Ц.Оюунбаатар: О.Баасанхүүг намаас хөөсөн

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Ц.Оюунбаатар: О.Баасанхүүг намаас хөөсөн

Ц.Оюунбаатар: О.Баасанхүүг намаас хөөсөн

МАХН-ын удирдлагууд өнөөдөр /2018.01.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Их хурал зохион байгуулж, өөрийгөө намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр болж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан юм.

Дээд шүүхийн шийдвэр, МАХН-аас гаргасан шийдвэрийн талаар танилцуулахаар намын удирдлагууд хэвлэлийн хурал зарласан байв.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:

-Зарим улс төрийн хүчний захиалгаар МАХН-д байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хууль бус Бага хурал, Их чуулган зохион байгуулсан гэж Улсын Дээд шүүх үзлээ. О.Баасанхүүгийн зохион байгуулсан хуралд намын гишүүн бус хүмүүс оролцсон. Мөн намын зарим гишүүдэд худал мэдээлэл өгч, хуралд оролцуулсныг Улсын дээд шүүх тогтоосон учраас ийм шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр дан ганц МАХН-д биш Монголын улс төрийн намуудын хувьд чухал шийдвэр байсан. Хэсэг бүлэг хүн нийлж, элдэв хурал зохион байгуулах нэрээр нам хулгайлах, луйвардах гэсэн оролдлого гаргадгийг болиулахад чухал шийдвэр гэж харж байгаа. 

МАХН-ын II Их чуулган 2018 оны хоёрдугаар сарын 9, 10-нд хуралдана. Тус чуулганд сум, дүүрэг, хорооноос сонгогдсон 1044 гишүүн оролцоно. Намын дүрэмд өөрчлөлт оруулна, бодлого, хөтөлбөрөө шинэчилнэ.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирэх хоёрдугаар сард болох Их хуралд оролцох эрхтэй юу?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Их хуралд оролцох боломжгүй. Энэ хүн МАХН-ын гишүүн биш болсон. МАХН УИХ-д суудалгүй нам болсон.

-О.Баасанхүү гишүүнд намаас болон хуулийн байгууллагаас хариуцлага тооцох өөр асуудал яригдах уу?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас болон ард түмнээс уучлалт гуйх ёстой. Тэр хүн хурал зохион байгуулахдаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Тамга хулгайлсан, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх мэт хэргээр нь бид АТГ, цагдаа болон холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар хандана.  Эдгээр үйлдэлдээ хариуцлага хүлээх байх.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хуралд оролцсон МАХН-ын гишүүдэд хариуцлага тооцох уу?

-Тэр хуралд оролцсон бүх хүмүүс МАХН-ын гишүүн биш. Цөөн тооны буруу ойлголттой гишүүд ирснийг үгүйсгэхгүй. Бид О.Баасанхүүг хурал зохион байгуулахад нь намын гишүүддээ хандан ‘Энэ бол намын албан ёсны хурал биш’ гэдгийг сануулж байсан. Намын дүрмийн дагуу гишүүдэд хариуцлага оногдуулна. Намын анхан шатны байгууллагууд харьяалагдаж буй хүмүүстээ арга хэмжээ авна. Хөөх, сануулах зэрэг шийдвэр гаргана.

Ш.ЧИМЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж