Эхийн хэвлийгээс буцах үрсийн эмгэнэлт хувь заяанд анхаараач

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Эхийн хэвлийгээс буцах үрсийн эмгэнэлт хувь заяанд анхаараач

Эхийн хэвлийгээс буцах үрсийн эмгэнэлт хувь заяанд анхаараач

Монгол Улсад өсөлтгүй жирэмслэлтийн статистик тоо баримт огт алга

Зүүний үзүүрт ширхэг будаа тогтохын адил хүн болох ховорхон заяагаар эхийн алтан хэвлийд амь бүрэлдсэн ч, ангир уургаа амлаж ч эс чадан хорвоогоос буцаж буй үрийнхээ хойноос сэтгэл нь урагдаад хоцорч буй эхчүүд эмнэлгийн үүд сахих нь өр эмтрэм. Үүний цаана эмнэлэгт хандаж чадалгүй хэвлийдээ үрээ алдаж буй хэдэн зуун эхчүүд байгаа гэж бодохоор Монголын ирээдүй бүрхэг санагдана. Төрийн эрхийг барилцаж буй эрхмүүд “Монголын үрс маш олон болох болтугай” гэж бүгд л ерөөл айлддаг. Гэсэн атлаа өнөөдрийн энэ гашуун дүр зургийг тэд хараагүй, хэлгүй, дүлий нэгэн мэт царайлан үл тоомсорлодог нь туйлын харамсалтай. Өнөөдөр төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж буй жирэмсэн эмэгтэйчүүдийг өсөлтгүй жирэмслэлт гэсэн оноштойгоор буцаах нь энгийн үзэгдэл болсон талаар асуудлыг хөндөж, нийтийн анхааралд хүргэхийг хичээлээ.

Статистик үзүүлэлтээс харахад монгол эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн 20-30 орчим хувьд нь өсөлтгүй жирэмслэлт тохиолдож буй нь дэлхийн нийт эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтээс ч дээгүүр байгаа нь яг одоо аюулын харанга дэлдэхийг сануулж байгаа хэрэг биш гэж үү. Яагаад монгол эхчүүдэд ийм гашуун тавилан нүүрлэх болов оо. Шалтгаан нь хаана, юунд байна вэ. Хариулт хайн бусад улс орны статистик тоо баримтуудыг сонирхоод үзлээ.Дэлхий дээр өсөлтгүй жирэмслэлт хамгийн бага тохиолддог орны тоонд ордог манай урд хөрш ордог аж. БНХАУ-д жирэмсэн эхэд нарийн шинжилгээ хийхээс гадна юунаас болоод ураг эндээд байгаагийн учир шалтгааныг чухалчлан үзэж, түүнд нь тохирох эмчилгээг урт хугацааны туршид хийж, эрүүлжүүлдэг юм байна. Тухайлбал, доод тал нь зургаан сар, дээд тал нь дөрвөн жилийн турш эмчилгээ хийдэг гэнэ. Хятад улс өөрийн иргэддээ хөнгөлөлттэй үнээр уг шинжилгээг хийдэг бол гаднын иргэд 1400 ам.долларын төлбөр төлдөг аж. Харин Монгол Улсад энэ байдал эсрэгээрээ.

Одоо л судалгаа шинжилгээ хийх талаар яригдаж эхэлж байна

Зөвхөн үрэвсэлтэй эсэх талаарх шинжилгээг л хийдэг гэхэд хилсдэхгүй. Юунаас болоод өсөлтгүй болоод байгаа, ямар учир шалтгаанаас үүдэлтэй, хэдий хугацаатай ямар эмчилгээ хийх шаардлагатай гээд нарийн шинжилгээ, судалгааг огт хийдэггүй юм байна. Энэ нь эмч нарын мэдлэг туршлага, чадвартай холбоотой биш, харин эмнэлгийн салбарын хэтийн төлөвлөгөө, төсөв хөрөнгө, хөгжлийг тодорхойлох эрх мэдэлтнүүдтэй холбоотой, цэвэр хариуцлагын асуудал байдаг. Ямар сайндаа л өсөлтгүй жирэмслэлтийн талаар улсын хэмжээнд хийгдсэн статистик тоо баримт ч үгүй сууж байхав. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар өнөөдөр ураг эхийнхээ хэвлийд эрсдэж буй шалтгаан нь вирусийн гаралтай өвчлөл, агаар, орчны бохирдол, хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой аж. Төрөх эмнэлгийн эх баригч эмч нарын хэлж буйгаар өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан эхийн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг бол гаднын хүчин зүйлст нь агаарыг бохирдуулж буй химийн нэгдэл, хорт бодисууд нь ургийн дархлааг устгаж, гаж хөгжил үүсгэх, эрхтэн тогтолцоог гэмтээх аюул заналхийлдэг байна. Монгол Улсын гавьяат эмч Б.Бүлтэн нэгэнтээ “Одоогоос дөрвөн жилийн өмнө өдөрт ирж үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн 2-3 нь л өсөлтгүй жирэмслэлт гэсэн оноштойгоор ирдэг байсан” хэмээн дурдаж байсан.

Тэгвэл өдгөө уг тоо хэд дахин нэмэгдэж, өнөөдрийн хэмжээнд хүрэв. Зөвхөн бүртгэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 100-150 нь уг шалтгааны улмаас хувийн эмнэлэгт ханддаг гэх статистик ч бий. Харин Улсын төрөх эмнэлгүүдэд энэ тоо эрс нэмэгддэг. Тухайлбал, “Амгалан” амаржих газарт 70 орчим, ЭХЭМҮТ-д 400 гаруй хүн эмчлүүлдэг аж. Энэ бол зөвхөн бүртгэлтэй эмэгтэйчүүдийн тоо. Үүний ард бүртгэлгүй хэчнээн хүн байгааг тооцоолох аргагүй юм. Тэгвэл энэ талаар нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Ж.Пүрэвжаргал “Сүүлийн жилүүдэд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд өсөлтгүй жирэмслэлт 5-10 хувиар нэмэгдэх болсон нь вирусээр үүсгэгддэг халдварт өвчинтэй холбоотой. Мөн агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Яг тийм гээд хэлэх боломжгүй. Одоо Монголд юунаас болоод ураг эхийнхээ хэвлийд амьгүй болоод байгаа шалтгааныг тодруулах нарийн шинжилгээг хийдэггүй.

Харин БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-д энэ төрлийн шинжилгээг маш сайн хийдэг. Тэгэхээр төр засгийн зүгээс энэ асуудалд огт анхаарахгүй байгаа юм. Ямар сайндаа өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд бүртгэгдсэн тоо баримт байхгүй байх билээ” гэв. Мөн тэрбээр утаа бол ургийн генетикийн гажигт нөлөөлөхөөс гадна агаар дахь хүнд металл хуримтлагдсаар сэтгэцийн өөрчлөлтөд хүргэх эрсдэлтэй гэдгийг дуулгасан юм. Харин ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Болормаагаас яамны зүгээс хийсэн судалгаа шинжилгээ болон хэрэгжүүлж буй арга хэмжээ байгаа эсэх талаар тодруулахад “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хийгдсэн тоо баримт, судалгаа гэж алга. Өсөлтгүй жирэмслэлтийг бууруулах, судалгаа шинжилгээ хэрхэн хийх, хэрэгжүүлэх талаар яригдаж эхэлж байна. Иймээс мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариулав. Хэзээ нэг эрүүл мэндийн салбар нь шат ахиж, иргэд нь айж ичих зүйлгүй амьдрах юм бол. Жил ирэх тусам манайх шиг эрүүл мэндийн салбар нь доройтсон улс орон гэж хаа ч алга. Монголын ирээдүй болсон үрс нь хорвоод дуугаа хадааж амжилгүй хэвлийдээ амь тавьж буйг харсаар байж ичих ч үгүй иргэдийн өөрсдийн эрүүл мэндтэй холбоотой гээд хэлээд суух юм. Эхийнхээ хэвлийг бүлээцүүлээд буцаж буй үрсийг хэдий болтол амлаж амжаагүй ангир шар уурагтай нь буцаах юм бэ.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж