Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Долоо хоногийн онцлох ярилцлага

Энэ долоо хоногт “News” агентлагийн сэтгүүлчдийн бэлтгэсэн ярилцлагуудыг дахин хүргэж байна.

                        б.жавхлан: хохирлыг банкны эздээр төлүүлнэ

УИХ Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлаад байгаа. Төслийн үзэл  баримтлалын талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа. Тэрбээр энэхүү төслийг УИХ-аар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажилласан юм.

-УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг баталснаар эрх зүйн ямар харилцаа үүсэх вэ?

-Хуулийн гол агуулга нь төв банкнаас арилжааны банкинд тавих хяналтын тогтолцоог өмнөхөөс илүү бие даасан, хүчтэй болгоход чиглэж байна.

Банкны системд эргэлдэж байгаа арван төгрөг тутмын нэг төгрөг нь эздийнх бол есөн төгрөг нь олон нийтийнх. Нэг ёсны олон нийтийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалахын тулд илүү их хамгаалалтад авч байна гэж ойлгох хэрэгтэй.

Монголын банк санхүүгийн салбар өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гурван том хямралтай тулж, 10 гаруй банк дампуурсан байдаг. Тэр бүрт хадгаламж эзэмшигчид учирсан хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж ирсэн. Цаашдаа банкны системийн хямралаас үүдэж гарах алдагдлыг татвар төлөгчдийн нуруунд үүрүүлж байхгүйн тулд буруутай банкны эздээр хохирлыг төлүүлэхээр бүх зохицуулалтыг тусгалаа. Гишүүд маань ч сайн дэмжлээ.

                                 Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/3?id=269291 линкээр үзэх боломжтой.

Б.Шижирбат: Би өөрийгөө хангалттай сорьсон

 

Орчин цагийн залуусын түүчээ болсон авьяаслаг уран бүтээлч Б.Шижирбаттай ярилцлаа. Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоуны дараагаар дэлхийн 10 орчим улсад очиж, өөрийгөө сорьсон тухайгаа ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Юуны өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсанд баяр хүргэе. Хэзээ эх орондоо ирэв?

-Баярлалаа. Би өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-нд Монголдоо ирсэн. Намайг эх орондоо онгоцноос буухад найзууд маань маш гоё угтаж авсан.

-Шоуны финалын шат хүртэл багагүй ачаалалтай байсан байх. Үзүүлбэрүүдээ хэр хугацаанд бэлдсэн бэ?

-Хамгийн эхний шатны үзүүлбэрээ бэлдэхэд хоёр долоо хоног орчим хугацаа зарцуулсан. Харин хагас шигшээ шатны бэлтгэлээ нэг сарын хугацаанд базаасан. Гэхдээ бас цаг давчуу байсан шүү.

                                           Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/6?id=269375 линкээс үзэх боломжтой.

Б.Одончимэг: Эсрэг дүр хүлээж байгаа

 

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Аз жаргалын шок”, “247 градус”, “Гэрлэн дохио”, “Том толгойтын романс”, “Зүрхний хилэн” зэрэг уран сайхны киноны гол дүрээр үзэгчдэд хэдийнэ танигдсан бүсгүй юм.

-Таниар болон театраар шинэ уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?

-Би саяхнаас л театрынхаа ажилд эргэн орлоо. Одоогоор Э.Оюун гуайн мэндэлсний 100 насны ойд зориулан бүтээж байгаа “Би эндээс явахгүй” шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Жүжгийнхээ уншлагыг эхлүүлсэн. Харин миний хувийн уран бүтээлийн тухайд гэвэл “Зүрхний хилэн” уран сайхын киноноос хойш хэсэг амсхийлээ. Рекламны саналууд багагүй ирсэн учир зураг авалтууддаа оролцчихоод, театрынхаа уран бүтээлд анхаарлаа хандуулж байна. Энэ жил би моно жүжгийн төрөлд хүч сорих бодолтой байгаа.

                                   Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/6?id=269382 линкээс үзэх боломжтой.

П.Цэндмаа: Хуванцарыг дахин боловсруулах үйлдвэрүүд зогсоод байна

БНХАУ 2018 оноос эхлэн хуванцар хаягдлын импортоо зогсоох шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр нь Монгол Улс төдийгүй дэлхийн олон орны хувьд хуванцар хаягдлаа боловсруулах уу, булах уу? гэсэн асуулттай тулгарахад хүргээд байна. Дэлхийн зарим улс орнууд энэ асуудлаа хэрхэн шийдэх шийдлээ хайж явна. Харин Монгол Улс одоогоор ямар нэгэн тодорхой шийдэл олоогүй байгаа ажээ. Энэ асуудлаар "Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал П.Цэндмаатай ярилцлаа.

-Монгол Улс БНХАУ руу жилдээ 20 мянган тонн хуванцар хаягдал экспортолдог гэсэн мэдээллийг танай холбооноос өгч байсан. Одоо Монголд үйл ажиллагаа явуулдаг цэвэр хуванцрын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон уу?

-Өнгөрөгч 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн БНХАУ хуванцрын 25 нэр, төрлийн үйлдвэрийг хүлэмжийн хий, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор үйл ажиллагааг нь зогсоосон. Үүнтэй холбоотойгоор, Монгол Улсын хувьд хагас боловсруулсан хуванцар хаягдлаа экспортлох боломжгүй болж, байгальд аюултай хог хаягдал ихсэх нөхцөл байдал үүсээд байна. Хуванцар хаягдал нь байгаль орчинд удаан задардаг учраас дахин боловсруулж, бүтээгдэхүүн болгох нь хамгийн чухал.

Монголд цэвэр ундаа, усны хуванцар савыг боловсруулдаг Хятад улсын иргэний эзэмшлийн дөрвөн үйлдвэр бий. Бусад хаягдал хуванцрыг дахин боловсруулж, дотооддоо үйл ажиллагаагаа явуулдаг Монголын таван компани байдаг. Монгол үйлдвэрүүдийн хувьд өвлийн улиралд үйл ажиллагаагаа түр зогсоож, хавраас хэвийн ажилладгаараа ажиллана. Харин гадаад эзэнтэй цэвэр хуванцрыг дахин боловсруулах үйлдвэрүүд БНХАУ руу бүтээгдэхүүнээ экспортолдог байсан учраас үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна.

                            Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/2?id=269368 линкээр орж үзэх боломжтой.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж