Мэдрэлийн хэдэн мянган эд, эсийг нэг дор үхүүлдэг​​​​​​​

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Мэдрэлийн хэдэн мянган эд, эсийг нэг дор үхүүлдэг​​​​​​​

Мэдрэлийн хэдэн мянган эд, эсийг нэг дор үхүүлдэг​​​​​​​

Сэтгэцийн эмгэг судлалын Үндэсний төвийн Донтолтын тасгийн сэтгэл засалч, эмч О.Буянхишигтэй ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэгчдийн нас залуужиж байгаагийн гол шалтгаан юу вэ?

-Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ сүүлийн үед өсөх хандлагатай байна. Өсөж буй гол шалтгаан нь залуучууд бусдын нөлөөнд автах нь ихэссэн. Ингэхдээ өсвөр насны хүүхдүүд, тэр дундаа 10-17 насны хүүхдүүдийг хамрах боллоо. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүдийн дунд найзыг найзаар нь урхиддаг сүлжээ бий болжээ. Ялангуяа хар тамхины хор уршгийн мэдээлэл дутмаг учраас тэд санамсаргүй тохиолдлоор хар тамхи хэрэглэгч болж байна. Хоёр жилийн өмнөхөн хар тамхийг зөвхөн чинээлэг айлын хүүхдүүд хэрэглэдэг гэсэн ойлголттой байсан. Гэтэл өнөөдөр хар тамхи гээч зэрэг зиндаа, нас хүйс харгалзахгүй нийгэмд тархсан байна. Үүнтэй зэрэгцэн хар тамхины эсрэг сургалт сурталчилгаа, мэдээллүүд хүрэх ёстой эзэндээ очиж чадахгүйн улмаас эдгээр хүний тоо буурахгүй байна. Харин эсрэгээр залуучуудын дунд байдаг л зүйл мэтээр хүлээн авдаг болжээ. Тиймээс эдгээр хүүхдийн нас хүйс, сэтгэл зүйн онцлогт таарсан мэдээлэл, хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр мэргэжлийн хүмүүсийн гаргасан, мэдээлэл сургалт хүрэлцэхгүй байна. Цагдаагийн байгууллага, ТББ-ууд ярьж л байдаг. Харин ч хэрэглэсэн нөхдүүд сургалт явуулах хэмжээний мэдээлэлтэй болсон.

-Хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн сэтгэц, эрүүл мэндийн байдал ямархуу байдаг вэ? Эргээд хэвийн байдалдаа ороход хэдий хугацаа зарцуулдаг вэ?

-Манай эмнэлэгт ирсэн хүмүүс ихэвчлэн сайн дураараа ирж эмчлэгддэг. Гэхдээ сайн дураараа эмчлүүлье гэсэн ч мэдээлэл нь цагдаагийн байгууллагад хүрэх вий гэсэн айдастай явдаг. Тэгэхээр тухайн өвчтөн эмнэлэгт хандах юм бол буруутан болно гэдгээс айгаад, хаана очихоо мэдэхгүй нөхцөл байдалд ордог. Манай улсын хувьд ч эдгээр хүмүүст туслалцаа үзүүлэх байгууллага хомс байна. Гадны орны жишээнээс үзэхэд хар тамхинд донтсон хүмүүст иж бүрэн цогц эмчилгээ хийдэг. Манайх шиг 10 хоног эмнэлэгт хэвтүүлээд гаргачихдаг өөр газар байхгүй. Нэлээн урт хугацааны дадал, зуршлаар эмчлэгддэг.

-Хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн биед ямар өөрчлөлт ордог вэ? Эдгээр хүмүүс донтсон эсэхээ мэддэг үү?

-Нэгдүгээрт, донтсон гэдгээ мэдэхгүй яваа хүмүүс нийгэмд маш их байна. Хэрэглэгчийн донтолтын түвшнийг тодорхойлохдоо тухайн бодисын хараат болно гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, энэ бодисыг хэрэглэхгүй хэд хоноход уур уцаартай болох, ой санамж буурах, мартах, бие махбодь талаас зовиур илрэх, эсвэл нойр өөрчлөгдөх гэх мэт шинж тэмдэг гардаг.

Нийгмийн талаасаа гэвэл сургууль соёлдоо явах дургүй, хүний үг сонсдоггүй болдог. Тэвчээр алдагддаг, нийгэмд эзлэх байр суурь буурдаг. Цаашлаад өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больж, хяналтаа алдах гэх мэт шинжүүд анзаарагддаг. Үүнийг өсвөр насныхан донтолтын хэлбэр лүү орж байна гэж хүлээж авдаггүй. Эдгээр бодис янз бүрийн нөлөөтэй. Тус бүрийн онцлогоос шалтгаалан хүний бие махбод сэтгэцэд олон шинж тэмдэг үзүүлдэг.

-Товчхондоо нэг хэрэглэсэн хүн дахин хэрэглэхгүй л бол болдоггүй, бие махбодийн хяналтаа бүрэн алддаг гэсэн үг үү?

-Энэ бодисын хамгийн аюултай зүйл нь дахиж засрахгүйгээр өөрчлөлтөд оруулдаг. Хэрэглэх бүрт хүний бие мах бодийг гэмтээдэг. Гэмтээхдээ уураг тархинаас авахуулаад бүх дотоод эрхтнийг гэмтээдэг. Өөрт нь төгсгөлийн шатанд орсон хойноо л мэдэгддэг. Харин гэр бүлийн гишүүд, бусад хүмүүст илт мэдэгдэнэ. Учир нь, биеэ авч яваа байдал өөрчлөгдөх, зан төрх, сонирхол өөрчлөгдөөд ирдэг. Энэ юу харуулж байна вэ гэхээр дотор талд нь эдгэшгүй гэмтэл явагдаж байна. Нөгөө талаас ухамсраа захирч чадахгүй юу хэлж байгаагаа мэдэхгүй больдог. Энэ бодисыг хэрэглэснээр тархины хэдэн мянган эд эсүүд нэг дор үхдэг. Олон давтамжтай хэрэглэвэл мэдрэлийн эсүүдийн тоо цөөрч орон зайн баримжаа, хяналтгүй болдог аюултай.

-Олон давтамжтай хэрэглэвэл үхэлд хүргэх аюултай гэж сонссон. Энэ үнэн үү?

-Товчхондоо амьтанлаг шинж чанар үлдэж, нийгэмшсэн зан чанар алга болдог. Энийг аюултай гэж хэлээд байгаа юм. Хэрэв хар тамхи хэрэглэсний дараа “зүгээр” гэсэн бодол төрөөд эхэлчихсэн бол тэр донтчихсон гэсэн үг юм. Эмчилгээ нь хэдий хугацаанд хэрэглэсэн гэдгээс шалтгаалж янз бүр байдаг. Хамгийн ноцтой нь уураг тархинд эмгэг үүсгэдэг. Доод тал нь зургаан сар эмчлэгдэх хэрэгтэй. Ингэхдээ сэтгэл засал, танин мэдэхүй, нийгэмшлийн арга хэмжээнд зургаан сарын турш цогцоороо эмчлэгдэж байж эхний эдгэрлийн байдалд шилжинэ. Болъё гээд больдог зүйл биш. Тухайн өвчтөнөөс ихээхэн хэмжээний зүтгэл, ар гэрийнхний дэмжлэг туслалцаа шаардлагатай. Үнэндээ хар тамхинд донтох нь нэг төрлийн өвчин.

-Танай эмнэлэгт ихэвчлэн залуу хүмүүс хандаж байна уу?

-Манай төвд эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн дийлэнх нь идэр залуу насны хүмүүс байдаг. Тухайлбал, 17-29 насны залуучууд ирдэг. Бидний дүгнэлтээр өсвөр насныхан стресс гэдгийг бүрэн таньж мэдээгүй яваад байна. Тэд аливаа сэтгэл зүйн асуудлыг стресс гэж андуурч байна. Тэдний дунд стрессийг тайлах арга нь өмнө нь архи, тамхи байсан бол одоо хар тамхи болчихож. Уг нь сэтгэл зүй оюун ухаан нь эрүүл, хүүхэд хэзээ ч хар тамхи хэрэглэхгүй шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сайн ярилцаж, зөв мэдээллийг хүргэх нь чухал.

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйн талаас юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг их зарцуулах хэрэгтэй. Ялангуяа мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй. Аливаа хэлбэрийн сэтгэцийн донтолтод автсан үед албадан шаардсан, үзэн ядсан, гадуурхсан харилцаа тус болдоггүй. Тэдэнд хэрэгтэй зөв мэдээллийг хүргэх ёстой. Сүүлийн үед эмэгтэйчүүд хар тамхийг хэрэглэдэг болжээ. Хэдэн жилийн өмнөхөн эмэгтэйчүүд тэр бүр хэрэглэдэггүй байсан бол өнөөдөр хэвийн л үзэгдэл болж. Хамгийн аюултай зүйл нь үр удмаа үлдээж чадахгүйд хүрдэг. Үргүй болох, үр зулбах аюултай байдаг. Цаашилбал ургийн гаж хөгжил үүсч эрүүл үр удмаа үлдээж чадахгүй, ураг генийн өөрчлөлтөд орно. Тиймээс эдгээр хүмүүст зөв мэдээллийг оновчтой байдлаар хэлээд өгөх юм бол, мэргэжилтний хувьд олон жил ажилласны ахиц дэвшил харагдах юм болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж