Европт хүчтэй салхи дэгдэж, долоон хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Европт хүчтэй салхи дэгдэж, долоон хүн амиа алджээ

Европт хүчтэй салхи  дэгдэж, долоон хүн амиа алджээ

Хойд болон баруун Европт хүчтэй салхи дэгдсэний улмаас долоон хүн амиа алджээ.

Салхины улмаас мод үндсээрээ булгарч, ачааны машинууд онхолдон, цахилгааны шугам унасан тохиолдол олон бүртгэгджээ. Нидерланд, Бельги, Герман зэрэг улсад аюултай салхины улмаас онгоцны нислэгүүдийг цуцалж, зам хааснаас гадна алсын чиглэлийн галт тэрэгнүүд саатсан байна.

Германд алсын чиглэлийн бүх галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон бол Амстердам хотын нисэх онгоцны буудал нислэгүүдийг хойшлуулж, хоёр цаг гаруй хаажээ.

Германд салхины хурд 140 км/ц хүрсэн учраас улс даяар цаг агаарын онц ноцтой аюулын нэгдүгээр зэргийн түгшүүр зарлаж,  260 гаруй нислэг цуцалжээ. Германы Олст сууринд хүчтэй шуурганы үеэр 62 настай хүн зам дээрх саадыг зайлуулах гэж машинаасаа буух үедээ салхинд унасан модонд өртөж амиа алдсан байна. Мөн Германы өөр нэг хотод настай эр машинтайгаа модонд даруулж нас баржээ.

Европын хамгийн том боомт хот Роттердамд ачааны чингэлгүүд болон байшин барилгын дээвэр хуурчээ. Мөн хотын гол зам дээр зорчиж явсан хүнд ачааны 25 тээврийн хэрэгсэл хүчтэй салхины улмаас хажуугаараа онхолдсоноос зургаан газарт авто замын томоохон түгжрэл үүссэн байна.

Нидерланд Германы хоорондох хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.  Хүчтэй салхины улмаас юманд дарагдаж, цохиулж, мөргүүлж, гэмтсэн хүмүүсийн тоо 40 гаруй болжээ. Салхины хурд нэмэгдсэнээс Германы Дюссельдорф, Кёльн, Бонн хотын нисэх буудалд нислэгүүд хойшлогдож, 100,000 гаруй оршин суугч гэрэл цахилгаангүй болжээ.

Хүчтэй салхинаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд Германд сургуулиудыг хааж, зарим хот, сууринд иргэдийг байгалийн онц ноцтой үзэгдлийн үеэр гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Их Британид салхины хурд 110км/ц болж, Английн зүүн өмнөд хэсгийн хот, суурин цахилгаангүй болсон байна.

Шотландад хүчтэй салхины улмаас тээврийн хэрэгсэл жолоодоход аюултай нөхцөл байдал үүссэн учраас жолоочдод хол замд гарахгүй байхыг анхааруулжээ.

 

Эх сурвалж: the guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж