Украины парламент шинээр баталсан хуульдаа Оросын салан тусгаарлагчдын эзлэн суусан зүүн мужийн нутаг дэвсгэрийг ОХУ-ын түр эзэмшилд буй газар гэж тодорхойлжээ.
Украины парламентын 280 гишүүн дэмжиж баталсан хуульд ОХУ-ыг түрэмгийлэгч улс хэмээн тодорхойлсон юм. Москва Украины энэ үйлдлийг буруутгаж, “шинэ дайн”-ы өдөөн хатгалга гэж харах болно хэмээн мэдэгджээ.
2014 оны дөрөвдүгээр сард Украины зүүн муж Донецка, Луганскт дэгдсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 1000 гаруй хүн амиа алдсан юм. Энэ явдлаас нэг сарын өмнө ОХУ Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн билээ.
Украины парламент гурван өдөр үргэлжилсэн ширүүн мэтгэлцээний эцэст өчигдөр /2018.01.18/ шинэ хууль баталсан байна. Уг хуульд “ОХУ Украины нутаг дэвсгэрийг булаан эзэлж, манай улсын эсрэг түрэмгийлэл явуулж байна” гэжээ.
Украин Москвагийн эрх баригчдыг Донецка, Луганск муж руу зэвсэг хүчнээ илгээсээр байгаа бөгөөд гал зогсоох хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруутгажээ.
Энэ хэрэг явдалд Москвагийн оролцоо байхгүй гэж Кремль мэдэгдсэн боловч Оросын сайн дурынхан босогчдод тусалж байгааг үгүйсгээгүй юм. Москва Украины парламентын баталсан шинэ хуулийг 2015 онд хоёр орны засгийн газрын байгуулсан Минскийн энхтайвны гэрээг зөрчсөн үйлдэл гэжээ.
Эх сурвалж: BBC