурц байна гэснээ, Шяо Хунд хандаж, маргаашаас чи ирж намайг асартугай.Би таниагүй ч гэсэн, сайхан зааж сургавал чи улам сайн болно гэв.Энэ үгийг сонсоод Шяо Хун инээд алдах шахав. Фөн Же хараад:

-Чи яагаад инээгээд байгаа юм бэ.Чи намайг өөрөөсөө хэдэн насаар эгч хүн байхад ээж шигээ санаад байна уу.Битгий зүүдлээрэй.Чи цаадуулаасаа асуугаарай.Цаадуулын чинь чамаас эгч нь ч намайг ээж шигээ бодоход би ойшоодоггүй юм шүү.Өнөөдөр би чамайг үнэхээр өргөж байна шүү гэсэнд Шяо Хун “Би үүнд инээсэн юм биш, энэ өдөр үе хутгасанд л инээсэн юм.Миний ээж даруй найнайгийн шургуулсан хүүхэн байтал энэ удаа намайг хүүхэн гэж боджээ” гэв. Фөн Же: “Эх чинь хэн бэ” гэж асуусанд Ли Вань хажуугаас нь “Чи үүнийг таньдаггүй байсан юм уу. Энэ чинь Линь Жышяогийн охин шүү дээ” гэв.Фөн Же ихэд гайхан, өө түүний охин юмуу.Линь Жышяо эр эм хоёр чинь, хамрыг нь дөрөлсөн ч дуугарахгүй, үнэхээр таарсан хоёрдоо гэж би дандаа хэлдэг байж билээ.Нэг нь төрөлхийн дүлий, нөгөөх нь сүүлд дүлий болсон юм.Тэр хоёрыг ийм сэргэлэн охин төрүүлнэ гэж хэн санах юм.Чи одоо арван хэдтэй вэ. Нэр чинь хэн бэ гэсэнд:

-Би арван долоотой.Миний нэр уг нь Хун Юй юм. Бао Эреэтэй нэр харгалдсан гэж Шяо Хун болгосон юм гэсэнд Фөн Же, хөмсөгөө нэг зангидаж, толгойгоо нэг сэгсрээд:

-Ер алийг жигших вэ дээ.Энэ нь ч Юй, тэр нь ч Юй гээд Юй гэдэг үгэнд ад оршсон мэт гээд л гэснээ, бэргэн та мэднэ биз дээ.Би үүний эхэд “Лай дагийн эхнэр ажил ихтэйгээс гадна энэ ордныхныг сайн танихгүй болохоор, чи надад хоёр охин шилж сонгож аль” гэсэн юм.Тэр за гэсэн мөртөө сонгож өгөлгүй, харин өөрийнхөө охиныг бас өөр газар өгчихсөн байна. Намайг дагуулсан бол муу болохгүй биз дээ” гэсэнд Ли Вань инээж:

-Чи дэмий хардаж байна.Чамайг хэлэхээс өмнө нэгэнт орж ирсэн юм чинь, үүний эхийг буруутгаж яах юм бэ гэв. Фөн Же:

-За тийм юм бол би Бао Юйг өөр хүн ав гэж хэлээд энэ охиныг нь өөрөө авна. Чи дуртай байна уу гэж асуусанд Шяо Хун инээж:

-Дуртай, дургүйгээ хэлэх арга алгаа.Найнайгийн дэргэд байвал их юм сурах юм.Наана гэхэд хүний царайн өнгийг шинжиж сурна.Мөн их, бага, дээд, доодтой учирч, юм үзэж, нүд нээгдэнэ гэж л бодож байна гэж хариу хэлэх үед Ван Фүрэний шивэгчин ирж Фөн Жег урьсан тул гарч одов. Шяо Хун тэндээс гарч хүрээлэндээ очсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Дай Юй шөнө нойр муутай байснаас орой босов.Хүрээлэн дотор олон эгч дүүс цэцгийн тухай ярьж байхыг сонсоод их унтсандаа зовонгуйран гарч ирвэл Бао Юй ирж байв. Тэрбээр:

-За сайн охин минь, чи намайг өчигдөр хэлсэн үү.Би шөнөжин бодоод нойргүй хонов гэсэнд Дай Юй, цааш эргэж Зы Жюаньд, гэрээ цэвэрлээд, нэг талын цонхыг хааж, хөшгийг буулган арслангаар2 дарж тавин, хүжээ асаагаад хүлийсийн бүрээсийг тавьчих гэж захиад гадагш явав.Бао Юй түүний ийнхүү байхыг хараад өчигдөр үдийн явдлаас болжээ гэж бодсон биш, оройн явдлыг мэдэхгүй тул хоёр гараа нийлүүлэн зангидаж ёслон мөргөсөөр байв.Гэтэл Дай Юй тоолгүй явсаар хашааны үүдээр гарав. Бао Юй гайхан: “Энэ байдлаас үзвэл өчигдрийн явдлаас болсон янзгүй. Би баахан оройтож ирээд түүнтэй уулзах завдал ч болоогүй” гэж бодсоор араас нь дагав.Тэртээд тогоруу цамнахыг харж байсан Бао Чай, Тань Чүнь хоёр дээр Дай Юй очоод гурвуул ярилцан зогсоно. Тань Чүнь эндээс Бао Юйг очиж явахыг хараад: “Бао ахаа, бие чинь зүгээр үү. Гурав хоног бараагий чинь харсангүй шүү” гэхэд нь: “Дүү нарын бие сайн уу? Би уржигдар их бэргэний дэргэд чамайг асуусаан” гэсэнд цаадах нь: “Бао ахаа энд ир. Чамтай ярих юм байна” гэв.Бао Юй тэдэн дээр очилгүй, анар мод руу эргэхэд Тань Чүнь хойноос нь явав. Тань Чүнь түүн дээр очоод:

-Энэ хэдэн өдөр Лаое чамайг дуудсангүй юү гэсэнд Бао Юй: “Дуудсан л гүй” гэв. Тань Чүнь:

-Өчигдөр чамайг Лаое дуудсан гэж сонссон юм. Худал байжээ гэсэнд Бао Юй:

-Эндүүрчээ. Намайг дуудаагүй гэв. Тань Чүнь:

-Би энэ хэдэн сарын дотор арваад мянган зоос олж хадгаллаа.Чи маргааш гадагш гарвал, тэр мөнгөөр сайхан зураг, авсаархан тоглоомын зүйл авчирч өгөх үү” гэв. Бао Юй:

-Би энэ хотын гадуур дотуур, их бага сүм дуганаар яваад төдий л уран нарийн, сонин сайхан эдийг ер олж үзсэнгүй.Мөн алт, хаш, зэс, гууль, шаазан зэргийн тавих газар олдохгүй муусайн хуучин биш бол торго дурдан дээл хувцас идэш уушны юмнаас өөр юү ч үгүй юм билээ гэв. Тань Чүнь:

-Тийм юмаар би яах юм бэ.Чиний дээр нэг авчирсан удын намаагаар сүлжсэн бяцхан сагс, хулсны үндсийг ухаж хийсэн заарын багвар, шавраар хийсэн бяцхан бойпор мэтийн зүйл бол сайн.Би машид хайрлаж байтал тэд бас сонирхон дурлаад, эрдэнэ үзсэн мэт аваад аваад явчихсан гэв.

-Чи тийм юм авах гэж байгаа бол дэмий үнэ хүрэхгүй.Харин чи хэдэн мянган зоосоо хүүхдэд өгөөд явуулчихвал хоёр тэрэг авчиравч бардаагаар гүйцнэ гэж Бао Юй хэлэв. Тань Чүнь: “Тэд нар юугаа мэдэх юм бэ. Чамд бүрэн бүтэн сонин эд таарвал авчраад өг л дөө.Би чамд түрүүчийнх шиг шаахай хийж өгье. Хичээж их гоё хийнэ” гэсэнд цаадах нь:

-Чамайг шаахай гэхлээр нэг юм санаанд орлоо. Намайг өмсөөд явж байсан чинь Лаое таагүй байртай: “Хэн оёж өгсөн юм бэ” гэж асуулаа. Би яаж дүү охин чамайгаа нэрлэх вэ.Миний төрсөн өдрөөр нагац эх өгсөн юм гэлээ.Лаое, нагац эхийн нэр барьсан болохоор юм хэлж чадаагүй.Тэгснээ, жаахан байж байгаад дэмий их хүчээ шавхаж, торго, панс сүйтгээд ийм юм хийж яана гэсэн шүү.Би түүнийг Ши Рэньд хэлсэн чинь, үүгээр бас зогссонгүй.Жао Инян их л ундууцаж, жинхэнэ төрсөн дүү нь шаахай гутлаа маажийлгаад явж байгааг харахгүй харин ийм юм оёж суудаг юмаа” гэж буруушаан зэмлэжээ гэв. Тань Чүнийн царай барайж:

-Яасан худалч юм бэ.Би ямар шаахай оёдог хүн үү.Хуань Эрийг асрах хүнгүй юү.Дээл бол дээл, шаахай гутал бол шаахай гутал оёж хийх охид хөгшид гэр дүүрэн сууж байна.Тийм байхад ийм үг хэлж болох уу.Хэнд хэлж байгаа юм бэ.Би ажилгүй зүгээр сууж уйдахдаа нэг хоёр шаахай оёод аль гэж ах дүү өгсөн ч хийх эсэх нь миний дур шүү дээ.Хэн намайг захирах юм бэ.Энэ ч бас түүний дэмий уур байна гэв. Бао Юй толгой дохиж:

-Тэр дотроо бас нэг бодол орсон нь яриангүй. Чи мэдэхгүй байна гэсэнд Тань Чүнийн уур улам хүрч:

-Чи бас мартжээ.Тэр тийм бодолтой байх нь яриангүй.Гэвч өчүүхэн амьтны өчүүхэн бодол доо.Тэр боддогоороо бодож л байг.Би бол Лаое, тайтай хоёрыг л танина.Бусдыг нь ойшоохгүй.Ах дүүс эгч нарын дотроос хэн надад сайн бол би мөн түүнд сайн байна.Урьд хождын энэ тэрийг би ерөөс мэдэхгүй.Би тэдний тухай ярих нь зүй бус хэрэг.Тэгэхдээ тэр бол даанч мэрэхийн туйлд тулсан хүн юм.Энд бас инээдтэй юм байна.Түрүүнд би чамаар тоглоом авчруулах гэж зоос өгч явуулсанаас хойхно, тэр намайг хараад, яаж зоосгүй гачигдаж, яаж зовж байна вэ гэж асуусан юм.Би түүнийг нь ойшоосон ч үгүй.Сүүлд инж нарыг гарсан хойно намайг “Юунд хураасан зоосоо Бао Юйд өгөөд Хуань Эрд өгөхгүй байна вэ” гэж зэмлэсэн. Миний уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг болоод шалавхан гараад тайтайгийнд очсон гэхчилэн ярилцаж байтал Бао Чай тэндээс гарч ирээд: “Яриагаа дуусгаад хүрээд ир. Үнэнч ахан дүү нар хүнийг хаяад явсан нь аминыхаа юмыг ярих гэсэн хэрэг үү.Би ганц нэг үг сонсож болохгүй юү” гэсэнд тэр хоёр инээлдсээр өөдөөс нь явав.

Бао Юй, Дай Юйг байна уу гэж харсанд алга байв.Тэгэхээр нь, хоёр өдрийн дараа л уурыг нь гарсан хойно очъё гэж бодоод доош харвал, хумсны будаг, анар мэтийн өнгө бүрийн цэцэг, магнаг, хоргой мэт газраар нэг хэвтэж байв.Түүний уур хүрээд л энэ цэцэг мэтийг түүсэнгүйдээ.Маргааш л асууя гэж бодож байтал Бао Чай тэднийг дуудаж, явъя гэв. Бао Юй: “Би одоо очноо” гээд цэцгүүдийг түүн савлаж аваад Дай Юйтэй цуг тоорын цэцэг оршуулсан газар руугаа явав. Цэцгийнбулшинд ойртож, уулын хөтлөөр давтал тэртээд гиншин гингэнэх дуун гарч үнэхээр эмгэнэлтэйгээр уйтгарлан гашуудах ажээ. Бао Юй дотроо: “Хэний охин энд ирж уйлж байдаг юм бол” гэж бодсоор, уйлан гиншихийг нь сонсвол:

Үзэсгэлэнт цэцэг зулгаран хийсч газар дэлхийг бүрхээд

Үнэр, өнгө нь арилан дуусахад хэн хүн хөөрхийлнэ вэ

Өрнөлт хаврын бүрх мухлагт аалзны шүлс намираад

Өрвөгнөн хөвхийх удын унгирал хатгамал орхиулд шигдэнэ

 

Цэвэрхэн ордны өсвөр охин нөгчих хаварт харамсан

Цээж дүүрэн уйтгар юугаа хэнд гарган хэлнэ вэ.

Цэцэгт алчуурыг гартаа бариад дотор гэрээс гарч

Чанагш инагш гишгэлэн туучихуйяа сэтгэл үл төвдөнө

 

Арц, удын нахиа найлзуур үнэрээ ханхлуулахыг мэдээд

Алим тоорын бутран хийсэхийг харин ч үл хайхарна

Алим тоор ирэх жил дахин дэлгэрч чадавч

Аяа ганц дотор гэрт хэн хоцрох бол доо

 

Урьхан хавар, шавар үүрээ дөнгөж засаж дууссан

Унинаа үүрлэгч эрэгч хараацай даанч найргүй

Улирах жил дэлгэрэх цэцгийг тоншиж болох боловч

Өргөө хоосорч хүн явбал үүр чинь эвдэрч мэднэ

 

Жиргэн жиргэх жилийн дөрвөн улиралд

Жихүүн салхи, хүйтэн хяруу ээлжлэн тарчилгахуйяа

Ариун үнэр, гэгээн зүс хэдий тэсэж чадна вэ

Агшин зуур хийсэн тэнэвээс эрж олохуйяа бэрхээ

 

Яралзсан цэцгийг харахуйяа хялбар, зулгарвал олохуйяа бэрх

Яндарын өмнө цэцэг оршуулагчийг зовоох машид хэцүү.

Алчуураа атгаж ганцаар зогсон, сэмхэн нулимас асгахуйяа

Асгарсан нулимс хоосон мөчирт цус болон дусална.

 

Хөхөө шувуу, үдшийн бүрийгээр дуу юугаа хураахуйяа

Хүрзээ мөрлөн буцаж ирээд давхар хаалгыг хамхина

Хөхөмдөг зул туурганаа тусахад хөнжил дэлгэн хэвтэхүйеэ

Хүйтэн бороо цонхонд ташиж ор үл дулаацна.

 

Сонирхож, надаас юунд хэтэрхий гуниглана вэ гэнүү

Соргог хаварт миний бие бахдах бөгөөтөл гомдоно

Сочмог ирэхүл би бахдаж, гэнэт явахул гомдоно

Сонордолгүй ирээд бас сэмхнээр одож арилна.

 

Шивээний гаднах өчигдөр шөнийн эмгэнэлт тэр дуун

Шувууны сүг, цэцгийн сүнсний алин нь болсон бэ.

Цэцгийн сүнс, шувууны сүгийг ямагт байлгахуяа бэрх

Цэцэг ичингүйрч, шувуу дуугүй нисэн алга болно

 

Цэвэрхэн биеэс энэ цагт жигүүр ургасан болохул

Цэцгийг даган тэнгэрийн хязгаарт нисэн хүрэх байжээ

Тэнгэрийн хязгаарт нисэн хүрч үнэхээр чадах ахул

Тэр оронд цэцгийн бунхан олдохгүй бизээ

 

Хоргой уутанд алтан ясыг түүж савлан хийгээд

Хээнцэр биеийг ариун шороонд булж орхивол дээрээ

Бие угаас ариунаар ирээд ариун ёсоор буцна

Балчиг шавар, бузар буртагийг хэрхэвч үл халдаана.

 

Чи одоо сөнөж дуусвал би чамайг оршуулна

Би хэзээ үхэж, тонилохыг хэн ч үл мэднэ

Цэцэг оршуулахад хүн намайг тэнэг гэнэ

Намайг үхсэн тэр цагт хэн ирж оршуулна вэ.

 

Урьхан хавар, улиран эцэслэж, өнгийн цэцэг зулгарахуйяа

Улаан хацарт энэ бие өтөлж үхэх цаг болно

Урин хавар эцэслэж, улаан царай шаралсан цагт

Улбарсан цэцэг, улирсан биеийг хэн ч үл мэднэ

 

Яг ийнхүү нам дуугаар гиншин эхэр татаж, их л эмгэнэн гашуудахад, энд сонсон зогсогч нь хэдий хэр мананшин муужирсаныг мэдэхийн аргагүй болой. Нарийн учрыг мэдье гэвэл дараах бүлгийг уншигтүн!

Тайлбар:

1.Рү Яо пял-Сүн улсын үеийн нэг зүйлийн нарийн шаазан таваг цэнхэр ягаан өнгөтэй.Одоо бол эрхэм үнэтэй зүйлд тооцогдоно.Хойт Сүн улсын үед Рү Яо гэдэг газар хийдэг байсан ажээ.

2.Арслан-Чулуугаар сийлсэн бяцхан арслан.Үүд торгоох буюу цонхны хөшиг дарах зэрэгт хэрэглэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж