БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулаад ирлээ.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан“Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт С.Чинзориг сайд болон тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жү нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж буй бөгөөд эдгээр санамж бичгийг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж буй юм.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д нийт 42,7 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаагийн 6500 гаруй нь хөдөлмөрийн гэрээгээр явсан хүмүүс. Тиймээс айлчлалын үеэр онцлон ярилцсан нэг асуудал нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх тухай байсан. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жү Монгол Улсаас ажиллах хүч авах квотын талаар “2017 оны хувьд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирж буй иргэд ажлын байран дээрээ хичээл зүтгэлтэй ажиллахын сацуу хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлтэй байна. Ийнхүү нааштай өөрчлөлтүүд гарч буй тул энэ жилийн квотыг өмнөх жилүүдийнхээс нэмэх төлөвлөгөөтэй байгаа” гээд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн санг бий болгох цахим системийн төслийг Монголд хэрэгжүүлэх боломжтойг дурдсан байна.

Энэ төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр санал болгосон уг төслийг 2,8 сая ам долларын хөрөнгө оруулалтаар гурван жилийн хугацаагаар хэрэгжүүлэх юм. Өмнө нь уг төслийг Вьетнам, Камбож зэрэг Азийн зарим улсад амжилттай хэрэгжүүлсэн юм билээ. Энэхүү мэдээллийн цахим системийг нэвтрүүлснээр ажил хайгч, ажил олгогчийн мэдээллийг цахим орчинд бүрдүүлж, ажлын байр, ажил хайгчийн байршил, ажил мэргэжлийн ангилал, тавигдах шаардлага нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий болох бөгөөд цахимаар өргөдөл гаргах, ажилд зуучлагдах болон цахим шуудан, мессеж үйлчилгээ авах гэхчилэн бүх үйлгээг цогцоор нь үзүүлэх систем юм билээ. Төслийн хувьд ажилд зуучлах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулахад дорвитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж бид харж байгаа” хэмээн тайлбарласан юм.

Түүнчлэн хоёр улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа юм байна.

Эх сурвалж: ХНХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж