Хуучирсан мэдээ: 2018.01.20-нд нийтлэгдсэн

Трампын нэг жил

Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр салбарт ялалт байгуулсан нь хошин шог болон сэтгүүлзүй гэнэ.

Өөрийг нь ерөнхийлөгч болсноос хойш Америкийн хэвлэл мэдээллийн рейтинг асар их  өссөн хэмээн Трамп хэлсэн билээ.

Лон Анжелес таймсын мэдээлснээр Фокс ньюс 2017 онд хамгийн олон үзэгчтэй кабелийн сүлжээ болсон бөгөөд үзэгчдийн тоо найман хувиар нэмэгдэж, 1.5 саяд хүрчээ.

Трампын дараагийн алхмыг түрүүлж мэдээлэх гэсэн өрсөлдөөн хэвлэл, мэдээллийнхнийг өнгөрсөн нэг жилийн турш өчүүхэн ч зав чөлөөгүй байлгасан юм. Америкийн сонин сэтгүүлүүд Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас хойш хамгийн эхний нүүрээ Трампт харамгүй зориулжээ.

 Трамп сонгогдлоо 

2000 онд “Симпсоны гэр бүл” телевизийн цуврал хүүхэлдэйн киноны нэгэн ангид Доналд Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болно гэж зөгнөсөн нь тухайн үедээ хамгийн санаанд багтамгүй, солиотой санаа байсан юм. Гэвч 17 жилийн дараа энэ зөгнөл биелж, Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болсон нь жинхэнээсээ санаанд багтамгүй явдал болсон билээ.

Австралийн ерөнхий сайдыг утсаар загнав

2017 оны хоёрдугаар сарын нэгэн өглөө Доналд Трамп Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл руу утас цохиж, тус улсын хэлэлцэж байсан дүрвэгсдийг шилжүүлэх тухай асуудлыг “бодлогогүй үйлдэл” гэж тас шүүмжилсэн тухай тухайн үед Австралийн хэвлэлүүд шуугисан билээ. Трамптай утсаар ярьсан энэ яриа Тернбуллын санаанаас гардаггүй ажээ.

Трамп ба ОХУ

Трампыг сонгуульд ялуулахын тулд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон талаар Хууль зүйн яамны тусгай зөвлөх Роберт Мюллер олон нийтэд мэдэгдэхээс өмнө “The Economist” сэтгүүлд Трамп ОХУ-ын хоорондох жигтэй дотнослын тухай нийтлэл гарсан юм.  Тус нийтлэл “Энэ бүхэн сайнаар төгсөх болов уу?” гэсэн гарчигтай байв.

Их санасан газар есөн шөнө хоосон

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг тангараг өргөснөөс хойш гурван сарын дараа “The Economist” сэтгүүл нүүрэндээ түүнийг сордог элсэнд улам гүн шигдсэн зураг нийтэлсэн юм. Тус нийтлэлд Трампыг гольф хөөцөлдөөд завгүй байх зуур 100 хоногийн нүүр үзсэн засгийн газар нь амлалтаа  биелүүлээгүй гэдэг шүүмжлэлд булуулж байгаа талаар бичсэн юм.

Трамп Сирийн асуудалд хошуу дүрэв

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад өөрийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан тухай мэдээлэл гарсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2017 оны дөрөвдүгээр сард Сирийн агаарын баазыг бөмбөгдөх шийдвэр гаргасан юм. Трампын энэ алхам АНУ олон улсын асуудалд хошуу дүрдэг бодлого өөрчлөгдөхгүй гэдгийг дэлхий нийтэд харуулсан.

Трамп хуулиас дээгүүр биш

Доналд Трамп ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авснаас хойш 100 хоногийн хугацаанд 30 гаруй тушаал, шийдвэр гаргасан нь АНУ-ын  түүхэнд ямар ч ерөнхийлөгчийн гаргаагүй амжилт юм. Гэвч Трампын зарим тушаал, шийдвэрт шүүхээс хориг тавьсны нэг нь Исламын шашинтай улс орнуудаас тус улсад цагаачлах зорилготой иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх тухай юм. Харин “Mother Jones” сэтгүүл Трамп болон АНУ-ын шүүх засаглалын хоорондох үл ойлголцлыг соргогоор олж харсан юм.

Трампыг залхуу жаал гэж нэрлэв

Трампыг ерөнхийлөгч болсноос хойш зургаан сарын дараа АНУ-ын иргэд түүний явуулж буй бодлогод сэтгэл дундуур байсан учраас “Newsweek”  “Залхуу жаал” нэртэй нийтлэл гаргажээ. АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд түүнд хийж, амжуулах ажил их байсаар атал гольф тоглоход нийт 40 өдрийг зарцуулсан тухай бичжээ.

Татварын амлалт Трампыг аврав

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд Трампын хамгийн их оноо авсан амлалт бол эргэлзээгүй татвар бууруулах тухай байв. Энэ өдрүүдэд хувьцааны зах зээлийн өсөлт дээд амжилт тогтоосон юм. Трамп татварыг урьд байгаагүй хэмжээгээр бууруулахаа амласан. 

Трамп ба Шарлотсвиллд болсон хэрэг

Виржиниа мужийн Шарлотсвилл хотод цагаан арьст  үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалтай зэрэгцэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид болон нацистуудыг эсэргүүцсэн хөдөлгөөн дэгдэж, 32 настай нэгэн хүн амиа алдсан хэрэг гарсан. Харин АНУ-ын Ерөнхийлөгч хохирогчийг биш, цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүдийг өмөөрч, тэднийг “жирийн, дажгүй хүмүүс” хэмээсэн нь олны дургүйцэл бухимдлыг төрүүлсэн. “The New Yorker” болон “The Economist” сэтгүүл энэ талаар дуугүй өнгөрч чадаагүй билээ.

Цагаан ордны халаа сэлгээ

Трамп Цагаан ордонд сууснаас хойш хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Шон Спайсер, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Райнс Прибус, Харилцаа холбооны газрын дарга Энтони Скарамуччи (ердөө 10 хоногийн дараа халагдсан), ахлах стратегич Стив Бэннон зэрэг олон хүнийг халсан нь олон нийтийн дунд түүний рейтинг унах бас нэг шалтгаан болсон юм.

 

Трампын хүү, хүргэн сонгуулийн хуйвалдаанд оролцсон уу?

Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Комиг албан тушаалаас нь халснаас болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр баахан хараалгасан Трампын хүү Доналд Жнр, хүргэн Жаред Кушнер нар сонгуулийн кампанит ажлын үеэр оросуудтай уулзсан тухай мэдээлэл цацагдсан нь дайран дээр давс нэмсэнтэй адил хэрэг болсон юм. Харин Трамп энэ мэдээллийг үгүйсгэж, сонгуульд ялалт байгуулахын тулд оросуудтай хуйвалдаагүй гэсэн юм.

Трамп гаж донтонг өмөөрсөн нь

Алабама мужаас сонгуульд нэр дэвшигч Рой Мурыг насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн, хүслээ ёс бусаар хангасан талаар олон эцэг, эхчүүд гомдол гаргасан ч АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Бүгд Найрамдах намын гишүүний нэг суудлыг алдахгүйн тулд түүнийг дэмжиж, цээжээрээ хамгаалсан юм. “New York Post” болон “Daily News” энэ талаар нийтэлсэн. Харин Рой Мур 1986 оноос хойш бүгд найрамдахчуудынх байсан суудлыг Ардчилсан намын Жефф Сешнст алдсан билээ. 

Трампыг оюуны чадваргүй гэв

Цагаан ордон дахь Трампын эхний нэг жилийн тухай нэгд нэгэнгүй өгүүлсэн сэтгүүлч Майкл Вулфын “Гал ба хилэн: Цагаан ордон дахь Трамп” нэртэй 336 хуудас номын талаар “The Week” сэтгүүл мэдээлсэн.  АНУ-д шуугиан дэгдээсэн энэ номд Трампыг твиттер сүлжээгээр зүггүйтэж, туйлж байхад Тамгын газрын дарга Жон Келли хэрхэн хүүхэд асрагчийн ажил хийдэг тухай болон Ким Жон Уны зурагтай балаар тоглонгоо “Fox News” –ийг үздэг тухай дүрсэлсэн байна.

Трамп Африкийн орнуудыг өмхий хар нүх хэмээн нэрлэв

Гаити болон Африкийн бусад улс орнуудаас АНУ-д очсон цагаачдын талаар ярихдаа “өмхий хар нүх” хэмээн хэлснээс болж Африкийн орнууд уучлал гуйхыг Трампаас шаардсан.

Сахилгагүй Трамп нэг “ой”хүрлээ

“The Economist” сэтгүүл Трампыг ажлаа авснаас хойш нэг жилийн босгон дээр түүнийг “нэг ой” хүрсэнтэй зүйрлэсэн байна. Нийтлэлд бичсэнээр Цагаан ордны албан хаагчид Трампыг бүтэн жилийн турш “асарч, эрхлүүлсэн” гэжээ.

Трампын нэг жил

“Time” сэтгүүл өнгөрсөн нэг жилийн хугацаанд нүүрэндээ Трампыг хэд хэдэн удаа залсан юм. Эхний удаа Трампыг хайлж эхэлж буйгаар дүрсэлсэн бол хоёр дахь удаа бүр хайлж буйгаар дүрсэлсэн билээ. Харин ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг жилийн босгон дээр Америкт төдийгүй олон улсын тавцанд шүүмжлэлийн бай болж буй Трампыг дүрэлзэн асч буй галаар дүрсэлсэн байна. Сэтгүүлийн нүүрний зургийг зурсан зураач Эдель Родригез энэ зургаараа иргэд  өглөө сэрээд Трамп өнөөдөр юу бужигнуулж, хаана гал тавих бол гэж таамагладаг гэсэн санааг илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж