Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцоно

Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцоно

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Консулын газрын захирал Я.Ариунболд нар яамныхаа байранд мэдээлэл хийлээ.

утааны эсрэг айлчлал байлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон талаар Гадаад харилцааны сайд онцоллоо. "Айлчлалын үеэр утааны асуудалд анхаарч, хөрөнгө санхүүгийн асуудал шийдсэн. Энэ хүрээнд 500 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Өмнө нь 300 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн байсан. Үүний 100 сая ам.доллар орж ирсэн тул төсөл, хөтөлбөртөө зарцуулж эхэлсэн. Үлдсэн 200 сая ам.долларын зээлийн асуудлаар гэрээг нь сунгасан. Энэ утгаараа утааны эсрэг айлчлал байлаа" гэж тэрбээр ярив. 

Тэрбээр цааш нь "БНСУ-ын ерөнхийлөгчийн зүгээс нэг чухал санал тавьсан. Хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд явж байгаа. Үүнийг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх ёстой” гэсэн байр илэрхийлсэн. Стратегийн түвшинд хоёр орны харилцааг хүргэхийн тулд Гадаад харилцааны яамд хамтарч ажиллана. Ингэснээр иргэд хоорондын харилцаа тэлж, аюулгүй байдлын асуудал уялдаатай, ард иргэдийн амьдралд хүрэхүйц өргөн хэмжээнд хамтрах боломж бүрдэнэ. Айлчлалын үеэр мөн бизнесийн форум болсон. Өмнө нь бид томоохон хэмжээний бизнесийн форумд оролцоход нүүр тахлах салбар нь уул уурхай байсан. Тэгвэл энэ удаад хөдөө аж ахуйн салбараас гадна хөнгөн, хүнсний, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч ажилласан. Энэ бүхний ард стратегийн түншлэлээ шат ахиулах зорилготой бий" гэсэн юм. 

Үүнээс гадна БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн визний боломжийг хөндөж ярилцжээ. 

“хар жагсаалт”-аас гарах боломжтой

Европын холбооноос зарласан татварын шударга бус тогтолцоотой орнуудын хар жагсаалтаас гарахын тулд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо. Үүнээс гадна Европт байгаа бүх Элчин сайдын яам идэвх зүтгэл гарган ажилласан гэдгийг сайд онцлов. Өчигдөр /2017.01.18/ Европын гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалт болж, энэ сарын 23-нд болох хурлаар Монгол зэрэг бусад хэд хэдэн орныг хар жагсаалтаас гаргах тухай асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Өчигдрийн хурлаас Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах нь зөв гэж шийдэн, нэгдүгээр сарын 23-ны хуралд оруулахаар болсон байна. 

“Ганцмод” боомтын гацаа арилсан

“Ганцмод” боомт дээр үүссэн зөрчлийг арилгахын тулд Хятадын талтай хамтарч ажилласнаар өчигдрөөс /2018.01.19/ боомтын ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн талаар Гадаад харилцааны яам мэдэгдлээ. Цаашид гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан сэргийлэх байдлаар  ажиллах болно гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

АНУ-аас H-2A болон H-2B виз олгоно

АНУ-д богино хугацаанд хөдөлмөр эрхлэх H-2A болон H-2B виз олгох асуудал үр дүнд хүрснийг сайд Д.Цогтбаатар онцоллоо. Тэрбээр "АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зөвхөн Монгол Улсад хамаарах ийм шийдвэр гаргасан. Цаашид АНУ-тай зөвлөлдөх уулзалт хийж, албажуулна" гэв. Дэлгэрэнгүйг мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

————————————————————————————————————

Мэдээлэл хийсний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Шанхай хотод монгол эмэгтэй амь насаа алдсан хэрэг оны өмнө гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хохирогч амь насаа алдсан хэрэг дээр Шанхай хотын Эрүүгийн цагдаагийн газрын Онцгой хүнд гэмт хэрэг дээр ажилладаг зургаан цагдаа ажилласан. Ингээд гадны нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Талийгаачийг чандарлаж авч ирэх туслалцааг бид ар гэрийнхэнд нь үзүүлсэн. Нэгдүгээр сарын 10-нд чандарыг авчирсан. Энэ талаар гарч байгаа мэдээлэлд талийгаачийн ар гэрийнхэн эмзэглэж байгааг дашрамд сануулъя. 

-Литва улс манайд хориг тавьсан, хоригоо цуцалсан гэх мэт мэдээлэл цацагдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Өнөөдрийн байдлаар Литва улс Монголд ямар ч хориг тавиагүй. Бид тус улсын Гадаад яамтай холбогдож, тодруулсан. Ингэхэд ямар ч хориг тавих асуудал байхгүй гэдгийг тодотгосон. 

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг урьсан. Энэ уулзалтад Ерөнхийлөгч оролцох уу. Хэрэв очих бол уулзалтын бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн үү?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг урьсан. Гадаад харилцааны сайдыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр энэ тухай албан ёсоор дамжуулсан. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийг ШХАБ-ын уулзалтад оролцуулахаар бэлтгэл хангаж байна. 

-Эцэслэн шийдээгүй гурван Элчин сайдын асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Энэ асуудал маш амаргүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдын томилгоотой холбоотойгоор өөрийнхөө  байр суурийг илэрхийлсэн. Өмнө нь ийм асуудал үүсч байгаагүй учраас эрх зүйн хувьд олон талаас нь бодож байна. Нөгөө талаас УИХ-тай зөвшилцөх нь чухал байгаа. 

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж