АНУ-д ажиллах Н-2В визийг 3 сарын 1-нээс мэдүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

АНУ-д ажиллах “Н2” визний нэгдсэн мэдээлэл

АНУ-д ажиллах Н-2В визийг 3 сарын 1-нээс мэдүүлэх боломжтой

АНУ-д ажиллах  Н-2В визийг 3 сарын 1-нээс мэдүүлэх боломжтой

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан билээ. Өчигдөр /2018.01.18/-өөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн дээрх журамтай холбогдуулан Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Тэргүүн консул Жейсон Спеллберг өнөөдөр /2017.01.19/ мэдээлэл хийлээ.
 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Тэргүүн консул Жейсон Спеллберг

H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм.

Дээрх хоёр ангиллын визний хувьд виз мэдүүлэхийн өмнөөс ажил олгогч нь өргөдөл гаргах зарчмаар ажилладаг. Тодруулбал, АНУ дахь ажил олгогч нь хүсэлт гаргаж, улмаар тус улсын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан хөдөлмөрийн сертификат буюу гэрчилгээ авах ёстой. Тэрхүү баримтад тулгуурлан визний зөвшөөрөл олгогддог байна.

Н-2А визний тухайд ажиллах хүчний квотын хязгаарлалт байхгүй.

Н-2В виз нь хязгаарлалттай. Тодруулбал, АНУ-ын Конгрессоос хөдөө аж ахуйн бус, ажиллах хүч дутмаг салбарт жил бүр 66 мянган ажиллах хүчийг гадаадаас авахаар тогтоодог. 66 мянган ажиллах хүчийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа жилийн есдүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд хоёр тэнцүү хувааж, хагас жилд 33 мянгыг авах зарчмаар виз олгодог байна. Энэ жилийн хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр эхний 33 мянган ажиллах хүчийг авч дууссан.

Монгол Улсын хувьд 2018 оны жагсаалтад багтсан ч Н-2В визний тухайд ирэх гуравдугаар сарын 1-нээс хойш виз мэдүүлэх боломжтой аж.

Н-2А визийг хэдийд ч мэдүүлэх боломжтой ажээ.

Дээрх хоёр ангиллын виз мэдүүлэгчдэд англи хэлний мэдлэг шаарддаггүй байна. Үндсэн гол шаардлага нь тухайн виз мэдүүлэгч нь эх орондоо зайлшгүй буцаж очно гэдгээ нотлох хэрэгтэй аж. 

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас жил бүр H-2A, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой орнуудыг хэлэлцэн баталдаг аж. Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газар болон иргэдийн хүсэлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам анхаарал хандуулж, 2017 оны тавдугаар сард дээрх журамд Монгол Улсыг багтаах хүсэлтийг Вашингтон руу илгээсэн ажээ. 

Монгол Улсын хувьд энэ журам 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Гэхдээ Монгол Улсын иргэд энэ визийг хэрхэн зөв ашиглахаас хамаараад дээрх журамд Монгол Улсыг үргэлжлүүлэн хамруулах эсэхийг шийдэх юм байна. 

Энэ жилийн хувьд албан ёсоор, түр хугацаагаар ажиллах визний жагсаалтаас гурван улс хасагдсан гэв. Тус гурван улсын иргэд АНУ-ын визийг хариуцлагагүй, зөв зохистой ашиглаагүй гэдэг үндэслэлээр хассан байна. 

Визний хамгийн урт хугацаа нь нэг жилийн хүчинтэй. Гэхдээ хөдөлмөрийн сертификат, өргөдөл гаргагчаас хамаараад хугацаа нь янз бүр байх аж. Өргөдлийг үндэслэн албан ёсоор, түр хугацаагаар ажиллах визийг гурав хүртэлх жилээр сунгах боломжтой ажээ. 

Хөдөө аж ахуйн бус, ажиллах хүч дутмаг салбарт 33 мянган ажиллах хүчийг ирэх гуравдугаар сарын 1-нээс бүртгэнэ. Тус Н-2В  визийг дарж ЭНД мэдүүлээрэй. 

А.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж